Монголын улстөрчдийн хагацал, нөхөрлөлд 24 цаг ч ихдэнэ

2016-01-29 19:22:05

 

Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба Авлигатай тэмцэх газарт баригдсан даруйдаа “Найздаа зээлсэн мөнгөө авч байхад минь гүйцэтгэх ажиллагаа явуулж баривчиллаа. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн тулд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаалаа өгч шалгуулна” гэдэг захидлыг бичсэн. Гэтэл энэ захидал нь өнөөдөр түүний захиа бус харин МАХН-ын дарга Н.Энхбаярын зохион байгуулсан хүч хэрэглэсэн ажиллагаа болж хувирав. Учир нь, Г.Шийлэгдамба өнөөдөр энэ тухай өөрийн гараар захидал бичээд зогсохгүй Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт мөнгө олж өгснийхөө төлөө баривчлагдсан тухайгээ дэлгэжээ.

Захидалд энэ талаар “Миний зүгээс Монгол Улсын Ерөнхий сайдад  хаягласан 2015 оны арваннэгдүгээр сарын тавны өдрийн ЭМС-ын сайдаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлийг өөрийн хүсэл эрмэлзлэлээр гаргаагүй бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатарын тавьж байсан шаардлагын дагуу зориуд бичигдэн бэлтгэгдэж ирсэн бланкан дээр гарын үсэг зурахдаа утга агуулгыг нь ухаж ойлгох хугацаа байгаагүйн улмаас холбогдох мөнгийг хувийн хэрэгцээндээ зориулж зээлсэн тухай дурьдагдсаныг анзаараагүй юм. Чухам бодит байдал дээр юу болсон тухай  дурьдвал холбогдох мөнгийг авсан шалтгаан нь өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж, нөлөө үзүүлэх замаар тодорхой компани, аж ахуйн нэгжтэй хийсэн тохиролцооны үүднээс авилгалын сэдлээр хийгдсэн үйлдэл биш юм. Харин МАХН-ын дарга Н.Энхбаярын намын санхүүжилт төвлөрүүлэх тухай шаардсан тулгалтаас шалтгаалж   өөрийн сайн танил болох О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж байсан хувийн гуйлтаас үүдэлтэй мөнгө байсан юм.  Энэ байдлыг ч тухайн үед уулзсан уулзалтуудад О.Даваасүрэнд дуулгаж байсан болно. Миний  бие иргэн О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж авсан мөнгөний 50 мянган ам.долларыг 2015 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн өглөө Н.Энхбаярт МАХН-ын төв байран дахь өрөөнд нь оруулж өгсөн болно. Харин уг өдрийн орой ЭМС-ын Яамны байранд О.Даваасүрэнгийн авчирч өгсөн 120 мянган ам.долларыг мөн намын санхүүжилт болгон МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөхөөр тохиролцсон байсан боловч тус өдөртөө АТГ-ын албаны хүмүүст баривчлагдсан юм. Эцэст нь уг асуудал шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад журмын зарим нөхөд маань бодит үнэнийг илт гуйвуулан ташаа мэдээлэл тарааж байгаад харамсаж байна” гэсэн байгаа.

Эндээс үзэхэд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр дээрх хэрэг явдалтай холбогдуулан тэр даруйд нь Г.Шийлэгдамбыг түлхсэн болж таарч байгаа юм. Түүний хувьд өөрийг нь хүнд хэцүү, ганцаардаж байхад нь МАХН-д дахин элсэж, өнгөрсөн цаг хугацаанд чамгүй их өмгөөлсөн. Гэсэн ч улстөрчийнх нь урвалт ийм амархан байна гэж энэ үедээ төсөөлөөгүй биз. Эл хэрэг явдалтай холбогдуулан өнөөдөр Авлигатай тэмцэх газраас МАХН-ын байрны интернэтийг таслан байж, тусгай шалгалт явуулж байгаа аж. Гол нь өчигдөр Шийдлийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудалд “Шударга ёс” эвсэл хамгаалсан байр суурь илэрхийлсэн. Үр дүнд нь ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг албандаа үлдсэн. Гагцхүү маргааш нь хэрэг явдал ийн үргэлжилж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын Шадар сайд болох хүслийг хазаарлаж буй нь гайхмаар. Эндээс Монголын улстөрчдийн хагацал, нөхөрлөл 24 цаг ч  үргэлжилдэггүйн үнэн баталгаа энэ хэмээн дүгнэе.                             

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯР      ip : 59.153.114.212 2016-02-12 15:38:42
ЗӨВ ШҮҮ





(0/800)