Томоохон компаниудын ашиг өсчээ

2019-08-09 03:52:17

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй томоохон хувьцаат компаниуд хагас жилийн тайлангаа олон нийтэд нээлттэй танилцуулж эхлээд байгаа билээ. Одоогоор АПУ, “Монгол Базальт”, “Ард санхүүгийн нэгдэл” , “Ард даатгал”, “Ард кредит” компаниуд үйл ажиллагаагаа ил тод болгожээ. Харин өнөөдрөөс “Түмэн шувуут”, “Говь”, “Мах импекс”, “Талх чихэр”, “Сүү”, “Инвескор ББСБ”, “Таван толгой”, “Хөвсгөл Алтан Дуулга”, “Мандал Даатгал”, Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн “Монгол шуудан”, “Мик Холдинг”, “Дархан Нэхий” гэх мэт компани хагас жилийн тайлангаа хуваарийн дагуу дараалан мэдээлэх аж. Уг тайланг дөрөв дэх жилдээ гаргаж байгаа бөгөөд өчигдрийн байдлаар ил тод мэдээлсэн зарим компанийн үйл ажиллагаа, хувьцаа, хөрөнгийн мэдээллийг тоймлон хүргэе.

ТҮҮХЭНДЭЭ ХАМГИЙН ӨНДӨР БУЮУ 48.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ЗАРЛАВ

АПУ компанийн гаргаж буй бүтээгдэхүүний нэр төрөл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар нэмэгдэж, 308 нэр төрлийн 62.9 сая литр бүтээгдэхүүн зургаан сарын хугацаанд борлуулсан байна. Харин АПУ ХК болон түүний охин компани ес болж өргөжин, эдгээрт нийт 2031 ажилтан ажиллаж байгаа аж. Үүнд, “Депод” ХХК, “Улаанбаатар спирт” ХХК татан буугдаж, холбогдох эрх, үүрэг хувьцаа эзэмшигч АПУ ХК-д шилжсэн. Бүтээгдэхүүний багцад вино орж эхэлсэн. 30 шинэ болон шинэчилсэн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргасан гэх мэт гол үйл явдлыг дурдаж болох юм. Тус компани улсад 140 тэрбум төгрөгийн татвар төлсөн нь өмнөх оны үзүүлэлтээс 17 хувиар өссөн. Хүү, татвар, элэгдэл хорогдлын зардлаас өмнөх ашгийн хэмжээ буюу EBITDA нь өмнөх оны мөн үетэй ижил түвшинд буюу 56 тэрбум төгрөг гарсан үзүүлэлттэй байна. Түүнчлэн цэвэр борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад есөн хувиар өсч, 218 тэрбум төгрөгт хүрсэн гэдгийг АПУ ХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Г.Энхбилэг танилцууллаа. “АПУ” ХК хагас жилийн байдлаар хувьцааны арилжааны үнийн дүнгийн эрэмбээр нэгдүгээрт, тоо хэмжээний эрэмбээр хоёрдугаарт жагссан байна. Хөрөнгийн бирж дээрх зах зээлийн үнэлгээ өндөр 30 компани нийт зах зээлийн үнэлгээний 90.7 хувийг эзэлж байгаа бөгөөд үүнээс АПУ ХК хамгийн өндөр үнэлгээтэй буюу нийт үнэлгээний 26 хувийг эзэлж байна. Ийн хувьцааны хаалтын дундаж ханш 601.5 төгрөг хамгийн өндөр хаалтын ханш 666.3 төгрөг буюу ногдол ашиг зарласны дараа өдрийн ханшаар хамгийн бага хаалтын ханш 599 төгрөгт хүрч байгаа аж. 

Нийт активаас эргэлтийн хөрөнгө 36 хувь, эргэлтийн бус хөрөнгө 64 хувь, нийт пассиваас өр төлбөр 20 хувь, эздийн өмч 80 хувь байна. Үүнд хөрөнгийн үнэлгээний нөлөөлөл буюу дахин үнэлгээний нөөц өссөнөөр эздийн өмчийг өсгөсөн бол өр төлбөрийн хувь хэмжээ нэмэгдсэн нь ногдол ашгийг зарласантай холбоотой хэмээн тайлбарлаж байна. Харин АПУ ХКийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд болж, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг гурван жилийн хугацаагаар сонгожээ. “АПУ” ХК-ийн 2019 оны хоёрдугаар сарын 19-ны өдрийн №19/02 тоот ТУЗ-ын тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 46 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн бөгөөд өнгөрсөн 10 жилийн түүхэнд хамгийн өндөр буюу нийт 48.9 тэрбум төгрөгийн ногдол ашгийг зарласан билээ.

