ПОПУЛИЗМ ДУУССАН, Ерөнхийлөгч өө -Төрийн тэргүүн бол улстөрч биш-

2021-10-14 09:27:17

Цаг хугацаа өөр өөрийн үнэ цэнтэй. Үүний адил хувь хүний намтар түүх ч өөр өөрийн он цагтай. Өсөн дэвжих, уруудан доройтох, амьдарч эхлэх, амьдарсандаа эргэлзэх, амьдралаас татгалзах юу эсийг цаг хугацааны хэрээст хуваан ангилж болох. Үүний нэгэн адил Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн намтар түүх болоод хувь улстөрчийнх нь хандлага, хашиж ирсэн албан тушаалаар нь хэмжиж үзвэл чамгүй олон үе үечлэлд хуваагдах нь тодорхой. Хүссэн ч эс хүссэн ч тэр бол Монголын улс төр судлалын нэг гол дүр мөн субьект. Алдаа нь ч тэр, оноо нь ч тэр адилхан. Бүхэл бүтэн 30 жилийн турш улс төрд идэвхтэйгээр цамнахдаа цамнаж, дэвэхдээ дэвэж, нурахдаа нурж ирсэн идэвхтэй улстөрч ховор. Олонх улстөрчдийн хувьд хэсэг зуурын од гийх улс төрийн бурханчлалын ард унах нь, сульдах нь их байдаг. Эсвэл хэн нэг улстөрчийг дагаж, нөмөрт нь хоргодсон улс төрийн нүүдэл удирдагчаа дагаад бууриндаа өтлөх нь ч хэвийн үзэгдэл. Яагаад гэхээр улс төр бол ард түмний сонголт. Тэд урагш нь явуулах уу, унагаах уу гэдгийг шийддэг. Өөрөөр хэлбэл, сонголт хийх сонгогчдын үзэгний үзүүр улстөрчдийн хувь заяаг шийддэг. Гэхдээ ард түмэн дандаа хамгийн сайныг нь сонгоод байдаг юм бас биш. Үнэхээр супер эх оронч, супер улстөрчийг сонгодог байсан бол Монгол Улсын хөгжил дэвшил огт өөрөөр зурагдах байсан гэдэгт эргэлзэх хэрэггүй. Харин улстөрчийнхөө хувьд таалагдах, улс төрийн лидерийнхээ тухайд байлдан дагуулах гэдэг бол өөр ойлголт. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ялалтын гол үндэс нь энэ. Тиймээс ч олон хүн, ялангуяа улс төр судлаачид түүнийг “Популист улстөрч” гэх нь бий. Энэ нь ч үнэн.

“Цэрэг хүн зовлонд гунддаггүй. Жаргалд ташуурдаггүй юм. Би цэрэг хүн”, “Эх орныхоо төлөө зүтгэе”, “Би өөр дээрээ галыг авсан”, “Би найзыгаа биш улсаа бодож байна”, “Шударга ёс, байгалийн баялгийн төлөө тэмцэнэ гэдэг эр зориг юм”... гэх мэт үг, үгийн утга түүний ялгарал. Зөвхөн үгээр ялгарсан уу гэвэл бас өрөөсгөл. Тэр ялалтаар ялгарсан сонирхолтой улстөрч. Энэ нь зөвхөн УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтаар хэмжигдэхгүй. МАН дотор болон тухайн үеийн Засгийн газарт өрнөсөн олон олон зөрчилд тэрбээр ялалт байгуулсан. Тухайн үеийн МАХН-ын гол үзэл баримтлал гэгдэж байсан Нагаржунайн онолыг орчин цаг буюу ардчилалтай нийцэхгүй байна гэдгээс түүний намын дотоод ялалт эхэлсэн. Үүнийхээ дараа Ерөнхий сайд асан, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг ХААНы суудлаас унагах тэмцлийг эхлүүлсэн. Ерөнхий сайд асан М.Энхболд, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, сүүлд Ерөнхийлөгч Х.Баттулгатай хийсэн тэмцэлд ч тэр ялалт байгуулсан. Түүний энэ бүх ялалтын цаад хүчийг тодорхойлохгүйгээр олон нийтийн зүгээс “Популист, Хөөрүү, бүр ТЭНЭГ УЛСТӨРЧ” хэмээх нь ч бий. Угтаа бол тэрбээр өнгөрсөн хугацаанд ч уйдсандаа улс төрийн зөрчил үүсгэж, ялалт байгуулаад байх хэмжээний хөөрүү, цөс ихтэй хөнгөн жингийн улстөрч байгаагүй. Иймд армийн улс төрийн ажилтнаас Монгол Улсын Ерөнхийлөгч болтлоо ахин дэвшсэн түүний улс төрийн тоглолт, ов мэх, уран нүүдэл, хар хор бүхнийг судалж үзэх хэрэгтэй. Ялангуяа улс төрд хол явахыг хүсэгчид. Гэхдээ энэ нь У.Хүрэлсүхийн гишгэсэн мөрийн дагаад алга гэсэн үг бол биш. Анхааралтай ажигла. Суралц, сургамж ав... Харин хувь хүнийх нь хувьд буюу Монгол Улсын төрийн тэргүүнийх нь хувьд түүнд хэлэх үг бол популимзаа зогсоох даалгавар. Тэрбээр популизмын хүчинд, манлайллынхаа үр шимд өнгөрсөн хугацаанд ялалт авсан байж болно. Ялдаг байсан байж мэднэ. Магадгүй энэ зуршилдаа татагдан уусан шингэсэн байж болно. Гэхдээ энэ бүхэн бол түүний өнгөрсөн үе. Тодруулбал, улстөрч байсан үеийнх нь хуучин түүх, хуучин төрх, хуучин хандлага. УИХ-ын гишүүн, Онцгой байдлын сайд, Шадар сайд, Ерөнхий сайд хүн тун нь таарсан популист байж болно. Яагаад гэхээр эдгээр нь улс төрийн бодлого шийдвэрээ гүйцэлдүүлэх манлайллын чадавх хэрэгтэй албан тушаал. Харин Ерөнхийлөгч бол бүх ард түмний саналаар сонгогдсон нөмөрлөх, түших, угтах үүрэгтэй МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ алба.

