“Эрдэнэс тавантолгой”-г онилсон тороол ажиллагаа идэвхжих хүртэл...

2019-03-04 16:03:30

“Эрдэнэс тавантолгой” компани ашигтай, тэр дундаа өнгөрсөн нэг жилийн хугацаанд борлуулалтын орлого нь 1.7 их наяд төгрөгт хүрч, үүний 801 тэрбум төгрөг нь цэвэр ашиг болж үлдэв” гэдэг мэдээллийг унших хүртлээ монголчууд 24 жил хүлээсэн гэж бодохоор магтах эс бол шүүмжлэх хоёрын аль хандлага руу нь шилжихээ мэдэхгүй юм. Учир нь, тэртээ 1930 онд нутгийн иргэд өөрсдийн бүс нутагт нүүрс бий гэдгийг нээн илрүүлж, улмаар ахуйн хэрэглээндээ ашиглаж ирсэн байдаг. Улмаар 1967 онд Тавантолгойн ордыг түшиглэсэн жижиг уурхайг байгуулсан бол хамгийн анхны техник, эдийн засгийн үндэслэлийг нь 1988-1990 онд боловсруулж, батлуулсан бөгөөд нөөцийг 6.4 тэрбум тонн хэмээн тогтоожээ.

Харин Ерөнхий сайд асан Ц.Элбэгдорж 2004 онд Тавантолгойг буюу уг үүцээ задлаагүй нүүрсний ордыг олон нийтийн анхаарлын төвд оруулаад зогсохгүй улс төрийнхний ашиг сонирхлын дэнсэн дээр гаргаж тавьсан түүхтэй. Гэхдээ уурхайн бүтээн байгуулалт болоод олборлолттой холбоотой он дарааллыг ажил хэргийн эхлэл, салхи хагалалт гэдгээр нь бодож 1995 онд орон нутгийн “Тавантолгой” компани байгуулагдсанаас эхлүүлэх нь ардчилсан Монгол Улсын түүхтэй ойролцоо гэдгээрээ та бидэнд илүү ойр санагдах болов уу хэмээн бодогдов. Нэг бүсчлэлд багтах бүтээн байгуулалт гэдэг утгаараа шүү дээ. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэлх үл бүтэх буюу үл захирагдах улс төр, эдийн засгийн ашиг сонирхол 24 жилийн хугацаанд Тавантолгойн ордыг ёстой л байнд ч үгүй, банзанд нь ч үгүй болгосоор ирсэн байдаг. Уншигч танд он дарааллын түүх хийгээд эхлэл цэгийг нь хатгасан 1930 оноос Тавантолгойн түүхийг эхлүүлж буй нь уйтгартай, төдийгүй хэт сунжирсан мэдээлэл мэт санагдаж болох ч өнөөдрийн байдлаар тогтоогдоод байгаа нөөц нь 6.4 тэрбум тонн гэж бодохоор өнгөрсөн цаг хугацааг үнэлэмж болон үр дүнгээс нь ангид авч үзэж болохгүй юм.

Тэр дундаа, Тавантолгойн нүүрсний нөөц 6.4 тэрбум тонноос давж, нэмэгдэх боломжтойн дээр байгалийн хий, шингэрүүлсэн хий гэх мэтээр ашиглах олон олон хувилбараар нэн шинэ боломжууд нээгдэнэ гэж эрдэмтэд ч, геологичид ч, олон улсын судлаачид ч дүгнээд байхад шүү. Өөрөөр хэлбэл, саяхныг хүртэл “Эрдэнэс-Тавантолгой”-н нүүрсний ордыг хувийн хэвшил, тэр дундаа дэлхийд алдартай английн “BHB billiton” групп нээн илрүүлж эцсийг нь үзэж чадалгүй голж гарахад Монголын үндэсний үйлдвэрлэгч 14 компанийн нэгдэл болох “Энержи ресурс” ХХК нэмэлт хайгуулын зардал гаргаж, нөөцийг нь тогтоож, илрүүлсэн гэдэг дэгс мэдээлэл олны тархийг ч, итгэл үнэмшлийг ч удирдаж байснаас улбаалаад түүхийг ийн эрт цагаас эхлүүлж мэдээлэх нь зөв биз.

