Х.БААСАНСҮРЭН: Хүмүүс бид аз жаргалын тухай бодолдоо төөрчихөөд байна

2015-12-27 14:20:39

Цахим ертөнц бүхэлдээ сайнаас мууг, муугаас бүр мууг нь онцлоход чиглэж буй тухай олны шүүмж өдгөө эрчимжих болж. Гэсэн ч үүний эсрэг талд twitter, facebook-ийн орчинд хүмүүс сайн мэдээнд баярлаж, сайхан үйлд талархах нь өдрөөс өдөрт олширч байгаатай маргах аргагүй юм. Учир нь бид бүгдээрээ зүрх сэтгэлтэй. Бидний зорилго муу үйл хийхэд тулгаж болох ч эцсийн дүндээ зүрх сэтгэл дандаа сайн, сайхан руу тэмүүлдэг гэдэгтэй маргах аргагүй. www.youtube.com-д Эрдэнэзуу хийдийн хамба Х.Баасансүрэнгийн яруу найрагч Ц.Бавуудорж, хөгжмийн зохиолч Д.Наранмандах нарын бүтээл болох “Нандин цэнхэр тэнгэр” дууг дуулсныг байршуулж, тэрхүү бичлэг олны талархлыг хүлээж буй нь дээрх дүгнэлттэй холбоотой байж болох юм. Иймд улс төрийн эгзэгтэй үе хэдий ч уншигчдад чухлыг нь гэж итгэсэндээ түүнийг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа. Тэрбээр энэ сарын 26-ны өдөр “Зүрхийг тань дайлья” лекцээ Улаанбаатар паласын концертийн их танхимд уншсан юм.

-Таныг таньж мэддэг сүсэгтнүүдийн хувьд та хүндэтгэлтэй нэгэн гэдэг нь гарцаагүй. Харин онлайн ертөнцөд өдөржин суухдаа цахим талбараас зөвийг, сайныг олж уншвал, сонсвол талархдаг хүмүүсийн хувьд та бараг л зүрх сэтгэлийн дуучин болчихоод байна. Иймд “Бүгдийг л хайрламаар санагдаад байна” гэсэн үгэнд тань хөтлөгдөөд ярилцлага хийх бодол төрснийг хэлэх хэрэгтэй болов уу?

-Баярлалаа. Хүн болгон хайрыг эрэлхийлдэг. Яагаад хайрыг эрэлхийлдэг гэхээр хүний өөрийн уг мөн чанар нь хайр юм. Тийм болохоор тухайн хүний хэн байх, ямар ажилтай, ямар албан тушаалтай байх нь чухал биш. Эцсийн дүндээ бүгдээрээ л хайрыг эрэлхийлдэг. Өнөөгийн нийгэмд бие, биеийгээ хайрлах, хүндлэх мэдрэмж үгүйлэгдэж байна. Дандаа шүүмжлэл, хар бараан мэдээлэл давамгайлж байгаа. Ийм үед хайрыг дуулахдаа хүртэл бид бүхэн алдаж байж болох юм. Үгийг нь тунгаахгүй, аяыг нь мэдрэхгүйгээ дуулна гэдэг их гунигтай хэрэг. Би зарим дууны үгнүүдийг нийлүүлээд хүртэл дуулмаар санагддаг. Үг гэдэг хүний сэтгэлийн илэрхийлэл гэдэг утгаараа дуулах бүрт хүнд хайрлах мэдрэмж, итгэл найдвар, сайн сайхныг өгч байх учиртай. Энэ дуу миний хувьд тийм л эрхэм дуу.

-Гэхдээ энэ дууны цаана таны өөрийн хань хувь хүний философи, буддын шашны мөн чанар оршиж буй гэвэл та зөвшөөрөх үү. Зохиосон биш дуулсан хүнээс нь ингэж асуухын учир нь та маань хөгжөөх үедээ ч “Орчлонг хайрлаарай” гээд дуулж байдаг шүү дээ?

