Т.Бат-Оргил: Улстөрчидтэй төдийгүй тэдний хунтайж нартай тэмцэнэ

2016-01-06 11:57:25

Хөдөлмөрийн үндэсний намын гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга Т.Бат-Оргилыг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа. Ярилцлага эхлэх үед түүний утас дуугарч, “Хүүхдээ 46 дугаар сургуульд оруулна” гэсэн яриа өрнөсөн тул асуултаа улс төрөөс түр холдуулахаар шийдсэн юм.

-Хэн хүнгүй л сургууль, цэцэрлэгийн асуудалтай байна. Таныг ч бас тойроогүй бололтой?

-Тийм ээ. Нэлээн судалж байгаад нийслэлийн 46 дугаар дунд сургуульд өгөхөөр боллоо. Хүүхдээ аятайхан монгол хүн болгож хүмүүжүүлмээр байна шүү дээ.

-Хувийн сургууль судлаагүй юу?

-Нэг хэсэг хувийн сургуульд явуулсан. Даанч материаллаг бааздаа хэт анхаараад хүн болгож хүмүүжүүлэхээ орхигдуулдаг юм шиг санагдсан. Мэдээж сайн, муу чанар аль, алинд нь байгаа л байх. Гэсэн ч хүүхдүүд нь хэт их хувцас, эд хэрэгслэлээрээ уралдаад байна уу даа гэсэн бодол төрөөд улсын сургуулиа сонгосон. Гоё сайхан хувцас өмслөө гээд сайн хүн, сайн иргэн болж төлөвшихгүй нь тодорхой. Иймд хүүхдийн сургуулийг хэлбэр хөөлгүйгээр их сайн бодож, судалж байж сонгох ёстой юм шиг байна.

-ХҮН намын гол анхаарал хандуулж байгаа сэдэв нь өөрөө зөв хүний тухай. Гэхдээ супер хүний тухай биш байх. Тийм үү?

-Ерөнхийд нь манай нам энэ асуудлыг үндэсний амин чанар гэж томьёолсон. Хүн байх, зөв хүн болж төлөвшүүлэх ерөнхий зорилт ч гэж үзэж болно. Улс төр талаас нь тайлбарлавал манлайлал хэрэгтэй байна. Улс төрийн манлайлагч Монголд алга. Гоё сайхан цэцэрлэгт хүрээлэн байгуулахын тулд цэцгийн үр цацаад орхичихож болохгүй. Түүнийгээ услахгүй, арчлахгүй орхивол тэнд хогийн ургамал л ургана. Харин тайрах газар нь тайраад, жим гаргаад тохижуулбал цэцэрлэг болно. Одоо бол цэцэрлэгч нь алга. Бүгд дуртай газраа үр цацчихаад түүнийгээ хаяж явчихаад байна. Улс төрийн манлайлагчийн гол үүрэг нь энэ байхгүй юу. Манай намын зүгээс шилжилтийн үе дууссан. Одоо тэмүүлэлт үе хэрэгтэй байна гэж үзэж байгаа. Гэхдээ хаа сайгүй үсчсэн тэмүүлэл биш нэг зорилгод нэгдсэн, нэг зүг рүү бүгд гүйсэн тийм тэмүүлэл хэрэгтэй байна.

-Тодорхой тайлбарлахгүй юу. Тэмүүлэл юун дээр төлөвлөрөх ёстой вэ гэдэгт?

-Хүн төрөлхтөн фашизмийг буруу гэж дүгнэдэг. Гэвч нэг чигт ард түмнээ хандуулж чадснаараа том идеалогийн жишээ болдог. Мэдээж ард түмнээ ангал руу дагуулсан идеалог байж болохгүй л дээ. Зүгээр нэг тийшээ харах ёстой гэдэгт зүйрлэж болох бодит жишээ нь фашизм байхгүй юу.

-Монголчууд ардчилсан хувьсгалтай зэрэгцэн “Азийн бар болно” гэсэн итгэл үнэмшилтэй байж ирсэн. Магадгүй энэ тэмүүлэл, итгэл 2000 оныг хүртэл үргэлжилсэн байж болох юм. Харин өнөөдөр бол Азийн бар болох тухай битгий хэл амьдралаа яаж авч явах вэ гэсэн итгэл ч ховордож байх шиг харагддаг?