Гол нь, тэд уг мэдээллийнхээ хүчээр 2006 онд хайгуулын лицензээ ашиглалтаар сольж чадсан байдаг. Харин үүнийхээ дараа буюу 2008 онд Тавантолгойн ордын ашиглалтын лицензээ бүгдийг нь төрд эргүүлэн өглөө гэдэг сайн мэдээнийхээ ард тэд олборлолтын нөхцөл нь хамгийн хялбарт тооцогддог ухаа худагийн нүүрсний ордоо авч үлдэж, 2009 оноос олборлолтоо эхлүүлсэн. Мэдээж, тэд энэ хүрээндээ бүтээн байгуулалтыг ч хийсэн, хөрөнгө оруулалтаа ч гаргасан. Үр дүнд ч хүрсэн. Гэхдээ энд онцлоход тэд давхар давхар ашиг хүртсэн нь Ерөнхий сайд асан С.Баяр гүйцэтгэх засаглалын тэргүүний тамгаа Ерөнхий сайд асан Сү.Батболдод шилжүүлж, огтхон ч улс төр болоод эрх баригч намын дотоод шалгуургүйгээр цоо шинэ Ерөнхий сайдыг төрүүлж чадсан юм. Өөрөөр хэлбэл, социализмын үеэс ч урьтаж илэрц нь олдож, ардчилсан хувьсгалтай эн зэрэгцэж хувийн хэвшлийн төлөөлөл хаяа залган орон нутгийн “Тавантолгой” компанийг нээн үйл ажиллагаа явуулж эхэлсэн байхад “нэн шинэ нээлт”-ийн баталгаа болдог хайгуулын лицензийг ашиглалтын лицензээр солиод зогсохгүй, Ерөнхий сайдтай ч болж чадсан нь ёстой л давхар, давхар ялалт байхаас өөр яах вэ. тороол ажиллагаа идэвхжих хүртэл... Гэсэн ч Тавантолгойн ордыг тойрсон улс төрийн түүх үүгээр дуусахгүй.

Үргэлжлэл болон ээдрээ нь дэндүү олон. Засгийн газар анхлан 2010 онд албан ёсоор Тавантолгойн үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор хөрөнгө оруулагчийн эрэлд гарсан. Америк, Хятад, Солонгос, Япон, Орос зэрэг орны 15 компани саналаа ирүүлж, тендерт оролцож эхэлсэн ч эцсийн шийдвэрт талууд тохиролцоонд хүрээгүй. Ингэснээр ашиглах сонирхол эхлэл цаг дээрээ зогссон. Үндсэндээ энэ онд Тавантолгойн бүлэг ордын ашиглалтын найман лицензийг эзэмшдэг гэдгээс өөр ямар ч үйл ажиллагаагүй “Эрдэнэс Тавантолгой” компани шинээр байгуулагдсан бол хажуу зэргэлдээ талынх нь ухаа худаг нүүрсний ордыг эзэмшигч “Энержи ресурс” компани аль хэдийнэ Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаж, жинхэнэ утгаараа хөдөлгөөнд орж эхэлсэн байх жишээний. Үүний дараа буюу 2011 оны гуравдугаар сарын 31-ний өдөр С.Батболдын Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 10 хувийг 2011 оны гуравдугаар сарын 31-ний өдөр болон түүнээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн Монгол Улсын иргэнд эзэмшүүлсүгэй” гэдэг 98 дугаар тогтоол баталсныг эс тооцвол монголчуудын хувьд уг ордыг тойрсон зөрчил тэмцэл, үл ойлгогдох хүлээлт л өнгөрсөн 19 жилийн ард үлдсэн байдаг.

