ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР ЗАЛУУСТ МЭДЭЭЛЭЛ ХҮРТЭЭМЖГҮЙ БАЙНА

2019-08-08 12:02:32

 “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүүн Т.Амарзаяатай ярилцлаа. 

-Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн талаар залууст мэдээлэл хүргэх зорилгоор иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл нэгдэж, өөрсдийн байр сууриа илэрхийлжээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх гэж байгаа тухай хүн бүр ямар нэгэн байдлаар мэдээлэл авсан байх. Гэхдээ яг ямар төсөлд, хэрхэн өөрчлөлт оруулах тухай дэлгэрэнгүй мэдээлэл бүх хүн бүрт хүрэхгүй байна. 2000 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулсан “Дордуулсан долоон заалт” гэгддэгийг засч, Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлэх зэрэг зарим зайлшгүй өөрчлөлтийг хийх гэж байгаа юм байна гэдгийг ойлгосон. Харин залуусын олонх нь саналаа хэрхэн албан ёсоор хүргэх талаар мэдээлэлгүй байгаа юм.

-Үндсэн хуульд иргэдийн оролцоо цахим аяныг яагаад өрнүүлэх болсон бэ?

-Долдугаар сарын 22-26-ны хооронд Төрийн ордонд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдийн саналыг сонсох зорилготой хэлэлцүүлэг болж өнгөрсөн. Энэ хэлэлцүүлэгт уригдсан боловч зохион байгуулагчдын алдаанаас болоод оролцож чадаагүй. Аяныг эхлэхийн өмнө өөрийн фэйсбүүктээ “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэнийхээ хувиар, залуусын төлөөлөл болж саналаа хэлэх хэрэгтэй байна. Төрийн ордонд орох боломж, нөхцөл хомс байгаа учир бид өөрсдөө зохион байгуулалтад орж саналаа нэгтгэх, байр сууриа илэрхийлэх хэрэгтэй гэж бодож байна. Тийм зохион байгуулалт хийвэл оролцох залуус хэр их байна. Мэргэжлийн хүмүүсээр эхлээд тайлбарлуулаад ойлгохгүй байгаа зүйлээ асуух боломж орон зай байхгүй учир залуус саналаа хэлж чадахгүй байна гэж харж байна. Хотод байгаа, ирэх боломжтой, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ойлгох хүсэлтэй, саналаа оруулах нь чухал гэж бодож байгаа хүмүүс коммент хэсэгт +1 дарна уу” гэж бичсэн. Гэтэл хоёрхон цагийн дотор нийслэл, орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудын 100 гаруй залуус +1 гэж бичсэн. “Мэдэхгүй байна. Гэхдээ энэ талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулбал оролцоно шүү” гэдгээ илэрхийлсэн. Ингээд 10 төрийн бус байгууллагын 13 залуу нийлээд Дэд ажлын хэсгийн гишүүд рүү хандсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг иргэдэд тайлбарлах нь тэдний нэг үүрэг юм билээ. Тэгээд Хууль зүйн үндэсний хүрээлэнд сургалтын байр түрээслээд хоёр өдрийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Дэд ажлын хэсгийн гишүүд бидний саналыг хүлээн авч гүйцэтгэх засаглал, парламентын ардчилал, нутгийн удирдлага, шүүх гэсэн сэдвүүдээр ямар өөрчлөлт орох тухай тайлбарлаж, залуусын асуултад хариулсан. 

-Хэлэлцүүлэгт хэчнээн залуус хамрагдсан бэ?

-Хоёр өдрийн хэлэлцүүлэгт 70 орчим залуу оролцсон. Дараа нь хуульчдын байр суурийг судалж үзэхээр шийдээд хэд хэдэн хуульчтай ярилцсан. Хуульчдын байр суурь бол гүйцэтгэх засаглалын байр суурийг бэхжүүлэх нь зөв. Парламентын ардчилалыг төлөвшүүлэх, ард түмний оролцоог хангах нь зөв гэсэн байр суурьтай байсан. Харин хуульчдын санааг зовоож байгаа хэсэг бол шүүхийн хэсэг юм. Шүүхийн эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах хэсгийн зохицуулалтыг дэмжиж байсан. Нэг үгээр хэлбэл УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төсөл буюу сүүлийн хоёр парламент дамжаад судлагдчихсан албан ёсны төслийг дэмжиж байгаа гэдгээ залуу хуульч нар илэрхийлсэн гэсэн үг. 

-Тэр хэсэгт Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ?

-Үндсэн хуулийн Цэцэд иргэдийн итгэл алдарчихсан. Цэц нь Үндсэн хуулийн маргааныг шийдвэрлэж чадахгүй байна. Хүний эрхэд суурилсан, ардчилсан шийдвэр гаргахгүй, хариуцлагатай ажиллахгүй байгаа талаар ард түмэн ярилцах боллоо. Тэгэхээр нэр бүхий 62 гишүүний төсөлд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд тавигдах шаардлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэхтэй холбоотой хэд хэдэн заалтууд оруулсан байгаа нь маш том дэвшил гэж харж байна.

