НОГООН ХҮРЭМ “УРЛААЧ”

2019-07-30 03:04:50

“ . . . Дамдин жав багшийг Адаацагтаа багшаар ажиллаж байхад нэг сурагчийнх нь ээж галзуурчихжээ, хөөрхий. Өнөөх ээж эмчлэгч эмчээрээ дамжуулан “Дамдинжав багштай л уулзуулж өгөхийг хүсч л дээ. Даймаа багш үүнийг сонсоод жаахан эмээсэн янзтай өнөөх галзуурчихсан ээж дээр яваад очиж. Гэтэл мэнд ус мэдэлцээд жигтэйхэн сайхан дээл хувцасаа өмсчихсөн суух юм гэнэ. Өнөөх ээж “Багш аа, та намайг ганц хүүтэйг мэднэ. Хүүгийн минь гутлын зуузай нь урагдчихсан явна билээ. Та хүүгийн минь хөлийг дааруулахгүй явуулаарай. Миний хүүг харж хандаж яваач. Үүнийг л таниас гуйх гэсэн юм. Та чадах уу” гэж асуужээ. Багш ч толгой дохиж, “Тэгэлгүй яах вэ, тэр болно” гэж хэлээд удсангүй өнөөх ээж галзуу хүний гаргадаг өнөөх араншингаа гаргаад эхэлжээ. Даймаа багш тэгэхэд бодож. Хүний эх хүн гэдэг агуу юм аа. Тэрхэн багахан хугацаанд хүүгээ захихын тулд эрүүл болж чадаж байна. Яасан агуу хайр вэ гэж бодсон байгаа юм. Ингээд тэр цагаас хүүг төрсөн ааваас нь өөрцгүй анхаарч эрийн цээнд хүргэсэн нь өдгөө мундаг том инженер болсон. Сайхан үр хүүхэд, хань ижилтэй яваа юм гэнэ билээ” гэх сонихон түүхийг Ч.Батцэрэн гэх нас сүүдэр 80 гарч яваа буурал надад ярьсан. Ч.Батцэрэн гэх цагтаа Батлан хамгаалах яаманд үүрэгт албатай хурандаа явсан энэ эрхэм Монгол Улсын Гавьяат багш Д.Дамдинжав гуайн найз. Монголчууд хэлдэг дээ. Хүнийг танья гэвэл нөхөрийг нь шинж гэж. Ойр дотно танилцсан цагаасаа эхлэн биендээ ханьтай, дэмтэй явдаг буурал найзуудын нөхөрлөл Монгол Улсын Гавьяат багш Д.Дамдинжав гуайтай намайг уулзуулсан юм.

Явсан, амьдарсан газар бүртээ мод бут, жимс жимсгэнэ ургуулж олон ч хүнд хүсэл мөрөөдөл хайрлаж, ариун цагаан хөдөлмөрөөрөө үлгэрлэж яваа буурал багшийн “Байгалийн эмийн НОГООН ХҮРЭМ сан”-гаар уншигч таныг аялуулъя. Буурал багш өдгөө нас сүүдэр 90 хүрч байгаа юм. Ахимаг настнуудад нийтлэг тохиолддог даралт ихсэх, буурах, хөл гар өвдөх, шархирах, астам харшил хөдлөх, ухаан санаа мартамхай болох зэрэг насны эрхэнд амьдралаас олддог өвчин хууч ер байхгүй ээ. “Нас бол тоо” гэдгийн жишээ болж Налайх дүүргийн I хороонд хашаагаа баянбүрд болтол нь тордож ойр тойрноо гайхашруулан амьдарч байна.

Д.Дамдинжав багшийн хашаагаар оруут жимсний ахилам үнэр хамар цоргиж хаашаа л харна үр жимс цэцэглэж цэнхэр гацуур, нарс, хайлаас, улиасны гоёхон мөчир салхинд шугуйрна. Үе үе бороо зүсрэх өчигдрийн манант өдрийн гоёийг ээ.

Үхрийн нүд, хар чавга, тэхийн шээг, долоогоно, нохойн хошуу, интоор, мойл, монос, нэрс, булцуут цэцэг, голт бор, чацаргана, гацуур, тошлой, артишок, балжимгарав, хар манжин, хүрэн манжин, улаан лооль, өргөст хэмх, лууван зэрэг 40-өөд төрлийн жимс жимсгэнэ, нарийн ногоог 0.7 га хэмжээтэй гурван хашаа дамнуулан ургуулж арчилжээ. Сонин юм аа. Улаанбаатарын гэр хорооллын энгийн нэг тоос бургисан гудамжинд нас сүүдэр 90 хүрч яваа буурал өвгөн үзэсгэлэнт ногоон хүрэм бий болгожээ. “Тун ч гайхмаар хөдөлмөрлөжээ” гэсэн бодол эрхгүй сэтгэлд бууж бутан доороос бөнжигнөн ургах олон нэр төрлийн жимсийг хараад уулга алдан бахдахаас өөрөөр гайхашралаа илэрхийлж чадсангүй ээ.