Магадгүй ийн бичихтэй зэрэгцэн 2011 оноос олборлолт хийж эхэлсэн түүхийг нь үр дүн хэмээн тайлбарлах нэгэн гарна байх. Гэхдээ тэрхүү олборлолт нь Хятадын төрийн өмчит компани болох “Чалко”-д тонн нүүрсээ зах зээлийн үнийн өсөлтөөс үл хамаараад 70 ам.доллараас дээш гаргахгүй байхаар нийлүүлэх, урьдчилгаанд нь 350 сая ам.доллар авах тухай гэрээнээс хальж гараагүй гэдгийг нь бодож үзвэл яах аргагүй бас л харамсалтай шийдвэр. Тэр дундаа, гэрээний урьдчилгаа төлбөр болох 350 сая ам.долларыг 2012 онд сонгуулийн сурталчилгаа болгон “Хүний хөгжил”-ийн 21 мянган төгрөг хэлбэрээр тараасан бөгөөд энэ өрийг бүхэл бүтэн таван жилийн дараа буюу 2017 оны гуравдугаар сарын 30-ны өдөр зуун хувь төлж барагдуулсан түүхтэй. Энэ өдрийг хүртэл “Эрдэнэс Тавантолгой” компани илүү борлуулалт хийх нь бүү хэл олборлолт ч хийх эрхгүйн дээр зах зээлийн үнийн өрсөлдөөний талаар ярих ч эрхгүй байсныг бодож үзэхэд гэмгүй. Улстөрчдийн тухайн цаг үеийн ард олноос эрж хайдаг нэр хүнд, ашиг сонирхлын цаана Монголын хамгийн том нүүрсний нөөцтэй ордын эдийн засгийн эргэлт, орлого ашиг ийн таван жилээр ухарч саатаж, улмаар өрнөөс өрийн хооронд, зээлээс зээлийн дунд дөнгөн данган ажиллаж байсан гэж бодохоор өнөөдрийн үр ашгийг, тэр дундаа 801 тэрбум төгрөгийн цэвэр ашгийн тухай бичихээс ч халгамаар. Энэ дунд 1072 хувьцааныхаа ноогдол ашгийг авахыг хүсч буй иргэдийн хүлээлтийг 2017 оноос хойш ердөө хоёрдахь жилдээ ашигтай ажиллаж байгаа компанийнх нь эмзэг дархлааг ч хамтад нь бодож үзэх хэрэгтэй.

Тодруулбал, 2014 оны арванхоёрдугаар сарыг энд онцлоё. нөгөө л “Энержи ресурс” компани. Ухаа худагт олборлолт хийж буй туршлага дээрээ үндэслэн тэд төрд эргүүлж өгсөн гэх Тавантолгойн орддоо дахин ашиглалт хийхийг хүссэн. Ингэхдээ Хятадын “шинхуа”, Японы “Сумитомо” гэсэн гурвалсан нэгдлээр тендерт ялалт байгуулсан ч УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар уг тендерийг хүчингүй болгосон түүхтэй. Эндээс харахад Тавантолгойн бүлэг орд хэзээд “Энержи ресурс” буюу “Эм-си-Эс” группын сонирхолд байсаар ирсэн бөгөөд цаашид энэ сонирхол дахин сэдрэхийг үгүйсгэх аргагүй. Өнөөдөр ч, маргааш ч бас... Ирэх дөрөвдүгээр сараас “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-аас УИХ, Засгийн газраас баталсан тогтоолын хувьцааны 30 хувийг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж, үлдсэн 70 хувь нь Монголын Засгийн газар, дотоодын аж ахуйн нэгж болон ард иргэдийн эзэмшилд байна гэдэг шийдвэр хэрэгжиж эхлэх нь нэгэнт тодорхой болчихсон байхад энэ бол бас л яах аргагүй хөндөх ёстой сэдэв.

