Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойжуулалт, үрслэгээний газруудад ажиллалаа

2021-10-07 13:10:18

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эхлээд “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” байгаль орчныг хамгаалах холбооны ойжуулалтын туршилтын талбайд очлоо.

Баянзүрх уул 1989 он хүртэл шинэс мод бүхий ойтой байсан ч хууль бус мод бэлтгэл, Сибирийн хүр хорхойн нүүдэл зэргээс болж 420 га газрын ой бүрмөсөн үгүй болсон байна. Иймээс энд 5.32 га талбайд 1080 шинэс, 8440 хайлаас тарих төсөл хэрэгжүүлж эхэлжээ.

Нарны эрчим хүч ашиглан модоо дуслын системээр, гар утаснаасаа удирдан усалж байгаа туршлагыг бусад аймаг, дүүрэг, суманд нэвтрүүлэх бүрэн боломжтой юм байна. Цаашид  байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран нэг сая мод тарьж, амралт, зугаалгын бүс болгохоор төлөвлөснөө “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” ТББ-ын тэргүүн Д.Эрдэнэчулуун танилцууллаа.

Ерөнхийлөгч мөн Туул голын дагуу нэг га талбайд төрөл бүрийн мод, дөрвөн га-д эмийн ургамал тарьж байгаа “Буянт үйлстэн” ТББ-ын тэргүүн Г.Наранчимэгтэй уулзлаа. Тэрбээр байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх үйлсэд хүн бүх хувь нэмрээ оруулах ёстой гэж үздэгээ хэллээ. Мөн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг талбайдаа ирж мод тарьж байхыг урилаа.

Энэ компани 50 га талбайд 20 гаруй төрлийн жимсний, гоёлын болон анхилам үнэртэй бут, сөөг, зүлэгний үр зэргийг тарьж, худалдахаас гадна бортгонд өсгөсөн том модыг суулгах үйлчилгээ үзүүлдэг байна.

Жилд шинэсний 300-340 мянга, навчит модны 120-140 мянган тарьц үржүүлдэг. Жимсний модыг гэхэд л ногоон мөчрөөр үржүүлж, 2-3 настай болгосны дараа шилжүүлэн суулгахад амьдрах чадвар дээд зэрэг байдгийг компанийн ойн инженер С.Дашдаваа хэллээ. Мөн бортгонд суулгаж хоёр метр гаруй болтол нь өсгөсөн модыг бортогтой нь шууд шилжүүлэн суулгадаг байна.

Цаашид үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны шугамаар зээлд хамруулах, техник, тоног төхөөрөмж, бусад шаардлагатай бодисоор хангахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн хүрээнд байгуулж байгаа Найрамдлын цэцэрлэгт хүрээлэнд очлоо.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16-р хорооны 40 га талбай дахь цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил 90 гаруй хувьтай байна. Энд танин мэдэхүйн цэцэрлэг, унадаг дугуйн зам, хүүхдийн тоглоом, спортын талбай, 100 орчим автомашины зогсоол байгуулж, 80 гаруй нэр төрлийн мод, ургамал тарьж ургуулжээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэн, айл өрх, байгууллага, аж ахуйн нэгж бүр дор бүрнээ идэвх, санаачилга гаргаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг:

  • 2021-2024 он буюу бэлтгэл үе,
  • 2024-2026 он буюу эрчимжүүлэх,
  • 2027-2030 он буюу тогтвортой үргэлжлэх гэсэн гурван үе шаттай өрнүүлэхээр төлөвлөөд байна.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)