УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг “Ярилцах танхим”-даа урьж, ярилцлаа. УИХ-ын өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар Хүний хөгжлийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн 90.5 хувийн саналаар дэмжсэн ерөнхий сэдвээр бидний ярилцлага эхэлсэн юм.
-Гишүүн ээ, та УИХ-ын чуулганы хуралдаан дээр “Тогтоол батлагдлаа гээд төсвөө давахгүй учраас хууль зөрчигдөнө. Улс төр юмуу, сонгууль юмуу гэдэг хардлага үүсээд байгаа нь 110 тэрбум төгрөгийг иймэрхүү үүсвэрээс бүрдүүлнэ гэдэг юм нь байхгүйтэй л холбоотой. Нүцгэн тогтоол бариад ороод ирэхээр шалдан болчихоод байна” гэж хэлж байна билээ. Гэтэл эрх баригч талаас асуудалгүй олгох боломжтой тухай яриад байна. Зөрүүтэй тайлбарын үндэслэл нь юу юм бэ?
-Төсвийн байнгын хорооны хурал дээр байнгын хорооны дарга Ч.Улаан төсвийн хуулиар бол хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд хуваах шийдвэр гарвал одоо тусгагдсан мөнгөө л бүх хүүхдэд хуваан олгох болно гэж маш тодорхой хэлсэн. Ингэсэн тохиолдолд нэг хүүхдэд 12 мянган төгрөг өгөх болчих гээд байгаа учраас төсвийн тодотголоо хийж, нийт тусгасан мөнгөө нэмэх хэрэгтэй. Тэгэхгүй бол жилд тусгасан мөнгөө оны эхний хагаст өгч дуусгаад дараа нь мөнгөгүй болчих аюул харагдаад байгаа юм. Гэтэл эрх баригчид төсвийн тодотгол хийлгүйгээр зөвхөн бүх хүүхдэд олгох тогтоол зүтгүүлж байгаа нь сонгуулийн өмнө бүх хүүхдэд өгье, дараа нь галав юүлсэн ч бидэнд хамаагүй гэж байгаа юм шиг болчихоод байгаа юм. 45 хоногийн өмнө мөнгө байхгүй гээд хасуулж суусан Засгийн газар одоо хаанаас мөнгөний эх үүсвэртэй болчихсоноо тайлбарлаач гэхээр хэлэх үггүй л байна шүү дээ. Тэгэхээр нүцгэн тогтоол орж ирлээ гэхээс биш яах вэ.
-Уг нь тогтоолын төсөл батлагдахтай зэрэгцэн хүүхдийн мөнгөө авч болно гэсэн итгэл иргэдэд төрсөн. Тэгэхээр одоогийн нөхцөлд уралдаж авахгүй бол мөнгө нь дуусчихсан байна гэж ойлгох болох уу. Эсвэл наймдугаар сараас хойш хүүхдийн мөнгө олгох мөнгөгүй болох юм байна гэж үзэх үү?
-Хэрэв төсвийн тодотгол хийгээд мөнгөний эс үүсвэрээ нэмж суулгаад бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоё гэсэн бол дэмжилгүй яахав. Манай намын бүлэг 2015 оны төсвийн тодотгол дээр энэ мөнгийг хасах гэхэд нь хүүхэд алагчилж болохгүй гээд хасуулаагүй. Боломж нь байвал бүх хүүхдэд олгох хэрэгтэй. Мөнгөний их, багад нь асуудал байгаа юм биш. Боломжгүйд нь олгодог 20 мянган төгрөгийг бүгдэд нь 12 мянга болгох юм уу, эсвэл найман сар олгоод сүүлийн улиралд таг суух гэж байгаа бол эсэргүүцнэ. Ер нь энэ бол эрх баригчид бодлогогүй болсны илрэл гэж үзэж байна. Тэрнээс 45 хоногийн өмнө мөнгөгүй гэж суусан хүмүүс одоо болно гээд явж буйг богино хугацааны улс төр гэхээс өөр арга алга. Төрийн бодлого ингэж уймраа чавганц шиг болж болохгүй.
