ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГИЙН ӨР ӨСЛӨӨ

2016-01-29 12:38:56

 

Шөнө дунд хүртэл үргэлжилсэн УИХ-ын чуулганы үр дүн нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг албандаа үлдсэн явдал. Төрийн байгуулалтын байнгын хорооны “Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахыг дэмжихгүй” гэсэн шийдвэр дээр санал хурааж, 57.5 хувийн саналаар түүнийг авч үлдсэн. Энэ нь шийдлийн Засгийн газрын хувьд яах аргагүй эерэг үр дүн. Ардчилсан намын хувьд ч адилхан. УИХ-ын 2016 оны сонгуульд Засгийн газраа бүтэн авч үлдэх боломжтой боллоо гэдэг утгаар нь тооцвол шүү дээ.

Гэхдээ энд хувь улстөрчийнх нь нэр хүндэд ялалт ирэв үү гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан олон нийтэд ил явагдсан. Тэр хэрээр иргэд УИХ-ын гишүүдэд дүн тавьсан байж таараа. Тэгвэл Ч.Сайханбилэг гэж хувь улстөрчийн нэр хүнд хэр үнэд хүрэв. Тэрбээр үнэтэй, цэнтэй байж чадав уу. Гайхмаар нь энэ асуултын хариу төсөөлж байснаас ч доогуур гарсан гэдэгтэй маргах аргагүй юм. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг иргэд хэт задгай ярилаа хэмээн шүүмжлэх нь олон байсан. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр чуулганы танхимд хариултаа олж буудаж чаддаггүй хэрүүлч нэгэн шиг үзэгдсэн гэвэл худлаа болохгүй. Цаашлаад эсрэг асуулт тавьсан УИХ-ын гишүүдийг загнах маягаар асуудалд хандсан. Уг нь түүний хувьд Ардчилсан намын толгой лидер биш. Тэр дундаа улс төрийн эрэмбэ дараа, нэр нөлөөг нь бодсон ч тэр адилхан. Боломжит цаг хугацааны хавчуурга дундуур сугарч гарч ирсэн Ерөнхий сайд гэвэл үнэнд ойр тусна.

Гол нь энэ удаагийн өөрийг нь авч үлдсэн УИХ-ын олонхийн шийдвэрт тэрбээр чамгүй их өртэй үлдчихлээ. Эхний удаад тэрбээр “Шударга ёс” эвсэлд өрөө төлөх ёстой. Үүний тулд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Шадар сайдын албан тушаалд томилж, өнөөдрийг хүртэл удирдлагагүй яваа Эрүүл мэнд, спортын яамнаа намынх нь хүнийг сайдаар томилох учиртай. Дараад нь Ардчилсан намын дарга З.Энхболд болон өөрийг нь өмгөөлж үг хэлсэн, санал өгсөн намынхаа бүх гишүүдэд төлбөрөө барагдуулах ёстой болов уу.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулах үед Ардчилсан нам хүчээр ирцээ бүрдүүлэхээс татгалзсан бол энэ удаад З.Энхболд ажиллаж чадлаа. Иймд тэрбээр хамгийн түрүүнд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын ирцийг санаатайгаар тасалдуулсан фракциудыг өмнөө сөхрүүлэх нь дамжиггүй. Ерөнхий сайдыг нь хамгаалсан гэдэг утгаараа шүү дээ. Цаашлаад бүхэл өдөржин хэлэлцээд ч асуудал нь иргэд төдий л сайн ойлгогдоогүй “Оюутолгой” компанийн тодорхой бус хэлцлийн өрийг насаараа төлөх ёстой болно. Нэг ёсны өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг кнопын хүчээр ялсан ч хувь улстөрчийнхөө хувьд чамгүй өндөр хүүтэй, их мөнгөний дүнтэй өрөнд уналаа, “Түүний өр өслөө” хэмээн дүгнэхэд буруу зүйл үгүй юм. Ялалт хаяадаа ялагдал болж хувирдаг гэдэг л энэ байлаа. Эцэст нь, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг хамгаалахаар УИХ-ын чуулганы танхимд морилж, УИХ-ын гишүүдэд засгийг өмгөөлөх эцсийн зорилгыг  уламжилсан гэдгийг дахин тодотгоё. Товчхондоо, өр үргэлжилж байгаа нь энэ юм. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)