-Хүмүүсийн итгэл их унтарсан, цуцсан байна. Үүний төлөө ард түмнийг буруутгаж болохгүй. Ардчилсан хувьсгалтай зэрэгцээд Монгол Улсад маш том эмгэнэл нүүрлэсэн. Бүхэл амьдралынхаа турш социализмд итгэж, тухайн нийгмээсээ суралцаж төлөвшсөн сэхээтнийхээ давхаргыг шууд үгүйсгэсэн. “Чиний мэдлэг одоо хэрэггүй” гээд хэлчихсэн. Энэ бол маш том эмгэнэл.  Олонх нь юу ч мэдэхгүй залуус. Бүгд л адилхан тэмтчиж, бүдэрч, босч явсан. Харин өнөөдрийн хувьд өөр. Бидний үеийнхэн гэхэд хуучин нийгмийн суурь мөн чанарыг мэднэ, шилжилтийн үед унаж боссон туршлага байна. Ардчилсан нийгэмд төлөвшсөн төлөвшил байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан гажуудлыг засах зорилго сэтгэлд багтаж байна л даа. Ингээд харахаар хамгийн түрүүнд сэхээтний манлайлал алга болсон байна. Үүнийг засах ёстой юм. Цаашлаад улс төрийн манлайлагч алга. Хүнээ бол бүр орхичихсон. Алдсан ч гэж хэлж болно. Айлаар аваад үзэхэд тухайн өрхийн хүн болгон өөр өөрийнхөө өрөөнд орчихоод хаалгаа дотроос нь түгжээд суучихсан байна. Өмнөө нэг, нэг зурагт тавьчихсан. Зарим нь зурагт битгий хэл ор ч байхгүй. Тэгсэн хэрнээ хэн нь ч нэг нэгэндээ санаа тавьдаггүй. Өлсч үхэж байсан ч өрөөнийхөө хаалгыг онгойлгоод асууж сураглахгүй тийм байдалд нийгэм маань хүрчихээд байна. Ийм хөгжил гэж байж болохгүй. Хүнээ тоодог, хүнээ хамгаалдаг байх ёстой.

-Ардчиллын мөн чанар нь энэ юм биш үү. “Ухаантнууд” ингэж л тайлбарлаж байгаа дуулддаг?

-Тэгвэл Европын орнуудыг хар. Ихэнх нь социалист чиг хандлагатай. Япон байна. Мөн л социалист орон. Зэрлэг капитализмыг шууд номлодог улс лав биш. Хамгийн энгийн жишээ гэхэд хөдөлмөрийн хөлсний ялгаа заагийг зааж өгсөн байдаг. Нэг компанид ажиллаж байгаа хоёр япон хүний цалингийн дээд зөрүүг зааж өгдөг. Хамгийн өндөр цалин авч байгаа хүний цалингаас хамгийн бага цалин авдаг хүний цалин тэдэн хувь. тэд дахин бага байна гэж. Японоос аялал жуулчлалын журмаар хамгийн баян хүнийг нь авчирмаар байна гэхэд бүгд “Манайд баян хүн байдаггүй. Бүгд адилхан” гэж хэлдэг. Нийгмийг ингэж авч үзэх ёстой. Гэтэл манайд нэг хэсэг нь хязгааргүй баяжаад нөгөө хэсэг нь ширээн дээрээ орхисон хоолных нь үлдэгдлийг цуглуулах маягаар амьдраад байна шүү дээ. Ийм байж болохгүй. Үүнийг улс төрийн шинжлэх ухаанд нэвчих эфект гэж нэрлэдэг.  Баялаг нь орой дээр байгаа хүмүүст төвлөрчихөөд доошоогоо нэвчих маягаар хүрдэг гэсэн үг. Төрийн захиргааны оролцоотой энэ нэвчих эфектийг үүсдэг гэж үздэг. Ерөөсөө энэ бүхэн Монгол Улс неолиберализмын зарчмаар цаашаа явж болохгүй юм байна гэдгийг нотолж байгаа хэрэг.

-Магадгүй энэ нь Ардчилсан намын сонгуулийн амлалт ч зүүний чиг баримжаатай улс төрийн хүчнээс ялгарахааргүй болсон гэдгээр тайлбарлагдаж болох юм. Ардчилал Монголоос зугтсан гэж хэлбэл хатуудсан болдог юм болов уу?

