ЕРӨНХИЙ САЙД НҮБ-ЫН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2021-11-16 12:35:20

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тапан Мишраг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсад НҮБ-аас 2023-2027 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны баримт бичгийн талаар санал солилцлоо.
Монгол Улсын бүрэн вакцинжуулалт үндэсний хэмжээнд 66 хувьтай байна. Бүүстер тунд нийт хүн амын 16 хувь хамрагдсан байна. Вакцинжуулалтын хувь бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр байгааг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглээд КОВАКС-ын шугамаар манай улсад Пфайзер вакцины нэг сая гаруй тун хандивласанд талархал илэрхийлэв. Мөн манай улс хүүхдийн вакцинжуулалтын асуудлаар зөвлөмж хүссэн захидлыг БиоНТек/Пфайзер компани руу хүргүүлсэн, КОВАКС-ын шугамаар дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайд хүслээ. Ард иргэд ковидын эсрэг вакцинд идэвхтэй хамрагдсаны дүнд Монгол Улс энгийн амьдралд шилжин орж буйг Ерөнхий сайд тэмдэглэлээ.
Монгол Улс НҮБ-тай хамтын ажиллагааны цар хүрээгээ улам өргөжүүлэх, дэлхийн улс орнуудын хамтын их үйлсэд оруулах хувь нэмрээ улам нэмэгдүүлэхийг зорьж байгааг Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ дурдаад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбумаар тоологдох мод ургуулах” санаачилгыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 76-р чуулганы үеэр тунхаглан зарласан нь цөлжилт, газрын доройтол, ой мод, ойн сан, усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах төдийгүй уур амьсгалын нөлөөллийг бууруулах, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний үйлсэд монголчууд бидний оруулж хувь нэмэр юм гэдгийг тэмдэглэв. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар хөгжлийн стратеги зорилго, үйл ажиллагаандаа ногоон шийдлүүдийг эрхэмлэсэн техник, технологийн дэвшлийг нэвтрүүлж ажиллана гэлээ.


Мөн сайн засаглалыг бэхжүүлэх, авлигын эсрэг ажиллагаа, шинэ сэргэлтийн бодлогын талаар Ерөнхий сайд товч танилцууллаа.
Монгол Улсад НҮБ-аас 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичиг боловсруулах ажлын явцын талаар НҮБ-ын суурин төлөөлөгч, ноён Тапан Мишра дэлгэрнгүй мэдээлэл өглөө. Энэхүү баримт бичиг нь Монгол Улсын Засгийн газрын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болно гэдэгт талууд санал нэгдлээ.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)