2020 ОНЫ СОНГУУЛЬ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ДЭЭР УЛСТӨРЧДИЙН ЗӨРЧИЛДӨХ ШАЛТГААН БОЛОВ

2019-08-14 00:45:09

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өнгөрсөн зуны ганц сэдэв байлаа. Бүр цаашилбал, гурван жилийн хугацаанд их, бага хэмжээгээр олон нийтээр хэлэлцүүлсэн, улстөрчид болоод судлаачид байр сууриа илэрхийлсэн ажил юм. Харин одоо УИХаар хэлэлцэгдэх, батлагдах нөхцөл нь бүрдээд байна. Гэхдээ сэдвийн хүрээнд олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн зүйл, заалт гэхээсээ илүүтэй улстөрчдийн үл ойлголцлийн шалтгаанаар саатаад байгаа мэт байдал сүүлийн хэдэн өдөр харагдав. Тодруулбал, УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийсний дараа Ерөнхийлөгчийн зүгээс дахин нэг нэмэлт, өөрчлөлтийн хэмжээтэй санал оруулсан. Түүнд УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, парламентын бүрэн эрхийн хугацааг таван жил болгож сунгах, Ерөнхий сайд дангаараа “давхар дээл”-тэй байх, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, Шүүхийн ерөнхий зөвлөлийг Ерөнхийлөгчийн саналаар томилдог байдлыг хэвээр үлдээх зэрэг заалтууд туссан байв. Хэрэв Үндсэн хуулийн 35-аас дээш хувьд гар хүрэх юм бол нэмэлт, өөрчлөлт бус шинэчилсэн найруулга болж хувирна.Гэтэл Ерөнхийлөгчийн саналууд дангаараа 28.5 хувьд нь хүрч байгаа юм.

УИХ-ын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн хуулийн төсөл бас л дээрхтэй бараг адил хэмжээтэй. Иймээс УИХ-аас тогтоол гаргаж Ерөнхийлөгчийн санал, УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөл хоёрыг нэгтгэж 35 хувьд барих, давхацсан зарчмын зөрүүтэй саналуудыг зөвшилцөж томъёолох ажлын хэсэг гаргасан. Ингээд ажлын хэсгийг саналуудыг томъёолж дуусах хугацааг наймдугаар сарын 9-нөөр тогтоож ээлжит бус чуулганы хуралдааныг түр завсарлуулаад байлаа. 

Ингээд УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төсөл, Ерөнхийлөгчийн саналуудыг нэгтгэн томъёолох ажил хугацаандаа дуусчээ. Харин эрх баригч МАН-ын бүлгийн хуралдаан гурван өдөр сунжрав. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга гурав нэгдмэл саналтай болчихсон гэж цуурах ч хүн байна. Харин МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүдийн хувьд зарим асуудал дээр өөр өөр байр суурьтай байгаагаас ингэж сунжирч байгаа гэнэ. Ерөөсөө УИХ-д 64 суудалтай бүдүүн бүлэг байр сууриа нэгтгэчих юм бол сөрөг хүчний ч оролцоогүй, бүр ард нийтийн санал асуулгын ч шаардлагагүйгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулчих хангалттай хүч л дээ. Тэгвэл ямар асуудлууд дээр байр суурь зөрөөд байна вэ. 