-Ардчилал гэдэг үгийг авснаараа ардчилсан улс төрийн хүчин болчихно гэж юу байх вэ. Тэгвэл Хойд Солонгос хамгийн ардчилсан улс орон болж хувирна биз дээ. Ардчилсан намын тухайд шууд хэлэхэд би нам биш гэж хардаг. Тэр нь өдрөөс өдөрт бодитой болж байна. Бүлэглэлийн нэгдэл юм байна. МАН ч бас их хэцүү болж байх шиг байна. Ийм нөхцөлд нам оршин тогтнох боломжгүй. Аливаа намд фракц байж болно. Гэхдээ фракц гэдэг үзэл баримтлалын төвлөрөл дээр үүсдэг. Гэтэл манайд нам битгий хэл фракц хооронд ч ялгарал алга. Зөвхөн эрх ашиг дээрээ л төвлөрч, эрх ашиг нь зөрчилдөхөөр салаад байна. Нутаг ус, бизнесийн сонирхлоороо хуваагдсан ийм үед улсыг, улс төрийг удирдах манлайлал гэдэг зүйл алга болчихдог.

-Улс төрийн манлайллыг нэг хүний үлгэр дууриаллаас салгах хэрэгтэй юу?

-Олон хүний асуудал яригдана л даа. Мэдээж нэг хүн гарч ирээд улсыг хөгжүүлнэ гэж байхгүй. Харамсалтай нь, аврагч эцгийн тухай ярьдаг хүмүүс их олон болж байна. Энэ их буруу. Эрх мэдлийн төвлөрлийг саармагжуулахын тулд бид бүхэн Үндсэн хуулийг баталсан. Хэрэв энэ улс төрийн хүчнүүд нам шиг нам байгаад лидерүүд нь лидер шиг байсан бол нөхцөл байдал ингэтлээ доор орохгүй байх байсан.

-Та ч гэсэн улс төрд орохгүй байсан уу?

-Тийм ээ. Миний хийх дуртай зүйл их олон. Одоо бол тэр бүхнээ хойш нь тавиад улс төртэй зууралдчихлаа. Хүмүүс тогтсон жишгээр их харддаг юм байна. Улс төрд орж хоолоо олж идэх гэж байна гэж. Бодит байдал дээр тийм биш байхгүй юу. Хөдөлмөрийн үндэсний намд одоогийн байдлаар элссэн залуусын аль нь ч өөрийгөө аваад явчих чадвартай. Гадуур байгаа намд элсээгүй бизнес эрхэлдэг залуус “Үнэхээр хэцүү байна. Ажил хийлгэхгүй байна” гэж зовлонгоо тоочдог болж. Ийм байхад зөвхөн хувиа бодоод чимээгүй жаргаад суух арга алга.

-Намынхаа санхүүг хэрхэн бүрдүүлж байна?

-Дотроосоо, өөрсдөөсөө гаргадаг. Санхүүгийн хувьд үнэндээ хэцүү байгаа. Гэсэн ч хэн нэг баян хүний халаас руу орох төлөвлөгөө бидэнд алга. Мэдээж үзэл баримтлал нэгтэй зөв сэтгэлтэй хүмүүсээс тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг авахыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ энд хэн нэгний төлөө хууль батлуулах, тэр хүний эрх ашгийн төлөө талбай дээр жагсах тухай яриа бол байж болохгүй.

-Энэ нь өөрөө “Хэр дархлаатай вэ” гэдэг л  асуудал шүү дээ. Хүн болгон гоё ярьдаг. Тэр дундаа улс төрд том зорилго тавьсан хүмүүс бол бүр ч их гоё ярьдаг. Эрх мэдэлд хүрэхээрээ харин тэр бүх гоё яриагаа хүртэл бүр ярихаа ч больчихдог бололтой?

-Үнэн л дээ. Энэ нь юунаас болдог вэ гэхээр институци байхгүйтэй холбоотой. Хувь хүн дарамтанд орох, элдэв зүйлд хөтлөгдөх магадлал өндөр. Ийм байдал гаргахгүйн тулд олонлог байх ёстой. Дотроо маш хатуу дүрэмтэй, журамтай байх ёстой. Ардчилсан намыг хар л даа. Удирдах дээд байгууллага болох Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж чадахгүй ямар олон жил болж байна вэ. Хэрэв дүрэмд нь Үндэсний зөвлөлдөх хороо хуралдуулахгүй бол ямар хариуцлага тооцох тодорхой байсан бол асуудлаа ийм удаан шийдэж чадахгүй үргэлжлүүлэхгүй байсан. Цөөнх нь эрх мэдлээрээ далимдуулж, дарангуйлал үүсгээд байхад олонх нь яах ёстой вэ гэдэг тэр зохицуулалт нь алга. Түүхэнд байнга тохиолддог асуудлуудыг шийдэхэд хэрэглэдэг тодорхой хэдэн шийдэл гэж байдаг. Олонх цөөнхийн асуудал бүх түүхийн үед яригдаж ирсэн байдаг. Цөөнх нь олонхио дарангуйлаад байвал яах вэ. Олонх нь цөөнхийн эрхийг хэрэгсэхгүй байвал олонхийн ардчилал болдог. Хэлцлийн ардчилал гэдэгт цөөнхөө сонсдог, олонхиор шийдвэр гаргасан ч цөөнхөө хүндэтгэдэг. Фашизм бол бас л нэг ёсны ардчилал. Социализм ч гэсэн ардчилал. Олонхийн ардчилал л байхгүй юу. Ер нь бол олонхийн ардчилал аажимдаа цөөнхийн дарангуйлал руу эргэдэг.

