Ерөнхийлөгч намуудыг айлгав уу

2015-12-27 15:01:43

Ардчилсан он жилүүдийн хугацаанд улс төрийн намууд анх удаа санаа сэтгэл нэгдэж, эв хамтралд гар барихыг хардаг юм байна аа. Тэд дор бүрнээ “Ерөнхийлөгч ардчиллыг боомилохоор шийджээ” хэмээн бахирах. Шалтгааныг нь сонсох нь ээ, Улс төрийн намын тухай хуулийн төсөл бухимдлыг нь хүргэсэн юм гэнэ. Уг нь Сонгуулийн тухай хуулийн төслөө ч өөрчилж дөнгөх хөг нь өнгөрчихөөд байхад дээрх хуулийн төсөлд намууд санаа бодлоо чилээх хэрэггүй баймаар. Гэсэн ч нэгэн цагт Ардчилсан намын дарга байж, Ерөнхий сайдын эрх, үүргээ улстөржилтийн хатуу тоглолтод алдаж байсан туршлага одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бий гэж үзвэл улстөрчдийн айдас бас ч гэж оргүй хоосон биш нь ойлгомжтой.

Товчхондоо Ерөнхийлөгчийн албан тушаалд нь гэхээс илүүтэй хувь хүнд нь Улс төрийн намын эрх зүйн орчинг шинэчлэх цорын ганц боломж нь одоо цагт бичигдэж буй. Эсвэл УИХ-ын 2016 оны сонгуулийг хүлээх. Уг сонгуулиас бүрэлдэх шинэ парламент харин түүний саналыг хүлээж авах нь бас л эргэлзээтэй. Тэр дундаа МАН ялагч болсон тохиолдолд. Иймд намуудын удирдлагууд дор бүрнээ уур бухимдлаа илэрхийлэхгүй бол хичээл зүтгэлийнхээ өөдөөс ус цацснаас өөрцгүй хэрэг болох биз.

Тэр дундаа Улс төрийн намын тухай хуулийн төсөлд “Нам бол нам шиг байх ёстой” гэсэн ерөнхий нэг харгислалын утга агуулагдаж буй. Гэхдээ харгислалын гэдэг нь сэтгүүлчийн зүгээс хийсэн дүгнэлт биш. Намуудын байр суурь юм. Учир нь, уг хуулийн төсөлд “Намын гишүүнийг компанчилж элсүүлэхийг хориглоно. Намын санхүүг ил болгох. Санхүүгийнхаа тайланг жилд нэг удаа хэвлэлд нийтлүүлж, түүнийгээ дөрвөн жилийн хугацаанд устгахгүйгээр олонд нээлттэй тавих. Нийт санхүүжилтийн 30 хувийг л төв байгууллага дээрээ зарцуулж, үлдсэн 70 хувийг нь анхан болон дунд шатандаа тараан байршуулах. Хэрэв тухайн намын санхүүгийн булхайг иргэд илрүүлсэн тохиолдолд нийт мөнгөний таван хувийг урамшуулал болгон авах. Дотооддоо фракцийн үйл ажиллагаа явуулахгүй байх” гэх мэт хатуу заалт бий.

Үүгээр ч зогсохгүй хэдийгээр 31 иргэн нийлж нам байгуулах боломжтой тухай заалт орсон ч үүсэн байгуулагдсан цагаасаа хойш үүрэг, хариуцлагад нь номхоруулах олон утга бий. Наад зах нь “3001-ээс доош хүн амтай суманд нам байгуулж болохгүй. Ойрын зургаан жилдээ УИХ-д нэр дэвшээгүй бол үйл ажиллагааг нь зогсоож, шууд давуу эрхтэй Төрийн бус байгууллагаар бүртгэх. Хэн нэгэн гишүүн нь ганцаараа огцом мэдэгдэл хийж, нийгмийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирвал тухайн намтай нь хариуцлага тооцож, тараах хэмжээнд хүртэл нь арга хэмжээ авах” гэсэн утга ч бий.

   Эндээс үзэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хувь хүнийхээ хувьд өнгөрсөн хугацааны 25 жилийн турш үүсэн бий болсон зөрчил, талцалд намуудын эе эвдрэл, лидер хоорондын зөрчил гал болж ассан хэмээн дүгнэсэн байж таарч байгаа юм. Гагцхүү түүнийг нь бусад улс төрийн намууд хүлээн зөвшөөрсөнгүй. Тэдний зүгээс “Бүх хямралын намын төлөвшилтэй холбож ойлгож болохгүй. Ардчилсан Ерөнхийлөгч Монголд дарангуйллын засаглал тогтоохоор шийджээ” хэмээн шүүмжилж байна. Харин олон нийтийн зүгээс хараахан байр суурь илэрхийлсэн үгүй бөгөөд санаачлагчид ч өөрсдөө хүлээлтийн байдалд орсон байж болно. Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж чадахгүй, УИХ дахь намууд гацаанд орсноос үүдээд тэр. Гагцхүү хуулийн төслийг санаачилсан эхээс нь нэг их өөрчлөхгүй баталж чадвал УИХ цаашлаад намууд ч төлөвших магадлалтай. Гэхдээ хуулиа биелүүлсэн тохиолдолд. Иймд Ерөнхийлөгч нь ч намуудыг цэгцэлдэг баатар болж эрдээд байлгүй, намууд нь ч дарангуйлагч тодруулсан болж бишүүрхээд байхгүйгээр асуудлыг тал, талаасаа суун хэлэлцэх ёстой байж болох юм. Түүнээс бус айсан хүнд аргал хөдөлнө гэдгийн үлгэрээр хувь хүнд нь айдсаа нааж, Сүхбаатарын талбай дээр архирч, орилолдоод хэрэггүй л болов уу даа. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)