-Би сүүлийн үед өөрийн лекцүүдээ аялгуугаар хийж байгаа. Миний бодлоор хүмүүс дуулж байхдаа өөр зүйл боддог. Ер нь ямар ч юм хийсэн дандаа өөр зүйл боддог шиг санагддаг. Уг нь хүн хийж буй зүйлдээ бодол санаагаа шингээж байж л үр дүнд хүрдэг шүү дээ. Сэтгэл санаагаа хоёрдуулснаар олигтой үр дүнд хүрэхгүй. Дуу дуулахдаа хүртэл “Би муухай дуулчих бий вий” гэдэг дээрээ төвлөрөхөөс бус гүн утгыг нь ойлгохыг хүсдэггүй. Сэтгэлээсээ мэдэрч дуулахад нөгөө л маск нөлөөлдөг. Жаахан хүүхдэд харин тийм юм байхгүй. Яг л өөрийнхөө агшинд ордог. Гэтэл бид бүхэн том болохоороо гэртээ аавын дүрд, ажил дээрээ даргын дүрд тоглодог. Олонх нь өөрийнхөөрөө байж чаддаггүй. Аялгуу бол хэлбэр дүрсгүй зүйл. Аялгуунд хүний сэтгэл аяндаа зөөлөрч байдаг. Би эерэг дээр төвлөрөх дуртай. Сөрөг бодолтой хүмүүс хар мянгаараа байна. Би  тэдний нэг баймааргүй байна шүү дээ. Ийм болохоор сайхан аялгуу, сайхан үгээр дамжуулж бусдад санаа бодлоо илэрхийлэх нь надад таалагдаж байгаа хэрэг л дээ.

-Та эерэг дээр төвлөрөх дуртай. Сөрөг зүйл бодох дургүй гэж байна. Гэтэл нийгэм танд ийм боломж олгож байна гэж үү. Эсвэл та хувь хүнийхээ бясалгал дунд амьдардаг хэрэг үү?

-Би нэг удаа өөртөө амлалт өгсөн юм. Хэзээ ч муу, муухай юм бодохгүй гэж. Бусдыг муулж байгаа ярианд орохгүй гэж. Хэрэв муу зүйл бодоод, муу, муухай ярианд оролцвол тухайн тохиолдол бүрт өөрийгөө чимхэнэ гэж амласан. Тэгээд тохиолдол бүрт өөрийнхөө баруун гараараа зүүн гарынхаа шууг чимхсэн. Эхний удаад гайгүй байгаа юм. Сүүлдээ ч нэг хэсэг газар хөх няц болоод нэмж чимхэхээр аймар өвддөг болсон. Тэгээд нэгэнт хүн чинь бие нь өвдөөд эхлэхээр бас бодно биз дээ. “За больё. Ингэж өөрийгөө өвтгөхөө больё. Би яасан их муу, муухай юм боддог юм бэ. Одоо больё” гэж. Хүнд өөрийнхөө муу бодол, муу үйлээсээ салахад энэ мэт үр ашигтай дадал зуршил, арга барил хэрэгтэй юм билээ. Одоо бол би дандаа л эерэг бодол дээр төвлөрч, эерэг зүйлийг санаж сэддэг болсон.  

-Тэр бүх муу бодлын үр үндсийг та мэдээж судалж, тунгаасан байж таараа. Жирийн бидний хувьд бол шууд тухайн үеийнхээ сэтгэгдэл, үр дагавраас үүдэн дүгнэлт хийж, түүндээ итгэдэг. Гэтэл тэр бүхнийг эргээд бодоход, цаашлаад тухайн хүнтэй он удаан жил, эсвэл тодорхой хугацаанд харилцсны дараа өөрийн дүгнэлт буруу мэт санагдах нь бий шүү дээ?