-Монгол үүний жишээ гэж ойлгож болох уу?

-Одоо олонхийн дарангуйлал руу яах аргагүй орж байна. Популизмын гол аюул нь энэ. Бид олонх юм чинь бидний зөв байж таараа гэсэн энгийн филисофи яваад байна. Тэр цөөнхийг шууд устга гэх маягтай.

-Эх орноо хамгаалах, хайрлах гэсэн мөнхийн сэдвүүд нь олонхийн дарангуйллыг хөгжөөх хамгийн гол түлхүүр болчихоод байгаа нь бас их харамсалтай хэрэг шүү?

-Зөвхөн Монголд ч биш сүүлийн үед дэлхийн улс орнуудад ийм үзэл их хүчтэй дэлгэрч байна. Манай улсад гэхэд зөв буруу нь холилдчихоод байна. Хоёр талдаа гарчихаад дандаа буруу зүйл яриад байдаг. Аль нь буруу, аль нь зөв юм бэ гэдгийг ялгах оюуны потенциал ховордчихоод байна. Ажлын туршлагатай, оюуны чадамжтай хүмүүсийн үгийг сонсох хэрэгтэй гэдэг чинь үүнээс урган гарч ирж байгаа шаардлага л даа. Энэ нь дахин хэлэхэд манлайлагчийн эрэл хайгуул мухардалд орсны илрэл юм.

-Монголд улс төрийн манлайлал, манлайлагч гэхээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурвыг хамгийн түрүүнд нэрлэдэг. Хэн хэнд нь өөр өөрийн алдаа, оноо байх ч улс төрийн намтар, тухайн үед гаргаж байсан шийдвэр нь хүмүүст илүү даацтай, нухацтай буусан гэдэг утгаар ийн нэрлэдэг байж болох юм. Таны хувьд энэ хүмүүс улс төрийн манлайлагчид мөн үү?

-Хэн хэн нь манлайлж явсан манлайллаа алдсан. Үүнээс нь болоод хүмүүсийн итгэл алдарсан. Энэ тохиолдолд улс төр дундаас манлайлагч төрнө гэхэд их хэцүү.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр улс төрд эргэн ирснээрээ өөрийгөө харин ч улам хүчтнй манлайлагч гэдгийг баталж байгаа хэрэг биш үү?

-Хувь хүнийхээ хувьд их мундаг хүн юм. Би хүндэлдэг. Үзэл баримтлал бол харин нийлэхгүй. Маш өөр. Гэхдээ тэр өлсгөлөн зарлаж байгаа байдал, тэмцлээ үргэлжилж байгаа байдлыг хар. Хажууд нь байсан хүмүүс яаж урваж шарвав. Тэгэхэд гав ганцаараа үлдчихээд яаж тэмцэж, даван туулж чадаж байна вэ гэдэг нь ёстой л аавын хүүгийн бахархууштай чанар шүү. Хүн өөрөө өөртөө тийм үнэнч байна гэдэг ховор. Тиймээс ч лидер хүний өгөгдөхүүн байгаа. Гэхдээ мань хүний манлайлал биднийг хааш нь аваачих вэ гэдгийг бодох ёстой. Тэгэхээр хүлээн зөвшөөрөхөд бас их хэцүү л дээ.

-Танай хэвлэлд өгсөн ярилцлагуудыг түүвэрлэн уншиж байхад “Монголд 10-15 жилийн дотор хөрөнгө оруулагч орж ирэхгүй” гэсэн өгүүлбэр байсан?

-Тэр хоёр жилийн өмнө өгсөн ярилцлага. Одоо нөхцөл байдлыг хар л даа. Хөрөнгө оруулагчид орж ирээгүй байгаа биз дээ. Цаашид ч ийм засгийн үед хөрөнгө оруулагч орж ирэхгүй нь тодорхой.

-Засаг гэдгээ тодруулахгүй юу?

