Баяр тэмдэглэх, аялах, зугаалах, амрах, суралцахаас эхлээд эрүүл мэндийн асуудал тохиолдоход хүртэл бүхий л зүйлд санхүүгийн бэрхшээл тулгардаг. Энэ үед мөнгөн хуримтлал, хадгаламжгүй бол бусдаас зээлэхээс өөр сонголтгүй. Бусдаас зээллээ гэхэд зээлсэн мөнгөн дээрээ хүү нэмж төлөх хэрэгтэй болдог. Тэгэхээр зээл гэдэг нь үндсэндээ ирээдүйд олох орлогоо урьдчилан үрж, зарцуулж буй хэрэг юм. Шаардлагатай мөнгөө зээлээр олж авсан ч буцааж төлөхдөө бүсээ чангалж амьдрах иргэн олон. Гэхдээ бүсээ чангалаад, зээлээ хүүтэй нь төлж чадаж байгаа хүн өөрөө хичээвэл хуримтлал үүсгэх боломжтой гэнэ. Хэрэгцээтэй үедээ мөнгө зээлэхийн оронд хуримтлал үүсгэснээр өөр хүнд хүү төлөх бус, харин эсрэгээрээ хуримтлуулсан мөнгөө бусдад зээлж хүү авах боломжтой болно гээд ашиг тустай. Хуримтлал бол цалингийн их багаас илүүтэйгээр санхүүгийн сахилга батаас хамаардаг зүйл аж. Хуримтлалтай болсноор таны орлого хумигдах үед, ирээдүйд хүүхдүүд томрох үед гээд бидний ярьдгаар “тулсан үед” санхүүгийн хувьд асуудалд орохгүй байх боломжтой болдог.
Эдийн засагчдаас мөнгөн хуримтлалы н талаар асуудаг хамгийн түгээмэл асуулт бол “мөнгөө яаж хурдан өсгөх вэ, аль нь илүү найдвартай вэ” хэмээх асуулт гэнэ. Мөнгөө цуглуулж, өсгөнө гэдэг нь нэг төрлийн хөрөнгө оруулалт хийх шийдвэр учраас өгөөж болон эрсдэлийг нь харьцуулах сонголттой тулгардаг. Жишээлбэл, сугалаа, мөрийтэй тоглоом, пирамид схем зэрэг нь өндөр өгөөж амлах ч, дагаад өндөр эрсдэлтэй эсвэл хууль бус. Хувьцаа, бонд, үнэт цаас, банкны хадгаламж гэх мэт санхүүгийн зах зээл дээрх түгээмэл бүтээгдэхүүнүүд ч дотроо эрсдэл, өгөөжөөрөө ялгарна. Энэ үед “Бүх өндгөө нэг сагсанд бүү хий” гэсэн хөрөнгө оруулалтын алтан дүрмийг ойлгох хэрэгтэй байдаг. Тодруулбал, бүх мөнгөө эрсдэлтэй зүйлд өгөх биш, тараан байршуулахыг зөвлөж байна. Мөнгөө хадгалахдаа хэд хэдэн банкинд тарааж байршуулахаас гадна бусад хэлбэрийн хөрөнгө оруулалт хийж болно. Ингэхдээ хүү багатай ч найдвартай хувилбараас эхлээд, мөнгөө алдсан ч алдагдал бага, өгөөжтэй зүйлсэд хөрөнгө оруулах нь зөв шийдвэр байдаг аж. Тиймээс хуримтлал үүсгэхийн тулд танд юу хэрэгтэй талаар зөвлөгөөг хүргэе.
МӨНГӨНИЙ ҮНЭ ЦЭНЭ УНАСАН Ч БАНКНЫ ХАДГАЛАМЖ БОДИТ ӨГӨӨЖТЭЙ
Манай улсад 20 сая төгрөг хүртэлх банкны хадгаламж даатгагддаг т ул хуримтлал үүсгэх боломжийн сонголт юм. Мөнгөө гэртээ байлгаснаас мэргэжлийн газарт гэрээ хийгээд хадгалах нь илүү найдвартай. Банкуудын төгрөгийн хадгаламжийн хүү нь жилдээ 13 орчим хувь байдаг учраас мөнгөний үнэ цэнэ унасан ч бодит өгөөжтэй байдаг аж . Банкны хадгаламж нь эдийн засгийн байдал, компанийн ашигт ажиллагаанаас хамаарч үнэ ханш, эргэн төлөлт нь х элбэлзэж өөрчлөгддөг хөрөнгийн захын бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад илүү тогтвортой юм.
