Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар жендерийн болон үе шилжилтийн тэнцвэрийг хадгаллаа

2021-01-29 13:52:03

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болж шинэ Засгийн газар буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллах сайд нарыг хэлэлцэж дараах хүмүүсийг дэмжлээ. С.Амарсайхан, Ц.Нямдорж, Б.Батцэцэг, Б.Жавхлан, Л.Энх-Амгалан, С.Энхболд, Н.Уртнасан, Ч.Номин нарын найман хүнийг танхимын гаднаас шинээр оруулж ирсэн бол үлдсэн сайд нар нь улирч ажиллахаар боллоо. Л.Оюун-Эрдэнийн танхимд дараах сайд нар ажиллана.

Шадар сайд С.Амарсайхан,

МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан,

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар,

Сангийн сайд Б.Жавхлан,

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,

Соёлын сайд Ч.Номин,

Эрүүл мэндийн сайд С.Энхболд,

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-амгалан,

Хөдөлмөр, нийгмсийн хамгааллын сайд А.Ариунзаяа,

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх,

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар,

Батлан хамгаалах сайд Г.Сайханбаяр,

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар,

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нарыг Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Засгийн газрын гишүүнээр томилохоор санал нэгдэв.

Энэ удаагийн Засгийн газрын шинэ танхимд ажиллах хүмүүст тавьсан гол шалгуур болон онцлог нь өмнөх Засгийн газрын гишүүдээс бараг тал хувийг нь улирааж ажиллуулах, мөн нийгмийн хүлээлтийг харгалзаж эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлж түүхэндээ анх удаа 4 эмэгтэй, үүнээс гурван сайдыг шинээр Засгийн газарт оруулж ирлээ. Өөр нэг онцлог нь УИХ, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдаар олон жил ажилласан хамгийн туршлагатай улстөрч гэгддэг Ц.Нямдоржийг Засгийн газрын “гал тогоо” гэгддэг ЗГХЭГ-ын даргаар ажиллуулах гэж байгаа нь цагаа олсон сонголт гэж дүгнэгдэж байна. Шинэ Засгийн газрын хувьд сайдын шалгуурт мэргэжлийн байх зарчмыг хадгалсан бол танхим нь бүхэлдээ бодлогын, тодорхой бэлэн төлөвлөлттэй гэдгээрээ бас ялгаатай. Үүнээс гадна шинэ ажлуудыг санаачилж хэрэгжүүлэхээс гадна өмнөх У.Хүрэлсүхийн Засгийн газрын эхлүүлсэн төмөр зам, уул уурхай, газрын тосны үйлдвэр зэрэг олон томоохон бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлэхээ нэгэнт зарласан болохоор өмнөх танхимаас нэр бүхий сайд нарыг улираах нь зөв гэдэг дээр МАН-ын УЗ-ийн гишүүд санал нэгджээ. Тиймээс салбарын сайд нарыг бүгдийг нь шинэ хүмүүсээр бүрдүүлэх гэхээсээ харин дотооддоо цар тахалтай, эдийн засгийн хүндрэл сорилтууд үүсэхээр байгаа ийм эгзэгтэй үед тэнцвэрийг хангах нь чухал гэж үзжээ.   

Одоо Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа шинэ сайд нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-д танилцуулна.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр зохицуулалт хийсний дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын сайдыг томилох эсэх санал хураалт явуулахгүй, харин сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлж болно. Ерөнхий сайдын хувьд захирамж гаргаж сайд нараа батална. УИХ-ын чуулганд Засгийн газрын гишүүний тангараг өргөж, бүрэн эрх нь хэрэгжиж эхэлнэ.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)