УТААГ БУУРУУЛАХ ДУЛААЛГЫН МАТЕРИАЛД НОГООН ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙГАА

“МОНГОЛ БАЗАЛЬТ”: Монголын хөрөнгийн биржийн хоёрдугаар ангилалд бүртгэлтэй “Монгол Базальт” хувьцаат компани нь үйлдвэрийн бүтээмжийг нэмэгдүүлж цагт нэг тонн эрдэс хөвөн үйлдвэрлэдэг байсныг 1.5 тонн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлснээр энэ оны хагас жилийн байдлаар борлуулалтын орлого 1.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 478.7 сая төгрөг буюу 74.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Түүнчлэн энэ онд үйлдвэрлэлийн бүтээмжийг хоёр дахин их буюу цагт хоёр тонн эрдэс хөвөн үйлдвэрлэхээр шугамын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж байгаа аж. Ингэснээр борлуулалтын орлогыг дөрвөн тэрбум төгрөгт хүрэх боломжтой гэнэ. Тус компани нийт 123.3 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд нэгж хувьцаанд 2.19 төгрөг ногдож байгаа аж. Түүнчлэн Дархан-Уул аймагт борлуулалтын төвөө нээж, нийт иргэдэд утааг бууруулах базальтвүүл чулуун хөвөн дулаалгын материал худалдан авч хэрэглэхэд нь зориулж ногоон зээл олгож байгаа гэнэ. Таван сая төгрөг хүртэлх уг зээлийг Хас банктай хамтран гурван жил хүртэлх хугацаанд, жилийн найман хувийн хүүтэй олгож байгаа юм. 

ОЛОН НИЙТЭЭС ХӨРӨНГӨ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЭХ АНХНЫ САНГ БАЙГУУЛНА

 “АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ” ХК: Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Жинст Увс” ХК-д “Ард санхүүгийн нэгдэл” хаалттай хувьцаат компанийг нэгтгэснээр “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн үнэт цаасыг өчигдрөөс арилжаалж эхэллээ. Энэ нь МХБ-ийн үнэт цаасны 6031 дэх удаагийн арилжаа болж байна. “Ард санхүүгийн нэгдэл” 7.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь компанийн хувьд хамгийн их ашигтай үзүүлэлттэй хагас жил болсон байна. 2018 онд зургаан компанид шинээр хөрөнгө оруулалт хийснээр хөрөнгө оруулалттай компанийн тоо 15 болжээ. Ийн нийт хөрөнгийн хэмжээ 73.1 тэрбум төгрөгт хүрээд байгаа аж. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.6 тэрбум төгрөгөөр буюу 21 хувиар өсчээ. Энэхүү өсөлтөд “Ард кредит ББСБ” ХК-ийн IPO голлох нөлөөг үзүүлж, эзэмшлийн хувийн үнэлгээ нь 10 тэрбум төгрөгөөр өссөн байна. Түүнчлэн “Ард апп”- ыг олон нийтэд танилцуулснаар хэрэглэгчийн тоо нь 140 мянгад хүрсэн бөгөөд “Ард санхүүгийн нэгдэл”-ийн хөрөнгө оруулалттай компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг аппликейшнд бүрэн оруулахаар төлөвлөөд байгаа аж. Хамтын хөрөнгө оруулалтын сан байгуулах “Ард менежмент” ХХК-ийн хүсэлтийг СЗХ-ноос зөвшөөрсний дагуу энэ оны хоёрдугаар хагаст “Үндэсний хувьчлалын сан”-г үүсгэн байгуулж, олон нийтээс хөрөнгө төвлөрүүлэх гэнэ. Энэхүү сан нь Монголд олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэх анхны хөрөнгө оруулалтын сан болох юм. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)