-Хүн бүр өөрийгөө ерөөсөө л шүүгч гэж боддог юм байна. Нэгэнт шүүгч хүнд бусад хүмүүс ялтан мэт санагдана аа даа. Эсвэл чи бол хаан. Харин бусад нь боол болж ойлгогддог. Энэ бодлоор хэмжихэд бусад бүх хүн чамд таалагдах гэж, чамд үйлчлэх гэж төрсөн мэт санагддаг. Гэтэл хүний мөн чанар гэдэг чинь бүх хүнд өөрийнхөөрөө амьдрах эрх бий гэдэгт оршдог. Тэр битгий хэл хүн болгон алдаж, онох ч эрхтэй. Гэтэл бид бүхэн шууд өөрийнхөө сэтгэлд бусдыг нийцүүлэхийг хүсдэг. Хэрэв сэтгэлд нь нийцэхгүй бол шүүж эхэлдэг. Тэр хүн зөвхөн чиний санаанд нийцснээр сайн хүн болно гэж хэзээ ч байхгүй юу. Жишээ нь, би хэн нэгэнд маш дургүй байлаа гэж бодьё л доо. Гэтэл тэр хүн өөр хэн нэгний хамгийн сайн, хамгийн хайртай хүн нь байдаг. Би гэхэд нэг хүний хамгийн хайртай хүн байлаа гэж бодьё л доо. Гэтэл надад дургүй хүн олон бий. Энэ чинь бид нар өөрийнхөө муу, муухай гэж бодсон хүнийхээ сайн талыг нь хэзээ ч олж харж чадахгүй болтлоо шүүгч хийчихсэн байгаад л шалтгаан нь оршиж байгаа юм. Яг үүн шигээ сайн сайхнаар харж байгаа хүнийхээ муу шинж чанарыг нь олж харж чадахгүй болчихдог. Үүн шигээ сайн гэж бодсон хүнийгээ нэг үг хэлэхээр шууд зөвшөөрч, хүлээж авдаг. Гэтэл муу гэж бодсон хүн нь хэчнээн зөв үг хэлсэн ч “Чи одоо юу юм. Дуугүй бай” гэх маягтай хариу үйлдэл хийдэг. Тэгэхээр үнэн гэдэг чинь ер нь юу юм бэ. Хүн болгон өөр өөрийнхөө дүгнэлтийг урьдчилж гаргачихаад түүндээ бүхнийг нийцүүлж байгаа биз дээ. Тийм болохоор хүн болгон өөрийнхөөрөө бодох эрхтэй. Хэрэв хүн үнэхээр чамд итгээд, чамаас зөвлөгөө авахыг хүсвэл өөрийнхөө санал бодлыг хэлэх хэрэгтэй байх. Түүнээс хаа тэндээс дуудаж уулзан баин  хүний асуудалд орох хэрэггүй л гэж боддог юм.

-Танд дахиж өөрийгөө чимхэх хэрэг гарав уу?

-Үгүй  дээ. Хаяа ганц нэг бодол зурс хийж орж ирнэ. Гэхдээ би муу бодлоо хөөчихдөг учраас нэг их асуудал болгож, өөрийгөө чимхэх хүртлээ шаналах хэрэггүй болсон. Би дээр хэлсэндээ эерэг дээр төвлөрөх дуртай гэж. Эерэг бодол санаанд төвлөрч, түүндээ эзэн болоод ирэхээр муу бодлууд, муу дүгнэлтүүд хүнээс аажимдаа холдож, зугтдаг шиг байгаа юм.

-Лекцийг тань сонссон хүн бүр тухайн цаг үедээ сэтгэлдээ өөрийн гэсэн гэрлийг асаадаг байж таараа. Харин лекцийн танхимаас гараад олны харилцаанд ороод ирэхээр танаас олж авсан гэрэл гэгээгээ хумиж, сайн сайхныг бодох хэрэгтэй гэдэг итгэл үнэмшлээсээ зугтдаг байж мэдэх юм. Энэ тохиолдолд танд харуусал төрдөг үү?

