“350 үг”-Төгсжаргалын Ганди

2020-06-18 09:59:18

Ярилцлага авна гэж өдөр болгон шахуу өрөөнд нь очиж суусаар байгаад танилцсан, хачин удаан хүлээлгэсэн хүн маань Төгсжаргалын Ганди. Энэ цаг үе Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайдын албаа хүлээлгэж өгөөд УИХ-ын даргын зөвлөхийн албанд шилжин ирсэн цаг мөч. Өрөө нь тохигүй бас буйдхан. Бичиг цаасаа дэлгэсэн нэг том ширээ. Жижигхэн буйдан. Үүдний дэргэд байрлах туслахын жижиг ширээ. Бүхэл бүтэн дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгааллын сайдын хувиар өрөөндөө гайгүйхэн шиг тавилга захиалаад, тавтай тухтай орчин бүрдүүлээд сууж болно оо доо. Шинээр сонгогдсон цөөнгүй гишүүдийн ааш аягтай харьцуулахад дэндүү даруухан өрөө. Харин өөрөө бол тэр өрөөндөө тухтай гэгч нь хэзээ ч яваад ороход үзэг балаа барьчихсан цаасаа нухаад л сууж байна. За тэгээд
-Та энэ МАН-ын хагарал зөрчлийн талаар... энэ тэр гэхээр “Цагийн юм цагтаа. Би УИХ-ын даргын зөвлөх хүн. Энэ л миний өнөөдрийн хийх ёстой ажил” гээд халгаахгүй. Харин
-Төрийн бодлого тасралтгүй үргэлжлэх ёстой л доо. Хэн нь хэндээ дуртай дургүй гэдгээр төрийн бодлогыг өөрчилж, шинэчилж болдоггүй юм... гэх мэт үг унагана аа унагана. Ингэж ярилцлага авна, өгнө гэж явсаар байтал УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгаа эхлэв. Сэтгүүл, сонинг нь хийх нэртэй сар орчим өрөөгөөр нь орж гарч, өнжихдөө өнжив. Энэ үед хайр татмаар олон жилийн дотно нөхөрлөл, хатуу хөтүү гэж боддог араншин аашинд нь ямар олон хүн хайртай, хүндэтгэлтэй ханддагийг нь олж нээв.
Олон жилийн өмнөөс сонгуульд нь явж байсан гэх 40, 50 гарсан эгч ах нар “Чадахаараа л туслая. Би юу хийх вэ” гэчихсэн сууж байна. Аль 20 жилийн өмнө туслах, зөвлөх нь байсан гэх хүмүүс “Цай уух уу, кофе уух уу. Одоо юу бэлдэх үү” гээд нөмөр бараа болоод тойроод зогсчих. “Миний амьдралд их тус болсон хүн. Би ярилцлага өгмөөр байна” гээд сонин, сэтгүүл нь дуусчихаад байхад энд тэндээс утас цохих. Хэзээ мөдгүй төрөх дөхсөн туслах бүсгүй нь “Нарны тос, уруулын бальзам явуулна” гээд дэлгүүр гүйчихнэ. Бас л сүүлийн 20 гаруй жилийн турш хамт яваа. Ийм л нэг олон жилийн турш хамтдаа ажиллаж, нөхөрлөж дотноссон хүндлэл дээр тогтсон халуун дулаан харилцаанд бүлээцэж дулаацсан өдрүүд... Ийм НӨМӨР ДУЛААН та бидний мэдэх “ТӨМӨР ХАТАГТАЙ” гэдэг хатуу чанга улстөрчийн намтрын ард нуугдаж байдаг нь энэ юм билээ.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)