Л.Оюун-Эрдэнэ: Би гүүр болно

2015-12-27 14:33:02

“Азийн хүлэг улс” номын зохиогч, “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч Л.Оюун-Эрдэнийг “Ярилцах танхим”-даа урьж, ярилцлаа.

-“Black box” театрт болсон номын тань нээлт өргөн дэлгэр болно лээ. Анзаарч харах нь ээ, таны үеийн шилдэг гэж үнэлж болохуйц бүхий л залуус нам харгалзахгүй ирсэн нь их сайхан санагдсан. Сэтгэлд эв нэгдлийн итгэл төрсөн гэвэл хэтрүүлсэн болохгүй болов уу. Харин танд төрсөн мэдрэмж юу байв?

-Баярлалаа. Номынхоо агуулгыг видео танилцуулгаар хийх зорилго байсан. Хайж үзээд  “Black box” театрыг сонгосон. Боломж олгосон С.Мягмар ахдаа талархал илэрхийлье.

-Цугларсан залуусын тухайд?

-Урилга ер нь ихэвчлэн сошиалаар тараагдсан л даа. 300 гаруй залуу бүртгүүлсэн байсан. Ирсэн хүн бүхэнд баярлалаа гэж хэлэхийг хүсч байна.

- Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд гуай, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин зэрэг хүмүүс ирсэн харагдсан. Харин намын тань туршлагатай лидерүүд харин харагдаагүй?

-Номын нээлт улс төрийн арга хэмжээ биш ном сонирхдог хүмүүсийн л цугларалт шүү дээ. Манай намаас төлөөлж Генсек маань ирсэн.

-Та өмнө нь МАН-ын нарийн бичгийн дарга, НАМЗХ-ны ерөнхийлөгчийн албыг хашиж байсан. Өнөөдрийн тухайд “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч гэдгээр өөрийгөө тодотгож байна. Магадгүй энэ хоёр алба, үүргийн хооронд танд хэр их өөрчлөлт гарав?

-Өмнө өөртэй чинь ярилцлага өгөхдөө “Би үзэл бодлоо харьцуулах хэрэгтэй” гэж хэлж байсныг санаж байна уу. Тийм л эрэл байсан хэрэг. Бид нар харьцуулалт гэхээр Орос, Хятад, Америкийг жишээ авдаг. Гэтэл манай өнөөдрийн нөхцөл байдал эдгээр улсаас олон талаар өөр. Тиймээс төслөг орнуудыг илүү харах хэрэгтэй. Жишээ нь, Африкийн Ботсвана улс байна. Энэ улс долоохон жилийн дотор эдийн засгийн жам ёсны хөгжлөө тодорхойлж, урагшлах гольдролдоо орж чадсан. Үүнийг органик хөгжил гэж тодорхойлдог. Үүгээрээ Ботсвана улс Африкийн орон л бол ядуу гэдэг ойлголтыг эвдсэн.

-Та харьцуулж болох, харьцуулахад бэрх жишээг хэлээд байна уу?

-Тийм ээ. Бид нар Хятадтай, АНУ-тай, Оростой улс орноо харьцуулаад хөгжлийг тодорхойлох амаргүй. Төслөг орнуудыг илүү харах хэрэгтэй. Дээр дурдсан Босвана улс, мөн Норвег байна. Яагаад баялгийн хараалыг ганцаараа тойроод гарчихав. Сингапур баялаггүй жижигхэн загасчны тосгон яагаад 50 жилийн дотор Азийн тэргүүлэгч орон болов. Энэ бүхнийг харьцуулж судлах, ардчилсан хувьсгалд шилжснээс хойшхи 25 жилд үнэлэлт дүгнэлт өгөх, мухардлаас гарах арга замыг олох зорилго надад байсан. Энэ ном ч миний судалгааны ажлын хураангүй гэж ойлгож болно.

-Ерөнхийд нь таны цаашид дэвшүүлж тавих үзэл санаа гэж ойлгож болох уу?

- Хоёр жилийн хугацаанд зөвхөн судалсан зүйл биш л дээ. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд бодож, Л. Оюун-Эрдэнэ гэдэг хүн цаашид улс төрийн байр сууриа болгох бодлого гэж ойлгож болно.

Ардчилал хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, хуулийн засаглал гэсэн гурван тулгын чулуун дээр тогтдог. Үүнээс хувь хүний эрх чөлөө нь манайд харьцангуй төлөвшиж чадсан. Харин нөгөө хоёр нь доголон байна. Хууль биш хүмүүс засаглачихсан. Эд хөрөнгөтэй, мөнгөтэй хүн энгийн иргэнээс илүү дархан эрхтэй мэт болчихсон. Хууль, шүүхийн байгууллага улс төрчдийн шатрын шүүдэл болсон. Энэ нь жам ёсны төрийн болон эдийн засгийн тогтолцоог сүйдэлдэг. Ийм байдлаас болж алдсан орнуудын жишээг сайтар харах хэрэгтэй.

-Тухайлбал, аль улсыг?

