Д.Тогтохсүрэн: Ерөнхийлөгчийг парламентаас сонгох саналыг дэмжих боломжгүй

2019-08-21 14:56:07

УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өчигдөр үргэлжлүүлэн хэлэлцэхээр товлосон ч тогтвортой хуралдсангүй. Өөрөөр хэлбэл, долоо дахь өдрөө товлосон бүлгийн хурал 11.30 цагийн орчимд эхэлсэн ч төд удалгүй завсарласан юм. Эх сурвалжуудын хэлж буйгаар тус бүлгийнхэн Ерөнхийлөгч, УИХ дахь АН-ын зөвлөлтэй зөвшилцөж чадахгүй байгаагаас гадна нам дотроо санал нэгдэж чадахгүй байгаа аж. Харин энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “МАН-ын бүлэг өнгөрсөн пүрэв гарагт УИХ дахь АН-ын зөвлөлтэй зөвшилцөх ажлаа үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Үүний дагуу зөвшилцөх хэлэлцүүлэг өрнөж байна. АН-ын зөвлөлөөс албан ёсоор 25 санал ирүүлсэн. Үүнээс 17 саналыг нь одоо хэлэлцэж буй УИХын 62 гишүүний өргөн барьсан төсөл болон Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналд хөндсөн асуудал гэж үзээд, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгах боломжтой гэж шийдвэрлэсэн. Харин найман санал нь огт өргөн бариагүй асуудал байгаа тул хэлэлцэх боломжгүй. Мөн манай намын бүлгээс АН-ын зөвлөлтэй зөвшилцөх хүрээнд дахин хэд хэдэн асуудлаар албан ёсны байр сууриа илэрхийлэх хүсэлт тавиад байна. Энэ дагуу АН-ын зөвлөл өнөөдөр (өчигдөр) хуралдаж, гарсан шийдвэрийг нь МАН-ын бүлэг хэлэлцээд завсарлана. Үүний дараа Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ажил үргэлжилнэ. Зөвшилцөх ажлыг ерөнхийд нь удахгүй дуусгана” гэсэн юм. УИХ дахь АН-ын зөвлөлөөс хүргүүлсэн ямар саналуудыг хүлээж авах боломжгүй байгаа талаарх сэтгүүлчийн асуултад тэрбээр “УИХ дахь АН-ын зөвлөлөөс байгалийн баялаг ард нийтийн өмч байна гэдэг асуудлаар, мөн УИХын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөл дэх парламентын хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой өөрчлөлтийг дэмжсэн олон санал өгсөн. Эдгээр санал нь одоо хэлэлцэж байгаа хуулийн төсөлд хөндөгдсөн тул хүлээн авсан. Харин хүлээн авахад хүндрэлтэй, хөндөх боломжгүй хэд хэдэн санал бий. Тухайлбал, парламентаас Ерөнхийлөгчийг сонгохтой холбоотой саналыг дэмжих боломжгүй гэж үзсэн” гэв.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)