ЭНГИЙН АМЬДРАЛ ХОГГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ

2019-08-10 02:42:56

Зеро вейст буюу хог хаягдалгүй амьдралын хэв маяг дэлхий даяар түгэн дэлгэрч байна. Хогоо хогийн саванд хийх, дахин боловсруулах нь хангалтгүй болжээ. Хүн төрөлхтөн жилд хоёр тэрбум тонн хог хаягдал гаргаж байгаа бөгөөд 2050 он гэхэд энэ тоо 3.4 тэрбум тонн болно гэсэн судалгааг Дэлхийн банкнаас гаргаад буй. Одоогийн байдлаар дэлхийн нийт хог хаягдлын ердөө 13.5 хувийг л дахин боловсруулж байгаа аж. Хоггүй амьдралын хэв маягийн гол зорилго нь байгалийн нөөцийг ашиглан эргээд хог хаягдал болгож буй эдийн засгийн системд өөрчлөлт оруулах зорилготой юм. Энэхүү хөдөлгөөнийг санаачлагч, хог хаягдалгүй амьдралын “загалмайлсан эх” гэгдэх Франц Улсын иргэн Беа Жонсон “Хүмүүс энгийнээр амьдарч найз нөхөд, гэр бүлтэйгээ цагаа өнгөрүүлэхийн тулд “zero waste” буюу хог хаягдалгүй амьдралын хэв маягийг сүүлийн үед ихэд сонирхох болсон” гэдгийг онцолж байна. Тэрбээр гэр бүлтэйгээ байр түрээслэхээр болсон учир зөвхөн чухал хэрэглээний зүйлсээ авч нүүсэн аж. Харин энэ үедээ цөөхөн эд зүйлстэй амьдрах нь чухал зүйлсдээ анхаарлаа төвлөрүүлэх боломж олгож буйг анзаарсан байна. Тиймээс тэд чөлөөт цагаараа байгаль орчны асуудлыг хөндсөн баримтат кино үзэж, ном уншиж эхэлжээ. Үүний үр дүнд байгаль орчны өнөөгийн байдлыг ухамсарлан эцэг эхийн хувьд хүүхдүүдийнхээ ирээдүйд санаа зовж байгаль орчинд хор учруулах хэрэглээнүүдээсээ татгалзаж эхэлсэн байна. Тэрбээр хоёр хүү, нөхрийн хамт амьдардаг бөгөөд одоо тэдний хоёр жилийн хог хаягдал ердөө нэг жижиг шилэнд багтдаг болсон аж. Беа Жонсон хог хаягдалгүй, байгальд хор хөнөөлгүй амьдралын хэв маягийг бий болгохын тулд олон зүйлсийг туршиж үзсээр өөрийн “5R” зарчмаа зохиожээ. Үүнд Refuse, Reduce, Reuse, Recycle, Rot гэх таван алхам багтаж байгаа юм. Эхний алхам нь “refuse” буюу худалдан авалт хийхээс татгалзах. Зөвхөн өөрт зайлшгүй шаардлагатай зүйлсээ худалдан авч, сэтгэлийн хөдлөлөөр худалдан авалт хийхгүй байх юм. Хоёр дахь алхам нь “reduce” буюу хэрэглээгээ багасгах. Эхний хоёр алхам нь минимализмын үндсэн санаа болох хэрэглээгээ хамгийн бага гэсэн түвшиндээ хүргэх ойлголтыг агуулж байдаг. Дараагийн алхам нь “reuse” буюу дахин ашиглах. Хаях гэж яаралгүй дахин ашиглаж сурах нь хог хаягдлыг багасгахад нэлээд чухал үүрэгтэй. Дөрөв дэх алхам нь “recycle” буюу дахин боловсруулах. Хүссэн хэмжээгээрээ хязгааргүй хэрэглэн тэр бүхнийгээ дахин боловсруулах нь зеро вейст амьдралын хэв маягийн зорилго биш юм. Тийм ч учраас энэхүү “5R” зарчмыг яг энэ дарааллаар нь хэрэгжүүлэхийг зөвлөдөг байна. Хамгийн сүүлийн алхам нь “rot” буюу ялзмаг болгох, газрын хөрсөнд шингээх юм. 

