“350-Үг” Цэндийн Баатархүү

2020-06-18 19:54:44

За, энэ хүний тухай бичье гэж бодсон чинь өөрийнхөө тухай бичих дайны юм болох гээд жаахан гацлаа.
Учир нь, анх танилцсан түүх маань их сургууль төгссөн тэр цаг хугацаа. Дараа нь, яг ид ухаантай яриа сонсох дуртай болсон үед маань Ц.Баатархүү гурван найзынхаа хамт “Монголын лектор төв”-ийг байгуулж таарав. Тэр үедээ л үнэтэйд тооцогддог лекцийг нь би үнэгүй сонсоно. Харин тэрийгээ “Ардын эрх” сонинд бичнэ. Ингэж байтал Ц.Баатархүү өсөж дэвшээд ном гаргадаг боллоо. “Зөв ярих урлаг”, “Илтгэх урлаг”, Роберт Гриний “Дайны 33 стратеги” гэх мэт... Хоёр ч номынх нь редактор хийв. Яг үнэндээ одоо бодоход ичмээр л дээ. Юу ч чаддаг гэж редактор хийсийн, хийлгэсийн бүү мэд. Ямар ч байсан үнэгүй лекцийн билет авдаг байсан үеэсээ арай илүү урамшуулал авсан санагдана.
Тэр цэгээс хойш 16-17 жил өнгөрч. Олон зүйл өөрчлөгдөж. Тэр дарга болж дандаа дэвшинэ. Би харин нөгөө л байрандаа. Сэтгүүлчээрээ... Гэхдээ харилцаанд өөрчлөлт орсон юм байхгүй. Яг л урьдынхаараа.
-Сайн сайн у. Юу байна... харилцааны төвшин бас л нөгөө л зангаараа.
Анх НИТХ-д сонгогдохдоо гарын алгын чинээ сурталчилгааны тараах материал хийдэг нь ч хэвээрээ. Сая УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа учраас хуулиа дагаад хуудасных нь тоог нэмснийг эс тооцвол хэмжээгээ томруулаагүй л байна лээ. Харин Чингэлтэй дүүргийн иргэдийн “Ц.Баатархүү төлөөлөгчдөө, баярлалаа. Илүү ихийг хийгээрэй. Манай тойрогт маш ихийг хийсэн хүн. Хүнтэй их зөв боловсон харьцдаг. Хийнэ гэснээ л хийдэг хүн дээ” гэх мэт талархал илэрхийлж, амжилт хүссэн сэтгэгдэл их орсон байсан. Тэндээс Ц.Баатархүүг Чингэлтэйчүүддээ хүлээн зөвшөөрөгдөж чаджээ гэж бодсон.
Саяхан хамт ажилладаг Жавхаатай нь нийлж бас бяцхан шоолоод амжсан. “Нөгөө л С.Ганбаатар. Нөгөө л С.Дэмбэрэл үү” гээд. Тэгсэн хэлж байна.
-Манай дарга чинь үерхэл нөхөрлөл дөө үнэнч хүн шүү дээ. Сайн мэдэж байгаа биз дээ гэж... Нээрээ л үнэн. Тэр хэрээр ажил үйлс нь амжилттай явдаг ч байх.
Нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ дахь АН-ын бүлгийн дарга, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга... Энэ бол түүний ноён нуруу, харилцаанаасаа олж авсан шагнал нь. Хөгийн нэг бэртгэчин, хор найруулагч, хов хөөцөлдөгч байсан бол Ц.Баатархүү хэзээ ч энэ зэрэгт хүрч чадахгүй байх байсан. “Монголын лектор төв” нь ч боловсролын салбарт тэргүүлэхгүй байсан байж нь мэдээж. Тиймээс л тэр чадсан. Хойшид ч бас чадна.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)