БАНК ДАМПУУРВАЛ 20 САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЛХ ХАДГАЛАМЖИЙН МӨНГИЙГ ШУУД БУЦААН ОЛГОНО
Мөнгөө хадгалуулах банк аа сонгохдоо аль бүтээгдэхүүнийг сонгохоо шийднэ. Энэ үед банк болон бүтээгдэхүүний өгөөж, эрсдэлийг харьцуулах шаардлагатай гэнэ. Банкууд зээл олгохдоо тухайн зээлдэгчийн эрсдэлийг тогтоодог. Эрсдэл хэр өндөр байна тэр чинээгээр зээлийн хүү өндөр байна. Хэрэв муугаар бодож мөнгөө хадгалуулсан банк чинь дампуурлаа гэхэд Монгол Улсад 20 сая хүртэлх төгрөг даатгагдсан ч үүнээс дээш хадгаламжийн мөнгийг банк эргүүлж төлөхөд хугацаа их орохоос гадна өртөг ихтэй гэдгийг анхаарахыг зөвлөж байна.
ХАРИЛЦАГЧ БАНКНЫХАА САНХҮҮГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ СУДЛААРАЙ
Мэргэжлийн байгууллагуудын хийсэн шинжилгээ, тайлангийн үр дүнг харах нь хуримтлал үүсгэх банкаа сонгоход хамгийн ухаалаг алхам гэнэ. Үүнд банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, банкны зээлжих зэрэглэл гэсэн үнэлгээг харах хэрэгтэй байдаг аж. Зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг зохицуулагч буюу Төв банкнаас тогтоож өгдөг. Харин хэрхэн хангаж буй биелэлтээ банкууд улирал тутам вебсайт дээрээ нийтлэхээс гадна жилийн тайландаа нийтэлдэг. Зээлжих зэрэглэлийг “Moody’s”, “Fitch”, “Standard & Poors” зэрэг байгууллагууд тогтоодог. Банкууд хадгаламж татахаас гадна олон улсын зах зээл дээрээс мөнгө босгох, бусад санхүүгийн байгууллагуудаас мөнгө зээлэх тохиолдолд итгэлийг нь хүлээх шаардлагатай. Энэ үед зээлжих зэрэглэл тогтоогч мэргэжлийн байгууллагуудын үнэлгээ нь шийдвэр гаргахад ашигладаг нэг чухал үзүүлэлт болдог. Зээлжих зэрэглэлийн тайланг эдгээр байгууллагуудын хэвлэлийн мэдээ, цахим хуудаснаас гадна банкууд өөрсдийн вебсайт дээрээ тавих нь бий.
Харилцагч банкныхаа санхүүгийн эрүүл мэндийн байдлын талаарх эдгээр мэдээллийг уншиж сурах нь хувь хүнд зайлшгүй байх ёстой суурь мэдлэг бөгөөд, мэргэжлийн түвшний санхүүгийн мэдлэг шаардахгүй гэнэ. Банк нь эздийн өмч буюу өөрийн хөрөнгийн 12 хувийг ашиглаж бусдаас татсан хөрөнгө, мөнгөөр хөшүүрэг хийдэг бизнес учраас санхүүгийн эрсдэлийг бууруулах нарийн харьцаануудыг тогтоож өгөх шаардлагатай. Үүнийг зохистой харьцааны шалгуур үзүүлэлт гэж нэрлэдэг аж. Эдгээр санхүүгийн үзүүлэлтүүд нь тухайн банкныхаа эрүүл мэндийг илэрхийлнэ. Банк нь эхний шаардлагаар хадгаламж эзэмшигчийн мөнгийг гаргаж өгөх үүрэгтэй, төлбөр түргэн гүйцэтгэх чадамжтай байх ёстой гээд олон чухал дүрмийг мөрддөг бөгөөд үүнийг зөрчих эрсдэлээс эдгээр харьцаанууд урьдчилан сэргийлж өгдөг гэнэ.
Сэтгэгдлүүд :