-Одоо яг ямар үйл явц өрнөж байгаа талаар мэдээлэл байна уу?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг Д.Лүндээжанцан гишүүнээр ахлуулсан мэргэшсэн судлаачид боловсруулжээ. Үйл явцын хувьд эхлээд иргэдээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулбал ямар асуудлуудыг онцлох талаар санал аваад дараа нь хуулийн төслийг иргэдэд сурталчилж, тараах материал болон Дэд ажлын хэсгийн гишүүд танилцуулга хийгээд 30 гаруй мянган иргэнээс санал авчихсан төсөл гэж ойлгосон. Нэгдүгээр хэлэлцүүлэг нь чуулганаар хэлэлцэгдээд дэмжигдсэн байсан. Харин наадмын дараахан Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд өөрийн байр сууриа илэрхийлэхдээ цоо шинэ төсөл боловсруулж танилцуулсан нь одоо гол асуудал болоод байна. Тэгэхээр энэ хоёр хуулийн төслийг хэрхэн уялдуулах, иргэд ямар байр суурьтай байгааг сонсох зорилготой хэлэлцүүлгүүд Төрийн ордонд болсон. Мөн иргэдээс санал авах, УИХ-ын гишүүд тойргоороо танилцуулга хийх зэрэг үйл явц яг одоо өрнөж байна. Энэ үед л иргэд саналаа маш сайн хэлж, байр сууриа илэрхийлэх нь чухал гэсэн үг. Ирэх даваа гарагт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдахь хэлэлцүүлэг болно. Тэр хэлэлцүүлгийн дараа Ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг шийдэх юм байна лээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Ялангуяа эхний дөрвөн сэдвийг хэлэлцэж, батлах зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Гэтэл Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналыг анхны хуулийн төсөлтэй харьцуулаад уншихаар их асуудалтай санагдсан. Ерөнхийлөгч төсөлдөө 62 гишүүний дэмжсэн судалгаатай төслийн шүүхийн хэсгийг хасах байдлаар оруулж ирсэн. Ерөнхийлөгчийн төслийн 49.7-д “Шүүхийн сахилгын хороог хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх тохиолдолд саналаа томилсон эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх бөгөөд...” гэсэн байна. Одоогийн нөхцөлд томилсон эрх бүхий албан тушаалтан нь Ерөнхийлөгч өөрөө юм. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өнгөрсөн нэгдүгээр сард өөрчлөлт орж бүх шүүгчийг Ерөнхийлөгч томилдог болсон гэдгийг бүгд мэдэж байгаа. Гэтэл одоо Ерөнхийлөгчийн саналд шүүхийн сахилгын хороогоор дамжуулан өөрийн эрх мэдлийг өргөтгөн баталгаажуулах гэж байна. Гэх мэтчилэн олон эрх бүхий институцуудыг атгаж байгаа дээрээ нэмээд эрх мэдлээ зузаатгах гэсэн оролдлого гэж харагдаад байгаа юм. 

-Тэгэхээр нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төсөл батлагдвал шүүхийн үйл ажиллагааг шударгаар явуулах боломжтой гэсэн үг үү? 

-Шударга шүүхээр шүүлгэнэ гэдэг ардчилсан нийгэмд амьдарч байгаа хүний хамгийн чухал үндсэн эрх юм. Газрын маргаан, өмчийн маргаан, гэр бүл салалт, аж ахуй нэгж, бизнесийн үйл ажиллагаа явуулахад хэн хамгийн шударга шийдвэр гаргах ёстой вэ гэхээр шүүхийн байгууллага байдаг. Иргэд шүүхэд итгэж байж, шударга шүүхээр шүүлгэх эрх нь хангагдаж байж энэ улс оронд тайван сайхан амьдрах боломжтой болно. Шүүх тогтолцоонд нэг хүн ноёлж, бүгдийг томилж, халаад байхаар шүүхийн хараат бус байдал үгүй болж, улстөрчдийн нөлөөнд автах магадлал өндөр болчихож байгаа юм. Анхны хэлэлцүүлсэн хуулийн төсөлд судлаачдын оруулж ирж байгаа шүүхийн хэсэг нь нэг талаас Ерөнхийлөгчийн нөлөө орохоос зааглаж, нөгөө талаас улстөрчдийн нөлөө орохоос тусгаарлаж өгсөн чухал заалтууд. “Шүүгчийн хариуцлагын зөвлөл есөн гишүүнтэй байна. Тэдгээрийн гурав нь шүүн таслах ажиллагааны туршлагатай хуульч байна. Хууль зүйн эрдэмтэн гурав байна. Иргэдийн төлөөл мөн гурав байна. Зөвлөлийн гишүүд нь зөвхөн зургаан жилийн хугацаа буюу нэг бүрэн эрхийн хугацаанд ажиллана” гэсэн байдаг. Мөн Үндсэн хуулийн Цэц есөн хүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг УИХ болон Хууль зүйн байнгын хорооноос, Ерөнхийлөгч гурав, Улсын Дээд шүүх гурван хүн санал болгосноор томилгооны сонсгол хийж УИХ нийт гишүүний олонхын саналаар есөн жилийн хугацаатай томилно гэсэн. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр дахин томилохыг хориглоно гэсэн байна. Одоогийн байдлаар хамгийн дээд тал нь 25 жил Үндсэн хуулийн Цэцэд ажиллаж байгаа хүн яаж хараат бус байж чадах вэ. Хуулийн төсөлд ингэж оруулсныг хараад нэг удаа шударгаар ажиллах боломж олгож байгаа юм байна гэж ойлгосон. Ерөнхийд нь харахад Ерөнхийлөгчийн санааг тодорхой ойлгох боломжтой. Шүүх эрх мэдлийн атгасан хэвээр үлдэх нь, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааг хянах юм байна. Үүнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэдэг байгууллага болон, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэсэн баримт бичгээр дамжуулан хянах оролдлого гаргаж байна гээд ойлгочихож болно. 