“Монгол хүн Монгол оронд амьдрах хувь тавилангаа эдлье гэвэл ногоон байгууламж, газрын өгөөжийг зүй зохистой ашиглах хэрэгтэй. Тухайлбал, бидний сайн мэдэх царванг гэхэд л дээд зэргийн эмчилгээний түүхий эд болгож ашигладаг. Бид тэр бүр мэдэхгүй, гашуун, муухай гэдэг. Гэтэл гоо сайхны бүтээгдэхүүнд ашиглахаас гадна, хортон устгах бодис хийдэг. Зангуу гэх өргөст өвсийг бид мэднэ. Зангуугаар бөөрний дутагдлыг эмчилдэгийг мэддэггүй. Үүнийг бидний өвөг дээдэс мэддэг байсан учраас нүдэж, буцалгаад уудаг байж. Мөн талх, боорцогны хөрөнгө болгодог байсан. “Жаахан Дулмаа” гэж дуу бий шүү дээ.

Жаахан Дулмаа хаачсан бэ

Зангуу түүхээр явсан даа

Зангуу түүгээд яасан бэ

Таван төгрөгөөр зарсан даа

Таван төгрөгөө яасан бэ

Танзуур аваад идсэн дээ...” гэдэг. Тэгвэл энэ дууны үед л манай буурлууд Зангуугаар гурил исгэдэг гэдгийг мэддэг байжээ. Үүний баталгаа нь энэ дуу юм. Ер нь бид мод, бут тариад ургуулахдаа биш. Ургуулснаа юунд ашигладаг юм, олон түмэнд юу нь хэрэгтэй вэ гэдгийг үр хүүхдэдээ заадаг баймаар байна” хэмээн өвгөн багш ярилаа.

Даймаа багшийн гэрийг замчилж түүний цуцашгүй хөдөлмөрийн талаар олон сайхан баримт хэлж өгсөн Ч.Батцэрэн гуай “Д.Дамдинжав багш бол гайхалтай сайн уншигч. Энэ их ажлын хажуугаар ном их уншина. Уншсан, мэдсэн бүхнээ хүнтэй хуваалцдаг сайхан чанартай хүн” гэсэн. Энэ талаараа Дамдинжав багш “Хүнийг гурван зүйл төлөвшүүлдэг гэж би боддог. Нэгдүгээрт, ном унш, тархиа цэнэглэ. Хоёрдугаарт, гараа хөдөлгө. Гуравдугаарт, нүнжигтэй, жудагтай, хүн чанарыг өөртөө багаасаа суулга. Ийм гурван тулгууртай хүний сэтгэлд гал асч байдаг. Орчноо бүлээцүүлдэг. Одооны залуусыг залхуу болж байна гэдэг. Залхуурлын үр хөврөлийг эцэг эхчүүд бид өөрсдөө тарьсан. Хүүхдээ хүн болгоё гэвэл цэцэрлэгийн наснаас нь эхэлж зөв чиглүүлэх ёстой юм. Хувцсаа эвхдэг, томчуудын үг сонсдог болгох юм. Залхуугийн үрийг ургуулаад нэгэнт томорсон хойно нь засч болдоггүй. Нийгмийн өвчин болчихоод байгаа залхууралтай тэмцэхийн тулд хүүхдээ амьд байгальтай ойрхон байлгах л хэрэгтэй болж байна. Айл бүр хашаандаа мод, бут тариад эхэлбэл гэр хорооллын орчин сайхан болно. Амьдрах орчин сайхан болбол хүний сэтгэл санаа дагаад өөдрөг, гэгээн тунгалаг болдог. Өөрөөр хэлбэл, амьд байгаль бол хамгийн сайн сэтгэл засалч юм” гэлээ.

