ДЭВИД СОЛОМОН: ХУДАЛДААНЫ ДАЙНААС ҮҮДЭЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ БОЛОХ МАГАДЛАЛ БАГА

2019-08-14 03:49:53

“Goldman Sachs”-ын гүйцэтгэх захирал Дэвид Соломон “Энэ удаагийн хямрал өнгөрсөн 2007 оныхоос огт өөр байна. Одоо өрнөж буй үйл явдлыг эдийн засгийн хямрал гэж харахгүй байна. Тарифын өсөлтийн дэлхийн эдийн засагт үзүүлэх бодит нөлөө бага байгаа” гэж “CNN” агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. Хэдийгээр тэрбээр эдийн засгийн хямрал хүрээгээ тэлж байгаа гэж бодохгүй байгаа ч АНУ-ын эдийн засгийн өсөлт удааширч, АНУ, Хятадын худалдааны дайн гүнзгийрч буйг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн Дэвид Соломон “Худалдааны дайнаас үүдэж, эдийн засгийн хямрал үүсэх магадлал бага байгаа ч тарифтай холбоотой асуудлыг сайн ажиглах хэрэгтэй. Худалдааны дайн гүнзгийрч буйгаас үүдэж, эдийн засгийн хямрал болох вий гэсэн болгоомжлол үүссэний улмаас дэлхийн зах зээл дээр тогтворгүй байдал үүсч байна” гэжээ. Ерөнхийдөө БНХАУ, АНУ-ын хооронд үүсээд буй худалдааны дайнаас үүдэж, дэлхийн зах зээл дээр тогтворгүй байдал үүсч буйг шинжээчид эдийн засгийн хямрал дагуулах эрсдэлтэй гэж үзэж байгаа юм. Тухайлбал, Билл Клинтоны үед АНУ-ын Сангийн сайдаар ажиллаж байсан Ларри Суммерс өнгөрсөн долоо хоногт “2009 оны санхүүгийн хямралаас хойших санхүүгийн хамгийн аюултай үе байж магадгүй” гэж мэдэгдсэн. Мөн “JPMorgan Chase”-ийн эдийн засагч Жозеф Луптон АНУ-ын эдийн засгийн хямрал ирэх 12 сарын турш улам хүндрэнэ гэж мэдэгдээд байна. Тэрбумтан Жеффри Гундлач өнгөрсөн долоо хоногт “Yahoo Finance”-д өгсөн ярилцлагадаа 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө АНУ-ын эдийн засаг уналтад орох магадлал 75 хувьтай байна гэж хэлсэн нь олны анхаарлыг ихэд татаж байна. 

АНУ-ЫН ТӨСВИЙН АЛДАГДАЛ 866.8 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ДАВЖЭЭ

Трампын засаг захиргаанаас Хятадын 300 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд ноогдуулсан 10 хувийн татвар ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. 2019 оны санхүүгийн жилийн /2018 оны аравдугаар сарын 1-нд эхэлсэн/ эхний 10 сарын хугацаанд АНУ-ын төсвийн алдагдал өнгөрсөн оны ерөнхий үзүүлэлтээс давжээ. 2019 оны санхүүгийн жил гарснаас хойш АНУ-ын төсвийн алдагдал 866.8 тэрбум ам.доллар давсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 27 хувиар, 2018 оны санхүүгийн жилийн алдагдлаас 11 хувиар өссөн үзүүлэлт аж. Өнгөрсөн жил тус улсын төсвийн алдагдал 779 тэрбум ам.доллароор хэмжигдсэн нь 2012 оноос хойших хамгийн дээд үзүүлэлт юм. Аравдугаар сараас долдугаар сарын хооронд АНУ-ын төсвийн орлого өнгөрсөн оны санхүүгийн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад гурван хувиар, харин зардал нь найман хувиар өсчээ. Гэсэн хэдий ч АНУ-ын засаг захиргаанаас ноогдуулсан татвар нь гаалийн татвараас орох орлогыг бараг хоёр дахин нэмэгдүүлсэн байна. Тус улс гаалийн татвараас 57 тэрбум орчим ам.долларын орлого олжээ.

Эх сурвалж: https://edition.cnn. com/2019/08/12/business/ goldman-sachs-ceo-economy-recession/index.html

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)