-Ерөнхийлөгчийн гаргасан хуулийн саналд улс төрийн намын гишүүнчлэлд тодорхой тоо заасан байсан. Энэ талаар ярилцах уу?

-Ерөнхийлөгчийн гаргасан саналд “Улс төрийн намын төлөвшлийг дэмжих, зохион байгуулалт үйл ажиллагаа санхүүжилтийн ил тод байдлыг хангах” гэсэн хэсэг дээр улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангамаар байна гэсэн санал иргэдэд байгаа. Өнөөдөр 28 намтай гэдэг боловч гурван нам л парламентад суудалтай байна. Ялангуяа хоёр нам байнга төрийн эрх мэдлийг барьж ирлээ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн төслийн 19.2 дугаар зүйлд “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий 50 мянга нэмэх нэгээс доошгүй иргэд нэгдэж байгуулах бөгөөд гишүүний бүртгэл өөрчлөлтийг сонгуулийн төв байгууллага хөтөлнө” гэжээ. Одоо бол нам байгуулахад 800 хүний гарын үсэг байхад болдог. Хэрэв 50 мянган гарын үсэг цуглуулж байж нам байгуулах болговол томоохон гурван намд л ашигтай байхаар харагдаад байгаа.

-Танай байгууллагаас судалгаа авсан байсан. Судалгааны дүнд 18-34 насны залуус Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хангалттай мэдээлэлгүй байна гэж дүгнэжээ. Энэ тухай ярихгүй юу?

-Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл нэгдээд долдугаар сарын 30-нд 10.00 цагаас 18.00 цаг хүртэл гурван асуулттай асуулга цахимаар асуусан. Нас, хүйс, “Та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдэж байгаа юу” гэсэн асуултад 803 хүн хариулсан. Үүнээс үзэхэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдэж байгаа нь 70 хувьтай байсан. Мэдэхгүй байгаа 30 хувьд анализ хийсэн. Үүнээс 80 хувь нь 18-34 насны залуучууд мэдээлэл байхгүй байна гэсэн. Хүйсээр нь харахад 60 орчим хувийн эмэгтэйчүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай мэдэхгүй байна гэж хариулжээ. Тэгэхээр залуучуудад мэдээлэл хүртээмжгүй байна гэж үзэж болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэрхэн саналаа өгөх боломжтой вэ гэдэг асуудалтай. Тэгэхээр хэрэв Ард нийтийн санал асуулга явуулбал залууст төслийнхөө мөн чанарыг дэлгэрэнгүй танилцуулаагүй үед бид дэмжинэ, дэмжихгүй гэж хэлэх нь утгагүй. Гэхдээ одоо байгаа нөхцөл байдалдаа тулгуурлаад өгөгдсөн мэдээллүүдтэй танилцаад залуус саналаа өгөөрэй гэж уриалах байна. Хуулийн төсөл, санаачлагатай нэгбүрчлэн танилцах нь эхний алхам шүү.

-Иргэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд өөрсдийн саналаа хэрхэн өгөх боломжтой юм бол?

-Цахимаар буюу “www.parliament.mn” сайтаар саналаа өгөх боломжтой байна лээ. Гэхдээ тус сайтад хоёр хуулийн төслийн зааг ялгааг тодорхой гаргаагүй байсан. Сайн уншиж танилцаад саналаа өгөөрэй гэж хүсмээр байна. Мөн 51266452 утсаар саналаа өгч болно. Өөрийн биеэр саналаа өгөхөөр бол Төрийн ордонд очиж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хандах боломжтой. Наймдугаар сарын 1-12-ны хооронд УИХ-ын гишүүд тойрог бүртээ хэлэлцүүлэг хийж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж байгаа. Үүнд, идэвхтэй оролцож, саналаа хэлээрэй залуусаа. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)