-Мөн хүүхдийн мөнгөтэй холбоотой асуух нэг асуулт бол бараг сэдэв болгож хөндмөөр зүйл л дээ. Учир нь, АН, МАН хоёр “УИХ-ын танхимд энэ мөнгийг бид санаачилсан” гэж удтал маргалаа. Энд аль, алинд нь ёс зүй хаа байна аа, ийм ойрхоны түүхийг иргэдийн санах ойг үл ойшоон хувьчлахыг оролдох нь ямар учиртай юм бэ гэж асуумаар санагдсан шүү?
-Хэн санаачилсан нь ч чухал биш л дээ. Гол нь энэ мөнгө боломжтой эсэхийн тухай л ярилцах хэрэгтэй. Дутагдаад байгаа 110 тэрбумын эх үүсвэрийг олж болно. Төрийн үргүй зардлаа танаад, эндээс мөнгөө олчихлоо гэвэл би шууд дэмжинэ. Шилэн дансны хууль гарснаас хойш төрийн үргүй зардлыг бид тодорхой харж байна шүү дээ. Тэр аудиторуудад байр авч өгч байгаа, бие биендээ бэлэг өгч байгаа, гадаадад зугаалж байгаа, олон зуун саяар машин авч байгаа мөнгөө хасаад хүүхдийн мөнгөнд шилжүүлье л дээ. Тэрнээс эх үүсвэргүй мөнгө ярьж, баахан үүхэд, эцэг эхийг горьдоож болохгүй шүү дээ.
-Таны хувьд социализмын үед олгож байсан хүүхдийн мөнгийг одоогийн МАН-тай холбогдох ёстой гэж боддог уу?
-Тэр үед манай нам засгийн эрх барьж байсан тул манай намд л холбогдоно доо. Харин тэр үед одоогийнх шиг ингэж улс төрийн тоглоом болгож, хүний сэтгэхүйгээр тоглож байгаагүй, жинхэнэ утгаараа хүн ам зүйн бодлогын хүрээнд энэ мөнгийг олгож байсан юм шүү.
-Мөн УИХ-аас ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгохыг зөвшөөрчихлөө. Гэтэл МАН үүнтэй сөргүүлэн малчдын зээл, тэтгэврийн зээл зэргийн хүүг бууруулах саналыг тавьж байна. Энэ хэр боломжтой санал юм бэ?
-Монголбанкны ерөнхийлөгч инфляцийн хувь хэмжээ буурч байгаа тул ипотекийн зээлийн хүүг бууруулж болно гэж мэдэгдсэн. Инфляцийн хувь хэмжээ буурч байгаа юм бол бусад зээлийн хүү буурах ёстой. Юуны өмнө Монголбанк бодлогын хүүгээ бууруулах ёстой. Ийм алхам хийвэл банкнууд ч зээлийн хүүгээ бүх төрлийн зээл дээр бууруулах бололцоо бүрдэнэ. Зөвхөн ипотекийн зээл гэж явцуурах ёсгүй. Чингэхгүй гэвэл ипотекийн зээлийн хүүг бууруулах дангаар алхам авч хэрэгжүүлэх гэж байгаа бол хүүгийн зөрүүг санхүүжүүлэх эх үүсвэрээ ойлгомжтой болгох хэрэгтэй. Дүр зургаа ойлгомжтой болгохгүйгээр хүү бууруулна гэж ярихаар дахиад л сонгуулийн шоу шиг сонсогдоод байгаа юм.
-Үүнийг олон нийт УИХ-ын сонгууль угтсан шоу гэж харах юм. Та санал нийлэх үү?
-Хэрэв төсөв, эдийн засгийн бодлогоороо ойлгомжтой тайлбарлахгүй бол сонгуулийн шоу л болж хувирна шүү дээ. Зарим нэг цөөн хүнд олгосон болоод шоудаад өнгөрөх юм болох вий дээ гэж болгоомжилж байна. Гэтэл эдийн засгийн тооцоо, эх үүсвэргүй ийм шоу дунд хугацаандаа барилгын салбарыг унагаах, цаашилбал 2008-2009 оны өрнөдийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал шиг хямрал үүсгэх аюул дагуулж мэдэхээр харагдаж байгаа. Бидэнд одоо ийм хуумгай тоглоомоор тоглох эрх байхгүй. Улс орны эдийн засаг угаас маш хүнд байдалд орсон, өрийн дарамтанд байгаа үед бид хөнгөн алхам хийх боломж ч үгүй.