-Ийм чадамжгүй Засгийн газрын үед хэн ч мөнгөө найдаж Монгол руу оруулахгүй. Үнэн шүү. Одоогийн байгаа УИХ-ын үед хэн ч хөдлөхгүй. Юу ч амлаад нэмэргүй. Европчуудын “Намайг нэг маллах юм бол чи ичиг. Намайг хоёр дахиа маллах юм бол би ичиг” гэсэн үг байдаг юм. Хөрөнгө оруулагчид тэгэхээр нэг алдаагаа дахиж давтахгүй гэсэн үг. Одоо хууль баталчихсан юм чинь бүгд гүйгээд ороод ирнэ гээд байсан. Юу гэж тийм гэнэн юм байх вэ дээ. Хөрөнгө оруулагчид нь айхтар хүмүүс шүү дээ.

-Гэхдээ засаг солигдсон ч гэсэн хөрөнгө оруулагчид яаран орж ирэх үү. Учир нь одоогийн  УИХ-ын гишүүд бүрэн утгаараа халаагаа өгөөд шинэчлэгдэнэ гэж байхгүй шүү дээ. Олонх нь дахин УИХ-ын гишүүн болох хүсэл эрмэлзэлдээ нэвт, шувт хөтлүүлчихсэн байгаа?

-Тэд өөрсдөө зайгаа тавьж өгөхгүй. Бүр өгөхгүйгээр барахгүй эрх мэдэлтэйгээ үхэн хатан зууралдаж, насаараа хамгаалалтад байхын тулд хунтайж нараа бэлтгээд, төрд шургалуулаад эхэлчихлээ.

-Тэгээд ийм хайрцаглагдсан төрд та нарт боломж олдох уу?

-Бид бүхэн гуйж биш гуядаж авдаг юм гэдэг зарчмаар явна. Тэмцэнэ.

-ХҮН нам уу?

-Тийм ээ. Нам ч бай, бидний үеийнхэн ч бай бүгд тэмцэх ёстой. Ханлиг үүсэх боломжийг бид тэдний өмнө нээлттэйгээр үлдээж болохгүй. Тэгвэл бидний л хохь болно.

-Та тэгвэл хунтайж нараас юугаараа ялгаатай вэ. Бусад хүмүүсийг бодоход гэр бүлийн тань нийгэмд үзүүлэх нөлөө өндөр. Элит гэр бүлийн сонгодог үлгэр жишээ ч гэж болно. Энэ үнэлэмж, үнэ хүндээс үүдээд бусдад тэр бүр олддоггүй боломж бололцоо танд харьцангуй хялбар олдох нь ойлгомжтой шүү дээ?

-Би бол улс төрийн эрх мэдлийг өвлөж авах хунтайж биш. Одоо улс төрийн эрх мэдлийг барьсан этгээдүүд хаан ширээнээсээ буувал Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын адил оймсоо гозолзуулна гэж айсандаа хунтайж нараа бэлтгэж байгааг хэлж байгаа юм. Намайг соёл урлагаа хөөгөөд явбал юу ч хийгээгүй, аав ээжийнхээ нэрээр явж байгаа хунтайж гэж хэлбэл би хүлээн зөвшөөрнө. Ээжийн минь нэр нөлөө тус болсон гэдгийг үг дуугүй дэмжинэ. Гэхдээ урлагт арын хаалга байдаггүй. Арын хаалгадах замаар Соёлын тэргүүний ажилтны тэмдгийг авлаа гэхэд олны хүндлэлийг худалдаж авч болдоггүй юм. Улстөрчдийн хийж байгаа энэ үйлдэл үнэхээр жигшмээр байна. Яахав улс орноо удирдахад мэдлэг боловсролгүйн улмаас алдсан, оносон байж болно. Гэвч өөрсдийн хувийн эрх ашгийн төлөө эцэстээ хоорондоо ураг барилцаж, гэр бүл болж байна. Энэ чинь аймшигтай биз дээ. Хүн харахад тус тусдаа нам юм шиг хэрнээ цаагуураа хил хязгааргүй хамтарчихсан, нэгдчихсэн гэрлэчихэж байна. Тэгэхээр тэмцэл зөвхөн улстөрчид төдийгүй тэдний хунтайж нартай тэмцэх тэмцлээр үргэлжлэх хэрэгтэй болж байгаа юм.

-Та өмнө нь МАН-ын гишүүүн байсан. Өнөөдөр ХҮН намыг байгуулалцаад явж байна. МАН-аас татгалзсан шалтгаан тань юу байсан юм бэ. Заавал улс төрд хүч үзэхийн тулд хоёр нам дамжих шаардлага нь юу байв?