-Мексик, Аргентин, Нигер, Грек, Египетийг хар. Бүлэглэлээ хүчирхэгжүүлэх нэрийн дор жам ёсны органик хөгжлөө унагаагаад улсаа үндсэнд нь сүйрүүлсэн. Яг ийм зөрчил өнгөрсөн хугацаанд манайд ажиглагдаж байна. Хоёрдахь чухал ойлголт болох орлогын тэгш бус байдал байна. Тухайн улс орны хүн амын 70 орчим хувь нь дундаж давхаргад ордог, тэд өөрсдөө сэтгэн бодох, сонголт хийх чадвартай байж ардчилсан нийгэм хэлбэршинэ гэж үздэг. Мэдээж манай улс ардчилсан тогтолцоонд орчихсон. Гэхдээ үүнийгээ хэлбэршүүлэх, баталгаажуулах гэдэг рүүгээ орохгүй бол болохгүй. 25 жил гэдэг бас их урт хугацаа. Гэтэл бид эсрэгээрээ явж байна. Жинийн коэффициентоор 36.5 хувьтай гарч, 103 дугаарт эрэмбэлэгдэнэ гэдэг гуравхан сая хүнтэй манай орны хувьд түгшүүрийн харанга дэлдэж байна гэсэн үг. Энэ нь үндсэндээ тэгш бус байдлын логик гинжин хэлхээг үүсгэж байна. Баян хоосны ялгарал өндөрсөхийн хэрээр хүмүүс бухимдна, бухимдахаар төрдөө итгэхээ больдог. Энэ нь шударга ёсны хүслэмжлэлийг нэмэгдүүлж, популизмийн хөрс болдог. Популизм нь хэтрэхээрээ улс төрийн тогтворгүй байдалд хүргэдэг. Улс төрийн тогтворгүй байдал нь эдийн засгаа татаж унагадаг. Ингэж явсаар эцсийн дүндээ нийгмийн хямрал болдог. Арабын хувьсгал, Египитийн хувьсгалын гинжин хэлхээ ийм л байсан.

-Нэг ёсны өдөөгдөж болохуйц хүчин зүйл нь манай улсад бүрэлдсэн байна аа. Гэсэн үг үү?

-Жишээ нь, бод доо. Норвегт яаж ч бодсон хувьсгал болохгүй. Тэнд Фидел Кастро төрөөд ч хувьсгал хийж чадахгүй. Яагаад гэхээр иргэдийнх нь 80 хувь нь төрөөс хамааралгүй бизнес эрхэлдэг. Амьдралаа төртэй, төргүй аваад явж чадахаар болчихсон. Эдийн засаг нь уул уурхайгаасаа биш жижиг, дунд үйлдвэрлэлээ түшиглэдэг. Том гэж үзсэн 2-3 компани нь хямралаа гээд Норвег дампуурчихгүй. Иргэдийнх нь амьдрал хямрахгүй. Энэ л бүтцийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Үүнд л нөгөө хуулийн биш бүлэглэлийн засаглал нь, тендрийн далд эдийн засаг л гай болоод байна л даа.

Дундаж давхаргыг гаргаж ирэх нэг ч бодлого хэрэгжихгүй, харин ядуурлыг хэвээр нь хадгалах халамжийн бодлогоор өнөөдрийг хүрлээ.

-Тэгэхээр ядуурлаас нэг ч гэсэн иргэнээ татан гаргахын тулд төр ажиллах ёстой гэж та хэлэх гээд байна уу?

-Хөгжиж буй оронд төрийн оролцоо зохих төвшинд байхаас өөр аргагүй. Нэг хүний амьдралын боломж өөрчлөгдөхөд түүнийг дагаад тойрон хүрээлэгчдийнх нь боломж нэмэгддэг. Би хөдөөнөөс хотод ирэхэд адаглаад ээж, дүү маань хотод ойр ойрхон орж ирдэг болж, мэдээллийн харилцаанд хурдан орох жишээтэй.

Яг үүн шиг дэлхийн хамгийн том хөгжилтэй улс гэгддэг Америк, Европын зарим орнуудад дундаж давхаргын бодлого хүчтэй тавигдсаар ирсэн. Тийм учраас дээд давхаргын орлого 20 хувиар нэмэгдэхэд эдийн засаг огцом өсөөд буудаг бол, дундаж давхаргын хамрах хүрээ 20 хувиар өсөхөд эдийн засгийн өсөлт тогтвортой байдгыг судлаачид нотолсон байдаг. Харамсалтай нь манайд дундаж давхарга гэхээр л багш эмч, төрийн албан хаагчаар төсөөлж, туйлын ерөнхий ханддаг.

-Энэ бол ерөнхий нэг тогтсон ойлголт. Та харин өөрөөр тодорхойлж байгаа хэрэг үү?

-Хөгжингүй орнууд илүү энэ асуудлыг нарийвчилж үздэг. Мөн амьдралын чанар талаас нь хардаг. Сүүлд нэг судалгаа хийж үзсэн. “Та дундаж давхарга уу” гэсэн судалгаанд оролцогсдын 68.8 хувь нь “Тийм ээ” гэж хариулсан. Харамсалтай нь, энэ нь ердөө тоон үзүүлэлт байсан.

-Яагаад?

-“Та дундаж давхарга юм бол энэ давхаргын хүмүүст байдаг амьдралын наад талын чанарыг хангаж байна уу” гэхэд их хэцүү хариулт гарсан. Яагаад гэхээр судалгаанд хамрагдсан хүмүүсийн 71 хувь нь хадгаламжгүй, 73 хувь нь жилдээ нэг удаа ч болов эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагддаггүй, 69 хувийнх нь орлого байрны зээлийн шалгуурт хүрдэггүй,  94 хувь нь гэр бүлээрээ гадаадад жилдээ ганц удаа амарч чаддаггүй гэсэн. “Танд цалингаа цуглуулаад байх авахад тань хэдэн жил хэрэгтэй вэ” гэхэд олонх нь “20 болон түүнээс дээш жил хэрэгтэй” гэж хариулсан.

Энэ юуг харуулж байна. Манайд дундаж давхарга 10 хувьд ч хүрэхгүй байна. Харин эмзэг дундчуул 30 орчим хувьтай байна гэсэн үг.

1990-ээд оны баян хүмүүс болон дундаж давхаргынхны хооронд асар их зөрүү гарсан байна. Үүнийг зөвхөн судалгаа ч бус иргэдийн амьдрал олон таван үггүй илэрхийлдэг. Жишээ нь, 30 сая ам.доллараас дээшхи хөрөнгийн өсөх хувиар Монгол Улс Индонезийн дараа хоёрт жагсч байгаа. Гэтэл дундаж давхарга нөгөө л хэвээрээ өдрөөс өдөрт ядуурлын далайд живж байна.