Д.Ууганзаяа: Хогийн саванд хаяж байгаа хог байгальд хаяж байгаатай адилхан гэдгийг ойлгосон

Манай улсад ч гэсэн сүүлийн үед хог хаягдалгүй амьдралыг эрхэмлэх хүний тоо өсөх болсон билээ.Түүнчлэн залуусыг ийм амьдралын хэв маягт уриалсан фейсбүүкийн групп, хуудас ч бий. Үүний нэг нь “Zero waste Mongolia” фейсбүүк хуудас юм. “Zero waste Mongolia” хуудсын админ Д.Ууганзаяатай уулзан зеро вейст амьдралын хэв маягийг хэрхэн хэрэгжүүлж буй болон ямар бэрхшээлүүд гарч байгаа талаар тодруулсан юм. Тэрбээр “Анх өөрөөсөө гарч буй хог хаягдлыг багасгах шийдвэр гаргаад энэ талаар судалж эхэлсэн. Интернэтээс анхны мэдээллээ авч гадаадын зеро вейст амьдралын хэв маягийг хэрэгжүүлэгч, блог хөтөлдөг хүмүүсийг олсон. Энэ амьдралын хэв маягийг нэг өдөр шийдээд шууд хэрэгжүүлэх боломжгүй. Яагаад энэ сонголтыг хийх ёстой вэ гэдгээ сайн ойлгох хэрэгтэй. Хог хаягдлаа бууруулахыг зорих, энэ сонголтыг хийх шийдвэрийг гаргах үнэт зүйл, өөрийн гэсэн хүч байх юм бол тийм ч хэцүү биш. Жишээ нь өнөөдөр би өдрийн хоолоо захиалж идвэл маш олон хуванцар сав хог болж хоцорно. Үүний оронд гараад идвэл дунджаар нэг цаг зарцуулна гэх мэт алхам тутамдаа сонголт хийх хэрэгтэй болдог. Тэр бүрт аль болох ухаалаг сонголт хийнэ гэдэг дотоод хүсэл тэмүүлэлтэй нь холбоотой. Заавал хэт их хүчилж өөрийгөө зовоох хэрэггүй. Бага багаар эхлэх хэрэгтэй. Крантны усаа болон тог цахилгаанаа хэмнэх, өрөөнийхөө гэрэлнүүдийг унтраах гэх мэт жижиг зүйлээс л эхлэхэд болно. Хүмүүсийн хэрэглээ нь хязгааргүй болчихсон. Гэхдээ ач холбогдолтой хэрэглээ нь маш бага. Миний хувьд гурван жилийн өмнөх хэрэглээнээсээ арван хувийг нь л авч үлдсэн. 90 хувь нь миний сэтгэл хөдлөлийн эсвэл бусдыг даган дуурайх, бусдаас хоцрохгүй байх гэх мэт сонголтуудаас үүдсэн хэрэглээ байсан. Өнөө үед бидэнд маш олон сонголт байгаа учраас үүнийгээ дагаад хэрэглээ нэмэгдсээр байгаа. Энэ нь бид маркетингийн золиос болж байгааг харуулж байна. Худалдан авалт хийхдээ яг өөрийн сонголтоор биш байнга харагдаж, сонсогдож байгаа зүйлсийг ухамсаргүйгээр худалдан авч байгаа нь эргээд байгаль орчинд ямар их хор учруулж буйг бид анзаарахгүй байна. Өмнө нь бол би хогийн саванд хогоо хаячихаад ингээд асуудлыг шийдчихлээ гэж боддог байлаа. Гэвч тэр хог нь хогийн цэгт очоод адилхан л хөрс бохирдуулж байгааг мэдсэн. Тэгэхээр миний хогийн саванд хаяж байгаа хог байгальд хаяж байгаатай адилхан гэдгийг ойлгосон. Одоогоор манай улсад найман төрлийн бүтээгдэхүүн дахин боловсруулах боломжтой байгаа. Тиймээс зайлшгүй гарч буй хог