Өнгөрсөн хугацаанд дөрвөн ч Ерөнхийлөгч Төрийн тэргүүний суудлаас улс төр хийсэндээ алдсан. Тэд Монгол Улсыг олон улсад төлөөлөх үүрэгтэй, нөмөр дулаан Ерөнхийлөгч болох ёстой гэдгээ мартаад УЛСТӨРЧөөрөө үлдэхийг хүссэн. Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын хэн хэн нь адилхан. Ерөнхийлөгч асан Н.Багабандийн үед “Ардчилсан холбоо эвсэл”-ийн гурван ч Засгийн газар огцорч, Тэргүүн Шадар сайд асан Да.Ганболдыг Ерөнхий сайдаар сонгохыг таван ч удаа эсэргүүцсэн. Үүнийх нь үр дүнд гүйцэтгэх засаглал ч, УИХ ч бүхэлдээ хагаралдсан. Ул сууриар нь харах юм бол Ардчилсан нам дахь одоогийн зөрчил хуваагдал ч тэр үеэс эхлэлтэй гэж болно. Учир нь, Ерөнхийлөгч асан Н.Багабандийн дэмжлэгтэй өрнөсөн улс төрийн зөрчил өнөөдрийг хүртэл эдгээгүй гэсэн үг. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын тухайд нам төрийг хослон барина гэж зүтгэсэн. Ерөнхий сайд асан Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг байгуулж, өөрийн үед МАХН-д урьж авчирсан залуусыг гүйцэтгэх засаглалд багтаахыг эрмэлзсэн. Гэсэн ч хүсэлд хясал байдгийн үлгэрээр эцсийн бүлэгт тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээж, намынхныхаа тусламжтай эрх мэдлийн тавцангаас түлхэгдэн унасан. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монгол Улсын гадаад харилцаанд ахиц, соёлын өвийн чиглэлд ололт авчирсан ч Ардчилсан намтайгаа зодолдох зодоонд өөрийн биеэр “чулуу шидчихсэн” Ерөнхийлөгч. Хууль хяналтын байгууллагын эрх мэдэл рүү Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд хэмжээлэшгүй их төвлөрлийг үүсгэсэн гэж үздэг бөгөөд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн гомдол өдгөө ч дэр норгох хэмжээний үргэлжлэн мэгшиж буй гэвэл хэтрүүлсэн болохгүй. Шинэхэн дээрээ сонихон гэдгийн үлгэрээр одоогоос хоёрхон сарын өмнө бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгч Х.Баттулгын тухайд бичсэн бичээгүй олон нийт санахтайгаа. Ардчилсан намынхаа дотоод зөрчлийг хурцалж, МАН-ын Засгийн газартай найрсан жаргахыг хүссэн түүний төсөөлөл харамсалтай нь жаргалтай төгсөөгүй. Тэр түлхэгдэн унасан. Хавчин гадуурхагдсан. Гэхдээ түүнийг тойрсон гадуурхал, доромжлолын буруутан нь тэр өөрөө л байсан. Төрийн тэргүүний судлаас тэрбээр цаг ямагт ялгаварлан гадуурхалт, хэрээс хэтэрсэн бүхний дарга мэт аашилсан. Ерөнхийлөгч үү, Ерөнхий сайд уу, УИХ-ын дарга уу, бүр Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурор уу гэдэг нь ялгагдахаа байсан. Эцсийн бүлэгт юм юм руу үсчсэн хүн юм юмгүй үлддэг гэдгийг түүний Монгол Улсын төрийн тэргүүнээр ажилласан дөрвөн жил хангалттай нотолно. Тэрбээр улстөрч төдийгүй хаан, хаан төдийгүй хэмжээлшгүй эрхт хаант засаглалын эзэн мэт аашилсан. Энэ гэм буруу дээр нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тоглолт хийж, Төрийн тэргүүний суудалд суухад өргөж өгөх шат болгон алдааг нь ашигласан.