-Тэгвэл энд алдах хүн нь хэн бэ. Зөвхөн ядуу иргэд үү. Эсвэл улс орон бүхлээрээ юу?

-Хамгийн харамсалтай нь бүгдээрээ. Тэгш бус байдлаас болж хожсон улс гэж дэлхийд үгүй. Тэгш бус байдал гэхээс зөвхөн эдийн засгийн ойлголт биш. Боловсролын тэгш бус байдал жишээ нь манайд мөн л хурдацтай нэмэгдэж байна.

Өнөөдөр суманд сургууль төгссөн залуу хотод жилийн 16-18 мянган ам.долларын төлбөртэй хувийн сургуульд 12 жил тусгай бэлтгэгдсэн хүүхэдтэй өрсөлдөнө гэсэн үг.

Тэр дундаа англи хэлээр өрсөлдөж, дэлхийн топ зэрэглэлийн сургуульд сурч, менежерээс дээш төвшний удирдах ажил хийх боломж маш их хязгаарлагдаж байна. Үнэхээр боловсролын асар том ангал гарсан байна. Энэ арилшгүй давхарга тогтох эхлэл. Боловсрол уг нь хүний амьдралыг, давхаргыг мөнгөгүйгээр өөрчлөх бараг цорын ганц боломж. Яг энэ хэвээрээ байвал манайх Бразильтай адилхан болж магадгүй. Тэнд хот, хөдөө хоёрт төрсөн хүмүүс хоорондоо өрсөлдөх боломжгүй байдаг. Хэзээ ч араас нь гүйгээд гүйцэхгүй, гүйцэгдэхгүй гэсэн үг.

Энэтхэг байна. Өөрчлөлт хийх боломжгүй давхарга. Гол нь үүний цаана монголчууд бүгдээрээ хотдоо амьдардаг болчихвол яах вэ. Энэ өргөн уудам нутгийг хэн харж, хэн нүүдлийн соёл иргэншлээ хэн хамгаалах вэ. Энэ мэт бид бүх зүйлийг тал, талаас нь бодож үзэх хэрэгтэй байна. Тэгж байж тэгш бус байдлыг багасгахын тулд дундаж давхаргаа нэмэгдүүлэх бодлого явуулах хэрэгтэй.

-Энэ сэдэв номонд тань нэлээн чухлаар хөндөгдсөн байсан. Гэхдээ уншихаас илүүтэй ярилцаад суусан чинь нэлээн хэцүү, хүнд сэдэвтэй яриа болох шинжтэй болоод явчихлаа. Гол нь энэ яриа хүмүүсийн тархинд жаахан ч гэсэн цочроо өгөөсэй гэсэн хүсэл төрж байна. Тэр дундаа улстөрчдөд. Яагаад гэхээр энэ бүх ялгарал, ядуурал, тэгш бус байдлыг төр болоод түүнийг түшилцэж буй улстөрчид бий болгосон гэдэгтэй таныг маргахгүй болов уу гэж бодож байна. Хичээл зүтгэл гэдэг хүмүүс хоорондын ялгарал үүсгэх нэг хүчин зүйл ч гэсэн шударга бус удирдлагын гэм хор нийгэмд илүү хамааралтай болохоор шүү дээ?

-Наад асуултад чинь хариулт болохуйц удирдагчийг үнэлдэг байя гэсэн санаа “Азийн хүлэг улс” номонд маань орсон байгаа. Их, дээд сургууль, сэтгүүлчид, think tank буюу бодлогын судалгааны хүрээлэн хамтраад улстөрчдийг дүгнэдэг, үнэлдэг, судалдаг болмоор байна. Жишээ нь, улс орнуудад хэн нэгэн улстөрч нь статистик мэдээллийг буруу мэдээллэж, түүндээ дөрөөлж улс төр хийхийг оролдсон бол эргээд улс төрд орох эрхгүйгээр карьер нь дуусдаг байх жишээний. Манайд харамсалтай нь бүх зүйл сургаар явдаг. Өршөөл үзүүлэх тухай хууль байна. Олонх нь учрыг нь ойлгоогүй. Сургаар л яриад байсан. Оюутолгой байна. Бүгд мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг байдаг. Хэвлэлүүд хажуудаа бодлогын судалгааны багтай болох хэрэгтэй байна. “Economics” сэтгүүл дэлхийн ардчиллыг үнэлдэг. Тэнд асар том лаборатори ажиллаж байна. Их, дээд сургууль, бодлогын хүрээлэнгүүд ч ийм үүрэг хүлээдэг. Ядаж сумо бөхийг хар л даа. Зөвхөн уналт, ялалтыг нь тэмдэглээд зогсохгүй, баруун, зүүн талруугаа унасныг нь хүртэл статистикаар гаргадаг. Тэгэхэд манайд сүүлийн 25 жилийн хугацаанд “Тэр Ерөнхий сайдын үед Дотоодын нийт бүтээгдэхүүн, хүний хөгжлийн индекс ийм байлаа” гэдэг ганц ч харьцуулсан судалгаа, мэдээлэл алга. Үзээд өгийе гэсэн ч олдохгүй байна. Ийм нөхцөлд буруутгах, зөвтгөх шалтгаан олоход хэцүү. Тиймээс миний хувьд өнгөрсөн 25 жилийнхээ алдаа, оноонд сайтар дүгнэлт хийж, урагшлах зам мөрөө түүндээ дөрөөлүүлж сайтар тодорхойлох ёстой гэдэг бодолтой байгаа.

-Улстөрчдийн яриаг сонсох нь ээ “АНУ-г дуурайгаад л ардчиллыг хөгжүүлээд байвал Монгол Улс хөгжинө” гэсэн ерөнхий нэг үзэл санааны төлөвшил бий болсон нь ажиглагддаг. Та үүнийг зөвшөөрөх үү?

