Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НЗДТГ-аас зохион байгуулсан “Их хотын бүсгүйчүүд-2022” хүндэтгэлийн ёслолын үеэр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа гарч, хямдралтай худалдаа, үйлчилгээгээр үйлчилсэн юм. Үзэсгэлэн худалдаанд Монголын уламжлалт гар урлалаас эхлээд дэлхийд гайхуулахуйц монгол брэндийн бүтээгдэхүүнийг дэлгэжээ. Үзэсгэлэнг зохион байгуулагчид болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санал сэтгэгдлийг сонслоо.
Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн:
-НЗДТГ болон Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас хамтран нийслэлийн есөн дүүргийн жижиг дунд, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч бүсгүйчүүдийн бүтээлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. “Их хотын бүсгүйчүүд-2022” хүндэтгэлийн ёслол болон үзэсгэлэн худалдаа сүүлийн хоёр жилд түр завсарлаад байсан бол энэ жил өргөн хүрээнд тэмдэглэж байгаа нь сайшаалтай. Үзэсгэлэн худалдаанд нийт 32 жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд оролцож байна. Эмэгтэйчүүд маань бүтээгдэхүүнээ худалдан борлуулахын зэрэгцээ монгол бичгийн уран бичлэг, хөрөг зураг зурах зэрэг үйлчилгээ үзүүлж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож байгаа гэсэн юм.
“Зоосон хээт” ХХК-ийн захирал Ц.Амаржаргал:
-Бүх эмэгтэйчүүддээ Март-8-ны мэнд хүргэе. НЗДТГ болон Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас хамтран зохион байгуулж буй “Их хотын бүсгүйчүүд” үзэсгэлэнд оролцож байгаадаа баяртай байна. Олон мянган бизнес эмэгтэйчүүдээс сонгож оролцуулсанд зохион байгуулагчдад талархаж байгаагаа илэрхийлье. Урьд нь хувиараа бизнес эрхлээд, Амур салондоо захиалгын дагуу үйлдвэрлэл явуулдаг байлаа. Баянзүрх дүүргийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний газарт бүртгүүлээд олон олон үзэсгэлэн болоод бусад үйл ажиллагаанд оролцох болсон. Ингэснээр борлуулалт болон бизнесийн хүрээ тэлж байгаа. Цаашид жижиг дунд бизнес эрхлэгчид маань хамтран ажиллах, кластер байдлаар хөгжүүлж чадвал бизнес аяндаа өргөжинө гэдгийг өнгөрсөн хугацаанд харсан. Манай компани үндэсний хувцас урлалаас гадна эсгий урлал, арьсан гутал үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж байгаа. Түүнчлэн хөгжлийн брэхшээлтэй иргэдийн нийгэмлэгтэй хамтран ажиллахаар саяхнаас ярилцсан. Хөгжлийн бэрхшээлтэй ч ажил хөдөлмөр хийх хүсэлтэй иргэдийг нийгмийн хариуцлагын хүрээнд ажиллуулна гэж бодож байна. Одоогийн байдлаар үндсэн 5-6 хүн ццех дээр ажилладаг ч 8-9 хүнтэй гэрээ хийж, гэрээр нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх захиалга өгч ажиллуулдаг.
“Оточ домч” компанийн захирал Ц.Отгонбаяр:
-Нийслэлийн болон дүүргүүдийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр үзэсгэлэн худалдаанд уригдан оролцож байгаадаа баяртай байна. Манай компани уламжлалт анагаах ухаанд суурилсан бүтээгдэхүүнээр үзэсгэлэнд оролцож байна. Хаврын улиралд үе мөчний өвчлөл сэдэрдэг. Тиймээс тэмээний чөмөг, талын хар болон 50 гаруй төрийн эмийн ургамалын хольцтой 10 гаруй нэр төрлийн тос, тосон түрхлэгийг бид гар аргаар үйлдвэрлэж байна. Хамгийн их борлуулалттай гол бүтээгдэхүүн бол тэмээний чөмөг, талын хартай тос юм. Тэмээний чөмөг бол Монголд элбэг, түүхий эдийн арвин нөөцтэйгээрээ онцлог. Тэмээний чөмгийг үе мөчний өвчлөл, бэртэл гэмтэл, хаван хавдар, харшил, ясны сийрэгжилт болон хэвтрийн хүмүүсийн арьс цоорохоос сэргийлэх зэрэгт өргөн хэрэглэдэг. Эрт үед хацар гоо хатдын арьс арчилгаанд ч мөн хэрэглэж ирсэн юм билээ. Мөн жирэмсэн эхчүүд түрхэхэд арьсны язралтаас сэргийлдэг.