Ийм л буурлуудынхаа үгийг сонсох цаг иржээ гэсэн бодол эрхгүй төрөв. Орлого муутай, иргэн бүр зээлтэй энэ цагт орон сууцлаг ахуй мөрөөдөж дээшээ тэнгэр хол доошоо газар хатуугийн гайтай нүүр тулж халаасаа тэмтрэх болсон бидний дэмий л дор бүрнээ хий эргэсэн мухардлыг Даймаа багш энгийн аргаар тайлбарлаж сайхан орчин бүрдүүлэх гарцыг ийм амархан заачихлаа даа хэмээн бодож суув. Тэгээд баахан олзуурхав. Нээрээ ч тийм дээ. Айл бүр хашаа доторх газраа ногооруулж, хэрэгцээнийхээ жимсийг ургуулаад эхэлбэл орон сууц мөрөөдөх шаардлага өнөөдрийнхөөс хамаагүй багасахыг бид олж харах хэрэгтэй болжээ. Д.Дамдинжав багш анх 0.7 га талбай бүхий газар худалдаж авсан нь өдгөө өөрийнх нь хашаа юм. Хэмжээг нь бага гэж гололгүй хүүхдүүдээсээ 10 сая төгрөг цуглууж найман сая төгрөгөөр нь гүний худаг гаргуулаад өнөөдрийн баянбүрд болсон орчноо бүрдүүлэхээр найман жилийн туршид зүтгэж эхэлжээ. Анх 0.7 га газрыг моджуулж эхэлж байсан бол өдгөө хажуу хашаагаа худалдаж авч ойжуулсаар 2 га газар болгож томсгожээ. Нэг ширхэг мод, бутгүй хөсрийн өвс ургасан хоосон газар авч байхдаа найгасан их мод, бут, жимс ургуулна, битүү ой болгоно гэж газраа зарж байгаа эзэнд нь хэлээд хашаа татжээ. Тухайн үед Даймаа багшийг ийн хэлэхэд, “Таны нас арай хүрэхгүй байх аа. Ная гарчихаад дүүрэн ой болохыг нь үзэж чадах уу” гэх утгатай үг хэлээд явсан газрын эзэн өдгөө буурал багшаас уучлалт гуйгаад газраа “танихаа” больсон гэдгийг хэлж баахан инээлээ. Хүүхэд шиг ход ход инээснээ гэнэт сүрхий гэгч том харж “Хүн хөдөлмөрлөөд хичээж чадвал нас гэдэг тоо” гээд дахиад л нэгэн жишээ ярилаа.

“Би Дундговийн Цагаандэлгэр сумын сургуульд захиралаар очиж байв. 1978 он л доо. Тэгэхэд нэг ч хайлаасгүй, өнчин ганц бургасгүй сум байв. Говь, хээрийн бүс гэсэн үг. Ингээд хүүхэд, эцэг эхчүүдээ цуглуулж байгаад ярилаа. Сургуулийнхаа гадна орчноос эхлээд байгалиа нөхөн сэргээе гэж. Ярьсан бүхнээ хэрэгжүүлээд мод тарилаа. Манай сум тэгэхэд 1500-аад л хүнтэй жижиг сум байв. Арван жилийн хугацаанд бид 3000 гаруй мод тарьсан. 50 метр урт найман метрийн өргөнтэй хүлэмж хийлээ. Сумынхаа төвийг хүнсний ногоогоор хангадаг боллоо. Амьтны булан гэж бий болголоо. Молтогчин туулай 70 гаруйг өсгөлөө. 30-аад гургуул, цагаан зээр, мэлхийтэй амьтны хүрээлэн бий болгосон. Чацарганы 100 гаруй бут, үхрийн нүдний 200 гаруй суулгацтай боллоо. Арнитик тарилаа. Ийм байдлаар өнөөх мод бутаа сургалтад ашиглаж сурагчдаа байгальд хайртай болгох ажил эхлүүлсэн юм. Мод бут арчилж мэдрэхүйн бүх эрхтнээрээ хүртэж олж авсан мэдлэг гэдэг хэзээ ч мартагддаггүй учраас энэ аргыг бид сургалтандаа анх хэрэглэсэн. Цагаандэлгэр суманд байхгүй ганган байгаль бүтээсэн учраас 1988 онд намайг Монгол Улсын Гавьяат багш цолоор төр шагнасан юм шүү дээ. Тэгэхээр хүн хаана ч юу ч хийж болдгийг үзүүллээ, говийн хүүхдүүдэд жимс идүүллээ, хүүхдийг ногоон орчинд хичээлээ хийж болдгийг ойлгууллаа гэж шагнасан юм. Тэгээд миний санаачилгыг улсын хэмжээнд заавал нэвтрүүлэх тэргүүн туршлагын арван жагсаалтад оруулъя гээд сайшаасан. Ингээд манай сум дээр зүүн аймгуудын боловсролын хэлтсийн дарга нарын бүсийн зөвлөгөөн гэгчийг зохион байгуулсан. Монголын бүтээлч багш нарын анхны багийг бүрдүүлж нэг номерийн гэрчилгээг надад гардуулж байлаа. Ингэж л ногоон хүрэм гээчийг анх байгуулсан хүн” гэв. Даймаа багшийн ногоон хүрэм “урласан” их ажил үүгээр дууссангүй. Их хотын иргэн болж суурьшсан он жилүүдэдээ дахин хэд хэдэн томоохон ногоон төгөл хийсэн нь өнөөх л мод буттай холбоотой бүтээн байгуулалт байлаа.