-Үгүй. Яагаад гэхээр хөгжлийг гаднаас хайгаад олсон орон гэж байдаггүй юм байна лээ. Мэдээж туршлага судлах нь буруу биш. Гэхдээ Монгол Улс Норвеги биш, Сингапур ч биш.  Норвеги хэнийг ч дуурайгаагүй. Дэлхий дээр байхгүй загвар. Катар, Сингапур, Америкийн хөгжлийн загвар зөвхөн тухайн улсын л загвар. Хятадын залуустай “Танай улс ардчилсан улс болж чадах уу” гээд ярилцахад “Болно. Гэхдээ тэр нь Америкийн ардчилал биш байна. Хоёрт ардчилал гэж нэрлэх эсэхээ мэдэхгүй” гэдэг. Яг үүн шиг монгол хөгжлийн загвар монголчуудаас л гарна.

-“Монгол хүн л Монгол Улсаа хөгжүүлнэ” гэсэн ерөнхий нэг уриатай таны энэ яриаг нэгтгэж ойлгож болох уу?

Энэ бол үндэсний ялгарал. Энэ тухай номын 3 р бүлэгт бас хөндсөн. Аливаа улс үндэстэнд өөр өөрийн өгөгдсөн код гэж байдаг юм байна л дээ. Тэр нь манайхны хувьд цаг барьдаггүй, амархан уйддаг. Тэгсэн атлаа сэтгэх чадвар сайтай, хөрвөх чадвар хурдан байх жишээний. Энэ бол монголчууд бидний генетикийн код. Дөрвөн улиралтай, нүүдэлчин соёл иргэншилтэй. Энэ бүхэн маань Ухамсар, бие мах бод, ахуй гуравт нэвччихсэн байдаг. Үүнийг нэвчих үнэт зүйл гэж нэрлээд байгаа юм.  Энэ бүхэн нь эргээд хөгжлийн суурь концефци болдог. Үндэстний ялгарал гэж үүнийг хэлээд байгаа юм л даа. Гол нь үүн дээрээ тулгуурласан хөгжлийн суурь мөн чанараа тодорхойлж, түүнийгээ хэрэгжүүлж чадвал тухайн улс их хурдан хөгжих боломжтой гэдэг. Тэгвэл бид бүхэн үүнийгээ олж харж чадав уу.

-Та харин яаж харж байна. “Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүний бүхий л амьдралынхаа турш барьж явах үнэт зүйл, зарчим нь энэ юм” гэсэн үгийг та түрүүн хэлсэн болохоор сонирхох, магадгүй ойлгох талаас нь асуултаа лавшруулах хэрэгтэй болов уу?

-Эзэнт гүрний түүхээсээ хайх хэрэгтэй. Чингис хаан яагаад ромчуудын 400 жилийн турш эзэлж чадаагүй  нутаг орныг 25 жилийн дотор эзэлчихэв. Ирээдүйн эх оронч үзэл буюу омогшлын төсөөлөл ямар байна вэ. Үүний хариултыг зөв олох шаардлагатай болов уу. Миний хувьд үүнийгээ “Цогтэрдэнэ” гэж томьёолсон.

-Тайлбар нь?

-Монгол домогт ард түмний билгүүн мэлмий, оюун санааны төв цэгийг нэгтгэн хураахыг билэгдэж, бүтээсэн эрдэнийг Цогтэрдэнэ гэдэг байсан юм билээ. Энэ эрдэнийг дээлийн энгэр, хаан суудлын түшлэг, хааны ордны төв хаалганы дунд хэсэгт шигтгээ болгон байрлуулдаг байсан уламжлал бий. Энэ утгаараа оносон нэршил болох юм болов уу гэсэн бодол төрсөн.

-Тэгэхээр одоо цагт Монгол Улс өөрийн Цогтэрдэнийг бүтээх хэрэгтэй гэсэн үг үү?

-Энэ нь мэдээж эрдэнийн чулууны эрэлд гарах тухай ойлголт биш л дээ. Харин ард түмний оюун санаа, хүсэл эрмэлзэл, дотоод мэдрэмжийг давхцуулан тодорхойлсон мөн чанарыг олох зорилго гэдэг талаас нь ойлгуул зөв болох юм.

-Үүнийгээ Чингис хаантай холбох тухайд ямар тайлбар өгөх вэ?

-Өмнөд Солонгосын Ким Жон Ре судлаач “Мянган жилийн түүхэн хүн” номондоо Чингис хаан тухайн үедээ интернэтийг ашиглаж байсан гэж бичсэн байдаг. Морин өртөөг тэгж дүгнэсэн хэрэг л дээ. Хоёрдахь нь оюун санааны нэгдлийг бий болгосон. Алтан ургаасаа нэг ч хүнийг томилоогүй байдаг. Чан Чунь Бумбатай захидлаар нөхөрлөж, төрийн хэргийг хэлэлцдэг байсан. Шихихутагийг Татараас олж ирсэн байх жишээний. Сэцэдийн зөвлөл” гэдгийг байгуулж байсан нь одоогийнхоор бол “think tank” буюу бодлогын судалгааны бүтэц болж таарч байгаа юм. Гуравдахь  нь “Давтагдашгүй мөн чанараа гээгүй” гэсэн дүгнэлт байдаг. Энэ бол гадны судлаачдын дүгнэлт байхгүй юу. Наад зах нь, даян дэлхийг эзэлж байхдаа яагаад суурин соёл иргэншилд шилжээгүй юм бэ гэдэг чинь бас их сонин биз дээ. Уг нь Бали дээр, Сентоза дээр амьдарч болох байсан. Гэтэл эргээд л Монголдоо ирдэг. Мөнх хаантай гадны судлаач уулзахаар ирсэн чинь нүүгээд явчихсан байдаг. Тэгээд “Хот нь хаана байгаа юм бэ” гэхэд “Хот нь Мөнх хааныг дагаад нүүчихсэн” гэж. Магадгүй энэ бүхэн бидний мөн чанар, суурь үнэт зүйл байж болно шүү дээ.

