“Эрдэнэт үйлдвэр” 17 дахь жилдээ Монгол Улсын шилдэг 100 аж ахуйн нэгжийг манлайлав

2019-05-18 01:05:15

Монгол Улсын Засгийн газар болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 18 дахь жилдээ ТОП 100 аж ахуйн нэгжийг шалгаруулан өргөмжилж байгаа билээ. Уг ёслолын ажиллагаа уламжлал ёсоор өнөөдөр болж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсон бөгөөд тэрбээр “Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрт болон Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан макро эдийн засгийн зорилтууд, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилтыг бизнес эрхлэгчид та бүхэнтэйгээ хамтран амжилттай хэрэгжүүлж ирлээ. Манай орны зээлжих зэрэглэл сайжирч, 2018 оны эхэнд В3 зэрэглэлд хүрснээр арилжааны банкууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн зээлжих зэрэглэл сайжрах нэн таатай суурь нөхцөлийг бүрдүүлж өгснийг онцлон тэмдэглэе. 2018 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 8,6 хувьд хүрч, сүүлийн 5 жилийн дээд түвшинд хүрлээ. Засгийн газрын тэргүүний хувиар Монгол Улсын нийгэм, эдийн засагт ТОП-100 аж ахуйн нэгжийн оруулж байгаа хувь нэмэр жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг зориуд цохон тэмдэглэж, Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна” хэмээсэн байна. Түүнчлэн уг арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэхдээ “Монгол Улсын эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, 2018 оны ТОП ААН-ийн жагсаалтад эрэмбэлэгдсэн нийт ААН, тэдгээрийн удирдлага, баг хамт олон, бизнесийн салбарын манлайлагч Та бүхэндээ Танхимын зүгээс болон Танхимын нийт гишүүдийн өмнөөс баяр хүргэн талархал дэвшүүлж байна Жил жилийн эрэмбэд жагсдаг энэхүү ТОП 100 компани бол улсын татварын орлогын дийлэнхийг нуруундаа үүрдэг, Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч гэдгийг бид бүхэн мэдэх билээ.

Төр, засгаас эдийн засгийн хөгжлөө хурдасгая, төр хувийн хэвшлийн түншлэлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлье гэвэл эдгээр ТОП компаниудаа дэмжихээс өөр аргагүй юм. Эргээд  том компаниуд нь жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжээд, зах зээлээ хөгжүүлэх нь чухал. ТОП100 ААН татварынхаа суурийг бүрдүүлдэг бол жижиг дунд үйлдвэрлэгчид ажлын байраа хадгалж, нэмэгдүүлдэг байх ёстой. Энэ жилийн жагсаалтыг харахад 2018 оны ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оноос 5 их наядаар өсч, 30 их наяд хүрсэн нь ДНБ-ий 96 хувийг эзэлж байна. Түүнчлэн төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 29 хувиар өсч, 4.1 их наяд төгрөгт хүрсэн нь Монгол Улсын татварын нийт орлогын 50 хувьтай тэнцэж байна.

ТОП 100 ААН-ийг салбараар нь дүгнэвэл уул уурхай, түүнийг дагасан бүтээн байгуулалт, ханган нийлүүлэгчдийн үйл ажиллагаа өссөн дүнтэй байгаа юм. Ирэх жилээс бид компаниудын нийгмийн хариуцлагын үзүүлэлтийг шинэчилсэн хэлбэрээр, илүү чухалчлан үзэх болно.

Эдийн засгийн хөгжлийг түүчээлж буй ААН-үүдэд улам бүр дэвшин дээдлэхийн ерөөл дэвшүүлэхийн хамт бизнесийн орчныг сайжруулахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг үр дүнд хүргэх, бизнес эрхлэгчид нэгдэн, төр засагт дуу хоолойгоо хүчтэй хүргэхэд хүсэл зорилгоо нэгтгэн, МҮХАҮТ-тай нягт хамтран ажиллахыг уриалж байна” гэв.

Түүнчлэн энэхүү жагсаалтыг эрэмбэлэхдээ  Сангийн яам, ТЕГ, ГЕГ, НДЕГ, ҮСГ, ОӨУБЕГ, СЗХ зэрэг байгууллагын статистик мэдээлэлд үндэслэн, ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтыг чухалчилдаг бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон 17 дахь жилдээ уг шилдэг 100 аж ахуйн нэгжийг  тэргүүлсэн байна.

ТОП 100 аж ахуйн нэгжийн хамгийн эхэнд зүй ёсоор бичигддэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.  

-Юуны өмнө ТОП 100 аж ахуйн нэгжийн хамгийн эхэнд бичигддэг амжилтаа энэ жил ч мөн үргэлжлүүлж байгаад баяр хүргэе. Өнгөрсөн оны амжилтаасаа дурдвал?

-Өнгөрсөн 2018 он бол Эрдэнэт үйлдвэр, манай хамт олны хувьд онцгой жил байсан. Өнгөрсөн онд үйлдвэрийн маань 40 жилийн ой тохиосон. Үйлдвэрийн техник технологи, эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүд 40 жилийнхээ түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн. Тэр утгаараа өнөөдөр ТОП 100 ААН шалгаруулах арга хэмжээнд 17 дахь удаагаа шалгарч байна. Хамт олныхоо тухай ганц хоёр тоо хэлье. 2016 онд улс орон нутгийн төсөвт 184 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан бол 2017 онд 580 тэрбум төгрөг, 2018 онд 655 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Энэ бол Эрдэнэт үйлдвэрийн нэг ажилтан 100 сая орчим төгрөгийн баялаг бүтээж байна гэсэн үг юм. Эрдэнэт үйлдвэр маань 2018 оныхоо энэ амжилтад суурилаад 2019 оныхоо үйл ажиллагааг сайхан эхлээд явж байна. Өнөөдрийн байдлаар техник технологийн бүх үзүүлэлт үүнийг дагасан эдийн засгийн үзүүлэлт ч гэсэн 100-110 хувийн биелэлттэй, хамт олон маань сайхан ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрийн хэтийн төлөв ч гэсэн гэрэл гэгээтэй сайхан байна.

-Эрдэнэт үйлдвэрийн статус өөрчлөгдөн төрийн өмчийн үйлдвэрийн газар болсноор улсад төвлөрүүлдэг татварын хэмжээ өөрчлөгдөх болов уу. Та юу гэж харж байна вэ?

-Хамт олон маань үйлдвэрлэл, санхүүгийн хувьд хүрсэн түвшингээ бууруулахгүйн төлөө ажиллаж байгаа. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)