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар бол УИХын гишүүдийн тоог нэмэх асуудлыг зарим гишүүд эсэргүүцэж байгаа аж. Энэ нь Зөвшилцөх ажлын хэсгийг ажиллах хугацаанд гишүүд тойрогтоо ажилласантай ч холбож ойлгож болох мэт. Иргэдийн дунд “Урдаа 76 гишүүнээ яая гэж байхад юун 108 болгох вэ” гэдэг яриа өргөн тархсан. Хууль сан а ачл агчд ын хув ьд 1992 оны Үндсэн хуулийг батлахад манай улсын хүн ам хоёр сая гаруй байсан бол одоо 3.3 сая болж өссөн. Тэгэхээр сонгогчдын тоондоо харьцуулаад нэмэгдүүлэх шаардлага байгаа гэж тайлбарладаг. Өнгөц харахад УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх гээд байгаа мэт боловч өргөн утгаараа 76 гишүүнтэй байх нь олон эрсдэлтэй. Наад зах нь, 39 гишүүнээр ирц бүрдүүлээд 20 гишүүний саналаар хууль баталчих магадлал бий. Тэгж байсан ч удаатай. Гэтэл манай улсад уул уурхай хөгжиж олон улсын томоохон корпорациуд идэвхтэй үйл ажиллагаа явуулах боллоо. Үндэсний хэмжээний томоохон группууд ч улстөрчдийг ивээн тэтгэдэг, түүгээрээ дамжуулан өөрсдөдөө ашигтай хууль батлуулахаар лоббиддог тухай сэрдлэгэ үе үе гарах нь бий. Энэ нөхцөл байдлаа тооцож үзсэн ч олшруулах тал дээр буруутгах аргагүй. Зарим гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 2015 онд АН-ын боловсруулж байсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан шиг 99 гишүүнтэй болгож дундыг барьж магадгүй талаар хэлж байна. Мөн парламентын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох асуудал зарим гишүүдийн дэмжлэгийг авахгүй байгаа бололтой. Яахав сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг байдал дундаа амьсгаа авах талаасаа бол зөв гэх хүн ч байна. Тоймоороо бол Ерөнхийлөгчид зарим зүйл дээр буулт хийх шийдвэрт хүрээд байгаа аж. Тухайлбал, УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг УИХ, мэргэжлийн байгууллага, иргэдийн төлөөллийн оролцоотойгоор санал болгож томилох заалт бий. Энэ нь Ерөнхийлөгчийн ШЕЗ-ийг санал болгож томилуулах замаар шүүхийг атгадаг гэх хардлагыг зайлуулж байгаа юм. Харин Ерөнхийлөгчийн саналд хуучнаар явуулахаар тусгасан. Тэгвэл энэ саналыг нь жаахан өөрчлөөд ерөнхийдөө Ерөнхийлөгчид эрх мэдлийг нь хэвээр үлдээх талаар зөвшилцсөн бололтой. Мөн УИХ-ын гишүүдийн төсөлд Ерөнхий сайдаас гадна дөрөв хүртэлх Засгийн газрын гишүүд “давхар дээл”-тэй байж болох тухай санал бий. Ерөнхийлөгчийн хувьд зөвхөн Ерөнхий сайд ганцаараа УИХ-ын гишүүнээр давхар ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Энэ тал дээр Ерөнхийлөгчийн тааллаар явъя гэсэн буулт байгаа бололтой. 

Харин УИХ-ын гишүүдийн хамгийн гол зөрчил нь сонгуулийн тогтолцоон дээр очоод гацжээ. Энэ магадгүй УИХ дахь МАНын бүлгийн хуралдаан гурав дахь өдрөө сунжирч байгаагийн жинхэнэ шалтгаан болов уу. Товчхондоо, УИХын гишүүдийн тоо 108 боллоо гэхэд 54 нь тойрогт нэр дэвшиж, 54 нь намын жагсаалтаар парламентад сууна гэс эн үг. Ол он сонгогдсон хуучин гишүүдийн хувьд намын жагсаалтыг зөв гэсэн байр суурьтай байгаа аж. Өөрсдөө намын жагсаалтаар УИХ-ын гишүүний сэнтийд амар хялбар аргаар суух нь гэж харж болно. Гэхдээ хашир улстөрчдийн хувьд Монгол Улсыг олон жижиглэж хуваасан өнөөгийн сонгуулийн тогтолцоо нь улсын хөгжилд хориг болоод байгааг анзаарсан байх талтай. 