-Харин таны хэлээд байгаа суурь мөн чанар одоогийн бидэнд байна уу. Таны номын гол зорилгыг үүнд хариулт өгөхөд чиглэсэн гэж ойлгосон?

-Гол нь энэ асуултын тань хариулт тун таагүй гарч ирээд байна л даа. Хурд нь алга. Уг нь үйлдвэр, иноваци, технологийн салбарт бид чухал байж чадвал хурдтай болно. Монгол гэхээр л дэлхийн нэр хүндтэй сургуульд боловсрол эзэмшсэн, шилэгдмэл залуус гэсэн ерөнхий нэг дүр зураг буудаг болгож болно шүү дээ. Гэтэл боловсролын өрсөлдөх чадвар сул. МУИС гэхэд дэлхийн их сургуулиуд дунд чансаагаараа 2000 аас дээш орчимд явж байна. Уг нь оюуны чадавхи нь наймд эрэмбэлэгдээд байдаг. Тэгэхээр хөшүүрэг, хөдөлгөх хүч нь чадавхигүй болж таарч байгаа юм. Давтагдашгүй мөн чанар гэхээр сэргээгдэх эрчим хүч, эмийн ургамал, газар тариалан, органик хүнсний бүтээгдэхүүнээр нэрийн хуудсаа хийж болж байна. Энд нэг сонирхолтой жишээ хэлэхэд хакухо М.Даваажаргал сумогийн түүхэн амжилтыг эвдэх үеэр Харвардын япон оюутнууд “Айраг гэж танайд ямар зүйл байна. Монголчуудын хөлийн гишгэц сайн, ясны хөгжил их өөр байгаа нь айраг уудагтай нь холбоотой байна гэдэг судалгаа гарсан. Айрагны тухай ярьж өгөөч”  гэж асуусан. Сонин байгаа биз.

-Гол нь энэ мэт жишээ нэгээр тогтохгүй олон байх хэрэгтэй болов уу. Тэр хэрээр хүмүүст таны яриа итгэл төрүүлнэ шүү дээ?

-Дэлхийн эрдэмтдийн яриаг энд иш болгох хэрэгтэй байх. Би өөрөө үйлдвэрлэгч биш учраас сайн ойлуулах эсэхийг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ эмийн ургамал байна. Бордоотой хөрсөнд хэзээ ч эмийн ургамал сайн чанартай ургадаггүй юм байна. Манай хөрс жилийн дөрвөн улиралдаа хөрс өөрийгөө сольдог юм байна л даа. Б.Батзаяа гээд охин өнөөдөр хүний нуруунаас эс аваад эрхтэн ургуулах судалгаа хийдэг лабораторид ажилладаг дэлхийн цөөхөн эрдэмтний нэгээр ажиллаж байна. Тэр охиноос дэлхийн шилдэг эрдэмтэд “Монгол Улс яагаад тэр өргөн сайхан уудам нутгийнхаа үржил шимтэй хөрсийг энэ чиглэлээр ашиглахгүй байгаа юм бэ” гэж маш их асуудаг талаар ярилцаж байсан. Массачусетийн их сургуулийн судлаач Ууганаа гэж залуу саяхан Дундговь зэрэг аймгуудад салхины урсгалыг судласан байна лээ. Тэгэхэд Германы салхин сэнсний эх үүсвэртэй адил байх жишээний. Тэгээд Өмнөд Солонгос, Орос, Хятадын захын мужийг эрчим хүчээр хангах боломжтой гэдгийг тооцоолсон байсан. Ингээд харахаар нөгөө нэвчих үнэт зүйл буюу юуг хийх, юуг хийхгүй байх тухай ойлголт байхгүй байгаа нь тодорхой болж байгаа юм. Хэтэрхий богино хугацааны төлөвлөгөөтэй. Одоогийн сайдын шийдвэрийг дараагийн сайд нь үгүйсгэдэг. Ингээд ярихаар академик цаазын индэр гэдгийг ярих хэрэгтэй болж байгаа юм.

-Та энэ сэдвээ дахиад л дэлгэрэнгүй тайлбарлах хэрэгтэй болов уу. Учрыг нь тунгаахын тулд сайн мэдээлэл, ойлголттой байх хэрэгтэй шүү дээ. Уншигчдынхаа өмнөөс захихад?

-Хэвлэл мэдээллийнхэн маань мэдээлэлгүй байна. Дээр нь улстөрчдөөс хэт хараат. Бодлогын судалгааны хүрээлэн бас л байхгүй. Их, дээд сургууль нь сайдаасаа хараат. Боловсролтой залуус нь аль нэг команиас бүрэн хараат болчихсон. Энэ нөхцөлд бүгд цавчаа өндөр бизнес рүү л явдаг. Зам тавих нь их амархан. Шууд тодорхой хувиар тохирдог. Ийм гаж тогтолцоотой болчихсон.

-Уул уурхай гэсэн ганц салбарт хөрөнгө оруулалттай байсан нь өнөөдөр уналтанд орчихсон байгаа?

-Уг нь монголчууд уул уурхайд дургүй биш. Үр өгөөжийг нь хүртэхийг л хүссэн. Даанч чадаагүй. Хэрэв бусад салбараа уул уурхайгаас олсон орлогоороо дэмжээд хөгжүүлчихсэн бол хэн ч өнөөдөр хөрөнгө оруулагчийг буруутгахгүй байх байсан. Наад зах нь, дэлхийн хамгийн агуу түүхтэй улс атлаа аялал жуулчлалаа хөгжүүлж чадаагүй байх жишээний. Энэ бол мөн чанараа олох тухай асуудал. Тэгэхээр концефци гэдэг цаас төдий болж үлдээсэй гэж хүсэхгүй байна. Монгол Улс өнгөрсөн 25 жилийн хугацаанд хангалттай цаас үйлдвэрлэлээ. Одоо ажил болгох хэрэгтэй.