Энэ бүх жишээнээс харахад У.Хүрэлсүхийн улстөрчийн түүх популизм, уриа лоозон, зөрчил тэмцэл, дотоодын болон сонгуулийн ялалт олонтой байсан. Нэг ёсондоо тэрбээр улстөрч байсан уу гэвэл яах аргагүй байсан. Харин цаашдаа бол улстөрч байж болохгүй. Болохгүй гэдгийг нь өмнөх Ерөнхийлөгч нарын дээрх алдаа зааварлана. Дээр нь, энэ удаагийн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаанд Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллах ч хөмхий зууж, хүйтэн улс төрийг удирдаад байх хэмжээний эрх мэдэлгүй гэдгийг уншигч Та ч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч мартаж болохгүй. Өмнөх үеийн Ерөнхийлөгч нар шиг шүүгчийн томилгоогоор далимдуулан шүүх засаглалыг удирдах эрх У.Хүрэлсүхэд байхгүй. Энэ эрхийг нь 2020 оны Үндсэн хуулийн шинэчлэлээр хасчихсан. Ерөнхий сайд болон Засгийн газрыг гишүүдийг сонгох, томилох асуудалд санал оруулж, өөрийнхөө багийг шахах гэж чардайх ямар ч боломжгүй. Учир нь, мөн л шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй танхимынхаа гишүүдийн талаар зөвшилцөөд санал эс нийлбэл өөрийнхөөрөө багаа бүрдүүлж, УИХ-аар шууд ёсчлох эрхтэй болчихсон. Ерөнхийлөгч цаана хэрхэн эсэргүүцэж, цам харайлаа гээд нэмэргүй ээ гэсэн үг. УИХ-ын хууль тогтоомжид хүссэн үедээ хориг тавьж, хүссэнээрээ “зодох” бүр ч эрхгүй. Үндсэн хуулийн өөрчлөлт, Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэгт энэ тухай тодорхой заалтууд нь нэмэгдэж, хасагдаад батлагдчихсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүссэн ч эс хүссэн ч популимзмаас татгалзаж, улстөрчийнхөө хаалгыг хаагаад МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН болох ганцхан сонголт байгаа гэсэн үг.

Харин энэ үүргийнхээ хүрээнд Монгол Улсын гадаад харилцааг манлайлах ёстой. Хятад, ОХУ-ын төрийн тэргүүн нартай ярилцсан харилцуурын яриагаа ажил хэрэг болгох ёстой. Шинжлэх ухаан, инновацийн салбарыг дэмжиж ажиллана гэсэн Шинжлэх ухааны академийн эрдэмтэн мэргэдэд өгсөн амлалтандаа хүрэх ёстой. Хими, физик, математикийн олон улсын олимпиадад тэргүүн байр эзэлсэн оюутан сурагчдад хэлсэн ёсоороо тэднийг дэмжиж, урамшууллыг нь хуульчлуулж, оюуны салбарыг тэтгэх учиртай. Үндэсний өв соёлыг хамгаалж, эв нэгдлийг хамгаалах хэрэгтэй. Үндсэндээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх популизмын хаалгаа хааж, төрийн тэргүүний дурсамжаа өнөөдрөөс бичиж эхлэх учиртай юм. Тэгж байж зургаан жилийн дараа Монгол Улс ч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч ялж чадна. Үгүй бол нэр тань, овог тань шалаар нэг улстөрчдийн дунд хутгалдаж, дараа үеийн нэн шинэ  улстөрчийн амжилт гаргах нэр төрийн гишгүүр төдий үлдэх нь дамжиггүй. Иймд популизмаа дуусга, Ерөнхийлөгч өө. Дээр нь, төрийн тэргүүн бол улстөрч биш гэдгийг бүү март.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)