“Эрдэнэт” үйлдвэрийг Оросуудаас аваад Хятадад хэмээн сурталдахын учир юу вэ

2019-12-11 06:31:18

1978 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр анхны зэс молбидены баяжмалаа экспортод гаргасан цагаас хойш өнгөрсөн 41 жилийн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэр Монголын эдийн засгийн хамгийн том түлхүүр, ивээн тэтгэгч, найдвартай ар тал байж ирсэн нь үнэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Оросын талын мэдэлд байсан 49 хувь нь тодорхой бус санал санаачилга, үр дагавраар монголчууд, тэр дундаа “Монголын зэс” корпорацийн мэдэлд ирсэн гэх дуулиан олонд түгж, энэ хэрээр Монголын Засгийн газар авч болох байсан энэ шилжүүлэх хөдөлгөөн юуны учир дан ганц хувийн хэвшлийн удирдлага нөлөөлөл дор замхарч одсныг нь ч өдгөө тайлбарлахад хэцүү. Хууль хяналтын байгуулгад шалгагдаж буй энэ асуудал өдгөө хараахан шийдэгдээгүй байгаа ч, улмаар Монголын Засгийн газар 100 хувь “Эрдэнэт” үйлдвэрийг мэдэлдээ авсан ч өнөөдрийг хүртэл аанай л нөгөө их хэл ам тасарсангүй. Гагцхүү энэ хооронд “Эрдэнэт” үйлдвэр нэг өдөр ч тэг зогсолт хийсэнгүй, царцсангүй. Харин ч амжилттай ажиллаж, 41 дахь жилийнхээ босгон дээр Ил уурхай, баяжуулах үйлдвэр, засвар механикийн завод, авто тээврийн цех зэрэг үйлвэрийн цех нэгжид техник технологийн бүтээн байгуулалт эрчимжиж, шинэ шинэ хөрөнгө оруулалтын нээлтүүд эрчимжсэн нь гайхмаар сонин хурдтай байлаа. Тодруулбал, өнгөрсөн 2019 онд тус үйлдвэр дотоодын эх үүсвэрээсээ 420 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байхад бөгөөд үүнийхээ 20 сая ам.долларыг геологийн хайгуулын нөөц шинэчлэн тогтоох ажилд зориулснаар ойрын 60 жилийн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэр нөөцийн хомсдолгүй, ажлын доголдолгүй амар тайван ажиллах боломж бүрдсэн нь яах аргагүй сайн үр дүн. Зөвхөэ зэс молбидены баяжмалыг салгах, молибдены баяжуулалтын дамжлагыг шинэчилж, бутлан тээвэрлэх хэсгийн 13 дугаар бутлуурыг МР-800 маркийн бутлуураар сольсноор молибдены металл авалтаас гэхэд 1.8 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олох боломж бүрдэнэ. Мөн дээрх шинэчлэлийн хүрээнд нэгдүгээр шатны хүдэр нунтаглалтын бөөрөнцөгт тээрмүүдийн цагийн ачааллыг нэмэгдүүлснээр жилд 95.5 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломж бүрдсэн байх жишээний.

Үүн дээр, долдугаар тээрмийн шинэчлэлийн үр дүнд 1.2 тэрбум төгрөгийн ашиг авна, техникийн шинэчлэлийн үр дүнд цахилгаан зарцуулалтыг 30 хувиар хэмнэхээр болсон, өөрсдийн хүчээр баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хаягдлын санд өвлийн хаялтын 4М далан, холбох сувгийг барьж байгуулснаар уг сангийн насжилтыг 4-6 жилээр уртасгасан, дулааны цахилгаан станцын гуравдугаар зуухны их засварыг хийснээр өвөл зуны горимд шилжсэн ч Дулааны цахилгаан станц хэвийн найдвартай ажиллахаар болсон, үйлдвэрийн ажилчдын хичээл зүтгэлээр шинээр угсарсан ЭКГ-12К экскаваторын үр дүнд 755 сая төгрөгийн цахилгаан хэмнэсэн гээд үндсэндээ 2019 он “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд шинэ эргэлт, шинэ сэргэлтийн жил байжээ.

Гэхдээ энэ бүх сайн мэдээг саармагжуулах зорилго бүхий нэгэн мэдээлэл 2019 оны төгсгөлд цөөнгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан нь “Ус хангамжийн цехийн цэвэр ус дамжуулах гуравдугаар шугам болох Ф820ММ ган хоолойг угсрах ажилд Хятад компанийг сонгосон” тухай дуулиан байлаа. Уг мэдээллийг тараахдаа оросуудаас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авчирсан монголчуудаа дээрэмдэж, Монголын төр уг хувийг мэдэлдээ авсан атлаа хятад компанид тендер өгдөг нь тус үйлдвэр “Хятадынх болжээ” гэдэг тайлбар байсан юм.