-Гол нь таны энэ дэвшүүлэн тавьж буй бодлого хүмүүс хэр итгэх вэ гэдэг нь өөрөө асуудал шүү дээ. Бүх улстөрчид л ухаантай үг хэлдэг. Сайн сайхан хөгжил ярьдаг. Тэр хэрээр хүндлэл хүлээдэг. Гэвч цаг хугацааны шалгуурт бүгд худал хуурмагийн үлгэр жишээ болж хувирч байна?

-Наадхи чинь хамгийн гол өөртөө сануулах ёстой зөвлөмж л дөө. Миний зүгээс шоу биш байгаасай гэж хүсч байгаа. Шоу биш байлгахын тулд ч номоо гаргасан. Аль нам нь ч гарч ирсэн үндэстнийхээ мөн чанарыг алдахгүй, өргөмжилсөн үл тасрах төлөвлөгөөтэй, түүндээ эзэн байдаг байх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол 25 жил гэдэг чинь хүнээр бол бүрэн төлөвшлийн хугацаа биз дээ. Гэтэл манай улс шилжээд, шилжээд байдаг хэвээрээ. Уг нь зөв хөгжиж чадвал 25 жилийн дараа Азийн тэргүүлэгч улс болж чадна гэдэг дүгнэлтийг дэлхийн нэр хүндтэй судлаачид хийчихсэн байна.

-25 жил гэдэг улс орны хувьд богинохон хугацаа юм биш үү. Ардчилсан намынхны зөвтгөлөөс үзэхэд л дээ?

-Үгүй ш дээ. Долоон жилийн дотор хөгжсөн Боствана улсын тухай ярилцлага эхлэхэд хэлсэн дээ. Чингис хаан 25 жилийн дотор Ромчуудын 400 жилийн туршид эзэлснээс уудам газар нутгийг нэгтгэсэн байдаг.  Дээр нь Монгол Улс гуравхан сая хүнтэй. Бид нар Хятадтай адил тэрбум хүний тухай яриагүй байхгүй юу. Энэ цөөхөн хүний олонхийг чанартай дундаж давхарга болгочих л юм бол манай улсын хөгжил гольдролдоо орчихно.

-Яаж. Бүгдэд нь мөнгө өгөх замаар амьдралын чанар, боломж бололцоог нь нэмэхгүй нь тодорхой. Та гэхэд МАН-ын нарийн бичгийн дарга байсан. Та өөрийн яриад байгаа энэ бүх санааг хэрэгжүүлэхийн тулд намынхаа нөхөдтэй хамтарч таараа. Тэр тохиолдолд үр дүнд хүрч чадах уу. Тэд дэмжих үү?

-Ер нь бол миний хувьд намынхаа ажилд эргэж орох бодолтой байгаа. Гүүрний үүрэг гүйцэтгэе гэсэн зорилго ч бий. Бусад залуустай харьцуулахад би багаасаа намын ажилд оролцсон. Мөн энэ бүхнийг хийхийг хүсдэг ч боломж нь хаалттай залуусын дунд ч байж үзсэн. Хувь хүнийхээ тухайд нэг их баригдмал хүн биш. Өнгөрсөн хугацааны туршлагаа харахад хаана ажиллаж байгаагаасаа хамаараад хайрцаглагдаагүй гэж боддог. Иймд төвлөрөл бий болгох, оюуны үнэт зүйлийг тодорхойлж, нэг үзэл санаанд нэгтгэх чиглэлээр дорвитой ажил хийе гэж бодож байгаа. Тиймээс ч “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэн байгуулсан. Энэ чиглэлээрээ ажиллах сонирхолтой их олон залуустай уулзаж, ярилцсан. Ажил хэрэг болгохоор санаа нэгдсэн зүйлс ч бий. Намын харьяалал хамаарахгүй ажиллана. Гүүр болно гэдгийн учир нь үүнийг хийж чадна гэж бодсонд байгаа юм л даа.

-Энэ тохиолдолд боловсролын, үзсэн харсан дуулснаараа ялгарсан залуусын хагарал саад болохгүй юу?

-Яг манай үеийнхний дунд тэр хагарал харьцангуй бага л даа. Олонх нь нэг гараанаас гарсан байна. Дээр нь гадаадад багаасаа сурч боловсорсон хурдтай, технологитой залуусыг дотоодод боловсрол эзэмшсэн хүчтэй, тэмүүлэлтэй, зоригтой үеийнхэнтэй нь холбох, нийлүүлэх боломж надад байгааг олж харсан хэрэг. Гэхдээ зөв залуусыг. Эхнээс нь холбож үзсэн. Эхний арваад хоног бол хэцүү. Тэр арван хоногийг давчихаар нэг нэгнийхээ ололттой талыг хараад найзалж нөхөрлөөд, ажил хэргээ яриад эхэлж байгаа юм. Мэдээж гадаадад багаасаа байсан залуус эх хэлээрээ муу ярих нь элбэг байдаг. Гэхдээ энэ нь тэдний алдаа биш байхгүй юу. Тэгээд ч улстөрч бол гэж зүтгээгүй шүү дээ. Бид чинь бүхэл бүтэн Монгол Улсын иргэд. Өөр салбарт ажиллаж, эх орондоо чадал чансаагаа зориулах боломж нээлттэй байна. ХонКонгийн хөрөнгийн бирж дээр ажилладгаараа ажиллаад эх орныхоо компанийг тэнд гаргах боломж олгож чадаж байвал энэ нь эх оронч сэтгэл байхгүй юу. Монгол хүн гэхээр л заавал морь унадаг байх албагүй. Монгол хүн гэдэг дээр хэлсэн гурван үнэт зүйлийг ойлгодог хүнийг л хэлэх ёстой гэж би бодоод байгаа. Мөн чанараа л алдахгүй байх хэрэгтэй. Түүхээ уншаад эх орноо судлахад нэг жил л хангалттай. Филисофийнх нь хувиар ойлгох нь чухал. Зүрхэн дотор үнэт зүйл гэж үүнийг хэлнэ. Жишээ нь би Төрийн соёрхолт дуучин Д.Болд, гавьяат жүжигчин С.Жавхлан хоёр талархалтай хандаж байгаа.