Мөн 1072 хувьцааны ноогдол ашгийг олгох эсэх тухай яриа мөн л эрчимчиж эхэлсэн нь ч Тавантолгойг тойрсон түүхийг үнэнээр нь, түүхчлэн хүргэхэд буруудахгүй гэдгийн баталгаа. Үгүй ядах нь ээ л, өнөөдрийн нөхцөлд боломжит хувилбараар тооцогдож буй цэвэр ашгийн 14.5 хувийг иргэдэд ногдол ашиг хэлбэрээр тараах саналыг хэд байх вэ гэдгийг улс төрийн ашиг сонирхол болоод хийрхэлээр нэмэх хэрэгтэй хэмээн олон нийтийн санаа бодлыг төөрөгдөлд оруулаад эхэлчихлээ. Жижиг чулуугаар том чулууг хөдөлгөдөг эсэргүүцэн эсэргүүцэх санаа өнөөдөр сошиал орчинд идэвхтэй өрнөж байна. Цаашид ч улам бүр идэвхжих нь тодорхой. Өнгөрсөн жилүүдэд энэ мэт ашиг сонирхол хоёр ч Засгийн газрын огцрох шалтгаан болж, ашиг хүртэх иргэдийн анхдагч хүсэл жил жилээр хойшилж, алдагдалтай ажилласан түүх жил жилээр нэмэгдэж ирснийг бодох хэрэгтэй юм. Илүү лавшруулбал, тоон дээр тоглодог далд сонирхлын тухай ойлголт. ашиг сонирхолдоо ашиглаж болох элдэвтэй тоглоом гэдэг талаас нь харахаар яах аргагүй үнэн зөв мэт санагдах тайлбарууд... Жишээ нь, “Эрдэнэс Тавантолгой” компани хувьцаагаа олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргахын тулд зайлшгүй адеррайтерийн үйлчилгээ авах ёстой. Үүний тулд үйлчилгээний төлбөрөө ч төлөх хэрэгтэй.

Хэрэв өнөөдрийнхөө төлөвлөгөө ёсоор тус компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO гаргаж, тэндээсээ 1.5- 3 тэрбум ам.долларын санхүүжилт босгохоор төлөвлөсөн бол тус биржийн дүрмийн дагуу 3.17 хувийн төлбөр төлөх ёстой. Энэ нь дунджаар 95 сая ам.доллар болно. Үүн дээр Хонконгийн санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржийн шимтэл зайлшгүй нэмэгдэнэ. Яг ийм жишгээр “Энержи ресурс”-ийн толгой компани болох “Mongolia Mining Corporation” 2010 онд 637.8 сая ам.долларын санхүүжилт босгохдоо үнийн дүнгийн 3.0 хувийг буюу 19.13 сая ам.долларыг а н д е р р а й т е р и й н үйлчилгээнд төлсөн байдаг. Зайлшгүй авах ёстой бусад үйлчилгээ болох брокерт нэг хувь, хууль техник, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд мөн л төлбөрөө төлсөн. Тоо угтаа бол ийм л хөдлөшгүй байх ёстой. Хэрэв “Эрдэнэс Тавантолгой” уг тоог хөдөлгөж, андеррайтерийн үйлчилгээний төлбөрийг 3.0 бус 4.0-ээр төлбөр төлсөн бол энэ харин асуудал. Тэд хариуцлага хүлээх ёстой. Иргэдэд тараахаар 1072 хувьцааны ногдол ашгийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийг буруу бодсон бол мөн л асуудал. Хууль нь ч, төр нь ч үүнийг анхаарч, хариуцлагаа ярих л хэрэгтэй. Харин сошиалаар энэ тоог нэмэх, дэгсдүүлэх, улс төрийн ашиг сонирхлоор буруу, зөрүү мэдээллэх нь ч бас л эрсдэл. Монголчууд “Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажиллахыг байгуулагдсан цагаас нь хойш буюу 2010 оноос хойш нийтдээ долоон жил хүлээсэн. Энэ хүртэл долоон жил ашиггүй, ашиггүйн дээр бүр өртэй ажилласан. “ашигтай ажилласан” гэдэг түүх ердөө л сүүлийн хоёр жилд бичигдэж эхэлсэн гэж бодохоор энэ хүлээлт цаг хугацааны хувьд ямар их үнэтэй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Харамсалтай нь, одоо ашигтай ажилласан тухай тоон мэдээлэл нь эргээд зарим нэгэнд нь таалагдахаа байж эхлэх жишээний. Тиймээс ч тоогоор тоглодог эсэргүүцэгчид эхнээсээ тодорч эхэлсэн харагдсан. Эдийн засагч Л.Наранбаатарын “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо” үүний нэг илрэл. Саяхан л Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга болсон, даргаасаа болилоо, дахин дарга болно гэсэн хувийн мэдээллээр улс төрийн суулт зарлаж, тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ зарлаж, УИХ-д нэр дэвших эрх олж авахаар сагаж явсан тэрбээр энэ удаад “Эрдэнэс Тавантолгой”-руу тэмцлийн хэлбэрээ эхлүүлсэн нь нэг их санаандгүй тохиолдол биш л болов уу. УИХ-ын дарга З.Энхболд руу бээлий шидэж явсан тэр цаг мөч нь өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой”-руу үг чулуудахаар солигдсон нь ч гэнэтийн шийдвэр нь юу л бол. уг нь хувь хүний сонирхол болоод эрх ашгийг “Эрдэнэс Тавантолгой”-н бүтэлтэй, бүтэлгүй түүхийг тайлбарлах нь жижигхэн сэдэв мэт санагдах ч сэдэл хаанаас эхтэй вэ гээд хайхаар ойж буух оршил сонирхол нь холгүй байх нь бас яах аргагүй егөөтэй санагдах нь бий.