Гэтэл асуудлыг бодитоор сонирхон судлах нь ээ, дээрх Ус хангамжийн цехийн хоолой нь үйлдвэр нээлтээ хийхэд л буюу 1976, 1989 онд тус тус ашиглалтад орсон байх бөгөөд шинэчлэн угсрахгүй бол үйлдвэр зогсох ч аюултай нөхцөл байдал бүрэлдсэн байж. Тиймээс нээлттэй тендер зарлаж, сонгон шалгаруулалт явуулах болоход “Сокол” ХХК, “Чайна а Энержи инженеринг групп”, “Чайна Гео Инженеринг корпораци”, “DongHong pipe industry”, “Synohydro corporation limited” гэсэн компаниуд 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр зарласан түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй сонгон шалгаруулалтад саналаа ирүүлжээ. Энэ дунд хамгийн өндөр саналтай компани нь “Сокол” ХХК байсны дээр тус компанийн гэрээний үнийн дүнгийн нэг хувьтай тэнцэх мөнгөн дүнтэй тендеоийн баталгаа ирүүлээгүй байна. Дээр нь, сүүлийн гурван жилийн хугацаанд уг ажилтай ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн тухай туршлагыг нь илтгэх мэдээлэл чиирүүлээгүй бөгөөд сүүлийн гурван жилийнх нь ажлын санхүүгийн тайлан нь дээрх ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын нийт өртгийн таван хувьд ч хүрэхгүй байж. Харин “Synohydro Corporation Limited” компанийн тухайд дээрх шаардлагуудыг хангасан байснаар анхны сонгон шалгаруулалтад тэнцжээ. Гэтэл нөгөө тодорхой бус мэдээлэлтэй, шаардлага хангахгүй материал бүрдүүлсэн “Сокол” ХХК нь өнгөрсөн оны долоодугаар сарын 5-ны өдөр Сангийн яаманд шалгаруулалтыг хууль бус хэмээн үзэж гомдол гаргасан байна. Ингэснээр тендер дахин зарлагдаж, саналаа ирүүлсэн таван компани зургаа болсон ч зохих ёсны шаардлага хэвээр тавигдсан байдаг. Гэтэл тендерт оролцсон зургаан компани, тэр дундаа “Synohydro Corporation Limited” компани ч бүхий л шаардлагыг биелүүлсэн ч бичиг баримт нь дутуу гэдэг үндэслэлээр тендерийн комисс шалгаруулалт хийгээгүй байна. Харин дараа нь буюу 2019 оны аравдугаар сарын 18-ны өдөр дахин хуралдаж, ажлын хэсэг томилсноор 820 мм ган хоолойг угсрах ажлын гүйцэтгэгчээр хамгийн сайн санал ирүүлсэн “SINOHYDRO BUREAU CO.,LTD” компанитай хамтран ажиллахаар саналаа хүргүүлсэн байдаг. Мэдээж энэ компани нь Хятадынх. Гэхдээ ганц энэ компани ч бус сүүлийн тендерийн урилгад саналаа ирүүлсэн зургаан компанийн тав нь хятад, нэг нь монгол байсан. Нэг ёсны хэн ч харсан сонголт хийх магадлал хятад компаниудын үнэмлэхүй байдалд санал нь ирсэн байх бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийн зүгээс “Танайх үтэр түргэн орос, эсвэл монгол, бүр америк хөрөнгө оруулагчтай бол” гэж шаардлага тавихгүй нь ойлгомжтой. Тийм боломж ч байхгүй. Товчхондоо, ажил хийж чадах хятад компани, чадахгүй хятад компани гэдэг сонголтоос ажил хийх хөрөнгийн нөөц боломж болон ажлын туршлагатай хятад компанийг нь сонгосон тухай л яриа.

Тиймээс зөвхөн энэ асуудал гэлтгүй бүхий л салбарт Хятад, Орос гэсэн хоёр хөршөө талцуулдаг, уралдуулдаг, хэмлэдэг энэ байдлаа болохгүй бол Монгол Улс ч, “Эрдэнэт” ч оршин буй газар нутгаасаа нисээд нүүж болохгүй нь туйлын үнэн гэдгийг бодож улстөржүүлэхгүй бол цаг тухайд нь хийгдээгүй бүтээн байгуулалтын хор уршгийг та ч, би ч, бид бүгдээрээ монголчууд хүртэнэ гэдгийг хаа хаана аа бодох хэрэгтэй юм. Магадгүй “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал дээр Оросоос аваад Хятадад гэдэг мессежийн ард нөгөө л эрх ашиг, сонирхол, хуйвалдаан яваа ч юм билүү хэн мэдлээ дээ. “Хятадтай хамт Монголоо муулж, шүүмжилбэл бил ямар ч байсан ялна” гэдэг дээрэмчин бизнесмэний далдаа санаа гэдэг ч юмаа даа.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)