-С.Жавхланг гаж үзэгдэл мэтээр тайлбарладаг залуус бас их олон шүү?

-Үгүй ээ. Онолын хувьд бол байр суурь ( standing) хийж буй цөөн хүмүүсийн нэг. Бүх хүн түүн шиг ингэж амьдарч чадахгүй. Гол нь тухайн хүний зохиолын дуучин байна уу, рок байна уу, Ардчилсан нам, МАН байна уу хамаагүй. Америкизм ярьдаг нь ч хамаагүй. Мөн чанар, суурь үнэт зүйл дээрээ нэгддэг байх нь л чухал. Миний зорилго тэднийг хооронд нь нэгтгэж гүүр болох явдал.

-Ярилцлага дуусах болоогүй ч гэсэн амжилт хүсье. Зорилгоо зөв тавина гэдэг хамгийн чухал гэдэг утгаар нь?

-Баярлалаа.

-Та түрүүн “Гэхдээ зөв залуусыг” гэж хэлсэн. Зөв залуу гэдэг таны хувиар ямар хүн юм бэ?

-Мөн чанараа олсон. Үнэт зүйлээ эрхэмлэж чаддаг залуусыг хэлж байгаа юм. Магадгүй ийм залуусыг нэгтгээд “Сэцэдийн зөвлөл” гэдэг шиг зөвлөл байгуулж ч болно. Үүнтэй зэрэгцээд академик цаазын индэр буюу эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийнхнээс улстөрчдөд тавьдаг мэргэжлийн болоод ёс зүйн шалгуурыг хүчтэй болгох хэрэгтэй байна. Сэтгүүлчдэд, судлаачдад үүнийг ойлгуулахын төлөө цаашид ажиллана. Сэтгүүлчид пиар мэдээллээс илүү улстөрчдийн улс төрийн капиталыг тооцдог, үнэлдэг болох хэрэгтэй. Энэ талаар цаашид уулзалт, ярилцлага хийх төлөвлөгөө бий. Чадлаараа ойлгуулахын тулд өөрөөс шалтгаалах бүхнийг хийнэ.

-Эндээс улс төрийн, улстөрчдийн төлөвшлийн тухай яриа руу чиглүүлье л дээ. Наад зах нь одоогийн улс төрийн нөхцөл байдлыг “хувьчлагдсан” улс төр гэж дүгнэж болмоор санагддаг. Шинэ хүнд боломж өдрөөс өдөрт хаалттай болж байна. Таны гүүрийн үүрэг гүйцэтгэсэн залуус төрөөр дамжуулж эх орноо хөгжүүлэхээр зориглолоо гэхэд боломж байгаа юм уу?

-Боломжийг аль ч нам нь нээлттэй олгох хэрэгтэй. Өнөөдөр хоёр гол намын рейтинг нийт сонгогчдын 40 хувьд ч хүрэхгүй байгаа нөхцөлд хэн, хэн нь их сайн бодох хэрэгтэй. Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг гэхэд зөвхөн өнөөдрийн нэрд гарсан улстөрчдөд ашигтайгаар баталж болохгүй. Гол нь ингэж баталсан тохиолдолд нийгмийн бухимдал эрс нэмэгдэнэ. Тэр үед хохирлыг нь хэн ч төлж чадахгүй. Наад зах нь, намын жагсаалтад топ зэрэглэлийн цөөхөн улстөрчдийг оруулаад олонхийг нь олон нийтэд нэр хүндтэй нийгмийн бусад салбарын тэргүүлэгч лидерүүдээр бүрдүүлдэг олон улсын жишиг бий. Үүнийг бодож үзэх хэрэгтэй. Тэр тохиолдолд Чингисийн талбай дээр өрнөх эсэргүүцэл УИХ-руу орж ирж, дотооддоо асуудлаа шийдэх боломжтой болно.

-Сая нэг хэсэг ээлжит бус УИХ-ын чуулган зарлах тухай яриа эрчимсэн. Энэ үеэр “Тэгвэл одоогийн 76 гишүүнийг дахин сонгогдох эрхийг нь шууд хориглох хэрэгтэй” гэх санал идэвхтэй өрнөсөн. Танд ямар бодол төрсөн бэ. Магадгүй энэ сэдэв дээр “Үе солигдох цаг болсон” гэдэг талаарх таны байр суурийг илүү тодруулах хэрэгтэй болов уу?

-Бодолтой хандах хэрэгтэй. Би энэ талаар хатуу байр суурь хэзээ ч илэрхийлж байгаагүй. Яагаад гэхээр цоо шинэ УИХ-ын 76 гишүүн сонгосноор улс орон сайжирна гэвэл худлаа. Монгол Улсын төлөө хүн ажиллаж чадах вэ гэдгийг л зөв сонгох хэрэгтэй. Залуу, дунд, ахмад үеийнхэн байх хэрэгтэй. Өнөөдрийн УИХ-д төрийн дархлаа болсон хүмүүс бий. Тэднийг хүндэтгэх, ашиглах ёстой. Харин төрөлжилт хийх хэрэгтэй. УИХ дахь бизнес эрхлэгчдийг цөөлөх шаардлагатай. Тендерчдээсээ салах хэрэгтэй. Мэдээж бизнесийн төлөөлөл байх ёстой. Гэхдээ хэтэрч болохгүй. Иргэний нийгэм, хуульч, эмч, багш нарын төлөөлөл УИХ-д байх ёстой. Монгол Улс төлөөллийн ардчилалтай орон. Үүнийгээ л зарчим болгох нь чухал. Ардчилал гэдэг эрх мэдэл, эд баялаг нийгмийн хэт цөөнхийн гарт төвлөрөхийг эсэргүүцэж гарч ирсэн нийгмийн шинэчлэл. Америк, Францид болсон хувьсгал үүнд л чиглэсэн. Тэгэхээр өнөөдрийн парламент цөөнхөд үйлчлэхгүй л байх ёстой. Харахад ардчилал байгаад байдаг хазахад олигархижсан болчихсон. Энэ нь үе солих гэдгээс өөр ойлголт.

