Дэлхийн нефть олборлогч хамгийн том компаниар “Газпром” тодорчээ

2019-08-14 03:56:08

Америкийн “Forbes” сэтгүүлээс гаргасан олборлолтын хэмжээгээрээ дэлхийд томоохонд тооцогддог нефть, хийн нээлттэй хувьцаат компаниудын жагсаалтыг ОХУ-ын “Газпром” тэргүүлжээ. “Газпром” компанийн хувьцаа нь чөлөөтэй арилжаалагддаг, хоногт 8.3 сая торх газрын тос олборлодог түүхий эдийн томоохон үйлдвэрлэгч. Тус компанид дэлхийн байгалийн хийн нийт олборлолтын 13 хувь нь ноогддог. “Газпром” нь АНУ-аас бусад дэлхийн аль ч улсаас илүү их хэмжээний хий олборлодог байна. “Forbes” сэтгүүл тус компанийн хөрөнгийг 84.3 тэрбум ам.доллароор үнэлжээ. Жагсаалтын хоёрдугаарт мөн л ОХУ-ын “Роснефть” компани орсон байна. Тус компанийн хоногт олборлодог нефтийн хэмжээ 5.07 сая торх, нийт хөрөнгө 72.5 тэрбум ам.доллар ажээ. Жагсаалтыг гаргасан шинжээчдийн тооцоолсноор, “Роснефть” нь Саудын Араб болон АНУ-аас бусад аль ч орноос илүү их хэмжээний нефть олборлодог байна. Тус компанид ОХУ-ын нефть олборлолтын 40 хувь нь ноогддог. Гуравдугаарт, хоногт 4.10 сая торх нефть олборлодог Америкийн “ExxonMobil” компани оржээ. Тус компанийн хөрөнгө 390 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн байна. “Forbes”- ийн гаргасан жагсаалтын дөрөвдүгээрт БНХАУын нефть, хийн томоохон корпорац “PetroChina” оржээ. Тус компани хоногт 4.07 сая торх газрын тос олборлодог бөгөөд 303 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй. Жагсаалтын тавдугаарт, Британийн “BP” компани бичигдсэн байна. Тус компани хоногт 3.24 сая торх нефть олборлодог бол хөрөнгө нь 121 тэрбум ам.доллароор үнэлэгджээ. Дээрх жагсаалтын эхний байрт Саудын Арабын “Saudi Aramco” компани орох байсан ч тус компани нээлттэй хувьцаат компани бус төрийн мэдлийнх учир уг жагсаалтыг тэргүүлж чадаагүй байна. Сүүлийн хоёр жил нефтийн үнэ эрс унасантай холбоотойгоор олборлогч компаниудад амаргүй байсныг “Forbes”- ийн шинжээчид тэмдэглэжээ.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)