УИХ-ын гишүүн Г.Уянга Засгийн газрыг огцруулах албан бичгээ өргөн барилаа. Тэрбээр эл бичигтэй сүүлийн хагас жил орчмын турш зууралдаж буй бөгөөд олон нийтэд ч, улстөрчдөд ч хүлээлт үүсгээд байсан юм. Харин энэ удаад 15 гишүүнийхээ гарын үсгийг 20 болгож чадснаар Засгийн газрыг огцруулах санаархалдаа нэг алхам ойртсон гэж болно. Учир нь, хуулиандаа гүйцэтгэх засаглалыг огцруулахын тулд 20 буюу түүнээс дээш гишүүдийн гарын үсгийг нэгтгэсэн байх ёстой байдаг. Эл бичгээс нь харахад УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ч.Хүрэлбаатар, Ж.Энхбаяр, Д.Дашдорж, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ё.Отгонбаяр. Д.Сарангэрэл, О.Содбилэг, А.Тлейхан, Д.Хаянхярваа, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ, Р.Амаржаргал, О.Баасанхүү, Су.Батболд болон Г.Уянга гэсэн 20 гишүүн гарын үсэг зурсан байх.
Эндээс УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд зайлшгүй улс төрийн шалтгаанаар гарын үсэг зурсан гэдгийг хүлээн зөвшөөрч болно. Мөн бие даагч гишүүдийн тухайд ч адилхан. Тэд өнгөрсөн хугацаанд цаг үргэлж Засгийн газар болон эрх баригч намын үйл ажиллагааг шүүмжилж байр сууриа илэрхийлж ирсэн. Нэг ёсны байр сууринаасаа ухарсан, буцсан зүйл тэдэнд алга. Ман Л.Цог гишүүний тухайд МАХН-ын дарга Н.Энхбаяртай зөрчилдсөн гэх яриа улс төрд өрнөдөг. Хэрэв энэ үг үнэн бол гүйцэтгэх засаглалыг өмгөөлөх шалтгаан ч үлдээгүй байж мэднэ.
Харин УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын хувьд асуудал хаашаа эргэв ээ. Уг нь түүний хувьд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй гүйцэтгэх засаглалын тэргүүний суудалд өрсөлдсөн ч Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн дунд явуулсан сунгаанд ялагдсан. Улмаар хэд, хэдэн удаа “Авралын Засгийн газар байгуулах цаг болсон” тухай байр сууриа илэрхийлж, шийдлийн Засгийн газрын үйл ажиллагааг хангалттай шүүмжилсэн. Гэсэн ч тэрбээр 2016 он шилжихдээ зэрэгцэн гэнэт л Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг магтсан байдаг.
Энэ тухайг нь эргэн сануулах үүднээс 2015 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн хэвлэлүүдэд гарсан, тэр дундаа цахим ертөнцөд идэвхтэй тараагдсан нэгэн ярилцлагыг нь хүргэе.
-Та Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байж, байнга шүүмжилдаг. Анх удаа л Ерөнхий сайдын тухай эерэг үг унагаж байна?
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сая тайлангаа тавьсан. Энэ тайланг харж байхад хийсэн ажлууд байна. Гарц олох гэж бүхий л талаар хичээж, ажиллаж байгаа нь харагдсан. Ч.Сайханбилэг юм хийгээгүй биш хийсэн байна гэсэн ойлголт авсан. Нийгэм эдийн засгийн хүндрэлээс гарах, бүтээн байгуулалтын том төслүүдийг хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллаж байгаа. Миний хувьд Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл дутуу байсан юм гэсэн ойлголтод хүрээд байгаа.
– Та Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын цорын ганц гишүүн. Хэтэрхий хатуурхаж байна гэхээр энэ саналаасаа татгалзах юм байна гэж ойлгож болох уу?