-“Монголд аав буюу удирдагч хэрэгтэй байна” гэдэг үгийг улстөрчид, залуус их хэлэх болж. Танд улс орны удирдагч, аавын тухай ерөнхий нэг төсөөлөл байдаг уу?

-Чин үнэнийг хэлэхэд ардчилсан нийгэм хэн нэгэн удирдагчаас хамаарах ёсгүй. Жам ёсны хөгжил байх ёстой.

-Та дээр Чингис хааны түүхэнд үлдээсэн ул мөрийг жишээлсэн. Энэ нь “Чингис хаан эргэж төрөх цаг болсон” гэж үздэг хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлж мэдэх юм?

-Би зөвхөн үнэт зүйл, бодлого, тогтолцоо ярьсан. Энэ хоёрыг бас салгаж ойлгох хэрэгтэй байх. Хийсвэрээр бодьё л доо. Өнөөдөр Чингис хаан төрлөө гээд яах юм бэ. Улс орныг хөгжүүлэх үү. Хэн нэгэн удирдагч тодорч Монгол Улсыг хөгжүүллээ гэхэд тэр хүн таалал төгсвөл энэ улс дахиад дампуурах уу. Ухрах, урагшлах гольдролыг салгаж ойлгох хэрэгтэй. Урагшлах гольдрол гэдэг бол хуулийн засаглал тогтож, дундаж давхарга хүчирхэгжиж, намууд нь төлөвших тухай яриа. Энд хэн байх нь хамаагүй. Тэгэхээр тогтолцооны ялгаа харагдаж байгаа биз. Ерөнхийлөгч хэн байхаас үл хамааран гольдролоороо хөгжих тогтолцоо, соёлыг бид төлөвшүүлэх хэрэгтэй.

-Сингапураар энд жишээ авч болох уу?

-Болно. Ли Куан Ю г хүмүүс дарангуйлагч гэдэг. Үнэн. Гэхдээ бусад дарангуйлагчдаас нэг том ялгаа бий. Тэрээр жам ёсны тогтолцоог дэмжиж, авлигагүй Сингапурыг бий болгож чадсан. Бизнес эрхлэх боломжийг нээлттэй болгосон. Энэ л түүний гавьяа. Тэгэхэд Хосни Мубарак тойрон хүрээлэгчдээ дэмжих зорилгоо хэрэгжүүлэх гэж зүтгэсээр байгаад улс орноо хорт хавдартай болгочихсон. Тэгэхээр манайх нийгмийн соёлыг төлөвшүүлэх шаардлагатай болж байгаа юм. Дахиад хэлэхэд сэтгүүлчид, судлаачдыг татан оролцуулах хэрэгтэй. Наад зах нь, дарга нарын шүүх хурал иргэдэд нээлттэй болдог хэрнээ жирийн иргэнийх хаалттай болдог байж болохгүй. УИХ цөөнхийн эрх ашгийн төлөө хууль баталдаг байж болохгүй.

-Таны хувьд энэ бүхнийг өөрчлөх, шинэчлэх шинэ төлөвшлийн тухай яриад байна. Гэтэл хэрэгжүүлэх боломж нь хэр их нээлттэй байгаа юм бэ. Улстөрчид анхандаа бүгд ухаантай ярьдаг ч эргээд харахад нүүрнээсээ бусдыг өөрчилсөн байх нь элбэг шүү дээ?

-Миний зүгээс “Надад итгэ. Би итгэл дааж чадна” гэж яриад суух нь зохисгүй. Зүгээр хэлсэн үгэндээ эзэн болдог эсэхийн тухайд чи бид хоёр нэлээн олон удаа ярилцлага хийсэн. Тэр ярилцлагыг түүвэрлээд эргээд уншихад миний үг, үйлдэл зөрсөн байна уу гэдгийг ажиглавал хариулт нь гарч ирнэ байх. Жишээ нь, би НАМЗХ-ны ерөнхийлөгч болсныхоо маргааш нь “Өдрийн сонин”-ы Улс төрийн албаны дарга Э.Энэрэлд ярилцлага өгсөн. Тэгэхдээ “Би 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй. Сурна” гэж хэлсэн. Би энэ итгэл үнэмшлээрээ өнөөдрийг хүртэл яваа. Үүнээсээ зөрөөгүй.

-Харин УИХ-ын 2016 оны сонгуулийн тухайд?

- Энэ удаа би эс үйлдэхүй хийхгүй.  

-Таньтай ярилцсаных НАМЗХ-ны талаар асуухгүй өнгөрвөл ярилцлагаа дутуудуулчихсан мэт сэтгэгдэл төрж мэдэх. Бүр тодруулбал саяхан болсон зөрчлийн талаар.

-Үе сольдог зарчим дээр зогссон. Энэ зарчим цаг хугацаа өнгөрөх тусам надаас үл хамааран тодрох болно. Миний хувьд 35 нас хүрч, залуусын байгууллагаар овоглогдох түүх хаагдсан. Одоо илүү улс орны хөгжлийн асуудал, намын шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийлнэ. Би зөрчил гэж үзээгүй. Улс төрд болдог л зүйлсийн нэг. Тиймээс миний хувьд энэхүү ангал хаагдсан. Одоо урагшаа харах цаг...

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)