хаягдлаа хогийн саванд хаяхгүйгээр “Царцаа ногоон” үйлчилгээг дуудан дахин боловсруулах үйлдвэр рүү аваачдаг. Манай гэрийхэн гарч буй хог хаягдлаа угааж цэвэрлээд тагтан дээрээ хайрцганд хадгалдаг. Гурав юм уу дөрвөн сар болоод “Царцаа ногоон” үйлчилгээг дууддаг. Эхэндээ би хогоо ангилж хаяхын тулд гурав, дөрвөн хогийн сав гэртээ тавьж байсан. Гэрийнхэн маань ч их төвөгшөөдөг байв. Энэ амьдралын хэв маяг миний сонголт учраас бусдыг хүчлээд байх хэцүү байсан. Гэвч гэрийхэн маань бага багаар дассан. Эхэндээ би хогоо надаа өгчих би цэвэрлээд хадгалъя гэдэг байлаа. Сүүлдээ гэрийхэн маань юуны төлөө хогоо ингэж хайрлаж хамгаалаад байгааг ойлгосон. Тэдэнд ч дадал хэвшил болсон. Одоо бол зайлшгүй гарч буй дахин боловсруулагдахгүй хаягдлын хогийн сав тусдаа, мөн хүнсний хог хаягдал тусдаа саванд байдаг. Бусдыг нь угааж цэвэрлээд, тагтан дээр хайрцганд хадгалаад дахин боловсруулдаг. Гэр бүлээрээ хогийг ангилан хаяж сурсан. Миний хувьд хог хаягдлаа тэг болгох нь туйлын зорилго. Одоогийн байдлаар хог хаягдлаа хараахан тэг болгож чадаагүй л байна. Хүнсний хог хаягдлыг ялзмаг болгох арга хомс байна. Манай улсад чийгийн улаан ашигладаг. Чийгийн улаанд ногооны хальсаа идүүлээд буцаад хөрс болгон гаргадаг. Гэвч энийг энгийн иргэд хэрэгжүүлэх боломж бас хомс. Тийм учраас би хүнсний хаягдлаа уутанд хийгээд л хаяж байгаа. Хүнсний хаягдал учраас байгальд хэсэг хугацааны дараа шингэчих юм даа гэсэн бодлоор хаяад л байна. Мөн гоо сайхны бүтээгдэхүүн болох крем, ингэсэг гэх мэт зүйлсийг зайлшгүй авч байгаа учраас сав баглаа боодлыг нь дахин боловсруулах боломжтойг нь харж байгаад сонгодог. Дахин боловсруулагдахгүй хаягдал маш бага гарч байгаа ч тэрийгээ багасгах зорилготой. Тэг болгохын тулд бизнесийн байгууллага, үйлдвэрлэгчид бодлого явуулах хэрэгтэй. Үйлдвэрлэсэн хог хаягдлаа буцаагаад татах гэх мэт бодлого явуулж бид нарт сонголт өгөх юм бол тэг болгох бүрэн боломжтой шүү дээ. Гадаадад зеро вейст үйлчилгээний байгууллагууд, том дэлгүүрүүд их байдаг. Энэ амьдралын хэв маягийг хэрэгжүүлснээр өөр олон зүйлс өөрчлөгддөгийг анзаарсан. Бодол санааны хувьд ч цэгцэрч эхэлдэг. Миний хувьд олон зүйлсэд санаа зовохоо больж, стресс багассан. Худалдан авалт багасах тусам санхүүгийн хувьд мөн хэмнэлттэй болдог. Яг шаардлагатай байгаа хэдхэн зүйлсээ л худалдаад авчихдаг. Амьдралыг харах өнцөг их өөрчлөгдсөн. Эд хогшилоос илүү өөр зүйл рүү анхаарал хандуулах болсон. Худалдан авалтаас татгалзаад ирэхээр цаана нь байгаа өөр ертөнцийг харж эхэлдэг” хэмээсэн юм.