-Сонгуулийн тухай хуульд бэлэн мөнгөний амлалт, элдэв төрийн нэр барьсан хөнгөлөлт урамшуулал олгох тухай яривал хууль зөрчсөн үйлдэл болно гэж заасан. Тэгвэл танай хоёр намын уралдаж яриад байгаа энэ бүх хөнгөлөлт, хүүгийн бууралт тэр хуулийн аль заалтаар нь зөвшөөрөгдөх юм бэ?
-Асуудлыг эрх баригчид эхэлж гаргаад байгаа шүү дээ. Уул нь хууль сахих утгаараа сонгуулийн хуулиа зөрчиж байгаа л хэрэг юм байгаа юм. Харамсалтай нь манай эрх баригчид хуулийг гууль болгоод дөрвөн жил болж байна л даа.
-Мэдээж МАН анхнаас нь тэтгэврийн зээлийн хүүг бууруулах санал гаргасныг нь үгүйсгэх аргагүй. Гэсэн ч хэтэрхий эрх баригч хүчинтэй барьцсан улс төрийн алхам хийгээд байгаа юм биш үү?
-Манай санал болгосон тэтгэврийн зээлийн хүүг бууруулах санал бол харин бодитой юм шүү. Тэтгэврийн сангийн олон тэрбум төгрөгийг арилжааны банкууд дээр Засгийн газар байршуулж байгаа. Түүнээс авах хүүгээ бууруулаад эргээд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах бодитой боломж байгаа шүү дээ. Би боловсролын сайд хийж байхдаа багш нарын зээлийн хүүг ингэж бууруулж байсан. Болдог л ажил. Хийх сэтгэл дутаад байна гэж л харж байна. Тэтгэврийн зээлийн хүү бууруулах асуудал бол барьцсан улс төр ерөөс биш. Бид бүр ноднин жилээс тавьж буй асуудал. Одоо байнгын хороон дээр нэг ажлын хэсэг гаргасан дүр эсгээд мартагнуулах арга саам эрх баригчид хийж сууна.
-Магадгүй сөрөг хүчний тань хувьд УИХ-ын сонгуульд барьж орох нүүдэл дутаад байгаа хэрэг үү?
-Улс төрийн асуудал биш гэж би хэллээ шүү дээ. Сонгуульд орох асуудал бол мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэх үед яригдана. Ер нь дотроо хагаралдсан, эдийн засгийн бүлэглэлүүдийн эрх ашгийг урьтал болгосон, алсын бодлогогүй хүмүүс төр барихаар юу болдогийг ард түмэн харж байгаа байхаа. 1996-2000 онд ийм л юм болсон. Одоо давтагдаж байна. Тэр үед эдийн засаг, төсвөө дампууруулж байсан бол одоо гадаад өрийн хямралд оруулаад улс маань эдийн засгийн тусгаар тогтнолоо хадгалж чадах уу, үгүй юу гэдэг асуудалд унагаж байна. Иймээс энэ оны сонгууль бол хариуцлагатай сонгууль болох ёстой. Тав гурван төгрөгөөр, бидон нэгжээр сонголт өгвөл амьдрал чинь дөрвөн жилд юу болж дуусч байгааг хүмүүс харж байгаа биз ээ.
-УИХ-ын дарга З.Энхболд баасан гарагийн чуулганы хуралдааны үеэр “Гишүүдийн ирцийн мэдээллийг харж, цалингаас нь хасдаг болох журам батлуулах цаг болжээ” гэх утгатай яриа өрнүүлж байсан. Та санал нийлэх үү?
-Бид ирчихээд картаа хийгээгүй сууж байсан. Сөрөг хүчнээрээ ирцээ бүрдүүлэх гэж бүдүүлэг шахалт хийж суудаг УИХ-ын дарга байж болохгүй шүү дээ. Дангаар эрх барьдаг гэж данхалзаж байгаа бол өөрсдөө хуралдаа ирж ирцээ бүрдүүлэх хэрэгтэй шүү дээ. Бид эрх баригчдын ирц хүрмэгц картаа хийж ирцэндээ орсон. Энэ бол эрх баригчдад үзүүлж буй шахалтын л нэг хэлбэр.
