УИХ-ЫН НАЙМАН ГИШҮҮН ЖДҮХС-ГААС АВСАН МӨНГӨӨ ББСБ, ЛОМБАРДАД ОРУУЛЖ ХҮҮЛСЭН ҮҮ

2019-08-08 12:09:26

УИХ-ын гишүүн О.Баасанхүү үе үе Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан асуудлыг хөндөж, дуугардаг. Үнэндээ УИХ-д байгаа эрх баригч намын 64 гишүүний хэн нь хэнийгээ гэж энэ сэдвийг сэвээд байх вэ дээ. АНын хувьд ч ухаад явбал өөрсдөд нь хүртэл наалдчих эрсдэлтэй болохоор тэгэсгээд хаячихсан асуудал. Тийм болохоор УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн үгийг олон нийт анхаарч хараад байдаг юм. Тэрбээр Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын дарга нарт албан бичиг явуулж ЖДҮХСгаас зээл авсан хэргийн явцын талаар мэдээлэл хүсчээ. Түүнийх нь хариу ч ирсэн гэнэ. Тиймээс өчигдөр хэд хэдэн мэдээллийн хэрэгсэлд ижил агуулгатай ярилцлага өгчээ. Ярилцлагадаа “Зээл авсан хүмүүс дунд ломбард, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоотой нийт 34 байгууллага байсан байна. 34 дотор 11 нь албан тушаалтантай хамааралтай байсан байгаа юм. Албан тушаалтантай холбоотой гэдэг нь манай УИХын гишүүдтэй гэсэн үг. Эдгээр нь мөнгө угаасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн эсэхийг шалгахад найман үйлдэл тогтоогдсон байгаа гэж байна. Өндөр хүүтэй хадгаламж руу мөнгөө оруулж хүүлсэн найман үйлдэл гэсэн үг. Анх хэвлэл мэдээллээр мэдээлэл УИХ-ЫН НАЙМАН ГИШҮҮН ЖДҮХС-ГААС АВСАН МӨНГӨӨ ББСБ, ЛОМБАРДАД ОРУУЛЖ ХҮҮЛСЭН ҮҮ гарахад 49 гишүүн өөрийн болон хамаарал бүхий этгээддээ зээл авсан гэсэн. Энэ гишүүд өөрийн аж ахуй нэгжид зээл авсан, өөр бусдад зээл авахад зуучилсны төлбөрт хахууль авсан, бага хүүтэй хүүг банк бус, ломбардаар дамжуулж 30 хувийн хүүтэйгээр бусдад зээлсэн, ямар ч төсөлгүйгээр мөнгө авсан гэсэн ийм төрлүүдээр авсан байгаа юм” гэхчилэн ярьжээ.

Ийнхүү сураг алдарсан хэргийн зах зух дуулдлаа. Ер нь бол Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотойгоор УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа прокуророос өнгөрсөн жилийн намар УИХ-д оруулж хэлэлцүүлж байлаа. Тухайн үед парламентын гишүүд ангийнхаа нөхдийн хэнийг нь ч явуулаагүй. Ерөнхий прокуророор ажиллаж байсан М.Энх-Амгалан түүнд нь дургүйцэн чуулганы үеэр УИХ-ын гишүүдэд хандаж “Цаад талын үндэс суурийг нь өөрчлөх эсэх нь миний асуудал бишээ. Тэр бол та нарын асуудал. Бүх хэрэг дээр хэрэг нээгээд шалгаад явдаг. Монгол Улсын хуулийг та нар баталж байгаа. Тэгчихээд эцэст нь хууль хэрэгжүүлж байгаа хүмүүс рүү дайраад байж болохгүй. Та нар асуудлаа ялгаж салгаж ойлго. Юм л бол Хууль зүйн сайдаас асууя. Тэр хэрэг яав ийв гэх юм. Тэр асуудлыг Хууль зүйн сайд мэдэхгүй. Хууль зүйн сайд оролцох эрхгүй. Аливаа тохиолдолд шударга ёс гэж байх ёстой. Би гурван гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирсэн. Та хэд хаацайлаад л үлдэж байна. Түдгэлзүүлэхгүйгээр шалга гэх юм. Энгийн иргэн, бүрэн эрхтэй гишүүн хоёрыг шалгах өөр шүү. Шударга ёс чинь энэ юм уу. Би шударга ёс тогтоох гэж оруулж ирсэн” гэж байв. Бас нэгэнтээ “Дахиад ч бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр УИХ-д оруулж ирэх гишүүд байгаа. Манай албан хаагчдыг байцаалт авах үеэр өрөөнд дарамталсан, хэл амаар доромжилсон хүмүүс ч бий. Тэднийг удахгүй зарлана” гэсэн удаатай.