-Би Ашигт малтмалын газрын Кадастрын газрын дарга болохтойгоо зэрэгцээд хуулийн дагуу намаасаа түдгэлзсэн. Эргэж ороогүй.

-Яагаад?

-Үндсэндээ төрийн албанд ажиллах явцад хэн нь хэн бэ гэдэг миний өмнө маш тодорхой болсон. АН ч, МАН ч болохоо больчихсон юм байна. Дотор нь байгаад засч залруулна гэдэг боломжгүй болчихож гэж ойлгосон. Дотор нь ямар ч сайн хүн байлаа гэсэн засч чадахгүй, хүчин мөхөсдөнө гэдгийг ойлгосон. Ийм байхад тэнд цаг үрж байх нь утгагүй санагдсан. Би уг нь өөрөө сонголтоо өөрчилдөг, урваж шарвадаг хүнд дургүй. Гэхдээ нэгэнт болохгүй бүтэхгүй болсныг нь олж хараад намаас гарснаа бол харин урвалт, шарвалт гэж үзэхгүй л дээ.

-Янз нь та нам доторх сайн хүн нь байсан бололтой. Мэдээж хувьдаа шүү дээ. Тийм үү?

-Ямар ч байсан би сайн хүн байхыг хичээдэг. Хүн алдаа гаргасан байж болно. Гэхдээ алдаагаа засах чадвартай байх ёстой. Би ямар ч байсан төрийн албанд байхдаа ажлаа цалгардуулаагүй. Ашигт малтмалын газарт ажиллах хугацаандаа нэг ч лиценз өөртөө аваагүй. Найз нөхөддөө ч өгөөгүй.

-Хашиж байсан албатай тань холбоод хөндлөнгийн гэмээр нэг асуулт тавьчихья.  Хөрөнгө оруулагчид газрын ховор элементийг нөөцийнхөө сангаас хасах замаар Техник, эдийн засгийн үндэслэлээ батлуулдаг гэдэг үнэн үү. Энэ нь Монгол Улсын газрын ховор элементийг үнэгүйдүүлж, хуулиас зувчуулах сонгодог гэмээр арга нь болсон гэх яриа байдаг?

-Нөөцөө батлуулахын тулд зохион бичлэг шиг юм хийдэг нь үнэн. Улаан цайм зохиодог. Байгаа баялгаа нууна, байхгүйг нь гаргаж ирнэ гээд бөөн асуудал бий. Манай геологийн сан үнэхээр өөрийн тань хэлдгээр худлаа мэдээллээр дүүрсэн. Зөвхөн газрын ховор элемент дээр ч биш. Улс хийх ёстой, цэгцлэх ёстой ажлаа хийгээгүй. Тэр мэдээлэлд үндэслэж геологийн хайгуул хийнэ гэхэд үнэхээр хүндрэлтэй болсон. 

-Энэ сэдвийн асуултыг үүгээр хязгаарлаж байгаа нь харамсалтай хэрэг. Дараа илүү төвлөрч ярилцах хэрэгтэй болов уу. Гол нь улс төрийн сэдвээр ярилцлах асуулт их олон байна л даа. Наад зах нь Иргэний зориг-Ногоон нам Монголын улс төрд гуравдагч хүчний үүрэг гүйцэтгэхээ зарласан ч амжилт олоогүй. “Шударга ёс” эвсэл хэрэв задрахгүй цаашид явж чадвал гуравдагч хүчин битгий хэл урагшаа алхахыг үгүйсгэх аргагүй. Тэгвэл танай намын хувьд улс төр дэхь нөлөөллөө хэрхэн тодорхойлж байгаа вэ?

-Бид бол гуравдагч хүчин биш. Бид бол зонхилох хүчин болно. Яагаад гэхээр АН, МАН-ыг улс төрийн хүчин гэж үзэх нөхцөл алга. Ерөнхийдөө бол замхраад эхэлчихлээ. Манай нам улс төрийн нам гэхээс илүүтэй институтын төвшинд ажиллана. Дотроо сахилгын хороотой, хатуу зарчим, дүрэмтэй ажиллана. Бид өөрсөддөө хамгийн харгис шаардлагыг тавина.

-Тухайлбал?

-Хэн нэгэн гишүүн маань авлигын хэрэгт шалгагдлаа гэхэд төрийн шүүхээс өмнө дотооддоо шүүнэ. Намаас хөөнө, ёс зүйн хариулцлага хүлээлгэнэ. Дүрэм бол дүрэм, журам бол журам байлгахын төлөө ажиллана. Энэ утгаараа бид бүхэн амжилтад хүрч чадна.