-Үнэнийг хэлэхэд надад тэр нэг их сонин биш байдаг юм. Би тухайлбал албан байгууллагаас нь хүчээр зохион байгуулж, хүмүүсээ хүчээр суулгасан орчинд лекц унших, уулзалт хийх дургүй. Харин намайг сонсохыг хүссэн, чин сэтгэлээсээ итгэж, хүндэтгээд амьдралдаа жаахан ч гэсэн мөрдлөг болгохыг хичээж байгаа хүмүүстэй уулзаж, ярилцахад сайхан байдаг. Мэдээж хүчээр суусан хүмүүсийн сэтгэлд өөрийн тань хэлснээр тухайн цаг үедээ л жаахан гэсэн гэрэл асаавал их юм. Ер нв бүх хүний амьдралд хэвшүүлнэ гэдэг амар биш байж таараа шүү дээ. Хүний амьдралд олон л зүйл тохиолддог. Тэр бүхний дундуур хүн дандаа сайныг бодож, муу бодлоо хөөнө гэдэг амар биш. Ийм болохоор дээр би бусдын талаар шууд дүгнэлт хийх нь буруу гэж хэлээд байгаа хэрэг л дээ. Яг үүн шигээ хүмүүсийг миний үгээр явах ёстой  ч гэж тулгаж чадахгүй.

-Тэгвэл өөрийн тань хэлснээр сэтгэлээ удирдах боломж хүн бүрт бий юу. Заавал бясалгалд суралцахгүйгээр гэсэн үг шүү дээ. Сүүлийн үед “Нийгэм хүмүүсийг ийм муухай болгоод байна. Хүн бол нийгмийн бүтээгдэхүүн” гэсэн үг давамгайлж байна?

-Байгаа. Байлгүй яахав. Харин “Нийгэм хүмүүсийг эвдээд байна” гэдэг ойлголтыг бид бүхэн өөрөө өөрсдөө хүчээр бий болгочихоод байна. Жишээ нь, АНУ-д нэг хүүхэд олон хүнийг буугаар шүршээд хөнөөчихжээ гэсэн мэдээг дэлхий тэр чигтээ бараг нэг цагийн дотор мэдчихэж байна. Гэтэл “Хүүхэд компьютер бүтээлээ” гэвэл хэр их хугацаанд хүн төрөлхтөн мэдэх бол. Үүнийх нь үр уршгаар нийгэм тэр чигтээ айдаст автдаг. Үүнд би хэвлэл, мэдээллийн хэрэгсэл бодлогоор зөв байр сууринаас хандах хэрэгтэй юм болов уу гэж боддог. Шууд айдсыг нийгэмд өгөх нь зөв үү, буруу юу гэдэг дээр бодох хэрэгтэй байх. Ер нь хүн юуг бодно, бодол хаашаа урсана түүнтэйгээ адилхан болно гэдэг хууль байхгүй юу. Хэн нэгэн хүнийг чи муугаар бодоод эхлэх л юм бол чи яг түүнтэйгээ адилхан болж байна гэсэн үг. Сэтгэл хаашаа урсана хүн тийшээ явна гэсэн үг. Хэдийгээр бид бүхэн хүнд хэцүү, сөрөг үйлдэл ихтэй нийгэмд амьдарч байгаа ч гэсэн чи бодол санаагаа эерэг дээр төвлөрүүлж чадах юм бол хэн ч чиний бодол санаагаар тоглож, гаднаас чинь чамд нөлөөлж чадахгүй. Өнөөдөр чамайг нэг хүн уурлууллаа гэж бодьё. Чи өдөржингөө түүнд уурлаж, гэртээ түүний тухай ярьж, бусад хүмүүст хэлж уйлж, уурлана. Маргааш нь чамайг өөр нэг хүн гайхалтай сайхан үгээр магтахад чи бараг л ниснэ биз дээ.

-Нисэхгүй юм гэхэд цаанаасаа инээд хүрнэ байх шүү?

-Тэгвэл чи хэн юм бэ. Хэн дуртай нь чамайг уурлуулж, бухимдуулж байна. Хэн дуртай нь чамайг баярлуулж, хөөргөж байна. Бусдын аясаар бөмбөрч байдаг утсан хүүхэлдэй, бөмбөг болж хувирчихсан байгаа биз дээ. Миний лекцийн гол утга ерөөсөө л өөрөө өөртөө эзэн байх тухай. Хэрэгтэй үедээ уурлаж, өөрийнхөө санаа бодлыг шууд хэлж чаддаг. Хүссэн үедээ баярлаж, хөгжиж чаддаг байх тухай. Түүнээс бус хүний хатгаас, хүний удирдлагаар баярлаж, уурлана гэдэг бол байж болохгүй зүйл.