-Та хувь улстөрчийнхөө хувьд УИХ-ын чуулганы хуралдааныг шалтгаангүйгээр таслаж байсан уу?
-Би харин ч чуулгандаа маш идэвхтэй суудаг гишүүдийн нэг шүү. Ирцээр шахалт хийх тохиолдол бол байлгүй яахав дээ.
-Үүнтэй холбоотой тодруулахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сонгогдсон болон томилогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д оруулсан ч дэмжлэг хүлээлгээгүй. Та хувь хүнийхээ хувьд улстөрчдийн хариуцлагыг өндөрсгөхийн тулд энэ төслийг дэмжих байсан уу?
-Санаа нь зөв боловч эргэлзээтэй зохицуулалтууд орж ирсэн хууль харагдсан. Хамрах хүрээг нь зөвхөн УИХ, Засгийн газрын гишүүдээр хязгаарласан байна лээ. Олон түмний нүдэн дээр буруу, сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан шүүгчийг яах вэ. Л.Гансүхийн хэргийг шууд дамжуулж байх үед би шүүгчийг хараад гайхсан. Шүүхийн мэтгэлцээн гэдэг прокурор, өмгөөлөгчийн хооронд болдог гэж ойлгодог байтал шүүгч нь өмгөөлөгчтэй маргаад суухыг харж үнэхээр гайхсан. Тэгэхээр тэр шүүгч ялаа өмнө нь шийдчихсэн хүн болж таарч байгаа биз дээ. Энэ мэтийн хамрах хүрээний асуудал хөндөгдөх ёстой санагдсан. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахдаа сонгогчдын 15 хувийн саналаар татана гэдэг бол зарим тойрогт 5000 хүний гарын үсэг цуглуулах л ажил яригдаж байна гэсэн үг. Энэ босго харьцангуй өндөр байхгүй бол сонгууль явуулаад л маргааш нь эгүүлэн татаж байдаг хэлбэр болж болзошгүй. Манай намын гишүүд гэхэд л дангаараа сонгогчдын 10-15 хувь болчихно шүү дээ.
-Мөн Улс төрийн намын тухай хуулийн төсөл дээр УИХ дахь МАН-ын бүлэг түр азнасан байр суурьтай байгаа. “Хэлэлцэх цаг үе нь биш” гэж үзсэн бололтой юм. Зөв цаг гэдэг нь танай намын хувьд хэзээ вэ?
Намын бүлгээс цаг нь мөн биш гэж шийдвэр гараагүй. Сонгууль болоход цөөхөн сар үлдсэн байхад орж ирсэн хууль нь сонгуулийн хууль тогтоомжинд нөлөөлөхөөр заалтуудтай харагдаж байна лээ. Ер нь АНУ-ын загварыг хуулсан хууль юм уу даа гэхээр харагдсан. Хэрэв хуулвал бүрэн хуулах хэрэгтэй. Хэсгээс нь хуулаад хэсгийг нь хаячихвал Америк загварын үр дүн нь ч гарахгүй, Монголдоо байгаагаа ч самарсан хэрэг болно. Зарим заалт бол улс төрийн намыг төлөвшүүлэх биш, харин ч задлах, хуваах заалт харагдана лээ. Жишээ нь, нам олон даргатай байж болох тухай заалт бол намуудыг дотор хагалах, задлах л үр дүнд хүргэнэ. Монголын түүхэнд ганц удаа ийм үе байсан. МАН-ын даргаас Ц. Дамбадоржийг 1928 онд зайлуулахдаа Коминтерн нэг даргатай байхаар монголчууд нэгдчихээд байна гэж үзээд адил эрхтэй гурван нарийн бичгийн дарга тавьж байсан. Гэндэн, Элдэв-Очир, Лхүмбэ нар болсон. Ингээд хоорондоо хагаралдаж, бие биесээ матсаар Лхүмбийн хэргээр эхэлж, 1937 оны их хэлмэгдүүлэлтээр энэ ажил дууссан даа. Энэ мэтийн эвгүй заалтууд их харагдаж байна лээ.
