АНУ, БНХАУ-ын худалдааны дайн, дэлхийн эдийн засгийн удаашрал, Төв банкуудын мөнгөний зөөлөн бодлоготой холбоотойгоор эрсдэлээс зайлсхийх найдвартай баталгаа болж буйтай уялдан эрэлт ихэссэн тул алтны фьючерсийн үнэ унц нь 1.500 ам.долларт хүрээд байна. Нью-Йоркийн таваарын биржийн салбар “COMЕX”-т нэг унц алтны үнэ 1.2 хувиар нэмэгдэж 1494 ам.доллар болсон нь 2013 оноос хойших үнэмлэхүй өсөлтөд тооцогдож байна. Алтны үнэ он гарсаар 17 хувиар, ердөө хоёр долоо хоногийн дотор 70 орчим ам.доллароор өсөөд байгаа юм. Ерөнхийдөө Вашингтон, Бээжин хоёр худалдааны асуудлаар зөрчилдөж, дэлхийн санхүүгийн зах зээл донсолж буй үе алтны ханшинд эерэгээр нөлөөллөө.
Европчууд XIX зууны үед “Алтан стандарт” гэгчийг бодож олсон бөгөөд мөнгөн тэмдэгтийн ханш нь Төв банкинд хадгалагддаг алтныхаа хэмжээгээр үнэлэгддэг журмыг нэвтрүүлсэн байдаг. Учир нь алт бол хэзээ ч үнэ цэнээ алдахгүй байх онцгой чанартай металл юм. Энэ цагаас хойш үнэт цаас, мөнгөн тэмдэгтийн ханш тогтворгүй, яах нь мэдэгдэхгүй бүрхэг болсон үед иргэдээс эхлээд улс гүрэн хүртэл хадгаламжаа алт болгодог бичигдээгүй хууль үйлчилж ирсэн байдаг. Тиймээс цаашид АНУ, БНХАУ-ын худалдааны зөрчил гүнзгийрэх тусам алтны үнэ унц нь 1600 ам.доллар хүрэх магадлалтайг шинжээчид онцолж байна.
Алтны ханш огцом өссөнтэй холбоотойгоор алт олборлогчдын хувьцаа үнэд орж “Newcrest Mining ltd”-гийнх 4.1, “Еvolution Mining Ltd”-гийнх 6.4 хувиар тус тус өссөн байна. АНУ-ын Холбооны нөөцийн сан худалдааны дайнтай холбоотойгоор өнгөрсөн сард бодлогын хүүгээ бууруулсан нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаа тохиолдож буй үзэгдэл болсон юм. Бодлогын хүү буурсан нь хөрөнгө оруулагч нарын алт сонирхох сонирхлыг өсгөсөн. АНУ энэ жил бодлогын хүүгээ нийтдээ гурван удаа бууруулна хэмээн “Goldman Sachs Group Inc” таамаглаж байна. Тэгэхээр үүнийг дагаад цаашид алтны үнэ өсөх нь дамжиггүй. Өнгөрсөн оноос дэлхийн улс орны Төв банкууд алтны нөөцөө зузаатгаж эхэлсэн. Төв банкууд 2018 онд нийт 651 тонн алт худалдан авсан нь 1971 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа юм. Дэлхийн алтны зөвлөлийн гаргасан судалгаагаар үнэт металын хэрэглээ өнгөрсөн онд дөрвөн хувиар нэмэгдснээр сүүлийн долоон жилд гараагүй өсөлт ажиглагдсан. Үүнд нөлөөлсөн хүчин зүйл бол Төв банкууд дахь алтны эрэлт 2018 онд 74 хувиар нэмэгдсэн явдал бөгөөд тус эрэлтийн хэмжээ бүх үеийн судалгааны хоёрдугаарт бичигдэх амжилт болжээ. Үүнээс илүү хэмжээний алтыг тэртээх 1971 онд худалдан авч байв. Тухайн үед унц алт 35 ам.доллар байв. Дэлхийн алтны зөвлөлийн явуулсан судалгаагаар Төв банкууд алтныхаа нөөцийг цаашид ч нэмсээр байхаар байгаа аж. “WGC” болон “CNBC”-гийн шинжээчдийн үзэж байгаагаар макро эдийн засаг болоод геополитикийн тогтворгүй байдалд хамгийн том эрсдлийг долларын нөөц арвинтай хөгжингүй орнууд хүлээж мэдэхээр байгаа гэнэ.
