Энэ онд 48 сургууль, 93 цэцэрлэгийг ашиглалтад оруулна

2019-08-21 17:48:50

Ё.БААТАРБИЛЭГ: ЭЦЭГ, ЭХЧҮҮДТЭЙ ХАТУУ ГЭРЭЭ БАЙГУУЛНА

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ. 2019-2020 онд Монгол Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 850 сургуульд 644 мянган сурагч, цэцэрлэгт 275809 хүүхэд хамрагдахаар болсон байна. Харин энэ жил оюутны тоо өмнөх жилүүдийнхээс цөөрч 10 мянга болсон гэдгийг албаныхан дуулгалаа. Холбогдох яамнаас энэ жил 11 зорилт дэвшүүлжээ. Энэ талаар БСШУСын сайд Ё.Баатарбилэг “Бид сургалтын хөтөлбөр, агуулгаа шинэчилсэн. Ингэснээр багш нарын ачаалал буурч, агуулгын давхцал арилах юм. Мөн багш нар хичээлээ заахад үр дүнтэй, сурагчид ойлгоход хялбар болж байна. Үүнээс гадна энэ хичээлийн жилээс эхлэн эцэг, эхчүүдтэй гэрээ байгуулахаар болсон. Гэрээ байгуулснаар эцэг, эхчүүдийн оролцоо, үүргийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Нийтдээ 644 мянган эцэг, эхтэй гэрээ байгуулна гэсэн үг. Мөн хичээлийн жилийн бүтэц батлагдсан. Энэ жил бага анги 32, дунд анги 33 долоо хоног хичээллэнэ. Нийслэлийн сурагчид өвөл ид утааны үеэр уртаар амрах бол хөдөө орон нутгийн сурагчид хавар мал төллөх үеэр урт амралт авна. Мөн ерөнхий боловсролын сургуулиудыг гурван ээлжээр хичээллүүлэхгүй. Гурван ээлжээр хичээллэж болзошгүй ерөнхий боловсролын 18 сургуулийн 825 бүлгийн 8300 гаруй хүүхэд байгаа. Тиймээс эрүүл ахуй, стандартын шаардлагад нийцсэн барилгуудыг түрээслэх, түр ашиглах асуудлыг судалж байна” гэлээ. 

Улсын хэмжээнд нийт 603 барилга, байгууламж, обьектийг барих хөрөнгө оруулалт хэрэгжиж байгаа. Үүнээс энэ жилдээ багтаж 21420 хүүхдийн суудал бүхий 48 сургууль, 13140 ор бүхий 93 цэцэрлэг ашиглалтад орох юм байна. Есдүгээр сард 23 сургууль, 43 цэцэрлэг бүрэн ашиглалтад орох бол үлдсэн 25 сургууль, 50 цэцэрлэг он дуусахаас өмнө ашиглалтад орох гэнэ. Харин 2020 онд 68 сургууль, 42 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тодруулбал, БНХАУын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр нийслэлд долоон сургууль, нэг цэцэрлэгийн барилгын ажил явагдаж байгаагаас энэ онд 3160 хүчин чадал бүхий дөрвөн сургууль ашиглалтад орох аж. Мөн Япон Улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр нийслэлд дөрвөн сургуулийн барилга баригдах юм байна. 

СУРАХ БИЧГИЙГ НОМЫН САНГААР ДАМЖУУЛАН СУРАГЧДАД ОЛГОНО

Энэ хичээлийн жилээс эхлэн ном сурах бичгийг зах зээлд худалдаалахгүй, номын сангаар дамжуулан сурагчдад олгохоор болжээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр сурах бичгүүдийг шинэчлэн хэвлэж байгаа аж. Гэрээ, хэлэлцээртэй холбоотой ажил удааширсан боловч ирэх сард багтаан орон нутаг болон нийслэлийн сургуулиудаар тараах юм байна. Бага ангийн сурагчид 100 хувь үнэгүй ашиглах бол дунд, ахлах ангийн сурагчид 40 хувь үнэ төлбөргүй ашиглах гэнэ. Төлбөр тогтоох аргачлалыг журмаар зохицуулах бөгөөд үнийн дүнгийн 20-40 хүртэлх хувиар түрээсийг тогтоох ажээ. 

ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨР 1.6-3.6 САЯ ТӨГРӨГИЙН ХООРОНД ХЭЛБЭЛЗЭЖ БАЙНА

Энэ жил таван сургуулийн үйл ажиллагааны эрхийг цуцалж, зарим сургуулийг нэгтгэжээ. Төлбөрийн тухайд 1.6-3.6 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа аж. Энэ жил төлбөрөө нэмсэн сургуулийн хувьд арван хувиас хэтрүүлэхгүй байх зарчим барьсан гэдгийг албаныхан дуулгалаа. 2018-2019 оны хичээлийн жилд төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сургалтын төлбөрийн хэмжээг өмнөх оныхтой харьцуулахад дунджаар 10-15 хувь өссөн байна. Харин 2019- 2020 оны урьдчилсан мэдээгээр төрийн өмчийн их, дээд сургуулийн төлбөрийн дундаж 2.4 сая төгрөг байх төлөвтэй байна. 

ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ, ТЭТГЭЛЭГТ 34.1 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ

Боловсролын зээлийн сангаас 2018-2019 оны хичээлийн жилд нийт 25.3 тэрбум төгрөгийн оюутны хөгжлийн зээлийг олгожээ. Мөн бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй суралцагч, гэр бүлийн гурав болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж буй өрхийн нэг суралцагчийн сургалтын төлбөрийг төр хариуцдаг. Үүний дагуу 2019 оны эхний хагас жилд нийт 6781 оюутанд 8.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. 2019- 2020 оны хичээлийн жилийн эхний улиралд нийт 11 мянган оюутанд 21.5 тэрбум төгрөгийн оюутны хөгжлийн зээл олгох боломжтой юм байна.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)