-Үүний эсрэг талд өрөөл бусдад талархаж амьдрах тухай сургаал бас бий?

-Тийм ээ. Чиний гэр бүлийн аз жаргал хөршийн, найз нөхдийн, ах дүүгийн, бүр хүүхдийн тань нэг ангийн хүүхдийн гэр бүлээс хүртэл хамаардаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Бусдын төлөө сэтгэл гаргана, бусдад сайн үйл хийнэ гэдэг өөрийнхөө төлөө хийж байгаа сайн үйл л байдаг. Би эх орноо хайрлах гэдгийг холоос хайх, холуур тойруулж боддоггүй. Ерөөсөө л гэрийнхээ цонхоор идсэн чихрийнхээ цаасыг хаяхгүй байхаас л эхэлдэг гэж боддог. Бүх зүйл уялдаа холбоотой. Өнөөдөр би сүүтэй цай уулаа гэж бодьё. Тугалын сүүг булаагаад ууж байгаа хэрэг. Тиймээс сүүгээ булаалгасан тугаланд, үнээнд, бүр буханд, шим тэжээл нь болсон өвсөнд хүртэл талархаж чаддаг байх хэрэгтэй. Үүл, бороонд хүртэл талархах хэрэгтэй. Нар гарахгүй, бороо орохгүй бол өвс яаж ургах юм. Өвс идэхгүй бол үнээ яаж сүүтэй болох юм. Хүн амьдралдаа ганцаараа мундаг, ганцаараа онцгой чадвартай, ганцаараа энэ дэлхийд амьдарч байгаа юм шиг бодож болохгүй л гэсэн үг. Чи ч тэр, би ч тэр төгс биш байхгүй юу. Бид бүгдээрээ бие биеийнхээ хүч нөмөр нөөлөгт амьдардаг гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгж бодож чадахгүйн улмаас л энэ их дайн дажин, эсэргүүцэл халдлага болоод байна шүү дээ.

-Та ярилцлагын эхэнд “Эцсийн бүлэгт хүн болгон зөвхөн хайрыг эрж хайдаг” гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр хайр дурлал хийгээд төлөөсийн тухай ойлголт газар авч байна. “Хайртай юм бол...” гэдэг үгний араас олон үүрэг, даалгавар дагалдаж байх шиг санагддаг. Энэ тохиолдолд хүмүүс хайрыг хайрлах уу, мөнгийг хайрлах уу гэсэн хоёр сонголтыг өмнө бүдэрч унах нь олонтаа байна гэвэл хатуухан ч гэсэн үнэнд ойр сонсогдох болов уу?

-Хайрлана гэдэг хайртай хүнийхээ алдаатай талыг ч тэр, оноотой талыг ч хүлээн зөвшөөрч, хайрлахыг хэлдэг. Хайрлана гэдэг амжилт бүтээлийг нь ч, алдаа дутагдлыг нь ч хамтдаа даван туулж, хамтдаа баярлаж, дурсахыг хэлдэг. Гэтэл бид нар нэг алдаа гаргангуут нь хайртай хүнээ элдвээр адлаад, буруутгаад шууд шүүгч хийгээд эхэлдэг. Юун нөгөө хайр, хайрлах сэтгэл. Ийм байж болохгүй байхгүй юу. Би их олон хүнтэй уулзаж, санаа бодлоо ярилцаж, лекц уншдаг. Хоригдлуудтай бол их ч олон удаа уулзлаа. Миний ажигласнаар бараг 70-80 хувь нь багадаа хайрыг мэдрээгүй байдаг. Гэр бүлийн зөрчил тэмцэл, хавчлага доромжлол, зодуур нүдээр, архидалт, салалт дунд бага нас нь өнгөрчихсөн хүмүүс. Гэсэн ч тэд эцсийн бүлэгтээ хайрыг л эрж хайдаг. “Миний аав, ээж намайг суллагдаад гарахад амьд байх болов уу. Миний эхнэр намайг хүлээх үү” гэдэг. Ерөөсөө л бид нарт хайр л дутаад байна. Хорвоо дээр яагаад зовлон ихдээд хайр багасаад байна вэ гэхээр хайрыг эрж хайсан хүний тоо улам бүр олширч байна. Гэтэл хайрлаж, хайраар дүүрэн амьдарч байгаа хүмүүсийн тоо их бага болж байна. Хайр гэдэг ахуй биш байхгүй юу. Аав, ээж, ах дүүгээ хайрладаг шигээ эд хогшил, эд мөнгийг хайрладаг байж болохгүй. Үүнийгээ анзаарахгүйгээр бид бүхэн аливаа нэг зүйлийн хүлээсэн дунд амьдардаг. Хамаг амьдралаа хүлээж өнгөрөөдөг.

