З.ЭНХБОЛДЫГ "БАРИЛГАЧИН" БОЛСОНД НЬ ТАЛАРХАЯ

2016-01-19 20:13:36

З.Энхболдыг барилгачин болсонд нь талархая

УИХ-ын Ардын намын бүлгийн дарга С.Бямбацогт

“Ардчилсан намын дарга маань

Байшин зардаг барилгачин...” гэж ирээд шүлэглэж. Шүлэг нь хатуу ч унших уянга нь бас ч гэж давгүй ээ. Гэхдээ энд түүний шүлэг гол сэдэв биш. Харин “Байшин зардаг барилгачин” гэдэгт нь ач холбогдол өгөв. Учир нь тэрбээр УИХ-ын дарга З.Энхболдыг ипотекийн зээлийн хүүг бууруулах болон зээлийг нь үргэлжлүүлэн олгох талаар санаачилга гарган идэвхтэй ажилласныг нь магтсанд байгаа юм. Үнэхээр ч Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийн улмаас ипотекийн зээл хаагдахад хамгийн их чармайлттай ажилласан хүн нь УИХ-ын дарга З.Энхболд. Барилгачин шиг харагдах зорилго агуулсан бол тэр зорилгодоо ч хүрсэн. Байшин зардаг худалдаачин мэт санагдахыг чухалчилсан бол тэрхүү хүслээ ч биелүүлсэн. Гол нь үр дүнд нь иргэд хожсон.

Өнөөдөр ипотекийн зээл олгогдохыг хүлээж буй гурван мянга гаруй иргэн бий. Мөн байраа зарахыг хүссэн барилгын компаниудад 17 мянган байр байгаа. Үүний ард хэр олон компани зогсолтод орж, алдагдал хүлээснийг бүрэн тооцоолоогүй. Гэсэн ч маргаашнаас эхлэн банкууд ипотекийн зээл болон бусад төрлийн барьцаа хөрөнгөтэй зээлийг олгох боломжтой болж байгаа юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг баталлаа. Энэ шийдвэрийн талаар Монголын банкнуудын холбооны ерөнхийлөгч Ж.Үнэнбат “Орон сууцны зээл маргаашнаас эхлэн хэвийн үргэлжлэх боломжтой боллоо. Эхний ээлжинд урьдын хэрэгжиж байсан найман хувийн хүүтэй зээл хэвийн олгогдоно. Харин таван хувийн хүүтэй зээлийн тухайд Монголбанк, Засгийн газраас чиглэл өгвөл банкууд төвөн хувийн орон сууцны зээлийг олгож эхлэхэд бэлэн” хэмээв.

Энэ саналыг анх УИХ-ын дарга З.Энхболд анхлан “Ипотекийн зээлийг таван хувь болгох боломжтой” гэдгийг хэлж, цагаан самбар дээр хэрээр тооцоолон үзүүлсэн нь ердөө арав орчим хоногийн өмнөх дүр зураг. Ингэхдээ барилгын компаниудыг үнээ өсгөхгүй байх үүргийг ч өгсөн. Гол нь Монголбанкнаас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүн болон Чингис бондын санхүүжилтээр Монголын үйлдвэрлэгчид барилга барихад шаардагдах бүх бүтээгдэхүүнээ эх орноосоо авах боломжийг бүрдүүлсэн. Үнэ өсөхгүй гэдгийн бодит тайлбар нь энэ. Иймд УИХ-ын дарга З.Энхболдыг барилгачин, барилга борлуулагч хэмээн УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга С.Бямбацогтын шүлэг шүүмжлэл гэхээс илүүтэй магтаал болж хувирлаа. Нэг ёсны тэрбээр зах зээлийн мэдрэмжтэй бизнесмэн байсан гэсэндээ эрх баригч намын даргын үйл хэргийг ч эергээр хүлээн авсан нь энэ байж мэдэх. Улс төр биш иргэдийн ашиг сонирхол талаас нь харвал шүү дээ.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)