Түүнээс хойш олон явдал болж өнгөрлөө. ЖДҮХС-гаас зээл авахдаа албан тушаалын байдлаа ашигласан, хувьдаа авч зориулалтын бусаар ашигласан УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгахаар хөөцөлдөж байсан М.ЭнхАмгалан өнгөрсөн хавар албан тушаалаасаа хусагдлаа. Хууль шүүхийн байгууллагуудад хийсэн цэвэрлэгээний хамгийн харамсмаар явдлын нэг нь М.Энх-Амгаланг албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэр байх шүү. Яагаад харамсаад байна гэхээр түүнээс хойш ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой хэргүүд хөшигний ард орчихсон юм. Буруу санаагүй бол сүүлд нь АТГ-аас УИХ-ын хэдэн гишүүнд ЖДҮХС-гийн зээлтэй холбогдолгүй болох бичиг хийж өгсөн байх. Нэрээ цэвэрлэлээ гээд УИХ-ын гишүүд сошиалаар хөөрцөглөөд, зураг хөрөг харуулаад байсан даа. Гэхдээ цаана нь өчнөөн хүний хэрэг үлдсэн гэдгийг О.Баасанхүүгийн тодруулгаас харлаа. Лав л 11 албан тушаалтантай холбоотой хэргийн найм нь мөнгө угаасан гэмт хэргийн шинжтэй гэдэг нь тогтоогдсон юм байна.

Одоо тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү үнэн ярьсан эсэхийг бид Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас асуух хэрэгтэй. Ингэхдээ яг хэн, хэнийг ямар хэрэгт сэжиглэж шалгаж байгааг ч мэдмээр байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд Б.Жаргалсайхан прокурор ажлаа хүлээж авч байсан. Дөрвөн сарын хугацаа гэдэг бол ажлын байртайгаа танилцах, прокурор дээр овоорсон хэргүүдийг мэдээллийг үзэхэд хангалттай урт хугацаа. Тиймээс прокурорын байгууллага мэдээллээ ил болгож хэн хэнийг ямар хэргээр шалгаж байгаагаа олон нийтэд мэдээлэх нь зөв. Хэрэг хийгээгүй хүнийг гэмт хэрэгтэн мэт харагдуулах ёсгүй гэдэг өнцгөөс мэдээлэхгүй байгаа байж магадгүй. Гэхдээ гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж мөрдөх байгууллагууд нь тогтоосон бол сэжиглэн шалгаж байгаа гээд хүмүүсээ зарлаж болно шүү дээ. Ингэхгүй бол үнэхээр улцгар унжгар байна. Бараг ЖДҮХСгийн хэрэгт холбогдсон хүмүүсийг хамгаалаад, мартуулах гээд байгаа юм биш биз гэсэн хардлага ч төрөхөөр удаан хугацаанд чимээгүй байлаа.

Үнэхээр УИХ-ын найман гишүүн жилийн гурван хувийн хүүтэй тэрбум шахам төгрөгийн зээл авчихаад түүнийгээ банк бус санхүүгийн байгууллага, ломбардаар дамжуулж хүүгийн орлого олж байсан бол монголчууд мэдэх ёстой. Төрийн өндөр албан тушаалтан зээл авч болохгүй гэсэн хууль байхгүй. Үүнийг ч холбогдсон УИХ-ын гишүүд хэлж биеэ өмөөрдөг. Тэгвэл УИХ-ын гишүүн, өөр хэн ч бай жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх ёстой сангаас их хэмжээний мөнгийг гурван хувийн хүүтэй аваад 30 хувийн хүүтэй зээлүүлж ашиг олж болдоггүй юм. Хувь хүний ёс зүйгээ гээсэн адгийн хэрэг гэдэг чинь, энэ. Хэрэв УИХ-ын гишүүд үнэхээр мөнгө хүүлээгүй юм бол тэрийг бас нэг талд нь гаргаж нийтэд мэдээлэх нь хуулийнхний үүрэг байх. Энэ төр засгийг амтай болгон зүхэх шалтаг шалтгаанууд хуримтлагдаж явсаар улс орны нийгмийн тогтвортой байдал, төрийн засаглал, ардчилалд гай тарина шүү. Нийгмийнхээ эрүүл мэндийн төлөө зүтгэдэг, хуульт ёсыг хамгаалдаг байгууллагууд үүнийг бодолцдог байх аа.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)