Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг эндээс хараарай

2019-05-16 18:59:07

Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг 2019 оны тавдугаар сарын 15-ны өдөр буюу өнөөдрөөс мөрдөж эхэллээ. Тогтоолыг сурталчлах, хэрэгжилтийг дэмжих ажлын хүрээнд Эрүүл мэндийн яамнаас санаачлан Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, нийслэлийн ЗДТГ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар хамтран “Түүхий нүүрсний хор уршгийг иргэдэд таниулах” өдөрлөгийг зохион байгууллаа. Уг өдөрлөгт Эрүүл мэндийн яам, Эрчим хүчний яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, нийслэлийн ЗДТГ, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцов. Өдөрлөгийн үеэр иргэд, олон нийтэд түүхий нүүрсний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, өртөлтийн талаарх олон улсын болон дотоодын эрдэмтэд, судлаачдын гаргасан тайлан илтгэлийг танилцуулж, иргэн бүр хариуцлагатай хандаж, сайжруулсан шахмал түлш хэрэглэх, зуухны төрөл, сонголт, хэрэглээний тухай сурталчлан таниулах мэдээлэл өгч ажиллав.

Өдөрлөгийн үеэр нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн засаг даргын орлогч Д.Мөнхжаргал “Өнөөдөр Засгийн газрын 62 дугаар тогтоол хэрэгжиж эхэлж байгаа түүхэн өдөр тохиож байна. Энэ шийдвэртэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас сайжруулсан түлшийг иргэдэд түгээх, борлуулах, зориулалтын агуулах барих мөн борлуулах цэгийг нэмэгдүүлэх ажлыг хийж байна. Нийслэлийн зургаан дүүрэгт 1000 тонноос дээш багтаамжтай агуулах барих ажил явагдаж байгаа. Мөн “Таван толгой түлш” компанитай хамтран Улаанбаатар хотын 107 байршилд борлуулалтын цэг байгуулан ажиллаж байна. Нийслэлд түүхий нүүрс борлуулж байсан 533 цэг буюу иргэд, аж ахуй нэгжүүдийн судалгааг явуулсан. Эхний ээлжинд түлш хадгалах стандартын шаардлага хангасан агуулах савтай иргэд, аж ахуйн нэгжүүдтэй  хамтарч ажиллах болсон” гэв.

Мөн тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд цагдаагийн байгууллагад түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд урьдчилан сэргийлэх, хяналтын үйл ажиллагаа хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий 58 хүний бүрэлдэхүүнтэй тусгай нэгжийг шинээр байгуулсан байна. Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс нь энэ оны тавдугаар сарын 15-наас түүхий нүүрсийг нийслэл хотод нэвтрүүлэхгүй байх урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хяналт шалгалтыг явуулж, зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлж, Агаарын тухай хуулийн 16 зүйл; Агаарын чанарыг сайжруулах бүсэд хориглох зүйл 16.1.5 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 7.4 зүйл; Агаарын тухай хууль зөрчих 7.4.1.3-д зааснаар хүнийг 300 нэгжтэй /300.000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй /3.000.000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм.

Өнөөдрөөс “Таван толгой түлш” ХХК сайжруулсан түлшээ дараах 10 цэгээр борлуулж эхэллээ. Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн байршлыг доорх хүснэгтээс харна уу.

 

 

 Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)