Владимир Путин: Иргэд жагсах эрхтэй ч эмх замбараагүй байдал үүсгэх ёсгүй

2019-08-21 17:28:16

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Францад айлчлах үеэрээ Москвад болсон эсэргүүцлийн ажиллагааны талаар сэтгүүлчдийн асуултад хариулжээ. Тэрбээр:

“Москвад гарсан үймээн сонгуулийн мөчлөгтэй холбоотой. Учир нь есдүгээр сард бүс нутгийн эрх баригчдын, түүний дотор Москвагийн эрх баригчдын сонгууль болно. Иргэд хууль тогтоомжийн дагуу тайван жагсаал хийх эрхтэй бөгөөд эрх баригчид үүнд саад болж болохгүй. Гэхдээ эрх баригчид иргэд болон ямар нэг бүлгийн аль аль нь хууль зөрчиж, нөхцөл байдлыг гүнзгийрүүлж, хямрал дагуулах эсвэл эрх баригчидтай мөргөлдөхөд хүргэх ёсгүй. Энэ бол хууль зөрчиж байгаа үйлдэл бөгөөд буруутнууд Оросын хуульд заасны дагуу хариуцлага хүлээх ёстой” гэжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч мөн долдугаар болон наймдугаар сард болсон жагсаалыг эрх баригчид зөвшөөрсөн бөгөөд үймээн самуунгүй тайван болж өнгөрснийг онцолсон байна. Харин Францад болсон эсэргүүцлийн ажиллагааны талаар Владимир Путин “Зөвхөн ОХУ-д эсэргүүцлийн жагсаал болдоггүй. Шар хантаазтнуудын хөдөлгөөн гэж нэрлэдэг үйл явдлын талаар бид бүгд мэднэ. Бидний тооцоолсноор, 11 хүн амиа алдаж, 2000 цагдааг оруулаад 2500 хүн шархадсан. Тиймээс Москвад ийм үйл явдал давтагдаасай гэж хүсэхгүй байна хэмээгээд Оросын улс төрийн байдлыг хуулийн хүрээнд хөгжүүлэхийн тулд чадах бүхнээ хийнэ гэжээ. Макрон, Путин нар өнгөрсөн даваа гарагт Францын Ерөнхийлөгчийн зуны өргөөнд уулзсан юм. Хоёр орны удирдагч энэ сарын 24- 26-нд Францын Биарриц хотод “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалт болохоос хэдхэн хоногийн өмнө уулзаж байгаа юм.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)