Тодруулбал, “Чингис” зочид буудлын гадна талбайг ногоон хүрэмтэй болгосон түүний бас нэг сонирхолтой дурсамжийг сөхье.

“Говийг баянбүрд болгосон туршлагатай Даймаа багш дээр нэгэн хүн ирсэн нь “Чингис” зочид буудлын нэлээд том албан тушаалтан байв. Тэр хүн “Манай зочид буудлын гадна орчныг ногоон төгөл болгоод өгөөч” гэж хүсчээ. Дамдинжав гуай ч зөвшөөрч 15 жилийн туршид лууль ургасан томоохон талбайг өнөөдрийн хэмжээнд хүртэл нь тордсон байна. Ингэхдээ 34 гацуур тарьж олон ч төрлийн мод бут суулгаж арчилжээ. Улаанбаатар хотыг ногоон болгох улсын уралдаанд “Чингис” зочид буудлын гадна талбайн тохижилт хоёрдугаар байрт шалгарсан нь Даймаа багшийн хичээл зүтгэлд дүн тавьсан үзүүлэлт болжээ. Ингэж л эргэлт буцалтгүй ногоон орчин бий болгох их үйлсэд өөрийгөө дайчилж эхэлжээ. 

Түүний зорьж байгаа өндөр зорилго, туйлын хүсэл нь айл бүр хашаагаа ойжуулах, тарьсан навчит ургамлаа хандлаад эм болгож хэрэглэдэг байх, өөрийн хэрэгцээний жимс, ногоогоо хашаандаа тариалдаг байх гэсэн. Хүнд урам өгч, зөв үед нь дэмжиж чадвал хүн хачин итгэлтэй, танигдахын аргагүй өөрчлөгддөгийг би өөрийн биеэр мэдэрсэн хүн дээ хэмээн Даймаа багш хэлсэн. Боловсролын салбарт өөрийн ухамсарт амьдралын 45 жилийг зориулсан тэрбээр сүүлийн 4-5 жил худалдааны идээ, хүнсний ногоо, жимс хэрэглээгүй гэлээ. Ийм боломж өрх бүрт бий гэдгийг хэллээ. Энэ талаар тэрбээр “Бид гадны хүнсийг хэт шүтэж байна. Өөрийн гараар тарьсан хүнсээ хэрэглье. Амттай, ашигтай амьдралын нөхцөлөө бий болгоход хөдөлмөрье. Би хүн, байгальд хэрэгтэй зүйл дээр харамгүй туслахсан гэж санадаг. Тухайлбал, Баянхонгор аймгийн Баянговь суманд 100 мод үнэгүй өгсөн. Би баяндаа биш юм. Байгаль эхийг тэтгэсэн, нөхөн сэргээхэд хөдөлмөрийнхөө нэгээхэн хэсгийг зориулахсан гэж боддог. Энэ 100 мод сайн ургавал дахиад гурван жил өгнө. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ахмадын газарт 100-аад мод тарьж өгсөн. Дундговь аймгийн Цагаандэлгэр сумандаа 300 гаруй мод үнэгүй өгсөн. Тэгэхээр үнэ хөлсөндөө миний үнэ цэн хэмжигддэг юм биш. Амьд байгаль бий болж хожим нэг тийм өвгөн анх мод бий болгох эх үндсийг бий болгосон юм билээ гэх нэр үлдэх нь чухал юм. Энэ бол буян гэж би үздэг. Манай Налайх долоон хороотой. Долоон хорооныхоо хэсгийн ахлагч нарыг хашаандаа авчирч үзүүлнэ. Үүнээс сураг. Би туслъя гэж бодож саналаа хэлсэн. Хороо, дүүргээс зөвшөөрч байгаа юм” гэлээ. Ийм л өгөөмөр буурлууд Монгол Улсад өдгөө нас өндөр гэж гар хумхилгүй өөрийн чадлаа суугаа, байгаа газартаа зориулсаар даруухан амьдарч байна. 

