Бан Ги Мүн: Зүүн Өмнөд Азийн улсууд даяарчлалаас ухарч, популизмд автаж байна

2019-08-21 17:02:57

Монгол Улс далайд гарцгүй боловч Хятад, Орос гэсэн хоёр том хөршийн дунд он удаан жил оршин тогтнож ирсэн. Тиймдээ ч гурван улсыг дамнасан эдийн засгийн коридор байгуулснаар эрчимтэй хөгжиж буй Ази тив, тэр дундаа Зүүн Хойд Азийн зах зээл, тухайн улс орнуудын эдийн засгийн хөгжилд эерэг бөгөөд ашигтай үр дүн авчирна хэмээн үзэж байгаа билээ. Анх 2014 оны есдүгээр сард Душанбед болсон Монгол, Орос, Хятадын дээд түвшний уулзалтаар эдийн засгийн хамтын ажиллагааны асуудалд анхаарал хандуулсан бол 2015 оны долдугаар сард ОХУын Уфа хотод болсон хоёр дахь уулзалтаар “Эдийн засгийн коридор” байгуулах талаар тохиролцож байжээ. Улмаар 2016 оны зургадугаар сард Ташкент хотноо болсон төрийн тэргүүнүүдийн гурван талт уулзалтаар “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийн хүрээнд 32 төсөл хэрэгжүүлэхээс 13-ыг нь тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад зарцуулна гэдгээрээ онцлог. Тэр дундаа долоон төсөл нь монголын төмөр замын тээврийн коридор байгуулахад чиглэсэн хэмээн судлаачид онцолж хэлж байна. Тодруулбал, төмөр замын төв коридор, хойд, баруун, зүүн болон “Түмэн голын тээврийн коридор”, төмөр замын тээврийн “Далайн эрэг-1” коридор, Москва-Бээжин чиглэлийн өндөр хурдны төмөр замын шугамыг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих хэтийн боломжийг судлах гэсэн төслүүдийг нэрлэж болно.

Өөрөөр хэлбэл, төмөр замын тээвэр нь хуурай газрын тээврийн төрлүүдээс өртөг багатай, хилийн боомтуудаар нэвтрэх хүчин чадал их, ачаа тээврийн технологийн бүтээмж өндөр байдаг. Тиймээс зах зээлийн үнэ ханшийн хувьд хэлбэлзэлтэй, тээвэр, логистикийн өртөг ихтэй түүхий болон хагас боловсруулсан уул уурхайн бүтээгдэхүүнд тохирох гарц болдог байна. Европ, Азийг богино замаар холбосон 1110 км гол төмөр зам Монгол Улсын хойд хилээс урд хил хүртэл үргэлжилдэг. Улаанбаатар төмөр зам нь улс орны ачаа тээврийн эргэлтийн 78 хувийг дангаар хангадаг. Сүүлийн жилүүдэд 19-28 сая тонн ачаа тээвэрлэж байгаагаас олон улсын ачаа тогтмол 10-14 сая тонныг эзэлдэг гэнэ. Уул уурхайн салбар экспортын орлогын 78.4 хувийг бүрдүүлж, ДНБ-ий 30 хувь, аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний 70 хувийг үйлдвэрлэдэг учраас тус салбарын бүтээгдэхүүнийг тээвэрлэх төмөр замыг сайжруулах зайлшгүй шаардлага бий. Үүнээс гадна Монгол Улсаар Азийн авто замын АН3, AH4 сүлжээ өнгөрч байгаа бөгөөд тус сүлжээгээр олон улсын автотээврийг хэрэгжүүлэх анхны туршилтууд эхэлжээ. Тухайлбал, авто замын АН3 сүлжээ буюу Алтанбулаг-Замын-Үүдийг дайрсан хурдны зам байгуулах зорилгын хүрээнд Улаанбаатар-Дарханы хооронд 220 км-т хоёр урсгалтай, тус бүрдээ хоёр эгнээ машин явах олон улсын стандартын зам барих ажлыг эхлүүлээд байгаа. Уг замыг ашиглалтад орохоос урьтаж төмөр замын төв коридортой хэрхэн уялдах болон үр нөлөөнийх нь тухайд эрдэмтэд судлах гэнэ. Мөн гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөр батлагдсантай зэрэгцэн ялангуяа Хятад, Монголын худалдааны салбарыг хөгжүүлэх тухайд ихээр яригдах болсон. Сүүлийн байдлаар, энэ сарын 16-нд Эрээн хотноо болсон гурван улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны 11 дэх удаагийн чуулга уулзалтаар эдийн засгийн коридорын дагуух хотын аж ахуй нэгжүүд төслүүдээ танилцуулж, нийт есөн тэрбум юанийн хөрөнгө оруулалт бүхий хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Уг гэрээгээр ЗамынҮүд болон Эрээн хотын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болов. Энэ мэтчилэн гурван улсын “Эдийн засгийн коридор”-ыг тойрсон бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүд батлагдаж, дэмжлэгээ авч эхлээд байгаагийн тод жишээ болж Монгол Улсад анх удаагаа Азийн төлөөх “Боао” хэмээх Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг томоохон хэмжээний форум үргэлжилж байна. 