-Таны нэг лекцийг уншихад “Хүн том болохоо, мөнгөтэй болохоо хүлээж амьдардаг” тухай өгүүлсэн байсан. Нэг талдаа хэтэрхий их хүлээлт хүнд бэрхшээл учруулж болох ч “Мөрөөдөл хүнд жигүүр ургуулдаг” гэдгийг үгүйсгэж бас боломгүй санагдах юм?

-Мөрөөдөл хүнд байх хэрэгтэй. Гэхдээ биелүүлж чадах мөрөөдөл, чадахгүй мөрөөдөл гэж бас байна. Олонх хүн хүрч чадахгүй, биелүүлж дөнгөхгүй их холын зүйл мөрөөдчих гээд түүндээ хүрэх гэж өөрийгөө зовоодог. Мөрөөдөлдөө хүрч чадахгүй болохоороо өөрийгөө уурлаж бухимдахаас эхлээд зовоодог. Тийм хүмүүсийн хувьд мөрөөдөл нь зовлон болж хувирдаг. Ерөөсөө мөрөөдөл гэдэг зүйл чинь хийсвэр байхгүй юу. Ихэнх хүмүүсийн хувьд мөрөөдөлдөө хүрэх хүртэл тэмцсэн, зүтгэсэн цаг хугацаа нь л аз жаргал байдаг. Харин яг мөрөөдөл нь биелснээрээ аз жаргалтай болох нь их ховор байдаг. Хүнд ерөнхий мөрөөдөл байж болно. Гэтэл аз жаргалаа зовлон болгох мөрөөдлийг өөртөө бодож олчихоод түүнийхээ төлөө бүх амьдралаа зориулж болохгүй байхгүй юу.

-Мөрөөдлөөрөө дамжуулаад зовлон нааж болох ч “Орчин цагийн хүний хэрэглээ хязгааргүй” гэсэн тодорхой хариултгүй хэрнээ тодорхой бус дүгнэлт байдаг. Ядаж л нэг өрөө байртай бол түүнийгээ хоёр өрөө болгох. Хоёр өрөөтэй байраа гурван өрөө болгох гэх мэт олны нийтлэг сонирхол байна аа даа. Тодорхой бус гэдгийн тухайд бид технологийн хурдад захирагдаж байна шүү дээ. Жишээ нь таргаа эмээгийн аргаар бүрдэг байсан бол одоо автомат тараг бүрэг авах нь илүү хялбар гэдэг ч юмуу?

