БИЗНЕСМЭНҮҮД С.ГАНБААТАРЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭНД БУУЖ ӨГЛӨӨ

2016-01-19 09:41:44

Бизнесмэнүүд С.Ганбаатарын зах зээлийн “үнэлгээнд” бууж өгөв

Хөдөлмөрийн үндэсний намын ээлжит бус Их хурал өнгөрсөн өдрүүдэд болж өнгөрлөө. Гүн ягаан өнгийг имиж хийж, Халх голд чөлөөт бүс байгуулах тухай Засгийн газрын тогтоолыг эсэргүүцэж, чамгүй улс төр хийсэн тус намын шинэ даргаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар сонгогдлоо. Тэрбээр тус намд элсээд хорь хоноогүй ч хоёрхон хүний саналыг эс тооцвол улаан гэрлээр нам удирдах эрх авсан нь санамсаргүй тохиол яавч биш. Учир нь, түүний тэргүүлж ирсэн Эрс шинэчлэл хөдөлгөөний лого, бэлгэ тэмдгийн өнгийг тус нам анхнаас нь өөрийн болгосон. Мөн өнгөрсөн арван жилийн хугацаанд бараг л өдөр шөнөгүй дагасан шадар туслах нь ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр байгуулагдахтай нь зэрэгцэн томилогдсон удаатай. Иймд УИХ-ын сонгуулиас урьтаж, С.Ганбаатар ХҮН-ыг албан ёсоор удирдана гэдэг яриа улс төрийн хүрээнд тамга тэмдэг мэт ил болсон байсан юм. Тиймээс энэ удаагийн Их хурлынх нь шийдвэрийг олны хүлээлтийг бататгасан бэлгэ тэмдгийн шинжтэй шийдвэр хэмээн дүгнэвэл буруудах зүйл үгүй биз.

Харин анхнаасаа популизмын эсрэг бодит гаргалгааг санал болгох зарчим баримтлахаа амлаж байсан тус намын хуучин дарга С.Боргил хийгээд түүний нөхдийн зорилго намдаа хэвээр хадгалагдаж чадах уу. УИХ дахь хамгийн их популизм хийдэг, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг эсэргүүцдэг хүн намыг нь удирдах болохоор тэр шүү дээ. Дээр нь С.Боргил хувь хүнийхээ хувиар Оюутолгойн асуудалд зөвлөхийн үүрэг хүлээдэг байсан гэж байгаа. Мөн гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Т.Бат-Оргил гэхэд “Популизм хийхгүй” хэмээн олонтаа байр сууриа илэрхийлсэн байдаг. Эндээс ХҮН-ын шинэ хуучин удирдлагуудын үзэл санаа цаашид зөрчилдөхийг үгүйсгэх аргагүй.

Дээр нь “Алтан Дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал Т.Ганболд, “Скайтел” компанийн гүйцэтгэх захирал Д.Болор, "OTTEGEN holding"-ийн захирал Н.Отгонбат, "Хера Холдинг ХХК"-ийн захирал Х.Ганхуяг, "Баясах фүүдс"-ийн захирал Н.Энхболд бизнесийн төлөөлөл ХҮН-ыг сонгосон гэдгийг мартаж болохгүй. Тэд дор бүрнээ бизнесийн түүх бүтээж, гүйцэтгэх захирлын хувиар компаниа сайн удирдаж буй амжилттай бизнес эрхлэгчид. Нэг ёсны тэдний хэн нь ч зүгээр ч нэг сонирхлоор намд элсэнэ гэж байхгүй. Тиймээс ХҮН дотор бизнесийн бүлэглэл гэсэн тусгай нэг ашиг сонирхолтой бөөгнөрөл үүсэхийг үгүйсгэх аргагүй. Тэр хэрээр намынх нь санхүүжилт батжина. Харин улс төрийн хувьд сонирхол нь асар хурдтай биелэх ёстой. Гол нь тэд үүний төлөө л С.Ганбаатарыг намынхаа даргаар сонгож, популизмыг нь “өршөөсөн” байж мэдэх юм.

Өршөөх гэхийн учир нь бизнес эрхлэгчид хэзээд популизмаас хол байдаг. Тэр дундаа С.Ганбаатарын улс төрийн төлбөрт олон, олон хөрөнгө оруулагч Монголыг орхиж, улс төрийн золиос болсон гэдгийг хүлээн зөвшөөрч, харамсал илэрхийлэх бизнес эрхлэгчид олон. Гэсэн ч тэд үнэт зүйлийнхээ эсрэг С.Ганбаатарыг сонголоо. Энэ нь УИХ-д илүү хялбар замаар ойртох гэсэн далд хүсэл гэдэгтэй маргах аргагүй. Учир нь С.Ганбаатар гэдэг хүн тэдний хувьд хамгийн ашигтай бараа. Зах зээлд борлогдох чадвар нь бусад улстөрчдийнхөөс олон хувь илүү. Тэгэхээр зах зээлийнх нь үнэлгээг хүлээн зөвшөөрсөндөө тэд дахин “Популизм сөнөтүгэй” хэмээн хашгирах эрхгүй болсон нь энэ. Үүний тулд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын улс төрийн судалгаанд тогтмол нэгдүгээр байранд бичигдэж байгаа мэдээллийг харахад л хангалттай.

Тэгвэл С.Ганбаатарт ХҮН ямар ашигтай вэ. Тун тодорхой. Тэрбээр ирэх УИХ-ын сонгуульд баараггүй ялалт байгуулна гэх хувь хүний тооцоог хийсэн байгаа. Цаашлаад улс төрд анх орж ирэхтэйгээ зэрэгцэн Монгол Улсын Ерөнхийлөгч болох зорилго тавьсан. Үүнд нь ХҮН хэрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгуульд ганцаараа нэр дэвшиж, ялалт байгуулах боломжгүй гэдэг дүгнэлт үүнийг нотолно. Нэг ёсны түүнд санхүү болон ажиллах хүч шаардлагатай. Тэр нь ХҮН. Ийнхүү хоёр эрх ашиг нэгдсэн тохиролцоонд огтлолцсоны баяр өнгөрсөн өдрүүдэд ХҮН-д тохиолоо. Харин тохиолынх нь найрамдалт тохиролцоо хэр бат бөх үргэлжлэх бол. Байгуулагдаад удаагүй атлаа өөр зуураа толхилдоон үүсгэж, бяцхан амбиц дээр дотоод тэмцэл өрнүүлэх нь элбэг байсан улс төрийн хүчний хувьд шүү дээ. Дээр нь, популистууд популизмыг эсэргүүцэгчидтэй нэгдээд хол явдаггүйг бас бодох хэрэгтэй. Гэсэн ч наймаа хэн хэндээ ашигтай байж чадвал аль, аль нь үзэл санаагаа нам дараад урагшаа алхаж чаддаг нь улс төрийн давуу тал юм даа.

 

 

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)