МОНГОЛ УЛС ЗАДГАЙ САНСАРТ БӨМБӨЛӨГ ХӨӨРГӨСӨН ДЭЛХИЙН АНХНЫ УЛС БОЛЛОО

2019-10-29 23:53:47

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Сансрын судалгаа хөгжүүлэлтийн төвийн санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ивээл дор “Улаанбаатар 380-Сансар өөд” арга хэмжээг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж, нийслэлийнхээ төв талбайгаас сансрын бөмбөлгийг 38 мянган метрт хөөргөв. Ингэснээр Монгол Улс нь задгай сансарт бөмбөлөг хөөргөсөн дэлхийн анхны улс боллоо.

Хоорондоо 30 минутын зайтай хөөрсөн сансрын гурван бөмбөлгийг хөөргөх үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, БНМАУ, ЗХУ-ын баатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Монголын Сансрын судалгаа хөгжүүлэлтийн төвийн захирал Г.Амгаланбаяр, ШУА-ын Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал, академич доктор С.Дэмбэрэл болон бусад албаны хүмүүс, иргэд, олон нийт, оюутан залуус оролцов. Сансрын бөмбөлөг хөөргөх үеэр “Бидний бүтээл сансарт” уралдааны шилдэг бүтээлийг шалгаруулж, шагналыг хотын удирдлагууд гардуулан өглөө. Уралдаанд нийслэл Улаанбаатар хот болон Сүхбаатар, Дархан-Уул, Баянхонгор, Орхон, Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай, аймгийн ЕБС-ын сурагчдын 84 бүтээл ирсэн байна. Үүнээс МУБИС-ийн харьяа Лицей сургуулийн “Цагаан шонхор” багийн бүтээл нэгдүгээр байрт, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн “О2” багийн бүтээл хоёрдугаар байрт, Баянзүрх дүүргийн “Глобал” олон улсын дунд сургуулийн “Глобал” багийн бүтээл гуравдугаар байрт тус тус шалгарчээ.

Мөн нийслэлийн 380  жилийн ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбаа Нийслэлийн тугийг мандуулах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид, төлөөлөгчид болон Улаанбаатар хотын үе үеийн удирдлага байлцав. 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНТХ

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)