-Уг нь УИХ-ын гишүүд ч, улстөрчид ч “Намууд нам биш боллоо” гэдгийг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Тэгсэн атлаа үүнийгээ кнопжуулаад батлахаас юунд нь цэрвээд байгаа юм бэ?
-Намуудыг самраад байгаа зүйл нь намын хууль биш шүү дээ. Энэ улсын доторх эдийн засгийн бүлэглэлүүдийн зөрчил, бүр тухайлан хэлбэл АН-ын доторх эдийн засгийн бүлэглэлүүдийн зөрчил шүү дээ. Манай нам тэгж дотроо самуураад байгаа зүйл алга. Тэгэхээр эхлээд тэр асуудлаа шийдэх ёстой болохоос биш, улс төрийн намын хуулийг мянга өөрчлөөд намын төлөвшлийн асуудал шийдэгдэхгүй. Бид гол асуудлаа шийдэхгүйгээр бусад дагавар асуудлуудтай ноцолдоод суух нь зохимжгүй юм.
Наад зах нь, намуудын санхүүжилтийг ил тод болгох тухай санал байсан. Өнөөдөр бүгд “Намууд авлигад идэгдсэн гэх ч баримт ярих болохоороо дуугүй болдог. Иймд энэ заалт батлагдаад хэрэгжиж эхэлбэл эргээд намууд өөрсдийнхөө нэр хүндийн баталгааг бий болгож чадах биш үү?
-Зөв. Санхүүжилтийг ил болгохдоо намын зардлыг бас зохицуулах хэрэгтэй. Над зах нь хэвлэл, мэдээллийн байгууллагуудыг санхүүжүүлдэг зардлыг нь багасгах хэрэгтэй шүү дээ. Гэтэл улс төрийн намын тухай хуулинд намд өргөсөн хандивын 70 хувь нь улс төрийн намын санд очихоор заачихсан байдаг. МАН-д өргөсөн хандивын 70 хувь нь АН болон бусад намд очихоор заачихаар хандив өргөх хүн гарах уу. Энэ мэтээр ойлгомжгүй заалт их байна лээ.
-Таны хувьд хангалттай нээлттэй жиргэдэг. Мөн түүхийн цуврал номнууд гаргалаа. Үүнээс тань үүдээд “Үндсэн хууль тогтоох ажлаа хийж байна уу” гэх шүүмжлэл цахим ертөнцөд өрнөх нь бий. Таны хариулт юу байна?
-Би харин ч хууль тогтоох ажиллагаандаа идэвхтэй оролцдог гишүүн шүү. Санаачилсан хууль, ажлын хэсэгт орж ажилласан тоогоор дээгүүрт орох байх. Түүхийн цуврал номын хувьд бичих юмсан гэж олон жил бодсон юм. Өнөөдрийн бидний улс төрийн амьдралыг харахаар түүхээ багахан ч болов мэддэгсэн бол ийм харалган ажлууд хийхгүй байхсан даа гэсэн харуусал төрдөг. Гол нь залуус маань түүхээ мэдээсэй, энэ тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгоосой гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Тиймээс ажлын бус цагаар энэ цуврал номтой ноцолдоод одоо дөрвөн цуврал гаргачихаад байгаа. Мөн түүхэн эрхмүүдийн цадиг цувралд Чин ван Ханддоржийн намтрыг бичиж гаргасан.
-Номын тань борлуулалт хэр байгаа вэ. Дараагийн цуврал хэзээ гарах бол?
-Номоор мөнгө олно гэж байхгүй л дээ. Буяны ажил. Түүхийн номны борлуулалтдаа сайнд нь л ордог бололтой юм билээ. Одоогоор Тусгаар тогтнолын үнэ цэнэ гэсэн дөрөвдэхь номынхоо аудио хувилбарыг дуусгаж байна. Тэгээд цуврал баримтат кино хийх санаатай байгаа. Монголын түүхийн гунигтай боловч сургамжтай хуудсуудыг олон түмэнд хүргэе гэсэн бодолдоо л хөтлөгдөж явна даа.
Сэтгэгдлүүд :