-Өнөөдөр биш гэхэд маргааш гэж үү?

-УИХ-ын 2016 оны сонгуулийг гол зорилгоо гэж харахгүй байгаа. Урт удаан хугацааны зорилго тавьсан. Харамсалтай нь манай улсад хугацаа үлдсэнгүй. Үсрээд 10-20 жилийн хугацаа байх шиг байна. Энэ янзаараа хямраад байвал шүү дээ. Түүнээс өмнө амжиж бид энэ улс орны хувь тавиланг эргүүлмээр байна. Үүний төлөө яарч байна. Бид нар ёс зүйтэй, нуруутай, зарчимтай явахын бол бусад улс төрийн хүчнүүд ч биднийг харж алдаагаа засна гэж найдаж байна.

-Ер нь соёлтой улс төр гэж байдаг юмуу. Өнгөрсөн хугацааны намуудын үйлдэл, улстөрчдийн төлөвшлөөс би хувьдаа лав улс төрийн соёлыг илэрхийлэхүйц ёс зүйтэй алхмуудыг бараг л олж харж байгаагүй мэт санагдах юм?

-Байлгүй яах вэ. Манайд соёлоосоо илүү зориг хэрэгтэй байна. Хэт зориггүй, хулчгар, аймхай байна. “Би ингээд хэлчихвэл дараа нь намайг яадаг бол” гэсэн өчүүхэн сэтгэлгээтэй болчихсон байна. Бусад улс орны түүхийг эх орныхоо түүхтэй харьцуулаад үзэхэд хулчгар, зориггүй байгаад байвал өөрсдөө л хохирдог жишээ олон бий. Өнөөдөр Монголын улс төрд манлайлж байгаа улстөрчдийг хараарай. Тэд боловсролтойдоо, ухаантайдаа бусад улстөрчдийгөө хөдөлгөөд, удирдаад байгаа юм биш. Өөрөөсөө илүү ухаантай боловсролтой хүмүүсийг зоригоороо дарж, зоригоороо араасаа дагуулж, зоригоороо өөрийнхөө төлөө ажиллуулаад байна.

-Нэр хэлэх үү?

-Хүмүүс өөрсдөө нэрлэчихэж чадна биз дээ. 

-Магадгүй ээ. Зарим нь төөрч мэдэх л юм. Гол нь тэдэнд ч гэсэн өөр өөрийн айх айдас байдаг л байх?

-Тийм ээ. Ер нь ямар ч хүнд айдас байдаг. Гэхдээ худал хуурмагаас айх ёсгүй. Хүн, тэр дундаа монгол хүн аав, ээжээсээ айх ёстой.Нэр нь хугарахаас айх ёстой. Бурханаас айх ёстой. Улстөрчийн тухай асуудал биш. Мэдээж хүн байх ёсыг бодоход шүү дээ. Хэрвээ үхэхээс айдаг бол цэрэгт яваад хэрэггүй биз дээ.

-Танай намаас мэдээллэсэн Халх голын эрэг дагуу 550 мянган га газарт чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл олон нийтийн эгдүүцлийг нэлээн хүргэсэн бололтой юм билээ. Үүнийг зорилтот улс төр гэж тодорхойлбол та бүхэнд хатуудсан хэрэг болох уу?

-Улс төр гэж үзэхээсээ өмнө эх орныхоо төлөө хийж буй тэмцэл гэж тодорхойлбол зүйд нийцэх болов уу. Бид үүнийг цөөхөн хэдэн нам дамжсан хүмүүсийн эрх ашиг гэж үзэж байгаа. Чөлөөт бүсийг эдийн засгийн тооцоон дээр тулгуурлаж байгуулна гэсэн хуулийн заалт бий. Тэгээд Халх гол дагуу байгуулна гээд байгаа чөлөөт бүсийн эдийн засгийн тооцоо нь хаа байна гэхээр зүгээр яруу найраг шиг гоё сайхан танилцуулга гаргаж ирж байна лээ. Ийм байж болохгүй. Тэгээд ч чөлөөт бүс гэдэг чинь 500 мянган га-гаар нь олгоод байдаг газар биш. Өмнө нь байгуулчихаад байгаа чөлөөт бүсүүд нь ямар төвшинд ажиллаж байгаа билээ. Замын-Үүд, Алтанбулагийг хар л даа. Тэгэхэд дахиж газраараа тоглуулж байгаа нь эгдүүцлийг маш их төрүүлсэн.

