Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний суудлыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа ганцхан хүний саналаар ялж авсан. Үүнийгээ тэрбээр хэвлэлд “Ширүүн өрсөлдөөн болсон” хэмээн тайлбарласан ч ялалтынх нь үнэ цэнийг нь үнэлбэл ялагдалд ойрхон байжээ гэж ойлгомоор.
Их удалгүй буюу өнөөдөр тэрбээр өөрийн ах С.Эрдэнийг АНУ-ийн Сан-Францискод суух Өргөмжит консулаар томилуулж чадлаа. Харин ахад нь ажлаа өгөх болсон дээрх албан тушаалыг хашиж байсан М.Отгонбаяр энэ тухай огт мэдээгүй байсан гэнэ. Тэрбээр энэ талаар цахим хуудаснаа “Өнөөдөр би албан ёсоор ажлаа өгч байх шиг байна” хэмээн мэдээлж. Угтаа гадаад харилцааны томилгоо гэдэг албан ёсны өгөө, аваа, үнэ хүндлэл, урьдчилсан яриа хэлэлцээн дээр явдаг суурьтай. Үүнийг үл ойшоосон байлаа гэхэд Ардчилсан нам С.Одонтуяагийн өмнө өрөнд орсон мэт аашлах нь юуны учир вэ.
Тэрбээр нэгэн үе УИХ-ын гишүүн болохоосоо өмнө “Иргэн Та баялаг” санг удирдан ажиллуулж байсан. Энэ дагуудаа идэвхтэй санаачилгатай ажилласан гэдгийг нь үгүйсгэхгүй. Гэсэн ч УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын дэд даргын алба хашихтайгаа зэрэгцэн идэвхтэй улс төр хийхээс татгалзсан. Улмаар өөрийн нөхөр Г.Өлзийбүрэнг Газрын тосны газрын даргаар томилуулсан.
Нөхөр нь Монгол Ардын намын гишүүн ч Ардчилсан нам эрх барьж байх үед намынхаа нөхдөөс ганцаараа ажилтай байгаа нь гайхмаар хэрэг. Тэр дундаа “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний зарчмаар төсөвт хамгийн их мөнгө татан төвлөрүүлдэг агентлагийг удирдаж байгаа гэдгийг нь онцлох хэрэгтэй. Дээр нь тэрбээр УИХ-ын гишүүн С.Эрдэнийн дэмжлэгээр УИХ-ын гишүүн болсон. Тэр даруйдаа УИХ-ын дарга З.Энхболдын дэмжлэгийг ч хүч хавсран авсан. Нэг ёсны Ардчилсан намын хоёр хүчтэй улстөрчийн нөмөр нөөлөгт орсон гэж болно. Иймд С.Одонтуяа гэдэг хувь улстөрчийн ойлгомжгүй нөлөөллийн нууц нь юу вэ хэмээн намынх нь бүсгүйчүүд шивнэлдэх болсныг энд өгүүлье. Дээр нь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний хувиар жагсаалтад албан ёсоор орох эрхтэй болсныг нь ч тодотгох хэрэгтэй биз ээ.
Сэтгэгдлүүд :