Улс хэрхэн хөгжиж дэвжих вэ гэхээс илүү яаж өөрийн тойрогтоо нэр алдар олох вэ гэдэг уралдаан явдагаас тэр шүү дээ. Ийм ч болохоор Улаанбаатарт сургууль цэцэрлэг хүртээмжгүй байхад зарим сумдад арав гаруйхан төгсөх ангийн хүүхдэд зориулсан төдий тооны багш шинэхэн сургууль дотроо ажиллаж байдаг юм даа. Бүр бодитой жишээ авья гэвэл хотын түгжрэлийг шийдэж чадахгүй А, Б, С бүс тогтоох дээрээ тулаад байхад баруун аймгуудын зэлүүд талаар засмал зам тавьж байгааг хэлж болно. Яг энэ байдал Хөвсгөл нуур хогондоо даруулчихсан байхад Хэнтий аймагт Андлалын өргөө, элдэв музей барина гээд баахан хөрөнгө чиглүүлчихсэн нөхцөл байдлаас ч анзаарагдаж байгаа юм. Хэн албан тушаалтай, хүчтэй байгаа нь тойрогтоо хөрөнгө оруулдаг гаж тогтолцоо бол 76 жижиг мажиратор сонгуулийн тогтолцооны “хүүхэд” билээ. Харин УИХ-д анх удаагаа сонгогдож байгаа гишүүдийн хувьд сонгуулийн өнөөгийн байдлаа хадгалах хүсэлтэй байгаа аж. Магадгүй хойтон жилийн сонгуулиар өөрийнхөө дөрвөн жилийн хугацаанд “усалсан” тойрогтоо очиж нэр дэвших нь илүү амар гэж тооцоолсон байх. Ялангуяа хотын захын дүүргүүд болоод орон нутгийн сонгогчид нэг сонгосон нэр дэвшигчдээ үнэнч байх магадлал өндөр байдаг. Тэдгээр хүмүүс нь илүү танигдаж, бусдаас олон уулзалт хийж, цөөнгүй худаг нутаг нугадаа гаргаснаараа танигдаад улираад сонгогдоод байх жишигтэй. Тиймээс анх удаагаа УИХ-д сонгогдсон хүний хувьд тойрог томсох, жагсаалтад орох нь эрсдэлтэй л дээ. Нөгөө талаас намдаа олон жил явж, сайд даргыг хэдэнтээ хийсэн хуучин УИХ-ын гишүүд дунд тэр зангарагаараа жагсаалтад багтаад амар болно гэж сэтгэж байгаа цөөн хүн байхыг үгүйсгэхгүй. Ингээд өнөө гурван жил зургаан чуулган дамжуулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл  эрх баригч намын бүлэг дээр очоод гацчих шиг болох юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулбал дахиж найман жилийн хугацаанд энэ асуудлыг дахиж сөхөхгүй байх хуультай. Өнөөгийн жишгээр харах юм бол найман жил нь өнгөрөөд дахиад өөрчлөлт оруулъя гэсэн ч тохиромжтой цаг нь бүрэлдтэл лав арван жил өнгөрөх байх. Ингэхээр энэ удаагийн өөрчлөлт лавтай 20 жилийн настай байх болно. Харамсалтай нь, хойтон жилийн сонгуулиар би сонгогдох болов уу гэсэн цээжний хонжооны маргаан л Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд эргэлзэх шалтгаан болчих шиг болох юм. 

Уг нь эрх баригч нам бүлэг дээрээ нэгдчихвэл УИХын Төрийн байгуулалтын байнгын хороогоор оруулаад “Үүнийг дэмжинэ”, “Тэр томъёолол нь зөв байна” гээд алх цохиод явчихна гэсэн үг. Дараа УИХ-ын чуулганаар хоёрдугаар хэлэлцүүлэг явагдана. Эрх баригч нам УИХ-д 64 суудалтай. Дээр нь бүх ард түмнээр хүлээн зөвшөөрөгдсөн ганц албан тушаалтан болох Ерөнхийлөгчийн дэмжлэг нэмэгдвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад саад алга. Гэвч 2020 оны сонгууль Үндсэн хуулийн өөрчлөлт дээр улстөрчдийн зөрчилдөх шалтгаан болчихоод байгаа нь яаж төгсдөг бол доо. 

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)