Н.Энхбаяр иргэдийнхээ эрүүл мэндээр улстөржив

2015-12-27 15:22:47

Хүүхэд өвдөх, хөгшид чилээрхэх шиг хүнд бэрх даваа хүний амьдралд байдаггүй гэж... Туйлын үнэн гэмээр энэ үгний цаана манай улсын эрүүл мэндийн салбарын уналт, доройтол чирэгдэж явдаг нь үнэн. Дүүргийн эмнэлэгт очиж үзэх нь ээ, хонгилд нь зассан төмөр орон дээр хэзээ эдгэхээ ч мэдэхгүй шаналах өвчтөн бүрийн итгэл найдвар замхраж одох шиг санагдах нь ч бий. Ийм бэрхшээлийг туулж гарсан тохиол бичигч надад ч бий. Харамсалтай нь, өнөөдөр Монголын эрүүл мэндийн салбар зүг чиггүй бужигнаж, эзэн хариуцагчгүй хөл дор гишгэлэх нь халгүй боллоо. Үүний шалтгаан нь Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба хийгээд Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийн баривчилгаа. Хэдийгээр Монголын мянга, мянган эмч энэ хоёр хүний оролцоогүй өвчтөнөө үзэж, эмчилж байгаа ч бодит нөхцөл байдал дээр санхүүгийнх нь менежментийг хийх, бодлогыг нь барих удирдлага гэдэг яалт ч үгүй онц ач холбогдолтой албан тушаал. Гэтэл өнөөдөр сар гаруйн хугацаанд Засгийн газар Эрүүл мэнд, спортын сайдаа батламжилж чадсангүй. Энэ нь МАХН-ын дарга Н.Энхбаярын эрх ашигтай холбоотой гэдгийг уншигч олон мэднэ. Тэрбээр өөрөө Шадар сайд болж, одоогийн Шадар сайд Д.Оюунбаатарыг Эрүүл мэнд, спортын сайдаар томилуулах саналаа илэрхийлсэн.

Уг нь Н.Энхбаяр гэж хүний хувьд өнгөрсөн хугацаанд улс төрийн зорилтот ажиллагаанаас болж эрүүл мэндээрээ хангалттай төлбөр төлсөн хүн. Тэрхүү өртгийг нь үнэлэх ч боломжгүй. “Хүний амийг үнэлж барахгүй” гэдгээр жишвэл шүү дээ. Гэвч энэ удаад тэрбээр иргэдийнхээ эрүүл мэндийг бодсонгүй. Өвчин, шаналалд хүн ямар их төлбөр төлдгийг эрх мэдлийн төлөө шунах шуналдаа дарлуулаад мартчихлаа. Одоогийн байдлаар энэ салбарт 7,8 тэрбум төгрөгийн өр хуримтлагдаж, тооцоогоо нийлж дуусгахгүй бол өвчтнүүдийг эмнэх эм, тариа өгөх боломжгүй болчихсон байгаа. Хэдийгээр ирэх оны төсөвт 800 гаруй тэрбум төгрөг суулгасан ч энэ нь 2016 оны нэгдүгээр сарын 1 болохтой зэрэгцэн зарцуулалтгүй гацна. Гарын үсэг зурах сайдгүй гэдэг шалтгаанаар. Ийм байхад Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын албыг хашиж байсан Н.Энхбаяр гэдэг хүнд эрүүл мэндийн салбараар бойкот зарлах хэрэг бий юу. Гайхмаар.

Гол нь ийм нэг хүний эрх ашгийн огтлолцлыг хэрхэн хангах вэ гэдэгт Ерөнхий сайд хариулт олохгүй гацсан гэж байгаа. Уг нь тэрбээр ЭМШУИС-ийн захирал Ц.Лхагвасүрэнг санал болгоод байгаа. Түүний хувьд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй нэг баг болон амжилттай ажиллаж байгаа нэгэн. Өнгөрсөн сард гэхэд сургуулиа орчин үеийн технологиор бүрэн хангагдсан долоон давхар номын сантай болгосон. Мөн сургуулийнхаа дэргэдэх эмнэлгийг Японы санхүүжилтээр шинэчилж, улсын эмнэлгүүдээс хамгийн орчин үеийн оношлогооны тоног төхөөрөмжтэй болгож чадсан.

Гэвч түүнийг Ерөнхийлөгч асан тоож ч үзэхгүй байгаа гэх. Өөрийнх нь намын хүн л зөвхөн Эрүүл мэнд, спортын яамыг удирдах ёстой гэдгээр. Тэгвэл энд ямар ашиг сонирхол байна вэ. Мэдээж нэгдүгээрт дээр бичсэнчлэн Шадар сайдын албыг хувьдаа авах. Хоёрдугаарт санхүүгийн сонирхол байхыг үгүйсгэх аргагүй. Учир нь, УИХ-ын гишүүн О.Баасанхүү Г.Шийлэгдамбыг Эрүүл мэнд, спортын сайдаар томилогдохтой зэрэгцэн “Намынхаа хүмүүсийг албан тушаалд томилох. Тэр хэрээр санхүүжилт босгох, ядаж л энд тэнд уулзалтад очиход хань болоод явах дарга хэрэгтэй байна. Иймд намаа бодож хүмүүсийг ажилд ав” гэх утгатай шаардлага тавьж байсан тухайгаа нэгэн ярилцлагадаа онцолсон байсан. Энэ бол санаа. Тодруулбал, лавшруулан бодох гэсэн үг. Дээр нь эрүүл мэндийн салбарт улсын төсвөөс хамгийн их санхүүжилт төвлөрдгийг бодсон ч тэр. Иймд МАХН-ын дарга Н.Энхбаяраас  “Эрүүл мэндээрээ хохирсон та иргэдийнхээ эрүүл мэндээр улстөржих нь зөв үү” хэмээн асуумаар.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)