Энэхүү амьдралын хэв маягийг хэрэгжүүлэх хамгийн эхний алхам нь хог хаягдлын хор уршигийн талаар мэдээлэлтэй болох юм. Байгалийг хамгийн их бохирдуулж буй бидний өдөр тутамдаа хэрэглэдэг бүтээгдэхүүнд хуванцар сав, соруул, шүдний сойз, гялгар уут зэрэг багтаж байна. Энэхүү хуванцар бүтээгдэхүүнүүд байгальд задрахын тулд 500-1000 жил шаарддаг. Энэ сэдвээр дэлгэрүүлэн судлахыг хүсвэл “Sustainable Mongol” гэх подкастыг сонсох боломжтой. Энэхүү подкаст нь “Баяр наадмыг хэрхэн байгальд ээлтэй тэмдэглэх вэ”, “Байгаль хамгаалалд залуучуудын оролцоо”, “Хөрсний бохирдол” гэх мэт сэдвийг хөндөн дугаар бүртээ зочид урин хэлэлцдэг. Дараагийн алхам нь хогоо ангилж хаях юм. Хогоо ангилж хаяснаар дахин боловсруулахаас гадна ямар төрлийн бүтээгдэхүүнүүд хэрэглэн хэр их хог хаягдал гаргаж буйгаа анзаарч эхэлдэг. Одоогоор манай улсад дахин боловсруулж буй найман төрлийн хог хаягдал болох PET, PP, HDPE тэмдэглэгээтэй хуванцар, гялгар уут, картон цаас, үндэсний үйлдвэрлэлийн шил, ундааны лааз, бичгийн цаасаа ангилан хадгалж “Царцаа ногоон” үйлчилгээг дуудан дахин боловсруулах боломжтой. Энэхүү үйлчилгээг авахдаа “Царцаа ногоон” гэсэн фейсбүүк хуудас руу холбогдон гэрийн хаягаа явуулах юм. Нэг удаагийн дуудлага нь 5000 төгрөгний үнэтэй. Мөн “Хогоо багасгая” фейсбүүк группт нэгдэн ангилалтын цэг болон хогоо хэрхэн ангилах тухай мэдээлэл авах боломжтой. “Саруул” хотхоны эсрэг талд байрлах цэгт ангилсан хогоо өөрөө авчирч өгч болох юм.   

Түүний дараа хэрэглэж буй бүтээгдэхүүнүүдээ өөрчлөх, хасах юм. Жишээлбэл, кофены цаасан аяга хэрэглэхийн оронд өөрийн төмөр усны саваа авч явах, дүрдэг цай уухын оронд цайгаа хандалж уух, гялгар уутны оронд даавуун тор хэрэглэх гэх мэт энгийн аргаар хог хаягдлаа багасгаж болно. Мөн өдөр тутам хэрэглэж буй хуванцар хэрэглэлүүдээ  байгальд шингэхүйц материалаар хийгдсэн бүтээгдэхүүнээр солих боломжтой. Хоггүй хэрэглээг дэмждэг, байгалийн гаралтай бүтээгдэхүүн худалдаалж буй “Био амьдрал” д элгүүрийн менежер Э.Шаарийбуугаас зеро вейст бүтээгдэхүүнүүдийнх нь талаар тодруулсан юм. Тэрбээр “Манай дэлгүүр хог хаягдалгүй болон байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд худалдаалдаг. Сав баглаагүй хатуу шампунь, ангижруулагч, дахин ашиглах боломжтой нүүр цэвэрлэгч хөвөн болон эсгий саван гэх мэт бүтээгдэхүүнүүд байна. Эсгий саван нь дотроо савантай, гадна талдаа эсгий учраас норгоод ашиглахад зөөлөн бие угаагч болж өгдөг. Мөн эсгий нь байгальд нэг жилийн дотор шингэдэг. Дахин ашиглах боломжтой ган соруул, нэг удаагийн халбага сэрээ ашиглахын оронд авч явах зориулалттай модон халбага сэрээнүүд байгаа. Энэ модон халбага, сэрээг тэтгэвэрт гарсан эмээ өвөө хоёр хийж манайд зардаг юм. Хуванцар сойзны оронд ашиглах хулсан сойз, сэндвичээ хийгээд явах зориулалттай даавуун хүнсний уут байна. Луффа гэх ургамлын үрээр хийсэн байгальд бүрэн шингэх бие угаагч болон аяга таваг угаагч байгаа. Том савалгаатай байгалийн гаралтай, химийн бодисгүй аяга таваг угаагч, угаалгын шингэн, угаалгын хувцас ангижруулагч байна. Хүмүүс өөрсдөө саваа авчраад шингэнүүдээ хийгээд авч явдаг учраас мөн хог хаягдалгүй. Бид бас шилэн саванд хийж өгөх боломжтой. Мөн манайх “Идэж болох зүйлсээ нүүрэндээ болон биендээ түрх” гэсэн уриатай. Байгалийн гаралтай, ургамлын тосноос гаргаж авсан нүүрний тос өөрсдөө хийх сургалт дэлгүүр дээрээ явуулдаг” гэв. Энэхүү дэлгүүрээс нэг удаагийн хуванцар хэрэглээгээ орлуулах бүтээгдэхүүнүүдийг худалдан авах боломжтой юм.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)