Биднийг очиход артишок, хар манжин, хүрэн манжингаа хэрхэн хатаасан байдлаа үзүүлэв. Алив хүнсээ хатааж удаан хугацаанд муутгахгүйгээр иддэг байсан соёлыг ихээ дээр үеэс уламжлагдаж ирсэн хамгийн сайн арга гэдгийг буурал багш хэллээ. “Монголчууд махаа борцолж ногоогоо хатааж хэрэглэдэг. Энэ нь удах тусам эмийн чанараа олж байдгийг эртнээс мэддэг ухаалаг ард түмэн байсныг гэрчлэнэ” хэмээн өвөг дээдсээ бахдан ярих түүний хэлсэн үг бүрийн цаад утгаас хүн хүнээ хайрлаж, хүндэтгэх сэтгэл нэвт мэдрэгдэж байв. Хүн хүнээ хайрлах хайр, урам үориг хүнийг ямар их өөрчилж болдгийг тэрбээр ийн ярилаа.

“Би багшаар ажиллаж байх үедээ өрөөндөө их сайхан цэцэг тарьдаг байлаа. Цахирмаа тарьдаг байлаа. Их гоё, том цагаан цэцэгтэй ургамал шүү дээ. Тэгсэн манай сургуулийн тавдугаар ангид нэлээд нурамгар, биеэ бусад сурагчдаасаа тоогүй авч явдаг охин байлаа. Нэг өглөө өрөөнийхөө үүдэнд нөгөө охинтой таарлаа. Өнөөх сурагчийг маань Урнаа гэдэг л дээ. “Урнаа миний охин багшийнхаа өрөөнд байгаа цэцэг услаад өгөөч” гээд гуйлаа. “Тэгье” гээд дуртай орж байна. Тэгснээ өнөөх Цахирмааг хараад “Энэ ямар гоё цэцэг вэ” гэж байна. Тэгэхээр нь хэллээ. “Цахирмаа гэдэг цэцэг. Миний охин үүнээс гоё шүү дээ” гэлээ. “Үгүй” гэж байна. Тэгэхээр нь “За миний охин маргааш улаан, цагаан хоёр лент үсэндээ зүүгээд хүрээд ирээрэй. Зургийг чинь авъя” гэчихлээ. Гэтэл маргааш нь жигтэйхэн сайхан дүрэмт хувцсаа индүүдээд өмсчихсөн, үсээ толийтол самнаад үсэндээ хоёр өнгийн лент цэцэглээд ирлээ. Зургийг нь авлаа. Авсан зургийг нь хэд хонуулаад өглөө. Үнэхээр гоё гарчээ, гээд баярлаж байна шүү. “Та надад энэ зургийг өгөх үү гэж байна” Ар дээр нь захирлынхаа тамгыг дараад гарын үсэгээ зураад өглөө. Жигтэйхэн хурдан аваад гараад гүйчихлээ. Аав ээж, ангийнхандаа үзүүлэх гэж байгаа нь тэр л дээ. Үүнийг яах гэж ярина вэ гэхээр хүнд өчүүхэн жижиг урмын үг ямар их хэрэгтэй байдгийг Урнаагийн энэ явдал надад ойлгуулсан. Сүүлд би хотод явж байтал их өндөр, гуалиг, цагаан бүсгүй ирээд “Багш аа” гээд тэврээд авлаа. Би таньдаггүй. Үгүй, чи чинь хэн билээ гэтэл өнөөх Урнаа маань байсан шүү. Тэгтэл сайхан ханьтай болчихсон хөөрхөн охинтой болсон гэдгээ хэллээ. Охиндоо Цахирмаа гэж нэр хайрласан гэдгээ хэлж байгаа юм. Тэгэхээр тэр цэцэг, миний хэлсэн урмын үг Урнааг бүх л амьдралынх нь туршид усалж “ургуулсан” байна. Ургуулахаар барахгүй охин үрдээ өнөөх гоё цэцэгний нэрийг өгсөн байгаа юм” хэмээх нулимс асгаруулам түүх ярьж өглөө. Хүний хорвоо гэж гайхалтай юм даа. Ингэж л явсан газар, уулзсан хүн бүртээ урам, өөдрөг, тэмүүлэл, мөрөөдөлтэй амьдрах урам өгдөг сайхан буурлуудын яриа сэтгэлд гэгээ татуулдаг ажээ. 

Буурал багш таны өлмий бат оршиг. Өнгөрөгч жил 200-аад литр жимс авч үр ачынхаа амыг амтат жимсээр мялаасан буян өнөө жил өсөн нэмэгдэх болтугай. 

“ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин М.МӨНХТУНГАЛАГ 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)