Венесуэль хүүхдүүдийн 20 гаруй хувь нь өлсгөлөнд нэрвэгджээ

2019-07-30 03:40:00

Венесуэльд олон жил дамнан үргэлжилж байгаа эдийн засгийн хямралын улмаас хамгийн ихээр хохирч буй нь хүүхдүүд ажээ. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагаас венесуэль хүүхдүүдийн 20 гаруй хувь нь өлсгөлөнгийн ирмэг дээр байгаа гэнэ. Мөн хоол хүнсний дутагдалд орж буй хүүхдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаад олон улсын мэргэжилтнүүд сэтгэл зовниж байна. Эрүүл мэндийн үйлчилгээ, хоол хүнсний хангамжийн талаарх бодит мэдээлэл цуглуулах боломж Венесуэлийн Засгийн газарт үгүй. Тиймээс тодорхой тоо баримт дурдах боломжгүйг ЮНИСЕФ онцолжээ. Гэхдээ Латин Америкийн энэ улсад ажиллахад эдийн засгийн хямралын улмаас хүүхдүүд эм тариа, хүнсний хомсдолд орсон нь илт байна гэж олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын мэдэгдэлд дурджээ. 2009 оны байдлаар Венесуэльд бага насны хүүхдүүд дунд жин болон өсөлт, хөгжлөөрөө хоцорч буй хүүхдийн тоо гурван хувьтай байсан бол хамгийн сүүлийн мэдээгээр энэ үзүүлэлт 15.5 хувьд хүрээд байгаа аж. Хэдийгээр сүүлийн жилүүдэд Венесуэлийн Засгийн газраас хүнд, хэцүү амьдралтай иргэдэд хоол хүнс, санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлж байгаа ч, энэ нь хангалтгүй байгаа ажээ. Тиймээс дэлхийн улс орнуудыг Венесуэльд тусламжийн гараа сунгахыг НҮБаас уриалаад байна. ЮНИСЕФ Венесуэль Улсын Эрүүл мэндийн яам, Хоол хүнсний үндэсний хүрээлэнтэй хамтран ажилласнаар, өнөөдрийн байдлаар 113 мянган хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан, хоол хүнсний дутагдалд орсон хүүхдүүдийг эмчлэн тэнхрүүлэх эмчилгээ хийж, хүнсний нэмэлт тэжээл, шаардлагатай тохиолдолд эмчилгээний хоол хүнс олгож байна. Тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро нь Уго Чавес Ерөнхийлөгчийн Засгийн газарт Шадар сайдын албыг хашиж байсан бөгөөд 2013 оны гуравдугаар сард түүнийг таалал төгсөхөд төрийн тэргүүний үүрэгт ажилд орсон. Мөн оныхоо дөрөвдүгээр сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшсэн Энрике Кадрилесийг ялж, төрийн тэргүүн болж байсан юм. Венесуэльчүүдийн олонх нь улсынхаа эдийн засаг ийм байдалд хүрсэнд Николас Мадурог буруутгаж буй юм.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)