-Хүнд өлсөхгүйн тулд хоол, даарахгүйн тулд хувцас хэрэгтэй. Энэ бол зайлшгүй хэрэгцээ. Ийм энгийн хэрэгцээгээ хангачихсан байхад хүн аз жаргалтай амьдарч болно. Гэтэл хүмүүс үүнээс илүү ихэд шунадаг. Сая өөрийн тань асуусан тараг бүрэгчийн хэрэгцээ үүний л нэг илрэл. Шунал байгаа цагт чи хэзээ ч баян болж чадахгүй. Шуналтай хүн улам бүр ядуурсаар л байдаг. Хүсэл мөрөөдөл нь л баян болоод байхаас бус өөрөө бол ядуу хэвээрээ байдаг. Жишээ нь, нэг хүн хадгаламжиндаа таван сая төгрөгтэй. Түүнийгээ ихэд хайрлан нандингаж, хадгалах тухай бодож байлаа гэж бодьё л доо. Харин түүний хажууд хадгаламжиндаа нэг сая доллартай эр зогсч байгаа. Тэр мөнгөө яавал таван сая ам.доллар болгож үржүүлэх вэ гээд унтаж чадахгүй байна гэж. Энэ тохиолдолд хэн нь баян, аз жаргалтай болж таарах вэ. Таван сая төгрөгтэйдээ баярлаж байгаа хүн нь хамаагүй аз жаргалтай, сэтгэл амар байна биз дээ. Нөгөө хүний бол нойр хүрэхгүй шүү дээ. Тэгэхээр чинь энд ямар аз жаргал байна аа. Бас хэн нь ядуу байна. Таван сая төгрөгөө хадгалахыг хүсч байгаа хүнээс нэмж дөрвөн сая ам.доллар олох гээд унтаж чадахгүй суугаа хүн нь ядуу биз дээ. Байхгүй байгаа мөнгөнийх нь хэмжээг бодоод үз л дээ. Ер нь хүн их сонин шүү дээ. “Таван жилийн дараа тийм юмтай болчихвол би аз жаргалтай болно” гэдэг. Таван жилийн дараа зорилго нь биелчихээд сэтгэл нь ханахгүй дахиад л өөр зүйл хүсээд, арван жилийн дараахийг харж эхэлдэг. Ингэж шунал, хүсэлдээ богтлуулсаар амьдралдаа аз жаргалыг олж авч, мэдэрч чадахгүй өнгөрөх нь их. Хүмүүс бид ерөөсөө аз жаргалын тухай бодолдоо төөрчихөөд байна.

-Гэхдээ үүнд цайруулж болох тайлбар бас бий. Наад зах нь “Үр хүүхдийнхээ төлөө” гэсэн аав, ээжийн сэтгэлийг шуналаас ялгаж салгаж, цайруулж болно биз дээ?

-Наад тайлбар чинь өөрсдийнх нь л шунал. Хүн үр хүүхдээ боловсролтой, эрүүл чийрэг биетэй, зөв бодолтой* болж өсч, төлөвшихөд анхаарах хэрэгтэй. Харин эд хөрөнгө үлдээнэ гэдэг өөрөө буруу. Хаяа сонсож байхад “йм баян айлын хүний хүүхэд ингэж аав, ээжээ зовоож гэнэ. Ийм буруу юм хийж гэнэ” гэдэг яриа их гарах болсон байна. Энэ чинь өөрөө эд хөрөнгөндөө анхаараад, хүүхдийнхээ боловсрол, сэтгэлд анхаараагүйн илрэл байхгүй юу. Миний анзаарснаар өөрсдийн шунал хүчлийг хязгаарлаж чадахгүй явсаар эргээд үр хүүхдээ буруу замаар оруулаад байна уу даа л гэж боддог.

-Гэхдээ л бурханд мөргөх, залбирахдаа олонх нь үр хүүхэд, хань ижил, хайртай хүмүүсээ даатгаж л залбирдаг. Энэ залбирал харин хэр үр дүнд хүрдэг юм бол. Ингэж асууснаар бурхнаас төлөөс нэхсэн хэрэг болж мэдэх л юм. Гэхдээ л хуварга хүний тайлбар гэдэг утгаараа сонирхолтой байна?

