ЕРӨНХИЙЛӨГЧ ИРЛЭЭ. ЕРӨНХИЙ САЙДЫГ ЯАХ ВЭ

2016-01-26 15:06:07

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийн холбооны улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулга уулзалтад оролцоод ирлээ. Айлчлалд явах цаг мөчтэй нь давхцан УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах албан бичгээ УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн тул Ерөнхийлөгчийг ямар санаа бодолтой эх орондоо буусан бэ гэдэг хэн хүнд сонин байж таараа.

Тэр дундаа “Давос”-ын чуулга уулзалтад оролцох үеэрээ тэрбээр “Ерөнхий сайдтай, Засгийн газартай хариуцлага тооцох болбол бүтээлч байдлаар хариуцлага тооцох ёстой. Манай Үндсэн хуулинд зааж өгсөн үндсэн зарчим байгаа, “Дараагийн Ерөнхий сайдыг томилсноор өмнөх Ерөнхий сайдын бүрэн эрх дуусна” гэж. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Ерөнхий сайдтай хариуцлага тооцох гэж байгаа бол шууд л дараагийн Ерөнхий сайдынхаа нэрийг оруулж ирэх хэрэгтэй. Тэгэж байж л тогтвортой байдал бий болдог. Герман болон бусад улс оронд үүнийг бүтээлч хандлага, Засгийн газартай хариуцлага тооцож байгаа бүтээлч хэлбэр гэж үздэг. “Өмнө нь хэн ч байсан хамаагүй огцруулчихъя. Дараагийнхыг нь дараа нь ярья. Бид бол Засгийн газар, Ерөнхий сайдыг томилоход саад хийхгүй шүү дээ” гээд суудаг байдал бол улс оронд ямар ч сайн зүйл авчрахгүй” ийн мэдэгдсэн. Үүнийг нь өчигдөр хэвлэлүүд өлгөж аван УИХ-ын гишүүн Ц.Баярсайханыг дараагийн Ерөнхий сайдаар томилно гэх мэдээллийг түгээж байгаа харагдсан.

Гэхдээ үүнээсээ урьтаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Засгийн газар тогтвортой ажиллах хэрэгтэй. Ерөнхий сайд юм уу, Засгийн газрыг өөрчлөөд ямар нэгэн сайн зүйл авчрахгүй. Энэ огцруулна гэж ярьж байгаа ярианы эргэн тойронд дандаа л улс төрийн асуудал байгаа. Ирэх зургаадугаар сард болох сонгуультой л холбож, ямар нэгэн байдлаар өөртөө улс төрийн оноо авах гэсэн ийм л үйл ажиллагаа явагдаж байгаа юм” гэж хэлсэнд нь ач холбогдол өгсөн бол түүний байр суурийг нэмэлт хачиргүй ойлгож болох байсан биз. Гэсэн ч эхний ишлэл буюу “Дараагийн Ерөнхий сайдыг шууд томилж болно” гэх ганцхан утгыг эх үндэс болгож УИХ-ын гишүүн Ц.Баярсайханыг хөөрөгдөх нь юуны учир вэ. Түүний хувьд өнгөрсөн хугацаанд нэг биш удаа Ерөнхий сайдад нэр нь яригдаж байсан. Гэсэн ч хувь улстөрчийнхөө хувиар энэ удаагийн парламентад нам гүм байдал руу шилжиж, өөрийгөө улс төрөөс бараг л чөлөөлсөн гэмээр сул гишүүний үүрэг гүйцэтгэж буй. Иймд Ардчилсан намын зөрчил дунд гал асаах нэг цучил болсон гэвэл хэтрүүлсэн болохгүй болов уу.

Дээр нь тус намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын ирц хүрээгүй явдал нь Ардчилсан намын дарга З.Энхболдыг “чимхэх” сайхан шалтаг болж өглөө. Угтаа энэ нь фракц хоорондын зөрчлөөс улбаатай болохоос бус намын даргын нөлөөлөл гэдгээр нь авч үзвэл хэтэрхий жижиг асуудал болж хувирна. Хэрэв ингэж шүүмжлэхэд хүрвэл Эрүүл мэнд, спортын сайдын томилгоог хийж чадахгүй өнөөдрийг хүрсэн гүйцэтгэх засаглалын алдааг ч хамаатуулах шаардлагатай. Улстөрчид бүгдээрээ улстөржиж тоглодог гэдэг талаас нь харвал шүү дээ.

Харин үүнд Ерөнхийлөгч хэрхэн хандах вэ. УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг дэмжинэ гэдгээ өчигдөр мэдэгдчихлээ. Хэдийгээр “Шударга ёс” эвсэл хамгаалахаа амласан ч эцсийн дүнд хувь улстөрчдийнх нь тоглолт хэрхэн эрх чөлөөнд дурлахыг тааварлах аргагүй. Тиймээс Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын гишүүдээ татаж нуусныхаа гэмшлийг УИХ-ын дарга З.Энхболдын өмнө хүлээж, фракцууд нь уучлал гуйх шаардлага гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл улс төрийг улстөрчид л тоглодог гэдгийн баталгаа нь энэ. Иймээс л Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ дахь намуудыг зөвшилцөлд уриалан дуудаж чадах уу. Тэрбээр өнгөрсөн хугацаанд нэг биш удаа УИХ дахь намуудын удирдлагуудыг өрөөндөө дуудаж зэмлэсэн. Мөн Ерөнхий сайд Ч.Сайхбилэгийг нэг бус удаа хамгаалсан. Өөрөөр хэлбэл хувь улстөрчийнх нь дэмжлэг түүн рүү чиглэсэн гэдэг нь олон нийтэд нэгэнт тодорхой болсон. Ийм л учраас “Ерөнхийлөгч ирлээ. Ерөнхий сайд яах вэ” хэмээн асуусан хэрэг. Анхнаас нь дэмжиж ирсэн болохоор шүү дээ.

 

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)