Дэлхийн алтны зөвлөлөөс гаргасан судалгаанаас харахад БНХАУ-ын Төв банк алтны нөөцөө энэ жилийн эхний хагас гэхэд 374 тонноор нэмэгдүүлсэн байна. Зөвхөн БНХАУ ч бус Энэтхэг, Польш, ОХУ зэрэг дэлхийн олон орон он гарснаас хойш алтны нөөцөө эрс нэмэгдүүлээд байна. Үүнээс үүдэж шинжээчид алтны үнэ унц тутамдаа 1500 ам.долларт хүрсэн нь дөнгөж эхлэл хэмээж байна. Тухайлбал, “Goldman Sachs”- ийн шинжээчид алт үнэ ирэх зургаан сарын хугацаанд унц нь 1600 ам.доллар давна гэсэн таамаг дэвшүүлээд байна.
Энэхүү эрсдлийг удирдах цор ганц зөв арга нь алт нөөцлөх юм. Тиймээс АНУ-тай зөрчилтэй байгаа ОХУ, Туркээс гадна ам.долларын хараат байдлаас салах зорилготой улс орнууд алтны нөөцдөө онцгой анхаарч эхэлсэн хэмээн Европын Төв банкны эдийн засагч Йорг Крэмер онцолж байна. Харин алтыг ихээр худалдан авах болсон Төв банкуудын цаад зорилго нь “Гэнэтийн эрсдэлд ямагт бэлэн байх бодлого” гэдгийг дэлхийн нэртэй эдийн засагчид нэгэн дуугаар өгүүлж байна. Учир нь 2008, 2011 онд дэлхийг хамарсан санхүү болон өрийн их хямралаас авсан хүнд цохилт нь тэдэнд мартаж боломгүй том сургамж өгсөнөөс гадна АНУ, БНХАУ-ын худалдааны дайн дэлхийн эдийн засгийн хямрал дахин давтагдах үндэс болох вий гэсэн болгоомжлол байгаа юм. Хятадын Төв банк өнгөрсөн долдугаар сард л гэхэд 10 тонн алт худалдаж авч, нийт нөөц нь 62.2 сая унц болж өссөн байна. Тус улсын Төв банк арванхоёрдугаар сараас хойш тасралтгүй алт худалдаж авч байгаа бөгөөд бусад арилжааны банкууд нь ч алтны нөөцөө нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч байгаа аж. Дэлхийн алтны зөвлөлөөс гаргасан судалгаанаас харахад БНХАУ-ын Төв банк алтны нөөцөө энэ жилийн эхний хагас гэхэд 374 тонноор нэмэгдүүлсэн байна. Зөвхөн БНХАУ ч бус Энэтхэг, Польш, ОХУ зэрэг дэлхийн олон орон он гарснаас хойш алтны нөөцөө эрс нэмэгдүүлээд байна. Үүнээс үүдэж шинжээчид алтны үнэ унц тутамдаа 1500 ам.долларт хүрсэн нь дөнгөж эхлэл хэмээж байна. Тухайлбал, “Goldman Sachs”-ийн шинжээчид алт үнэ ирэх зургаан сарын хугацаанд унц нь 1600 ам.доллар давна гэсэн таамаг дэвшүүлээд байна. Дэлхийн хамгийн том хүчирхэг улс болох АНУ-ын Төв банк валютын нөөцийнхөө 75 хувийг алтаар бүрдүүлдэг бол Герман 69, Итали 68 хувийг шар металлаар хамгаалдаг.
Сэтгэгдлүүд :