-Итгэл үнэмшлээрээ сүсэлж, түүндээ эзэн болж, бурхны сургаалийг хүндэтгэн биширч суугаа сүсэгтнийг харах, тийм хүмүүстэй уулзах сайхан байдаг. Гэвч олонх нь бурхантай наймаа ярьдаг. Залбирахдаа хариу нэхдэг. “Намайг мөнгөтэй болгоод өг. Намайг хань ижилтэй болгож өг. Миний ажлыг бүтээж өг” гэх мэтээр тахихдаа горьлолт, мөргөхдөө ашиг сонирхлоо илэрхийлж, хүсэлт тавьдаг. Бурханай ингэж наймаа хийж болохгүй. Бурхан бол зарц биш байхгүй юу. Бурхан ерөөсөө л хайр. Иймд би хүмүүст хайрлахад, хайрлуулахад, хайрын өмнө бэлэн бай л гэж сургадаг. Энэ чинь л хүний мөн чанар шүү дээ. Үүн шиг буян үйлдэх тухай яриа байна. Буян гэдэг харьцангуй ойлголт. Өөрөө аз жаргалтай байж гэмээнэ хүнд буян үйлдэж чадна. Харин бусдыг хохироосон аз жаргал байж болохгүй. Аливаа зүйл савнаасаа хальдаг гэж үг байдаг биз дээ. Өөртөө байхгүй зүйлээ бусдад олж өгөөд байж болохгүй. Ерөөсөө хүн өөрийгөө ч зовоож болохгүй. Энэ чинь нүгэл байхгүй юу. Мөн бид нар хүнд туслах болохоороо ихэвчлэн “Хүний нохой идэхээр өөрийн нохой идэг” гэж ханддаг. Хаа холын таньж мэдэхгүй хүнд туслахаас илүүтэй өөрийнхөө ах, дүү, гэр бүлийнхэн, найз нөхөддөө туслахыг чухалчилдаг. Энэ талаар би бодож байгаад учрыг нь олсон. Их сонин юм билээ. Хүмүүс бусдад туслахдаа заавал хариу тус боддог юм байна. Таньж мэдэхгүй хүнд туслахаар өөрт ирэх тус гэж байхгүй шүү дээ. Харин өөрийнхөө ойрын хүмүүст тусласан бол хэзээ нэгэн цагт “Би чамд хүнд үед чинь туслаа биз дээ” гэж хэлэх эрхтэй үлддэг. Энэ их буруу. Манай нэг найз надад хэлж байсан юм. Би чамаас өнөөдөр тусламж авчихаад хариу барих хэрэгтэй бол түүнийгээ огт танихгүй хүнд гаргаж байя гэж. Хоёр хүн хоорондоо бие биедээ туслахаар өгөө аваа шиг, харилцан ашигтай үйл хэрэг болж хувирдаг. Үүнийхээ оронд “Чи надад барих хариугаа өөр хүнд хэрэгтэй үед нь заавал үзүүлээрэй” гээд хэлчихвэл бусдын тусламж нэгээс нэгэндээ шилжээд, цаашаагаа улам бүр салбарлаад илүү үр ашигтай болоод явахаар байгаа биз.

Дууг нь олон сар сонсч, бас сэтгэлээсээ өөрийнх нь мөн чанарыг ойлгохыг хүсч байсан миний эрэл Х.Баасансүрэн ламтай өөртэй нь уулзаж, ярилцлага авснаар дуусгавар болсонгүй. Учир нь түүнээс асуух асуулт их олон үлдсэн. Тэмдэглэлийн дэвтрийнхээ гол гэсэн хуудсанд сургаал үгсийг нь тэмдэглэн бичиж, бас ч гэж ойлгож ухаарахыг хүссэн эрмэлзэлтэй дүүрэнтэйгээр ярилцлагаа дуусгалаа. “Аз жаргалд хүрч очиж болдог зүйл биш юм. Аз жаргалд хүрч очих боломжгүй. Харин нээж илрүүлэх л боломжтой. Хүрч очно гэдэг нь танд байхгүй гэрэл гэгээнд та хүрч очихын нэр юм. Нээж илрүүлнэ гэдэг нь аль хэдийнээ танд байсан боловч гадагшаа гэрэл нэвтэрхээргүйгээр аз жаргалын тухай буруу үзэл бодолын хөө буртгаар дагтаршин булагдсанаа санаж тэр хөөг арчиж цэвэрлэхийн нэр юм” гэсэн лекцийнх нь хэсгээс уншигч танд үлдээе. Сар бүрийн нэг өдөр хүүхдийн төлөө сайн үйлийн аян эхлүүлэх зорилгоор Улаанбаатар хотод олон нийтэд хандсан лекц, бясалгалын хичээл заах тул та түүнд нь очиж, чин сүсэгтний ёсоор үнэнийг хамтдаа хайх хэрэгтэй болов уу. Иймд анхны сэдлийг уншигч танд үлдээе. Эрэл давхцах агшинд уулзах ерөөл тавьяа.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)