-Энэ тэмцэл хэр удаан үргэлжлэх бол. УИХ тогтоолоо хүчингүй болгох л бол Халх голд чөлөөт бүс байгуулах боломж нь нээлттэй болчихлоо шүү дээ?

-Сая Дорнод ороод Халхголд очоод малчидтай уулзахад ийм юм болсон гэж мэдээгүй байна лээ. Чоно борооноор гэдэг шиг долоодугаар сарын 9-нд баталсан. Үнэндээ энэ тэмцэл сүүл рүүгээ ямар хэлбэрт шилжихийг таамаглаж мэдэхгүй байна. Энэ бол УИХ-ын дарга, Ерөнхий сайд болохын төлөөх цөөхөн улстөрчийн тэмцэл биш байхгүй юу. Эх орныхоо төлөө хийж байгаа тэмцэл. Цагаа тулбал тэднийг хамгаалах цэрэг, цагдаа ч олдохгүй байж мэднэ. Амьсгалж байгаа цагтаа хэзээ ч энэ тогтоолыг би ажил хэрэг болгохгүй. Уучлаарай, энэ чинь манай гэр орон, улс байхгүй юу. Тэр хулгайчдад ийм боломж олгох болохгүй. Манай намын байгаль орчны мэргэжилтэн рүү “Халх голын асуудлыг чимээгүй орхи. Ална, хядна” гэж утсаар залгаж заналхийлсэн. Ингэж ард түмнээ дээш нь харуулаад гэдсийг нь ухдаг хонь шиг хандаад байж болохгүй. Үнэхээр зэвүүцэл хүрч, эгдүүцэл төрж байна. Тэнд манай өндөр өвөөгийн ах нь танкиндаа шатаж үхсэн байдаг юм. Харин энэ хэдэн хулгайчийн ах дүү хэний талд байлдаж байсныг нь бол би мэдэхгүй ээ.

-Улс төрд идэвхтэй оролцоод эхлэхээр хувь хүний тань харилцаа, өөрийгөө илэрхийлэх илэрхийлэлд өөрчлөлт орж байна уу. Ярилцлага тайван үргэлж байснаа одоо та нэлээн бухимдалтай ширүүн үг хэллэгтэй болоод ирлээ?

-Ер нь манай гэрийнхэн өөрийнхөөрөө байдаг хүмүүс. Хямсганаад бусдад тал засах гэж өөрсдийгөө дардаг хүмүүс биш. Бидний өвөөгийн ах хамгийн анхны хэлмэгдэж, буудуулж нас барсан 14 хүний нэг нь байсан. Монголын анхны Боловсролын сайд байсан хүн. Японы тагнуул гэж мэдүүлэг өг гэхэд нь “Битгий хуц” гэж өрөөнөөсөө хөөж гаргачихаад орой нь буудуулсан түүхтэй. Та ч бас зөв ажигласан байна. Үнэхээр уур хүрч байна. Зэвүүцэл төрөх болсон. Улс төр хийнэ гэдэг зүгээр нэг шог гараа биш байхгүй юу. Улс төрөөр наймаалцаж, чуулганыхаа танхимд хөлөөрөө толгой хийнэ үү, толгойгороо хөл хийнэ үү хамаагүй. Эх орноороо, газар нутгаараа тоглож болохгүй байхгүй юу. Бид нар улстай болох гэж зорьж байна. Биднээс улсыг маань булаагаад авчихлаа. Улсаа буцааж авна. Ийм зорилгын төлө амьдрах, үхэх бол байх л ёстой зүйл.

-Таныг ингэж ярина гэж яг үнэндээ өмнө нь төсөөлж байсангүй. Гэр бүлийнхэн тань таны зорилгыг хүндэтгэж байгаа юу?

-Тэгэлгүй яахав. Би аль 1996 онд Хууль зүйн яаманд ажилд орж төрийн албан хаагч болж байсан. Дараа нь Ашигт малтмалын газарт орохдоо төрийн албан хаагчийн тангараг өргөсөн. Мөн өөрөө өөртөө нууц тангараг өргөсөн. Төрдөө үнэнч байх гэж.

-Нууц гэхээр ямар учиртайг хэлэхгүй гэсэн үг үү?

-Бурхан бид хоёр л мэднэ. Мэдээж ээж бол их дургүй. Гэхдээ хорьдоггүй. Намайг мэддэг болохоор тэр байх. Би хэзээд өөртөө өгсөн тангараг, амлалтандаа үнэнч байна. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)