Т.БАТЦЭЦЭГ: ТӨСЛҮҮДИЙГ ДАНГААР НЬ БУС УЯЛДААТАЙГААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.

Азийн төлөөх “Боао” форумын дарга, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн уулзалтыг нээж үг хэлсэн билээ. Тэрбээр “Монгол Улс бүс нутгийн болон дэлхийн тулгамдсан асуудалд анхаарлаа хандуулан, Азийн түншүүдтэй харилцаагаа бэхжүүлж буйг тэмдэглэх нь зүйтэй. Монгол, Хятад, Солонгос, Япон зэрэг Азийн бусад орны хамтын ажиллагаа илүү өндөр түвшинд хүрч байна. Байгалийн нөөцийн боловсруулалт, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагаа улам өргөжиж байгаа нь эдгээр улсад үр өгөөжөө өгч, Азийн эдийн засагт эерэг түлхэц үзүүлэв. АНУ, Европын холбоо, Зүүн Өмнөд Ази зэрэг бүс нутгийн улсууд даяарчлалаас ухарч, популизмд автаж, нэг талыг баримталсан бодлого хэрэгжүүлж байгаа нь дэлхийн засаглал, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна. Дээрх асуудлыг шийдвэрлэж, илүү сайхан ирээдүйг бий болгоход улс орнуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Түүнчлэн Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор нь оролцогч орнуудын хоорондын түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, улмаар Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлж, бүс нутгийн нийтлэг хөгжлийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэж байна” гэлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар оролцож, үг хэлсэн ач холбогдол, цар хүрээний хувьд өргөн хурал болж байна. Улаанбаатарын бага хурлаар “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн боломжууд”, “Хөгжлийн зам” хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх нь”, “Дэд бүтцийн харилцан холбогдох байдлыг бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх нь”, “Ногоон хөгжлийг хамтын зорилт болгох нь” гэсэн үндсэн сэдвүүдээр сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгээс “Хөгжлийн зам” хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх нь” сэдвийг онцлон уншигчиддаа хүргэе.

