ЖАГСАГЧИД: Нямдоржийн Анхбаяр Монгол Улс, ард түмнийг бүрэн төлөөлөх ёс зүйгүй

2019-06-12 15:43:08

Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардсан жагсаал хоёр ч удаа болсон. Өчигдөр л гэхэд түүнийг огцрохыг шаардсан “Зурагттай жагсаал” хийсэн. Харин өнөөдөр түүний хүүг Элчин сайдаар томилохыг эсэргүүцсэн иргэд Австралийн элчинд өргөх бичиг, хүсэлтээ хүргүүллээ.

Монгол Улсын иргэн, АН-ын жирийн гишүүн Т.Гантөмөр тус хүсэллтийг бүрэн эхээр нь уншив. Хүсэлтэд “Эрхэмсэг ноён элчин сайдаа, Авсралийн холбооны улсыг төлөөлөн Монгол Улсад суугаа элчин сайд таны энэ өдрийн амар амгаланг эрж мэндчилж байна. Таны хариуцлагатай ажлын цагаас багавтар хэсгийг зээлдэн баж нэг асуудлыг таны сонорт хүргэж буйдаа хүлцэл өчье. Та Монгол Улсын өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, Монголын ардчилалд учирч байгаа аюул занал, хүндрэл бэрхшээл, Монголын ард түмний шудрага ёсны төлөөх тэмцлийн талаар тодорхой ойлголттой болсон гэдэгт итгэж байна. Өнөөгийн эрх баригчдын зүгээс болон Гадаад хэргийн яамны зүгээс олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн албан ёсны мэдээллээс үзвэл Монгол Улсыг төлөөлөн танай улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар Н.Анхбаярыг томилсон нь тодорхой байна. Н.Анхбаяр нь тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан эцэг Ц.Нямдоржийн шууд оролцоотойгоор Эрдэнэт улсын үйлдвэрийн газарт бараа үйлчилгээ нийлүүлэх эрхийг ямар ч өрсөлдөөнгүйгээр олж авч хувьдаа их хэмжээний ашиг орлого олсон нь нэгэнт тогтоогдсон. Мөн Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалд ажиллаж байх үедээ сонгон шалгаруулж гадаадад явуулсан ажилтнуудын зарим нь олон улсын хууль, ёс жаягийг ноцтой зөрчсөн гэмт хэрэгт холбогдоод байна. Дипломат эрх ямбаа ашиглан хар тамхи хууль бусаар тээвэрлэсэн энэ гэмт хэргийн улмаас Монгол Улсад учирсан ёсзүйн хохиролын төлөө хариуцлага хүлээх албан тушаалтнуудын нэг бол яах аргагүй Н.Анхбаяр мөн билээ. Монголын сөрөг хүчний гол төлөөлөл болж буй АН-ын гишүүд бид Н.Анхбаяр нь Монгол Улс, Монголын ард түмнийг бүрэн төлөөлөх ёсзүйгүй гэж үзэж энэхүү бичгийг таны сонорт хүргэж байна. Ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёсыг хүндэтгэн авлигал, хээл хахуулийн эсрэг дэлхий дахиныг манлайлагч орны хувьд Австрали улс бидний тавьж буй асуудалд анхааралтай хандана гэж гүнээ итгэж байна. Өнөөгийн эрх баригчид парламент дахь хэт олонхдоо дулдуйдаж сөрөг хүчний байр суурийг үл харгалзан Н.Анхбаярыг Австрали улсад суух элчин сайдаар томилох аваас манай намын зүгээс түүний энэхүү томилгоог бүх талаас эсэргүүцэх арга хэмжээг олон улсын хэмжээнд зохион байгуулах болно гэдгийг мэдэгдэж байна.” гэж дурьджээ.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)