-Аливаа юмыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Юм хийж байгаа, хийх гэж гарц хайж байгаа энэ үед заавал харлуулах, татаж унагах гэж зүтгэх шаардлагагүй. Өөрөө рхэлбэл огцруулах бус дэмжиж ажиллах цаг хугацаа бидэнд үлдээд байна.
Энэ бол УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын ярилцлага. Товчхондоо Засгийн газрыг мэдээллийн зөрүүнээс болж огцрох ёстой хэмээн ярьж байснаа хүлээн зөвшөөрсөн тайлбар. Гэсэн ч тэрбээр энэ удаад УИХ-ын гишүүн Г.Уянгын Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан байх. Ердөө сар орчмын өмнө “Огцруулахгүй” гэж байснаа эргээд огцруулахаар гарын үсэг зурснаас нь үүдээд түүнийг Засгийн газрыг “мэхэлсэн” хэмээн дүгнэвэл үнэнээс хол очиж үсрэхгүй байх. Хэдийгээр тэрбээр “Би хоёр сарын өмнө гарын үсэг зурснаасаа татгалзсан” гэдэг тайлбарыг жиргээгээр хийсэн ч энэ бол хангалттай тайлбар биш. Төдийгөөс өдий хүртэл улс төрд явсан туршлагатай улстөрчийн хувиар тэрбээр албан ёсоор Г.Уянга гишүүнд хандаж, өөрийн гарын үсэгтэй цаасыг хайчилж хаяж болох байсан. Гэсэн ч тэгээгүй. Үгээр хэлэх, үйлдлээр үзүүлэх хоёр тэс өөр гэдгийн нотолгоо нь энэ. Иймд яалт ч үгүй Р.Амаржаргал гишүүний гарын үсэг Засгийн газрыг огцруулах эсэх тухай асуудлыг УИХ-аар хэлэлэцэхэд нэн чухал үндэслэл болох нь тодорхой юм.
Харин үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Г.Уянгын Засгийн газрыг огцруулах албан бичгээс ишлэн мэдээлбэл “Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлах үеэрээ Оюутолгойн орд газрыг ашиглах гэрээний нэг тал “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компанитай “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө” гэгчид Монгол Улсын Засгийн газар гарын үсэг зурахдаа УИХ-д мэдээлэлгүйгээр “далд уурхайн санхүүжилт” нэрээр Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ, ТЭЗҮ-ээр баталгаажсан далд уурхайн санхүүжилт 1,5 тэрбум ам.долларын анхны хөрөнгө оруулалтын дүн дээр нэмж 4,7 тэрбум ам.долларын зардлыг хүлээн зөвшөөрчээ... УИХ-ын энэхүү хүчин төгөлдөр тогтоолыг биелүүлэхийн оронд нэмэлт зардлыг хүлээн зөвшөөрсөн баримт бичигт Засгийн газар гарын үсэг зурсан нь УИХ-ын тогтоолыг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлсэн ашиглаж Оюутолгойн орд газраас Монгол Улсын авах ашгийг багасгаж, ногдол ашиг авах хугацааг хойшлуулан тодорхой бус байдалд оруулжээ. Түүнчлэн Оюутолгойн төсөл үйл ажиллагаа эхэлснээс хойш Монгол Улсад төлсөн татвар бусад орлогын дүн нь жилийн нийт борлуулалтын орлогын дөнгөж 8-9 хувь болсон байгаа нь хөрөнгө оруулалтын гэрээг цаашид харилцан үр ашигтай болгох чиглэлээр сайжруулах шаардлага байгааг харуулж байна. Иймд Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах бүрэн үндэслэл байна гэж үзэж байна” гэсэн утгатай байв.
Ийнхүү Засгийн газрыг огцруулах асуудлыг цагийн сараас урьтаж УИХ-аар хэлэлцэх нь нэгэнт тодорхой болов. Харин энэ хугацаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын гишүүдтэй хэрхэн тохиролцох нь сонин байна. Түүнээс нь гүйцэтгэх засаглалын хувь заяа хамаарах болохоор тэр шүү дээ.
Сэтгэгдлүүд :