БНХАУ ХОНКОНГТОЙ ЗАЛГАА ШЭНЬЖЭНЬ ХОТОД АРМИА БАЙРЛУУЛЖЭЭ

2019-08-15 02:25:13

Сэжигтнүүдийг шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцэгчдийн жагсаал, суултын улмаас Хонконгийн олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа өнгөрсөн мягмар гарагт дахин саатахад хүрчээ. Дэлхийн хамгийн ачаалал ихтэй нисэх буудлуудын нэг болох Хонконгийн олон улсын нисэх буудалд өнгөрсөн баасан гарагаас хойш эсэргүүцлийн ажиллагаа өрнөж байна. Эсэргүүцлийн ажиллагааны улмаас Хонконгийн агаарын тээврийн компаниуд олон зуун нислэгээ цуцлах болсон. Өнгөрсөн даваа гарагт л гэхэд 200 гаруй нислэг цуцлагдсан бол өнгөрсөн мягмар гарагийн байдлаар 300 гаруй нислэг хойшлогджээ. Өнгөрсөн жил 74 сая жуулчин хүлээн авч, өдөртөө дунджаар 1100 зорчигч тээвэрлэжээ. Эсэргүүцлийн ажиллагаанаас болоод Хонконгийг зорих жуулчдын тоо болон олон улсын нисэх буудлаар нь дамжин нислэг үйлдэх авиа компанийн тоо эрс буураад байгаа юм. Хэрэв энэ байдал цаашид үргэлжлэвэл тус засаг захиргааны эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэдгийг ажиглагчид онцолж байна. Учир нь Хонконг нь агаарын тээврийн салбараасаа ДНБ-ийхээ тав орчим хувийг бүрдүүлдэг. Үүнээс гадна тус засаг захиргааны тэргүүн Кэрри Лам “Хонконгийн нөхцөл байдал улам дордож байна. Жагсагчдыг албадан тараахаас өөр сонголт үлдсэнгүй” хэмээгээд байна. Хонконгийн нисэх онгоцны буудлаас жагсагчдыг хөөн гаргах зөвшөөрлийг агаарын тус боомтын захиргаа шүүхээс авсан гэж “South China Morning Post” сонинд мэдээлжээ. Хонконгт болж буй үйл явдалтай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Хятадын Засгийн газар цэргээ Хонконгтой залгаа хилд байрлуулж байна гэж манай тагнуулынхан бидэнд мэдээлсэн Бүгд тайван, болгоомжтой байх хэрэгтэй” хэмээн жиргэжээ. АНУын төрийн тэргүүн мөн Хятадын засаг захиргааны тусгай бүсэд болж буй эмх замбараагүй байдалд Вашингтоныг холбоотой гэж буруутгасныг ойлгохгүй байгаагаа мэдэгдэв. “Хонконгт болж буй асуудалд олон хүн намайг болон АНУ-ыг буруутгаж байна. Төсөөлөхөд ч бэрх байна” гэжээ. БНХАУ-ын Гадаад хэргийн яам Хонконгийн үймээн самуунд АНУыг буруутгасныг тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео утгагүй зүйл гэж өнгөрсөн долдугаар сард мэдэгдэж байсан юм. Түүнчлэн дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Хонконгтой залгаа Шэньжэнь (Schenzen) хотод Хятад цэргийн хүчээ байрлуулаад байгаа тухай мэдээлэл тархаад байна. Сарын өмнө Хятадын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Ву Циян Хонконгийн удирдлагууд Бээжингээс цэргийн тусламж хүсвэл илгээхэд бэлэн гэдгээ илэрхийлж байсан билээ. БНХАУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа эсвэл эрэн сурвалжилж байгаа хүмүүсийг Хонконгоос эх газрын Хятадад шилжүүлэн өгөх хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал Хонконгт хоёр сар гаруй үргэлжилж байна. Олон нийтийн шахалтаар Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулсан боловч энэ нь эсэргүүцлийн ажиллагааг зогсоож чадаагүй юм. 

Хонконгт өрнөж буй эсэргүүцлийн үйл ажиллагааны талаар дэлхийн улс орнуудын илэрхийлж буй байр суурь:

БНХАУ: Бээжин Хонконгт болж буй эсэргүүцлийн үйл ажиллагааг терроризмын шинжтэй салан тусгаарлах гэсэн үзэл хэмээн тодорхойлоод байна.

АНУ: АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео өнгөрсөн долоо хоногт “Bloomberg” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр Хонконгт хүчирхийлэл, үймээн дэгдээхээс сэргийлж, зөв алхам хийх хэрэгтэй хэмээсэн.

Их Британи: Тус улсын Гадаад хэргийн сайд Доминик Рааб Британийн колони байсан улсад эмх замбараагүй байдал газар авч буйд харамсаж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн өөр нэг улстөрч Хонконгийн иргэдэд Их Британи иргэншил олгох хэрэгтэй гэсэн уриалга дэвшүүлсэн байна.

Канад: Тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо Бээжинд хандаж Хонконгт өрнөж буй эсэргүүцлийн үйл ажиллагааг шийдвэрлэхдээ хүндэтгэлтэй, болгоомжтой хандах хэрэгтэй гэсэн байна.

Европын холбоо: Хонконг болон БНХАУ-ын удирдагчдад хандаж, асуудлыг аль болох хурцатгалгүй, хүчирхийллийн бус аргаар үүсээд буй нөхцөл байдлыг шийдэхийг уриалжээ.

Эх сурвалж: https://edition. cnn.com/asia/live-news/hongkong-protests-airport-chaos-intlhnk/index.html https://www.standard.co.uk/ news/world/chinese-army-masses-in-shenzen-just-across-borderwith-hong-kong-a4212281.html

 

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)