УИХ дахь Ман-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-УИХ-ын 62 гишүүнээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл өргөн барьсан. Энэ төсөлтэй Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналыг нэгтгэх, цэгцлэх, зөвшилцөх асуудал яригдаж байна. УИХ-аас хоёр ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Эдгээр ажлын хэсэг болоод талуудын саналыг нэгтгэж, зөвшилцөлд хүрэхээр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байгаа. Гэхдээ эцсийн шийдэлд хүрээгүй байна. Удахгүй зөвшилцөж, цэгцэлнэ. Одоогоор МАНын бүлэг ард нийтийн санал асуулга явуулах тухай, гишүүдийн тоог нэмэх, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг нэмэх, сонгуулийн тогтолцоог холимог болгох асуудалд Ерөнхийлөгч болон АН-тай зөвшилцөж, ойлголцох хэрэгтэй байна. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн парламентын гишүүдийг 108 болгох саналыг МАН-ын гишүүд дэмжихгүй байгаа. Гишүүдийн тоог нэмэх асуудалд олон нийт шүүмжлэлтэй хандах байх.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Гишүүдийн тоог нэмэхийг дэмжихгүй байгаа. Яагаад гэвэл 64 суудалтай МАН ирэх оны сонгуульд хэн хэнийгээ нэр дэвшүүлэх вэ гэдэгтээ тохиролцохгүй байгаа гэсэн. Дотоод эв нэгдэл нь хангагдахгүй байгаа юм. Тиймээс Ерөнхийлөгчөөр дамжуулж ийм санал оруулсан гэж хэвлэлээр мэдээлсэн байна лээ. Би олон орны парламентынхантай уулзаж байсан. Гурван сая хүнд 76 гишүүн байгаа нь харин ч их байна гэж ярьдаг. Харин парламентын хугацааг таван жил болгоход буруудах зүйлгүй.
УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох асуудал ярьж байна. Гишүүдийн тоо хэд байх нь гол асуудал биш. Харин сонгуулийг ямар хэлбэрээр явуулах вэ гэдэг чухал. Сонгуулийн тогтолцоог пропорциональ хэлбэрээр явуулах хэрэгтэй. Үндсэн хуульд энэ тогтолцоогоор сонгууль явуулахыг заавал тусгаж өгөх ёстой. Харин мажоритар тогтолцоотой хамт холимог болгох уу эсвэл дангаар нь хэрэглэх үү гэдгээ шийдэх хэрэгтэй. Учир нь, 76 жижиг тойрог нь төрийн нэгдсэн бодлогод сөргөөр нөлөөлж байна. Төсвийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулж байна.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:
-Гишүүдийн тоог 108, 99, парламентын хугацааг таван жил болгох уу гэдэг нь тулгамдсан асуудал биш. Гишүүдийн тоог нэмэх асуудал нь улс орны нийгэм, эдийн засаг, хүн амын нөхцөл байдлаас шалтгаална шүү дээ. Хүн ам нь ихэсч, олон тойрог, бүстэй болчихоод гишүүдийн дутагдалд орчихсон биш. Хэрвээ хүн ам нь өсч, олон тойрог бүстэй болсон бол гишүүдийн тоог нэмэх шаардлага үүссэн гэж болно. Гэтэл одоо гишүүд дутагдаад байгаа зүйл алга. Гишүүд ажлаа дийлэхгүй байгаа ч юм биш.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
-Би гишүүдийн тоог нэмэх шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаа. Нэмэх шаардлагын үндэслэлийг хүн амын тоо ихэссэн, цөөн гишүүд бүлэглэлийн эрхшээлд орж байна гэсэн тайлбарыг хэлээд байгаа юм. Миний хувьд гишүүдийн тоог нэмэх тусмаа олон фракцад хуваагдаж, бүлэглэлүүдийн лоббинд өртөх магадлалтай гэж бодож байна. УИХ-ын гишүүн хүн улс орны эрх ашгийн үүднээс асуудалд хандвал лоббинд орохгүй байх боломж бий.
УИХ-ын гишүүн Л.Энхболд:
-Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн саналуудаас УИХ-ын гишүүдийн тоог 108 болгохыг нь эсэргүүцэж байгаа. УИХ-ын гишүүд ч энэ саналуудыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Мөн дундын хувилбар буюу 99 гишүүтэй болгох санал гарсан. Энэ асуудлаар одоогоор зөвшилцөлд хүрч чадаагүй байна.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Шийдэлд хүрэхгүй байгаа гол асуудлын нэг нь гишүүдийн тоо. Ерөнхийлөгч 108 гишүүнтэй болох санал оруулсан. МАН-ын бүлэг уг саналыг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлсэн. Харин дундын хувилбараар санал авахад АН-аас 99 гишүүнтэй болох санал гаргасан. Миний хувьд 99 гишүүнтэй болох саналыг дэмжих нь зүйтэй гэж үзэж байгаа. Хувийн ашиг сонирхол, томоохон компаниудын УИХ дахь нөлөөллийг багасгах хэрэгтэй. Цөөхөн гишүүнтэй байх тусмаа том компанийн лобби их байна.
Сэтгэгдлүүд :