Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Ханги-Мандалын боомт ашиглалтад орсноор хоёрдахь Гашуунсухайт, хоёрдахь Замын-Үүд бий болох юм

2022-03-14 11:45:13

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн ажиллагаанд оролцож үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм монголчууд аа,
Энд хуран цуглаж, өнөөдрийн түүхэн мөчийн гэрч болж буй хүндэт зочид төлөөлөгчид өө!
 
“Алсын хараа-2050” Монгол Улсын  урт хугацааны хөгжлийн бодлого амжилттай хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлсийг богино хугацаанд цаг алдалгүй шийдвэрлэж, эдийн засгийг тэлэх зорилго бүхий Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг энэ оны эхний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн билээ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх анхны томоохон ажил болох Оюу толгойн Гүний уурхайн бүтээн байгуулалтыг бид саяхан эхлүүлж чадсан.
 
Харин өнөөдөр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй хоёрдахь том төсөл болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлж, хагас жилийн дотор ашиглалтад оруулах томоохон зорилтыг дэвшүүлж байна.


 
“Шинэ сэргэлтийн бодлого” Улсын Их Хурлаар батлагдах үед миний бие “Эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай бодит үнэнийг бид цар тахлын энэ үед бүр ч илүү мэдэрч, эдийн засгийн цусны эргэлт доголдож, чухал цэгүүдэд зангилаа үүссэн боомтын боймыг тайлахгүйгээр хөгжлийн тухай ярих ямар ч боломжгүй” гэж хэлж байсныг Та бүхэн санаж байгаа биз ээ.
 
Тийм ч учраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн зорилтын хүрээнд нийт боомтуудаа авто зам, хурдны зам, төмөр замаар цаг алдалгүй үе шаттай холбож, эдийн засгийн суурийг тэлэх зорилтыг дэвшүүлсэн билээ. 
 
Далайд гарцгүй манай улсын хуурай замын 42 боомтоос өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд гэсэн гуравхан боомт л төмөр замаар холбогдсон байдаг.
 
Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлдэг бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувийг зөвхөн Замын-Үүд боомтоор нэвтрүүлдэг.
 
Ханги боомт нь газарзүйн байршлаараа Гашуунсухайт, Замын-Үүд боомтуудын тэг дунд нь байрладаг учраас стратегийн хувьд туйлын чухал ач холбогдолтой юм.
 
Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбож, шинэ гарц нээснээр манай улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэгдэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар тус тус нэмэгдэж, боомтын боймыг тайлах эхний томоохон алхам болж чадах юм. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор манай улсын уул уурхайн экспортын гол зах зээл болох БНХАУ-ын Бугат хот хүрэх тээвэр 242 километроор богиносч, тээврийн өртөг, хугацаа хэмнэгдэнэ.
 
Нэг үгээр хэлбэл, Ханги-Мандалын боомт ашиглалтад орсноор хоёрдахь Гашуунсухайт, хоёрдахь Замын-Үүд бий болно гэсэн үг юм аа.  
Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр үргэлжлэх төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 180 аж ахуйн нэгж, 3500 гаруй ажилчид оролцож, цаашид байнгын 1300 гаруй ажлын байр шинээр бий болно. Энэхүү бүтээн байгуулалт нь Зүүнбаян төмөр замаас салаалснаар Монгол Улсад хамгийн анхны гурвалсан төмөр замын уулзвар бий болж байна.

Эрхэм хөрөнгө оруулагчид аа,
 
Монгол Улс Ханги боомтыг БНХАУ-ын Мандал боомттой төмөр замаар холбох бүтээн байгуулалтыг ийнхүү өнөөдөр эхлүүлж байна.
 
Энэ сард Монгол Улсын Засгийн газар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 километр төмөр замыг бүрэн ашиглалтад оруулж дуусгахаар цаг хугацаатай уралдан ажиллаж байна. Ханги-Мандалын төмөр зам хагас жилийн дараа ашиглалтад орж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөрзамтай холбогдсоноор Оюу толгойн зэсийн баяжмал, Тавантолгойн коксжсон нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүнийг шинэ гарцаар зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан тээвэрлэх боломж бүрдэхээс гадна говийн бүс нутагт буй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ боломжууд нээгдэх болно.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдтэй харилцан ашигтай түншлэн ажиллахад үргэлж бэлэн байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд дахин илэрхийлье.


Эрхэм Монголчууд аа,
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж байгаа нь экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий болгож, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах чухал алхам гэдгийг өнөөдөр онцлон тэмдэглэхийг хүсч байна.
 
Дэлхий даяар цар тахал болон эдийн засгийн амаргүй сорилтууд үргэлжилсээр байна. Гэвч Та бид хямралын үеийн сэтгэлзүйд автаж, Монгол Улсын шинэ сэргэлтийн төлөө дэвшүүлсэн зорилтуудаасаа ухарч няцах ёсгүй ээ. Харин ч урьд урьдынхаасаа илүү эвлэлдэн нэгдэж, хамтран ажилласнаар хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж, дэвшүүлсэн зорилго, зорилтуудаа амжилттай хэрэгжүүлэх ёстой!
 
Энэхүү түүхэн бүтээн байгуулалтад оролцож буй хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд, инженер техникийн ажилтнууд, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс ажлын өндөр амжилт хүсч, товлосон хугацаандаа буюу хагас жилийн дотор Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр төмөр замыг ашиглалтад оруулах, нээлтийн өдөр баяртайгаар эргэн уулзахын ерөөлийг дэвшүүлье.
 
Шинэ сэргэлтийн бодлогоо бүх нийтээрээ хэрэгжүүлж,
Монгол Улс Мандан бадрах болтугай!

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)