“Агни” компанийн үүсгэн байгуулагч, менежер Б.Дуламсүрэн:
-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ үнэ төлбөргүй үзэсгэлэн худалдаанд урьж оруулж байгаад баяртай байна. Эмэгтэй бизнес эрхлэгчдээ ийнхүү дэмжиж байгаа нь сайн хэрэг. Манай компанийн үүсгэн байгуулагч нь хоёулаа эмэгтэй хүмүүс байдаг. Тэр утгаараа уригдсан байх гэж бодож байна. Манайх байгуулагдаад 20 жил болж байгаа бөгөөд бүх төрлийн арьсаар цүнх, хувцас, жижиг эдлэлүүд гэхчилэн гутлаас бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Арьсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг тансаг хэрэглээндээ ордог. Гэсэн хэдий ч манай бүтээгдэхүүн чанартай хэрнээ хямд үнэтэйд тооцогддог. Тиймээс ч дотооддоо борлуулаад зогсохгүй Япон улс руу экспортод гаргаж эхэлсэн.
“Lovetulip” компанийн үүсгэн байгуулагч Г.Ууганцэцэг
-Би анх 2019 онд хүүхдээ харах зуураа өрхийн үйлдвэрлэлийн чиглэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Одоо компани болон өргөжөөд, ажлын байртай болон ажиллаж байна. 8-15 нэр төрлийн жижиг эдлэлийг хэрэглэгчдэдээ хүргэж байна. Захиалгаа фэйсбүүкийн пэйжээр дамжуулан онлайнаар авдаг. Манай бүтээгдэхүүн хэрэглэхэд амар хялбар шийдэлтэй төдийгүй сав баглаа боодол нь эко байдгаараа онцлог. Бүтээгдэхүүн хийхээр эсгүүрийн хаягдал их гардаг. Түүгээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Жижиг дунд үйлдвэрлэлийн газрын мэргэжилтнүүдтэй байнгын харилцаа холбоотой ажилладаг. Би хоёр дахь удаагаа үзэсгэлэнд оролцож байна. Суралцах зүйлс, сайжруулах юм ч их байна. Дашрамд нийт бизнес эрхлэгчиддээ зорилгынхоо төлөө хүчтэй байгаарай, битгий шантраарай гэж хэлье. Мөн Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.
“Хужирт цагаан” компанийн захирал Г.Хаянхярваа:
-Манай компани таван хошуу малын сүү, сүүний шимээр ямар нэгэн сахар орлуулагч, транс тос, тогтворжуулагчгүйгээр амттан үйлдвэрлэж байгаа. Бурамтай, хушгатай, самартай, чацарганатай, зөгийн балтай сүүн чихэр үйлдвэрлэж байна. Түүнчлэн шар сүүг ашиглаад хатаамал, нунтаг ээзгий зэрэг эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Би өөрөө хөдөө аж ахуйн таваар судлаач мэргэжилтэй. Тиймээс сүүгээр амттан үйлдвэрлэе гэж шийдсэн. Сүүний лактозыг ашиглаад зөгийн бал, бор саахараар баяжуулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьсон. Чихэр, хатаамлаас эхлээд цагаан идээний нэр төрлийн олшруулахыг хичээсэн. Өнөөдрийн үзэсгэлэнд оролцож, хүмүүст амталгаа хийлгэж бүтээгдэхүүнээ таниулах боломж олгосонд баярлаж байна.
“Амина” хүүхдийн хувцасны брэндийн үүсгэн байгуулагч Б.Пүрэвсүрэн:
-Би нөхөртэйгээ хамтдаа энэхүү брэндийг үүсгэн байгуулаад тав дахь жилтэйгээ золгож байна. 0-12 насны хүүхдийн хувцас үйлдвэрлэдэг. Энэ үзэсгэлэнд охидын хувцсыг голдуу авчирсан. Ер нь бол чөлөөт болон биеийн тамирын хувцас гэхчилэн бүхий л төрлийн хувцас үйлдвэрлэж байгаа. Үзэсгэлэн худалдаанд оролцохоор борлуулалт нэмэгдэж, бүтээгдэхүүн маань олонд танигддаг. Тэгэхээр өнөөдрийнх шиг үзэсгэлэнг зохион олон удаа зохион байгуулбал үйлдвэрлэгчдэд дэм болно гэсэн юм.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Сэтгэгдлүүд :