ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

2019-06-28 15:31:40

“Гэмтэл бэртэл учруулах, зүй бусаар харьцах, анхаарч халамжлахгүй байх, үл хайхрах, бэлгийн хүчирхийлэл үйлдэх, мөлжих зэрэг бие махбод, сэтгэл санааны хүчирхийллийн бүх хэлбэр” /Хүүхдийн эрхийн тухай конвенц/

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл нь ямагт санаатай үйлдэгддэг бөгөөд дараах хэлбэртэй байна.

1. Хүүхдийн эсрэг бие махбодын хүчирхийлэл

Хүүхдийн алгадах, цохих, мушгих, түлэх, хайрах, нүцгэн хөөж гаргах, шахах, гараар болон эд юмсаар цохих, гуядах, хоолойг нь боох, хүлэх, ороолгох, савах, эрхтнийг нь гэмтээх, хугалах, машинаар дайрах, дэвсэх, үсдэх чирэх, мөргүүлэх, татаж унагах, уургалах, зэвсэг хэрэглэх.

2. Хүүхдийн эсрэг сэтгэл санааны дарамт, хүчирхийлэл

Хүүхдийн сэтгэл санааны хувьд амар амгалан, тайван байдлыг эвдэж буй аливаа төрлийн үйлдэл. Сэтгэл санааны дарамтад өртсөн хүүхдийн шинж тэмдэг: Хэт дуулгавартай, идэвхгүй, хувиа хичээсэн байдал ажиглагдах, түрэмгий догшин, уур хилэнтэй болох, зөрүүдлэх , бие махбод, сэтгэц, оюун ухааны хөгжлөөр үеийнхнээсээ хоцрох, амиа хорлох оролдлого хийх, өөрийнхөө талаар таагүй сэтгэгдэлтэй байх, хүлцэнгүй ноомой байдалтай байх, хэт идэвхгүй, эсхүл түрэмгий байх, этгээд зан авир гаргадаг болох

3. Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл

Хэн нэгэн хүүхдийг дургүй байхад нь бэлгийн сонирхлоор илж таалах, үнсэх зэргээр хүчиндэх хүртэлх үйлдлийг бэлгийн хүчирхийлэл гэнэ. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд илрэх шинж тэмдэг: Шөнө хар дарж зүүдлэх, нойргүйдэх, харанхуйгаас айх, үргэлж уурлах, зожигрох, ганцаараа байхыг илүүд үзэх, байнга зовлон бэрхшээл тоочих, өртөө итгэлгүй, сул дорой, сэтгэлээр унах, ямар нэгэн юм нууцлах, хэн нэгний эсхүл өөрийнхөө тухай учир нь үл мэдэгдэх зүйл яриад эхлэх, амиа хорлох оролдлого хийх, мансууруулах бодис хэрэглэх, олон хувцас давхарлан өмсдөг болох, маш их идэх дуршилтай эсхүл огт хоол идэх дур хүсэлгүй болох, бэлгийн харилцааны талаар их мэдлэгтэй болох

4. Хүүхдийг үл хайхрах

Бие махбодын хувьд үл хайхрах: Хүүхдийн наад захын хэрэгцээ болох хоол хүнс, хувцас хунар, орон байраар дутаах, хүүхдэд согтууруулах ундаа, хор, мансууруулах бодис, муудсан хоол, зохисгүй зүйл санаатайгаар, хүчээр идүүлэх.

Эрүүл мэндийн хувьд үл хайхрах: Хүүхдийг зайлшгүй хамрагдах эмнэлгийн үйлчилгээнд хамруулахгүй , өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй, нас сэтгэхүйн хөгжлийн хоцрогдолд санаа тавихгүй байх, биеийн зовуур шаналгааг тоохгүй, эмчлүүлэхгүй, урьдчилан сэргийлэхгүй байх.

Сэтгэл санааны хувьд үл хайхрах: Хүүхэдтэй хол хөндий харилцах, эсхүл харилцахгүй байх, хайр халамжаар дутаах, хүн гэж тоохгүй байх, хүсэл сонирхлыг нь няцаах

Боловсролын хувьд үл хайхрах: Хүүхдийн сурч хөгжих боломжийг хаах, хязгаарлах, хичээлийн хэрэгслээр хангахгүй байх, хичээл таслуулах, сургууль завсардуулах, хөдөлмөр эрхлүүлэх

Хүүхдийг эрсдэлд оруулах нөхцөл бүрдүүлэх: Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, аюултай нөхцөл байдлыг мэдсээр байж, хүүхдийг хамгаалахаас зайлсхийх.

Хайр халамжаар дутагдаж байгаа хүүхдийг таньж мэдэх шинж тэмдэг:

Байнга өлсгөлөн байх, хог түүх
Хувийн ариун цэвэр тааруу, бохир хувцаслах нь байнгын шинжтэй байх
Ядруу бусдыг царайчилсан, хайр хүссэн байдалтай байх
Цаг агаарт тохиромжгүй хувцаслах
Бусдыг үзэн ядах.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)