БНХАУ-ын санаачилгаар “Торгоны зам эдийн засгийн бүс”, “Тэнгисийн торгоны зам”, “Нэг бүсНэг зам” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Монгол Улсын талаас “Талын зам” хөтөлбөр, ОХУ-ын санаачилгаар “Евроазийн эдийн засгийн холбоо” хэмээх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа билээ. Үүнээс Монгол, Орос, Хятадын гарын үсэг зурж баталсан “Талын зам” хөтөлбөрийн суурин дээр Монгол Улсад “Хөгжлийн зам” хөтөлбөр хэрэгжиж байна. Хөтөлбөр нь БНХАУ-ын “Бүс ба Зам” хөтөлбөртэй үзэл санаа, зорилгын хувьд харшлах зүйл байхгүй. Харин ч бие биенээ дэмжиж явж байна. Хөтөлбөрүүд Засгийн газрын түвшинд батлагдаж, зөвшөөрөгдсөн. Тиймээс тусгасан зорилтуудад хүрэхийн тулд хувийн хэвшлийн оролцоо, бодлогын уялдаа, хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт, санхүүжилт чухал хэмээн Хөгжлийн банкны зөвлөх Б.Эрдэнэсанаа панел хэлэлцүүлэгт онцлов. Түүний дараа хөтөлбөрүүдийн хүрээнд зам, тээвэр, эрчим хүчний суурь дэд бүтцийг бий болгох хэрэгтэй. Хятад Монголоор, Монгол Хятадаар дамжуулах байдлаар бараа, бүтээгдэхүүнээ гаргах нь хоёр талд ашигтай. Үр дүнд нь хоёр улсын хоорондын аялал жуулчлалын салбар хөгжих боломж харагдаж байна. Төр, хувийн хэвшил хамтарч төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй. Монголын хувьд хямд эх үүсвэр бүхий Хятадын санхүүгийн байгууллагуудыг судалгааны үндсэн дээр оруулж ирэх нь зүйтэй хэмээн Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн Гүйцэтгэх дэд дарга Р.Корра онцлов. Харин ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Т.Батцэцэг “Бүс ба Зам” санаачилга нь далайд гарцгүй орнуудыг гол замуудтай холбоход чухал үүрэгтэй. Засгийн газруудын түвшинд ойлголцолд хүрсэн ч аж ахуйн нэгжүүд, санхүүгийн байгууллагуудын оролцоо хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд чухлаар нөлөөлнө. Мөн хувийн байгууллага, Засгийн газрын хоорондын уялдаа, төслүүдийг дангаар бус уялдаатайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй” хэмээсэн юм. 

“ЭРДЭНЭС МОНГОЛ” КОМПАНИ НЭМҮҮ ӨРТӨГ БИЙ БОЛГОХ ТӨСЛҮҮДЭД ХӨРӨНГӨ ОРУУЛНА.

Азийн төлөөх “Боао” форумын Улаанбаатарын бага хурлыг Гадаад харилцааны яам, “Эрдэнэс Монгол” ХХК болон Монголын бизнесийн зөвлөл хамтран зохион байгуулсан юм. Хурлыг зохион байгуулагчдын нэг “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү хурлын үеэр хөрөнгө оруулах боломжтой төслүүдийн талаар илтгэл тавьсан нь олны анхааралд байв. Учир нь, “Эрдэнэс Монгол” компани нэмүү өртөг бий болгох, боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр томоохон төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Тодруулбал, “Шивээ-Энержи” төслөөр хүрэн нүүрсийг эрчим хүч болгож БНХАУ болон Зүүн Хойд Азийн бүс нутаг руу экспортлох гэнэ. “Эрдэнэс Стийл” гэх төр, хувийн хэвшлийн хамтарсан охин компанийнхаа гангийн үйлдвэрийн төслөөр 300 мянган тонн ган, 500 мянган тонн кокс үйлдвэрлэх юм байна. Түүнчлэн Багануурын уурхайн нүүрсийг нэмүү өртөг шингээж, боловсруулж, орлогыг өсгөх төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, Улаанбаатар хотын гэр хороолол, барилга байгууламж, станцуудыг хийн түлшид шилжүүлж, утааны асуудлыг шийдвэрлэх, метаны хайгуулын төсөл гэх мэт төслийг танилцуулсан юм. Эдгээр төслүүд нь компанид санхүүгийн өгөөж өгөөд зогсохгүй нийгэм эдийн засагт эерэгээр нөлөөлж, бизнесийн шинэ боломж, ажлын байр бий болгож, хүртээмжтэй өсөлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой аж. Цаашлаад бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд харилцан үр ашигтай төслүүдэд оролцож, улс орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулж, баялгийг тэгш хуваарилах хэрэгтэй хэмээн илтгэлдээ онцлов.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)