Гэхдээ үүнийг цаашид олон удаа хөндөгдөх сэдэв биз гээд энэ удаад орхиод саяхан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн олон нийтийн дунд оруулж ирсэн шинэ сэдвийг товч сонирхуулъя. Тэр нь “Troll бол цахим орчимд тархсан хэллэг. Тороолын мөн чанарыг олон янзаар тодорхойлдог. Хамгийн түгээмэл нь цахим орчинд бусдыг гутаах зорилготой цуурхал тараах, яс хаях, хэрүүл үүсгэхэд чиглэсэн санаатай, зохион байгуулалттай үйл ажиллагааг хэлдэг. Олны анхаарлыг сарниулах, шууруулах, хөөрөлд автуулах замаар төлөвлөснөө хэрэгжүүлэх арга ч гэж үздэг” тухай тайлбар. дэлхий дахинд энэ аргыг хэрэглээд амжилт олсноосоо алдсан нь их байдаг түүхийг ч тэрбээр өөрийн нийтлэлдээ дурдсан байсан болж өгвөл дэлгэрүүлж уншихыг хүсье. Тавантолгойн ордыг дахин тороолчдын ашиг сонирхолд үрэгдэх вий, гацаах вий гэсэндээ шүү. Үгүй ядах нь ээ л, жил бүр бусдын босгосон байранд үйл ажиллагаагаа явуулах нэрээр түрээсэнд жил бүр орлого оруулж байхаар ганц жил 19 тэрбумыг зарлагадаад өөрийн байртай болох тухай ТУЗ-ийн шийдвэрийг нь бараг л дөрөв дахин өсгөж, 58 тэрбум болгосон хөөрөгдөл сошиалд идэвхжээд ирсэн байгаа нь дээр өгүүлсэнчлэн яах аргагүй ТОРООЛууд ажиллаж эхэлсний эхний илрэл болох биз.

Төгсгөлд нь, УИХ-ын гишүүн Л.Энхболд өнгөрсөн оны сүүлчээр хэвлэл мэдээллээр дамжуулан “Нүүрс тээвэрлэлтийн автомашин 446 удаа хил рүү хоосон гарсан гэх мэдээллийг Хууль, хяналтын байгууллага шалгах хэрэгтэй. 35 мянган машин хилээр гарсан бол 3 сая тонн нүүрсний асуудал яригдахаар байна. Тээвэрлэгч машинууд 80- 125 мянган тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай гэдэг. Магадгүй хилээр 35 мянган удаа гарсан автомашин нүүрстэй байсан бол нэг машин дунджаар 90 мянган тонн гэж тооцвол нийтдээ гурван сая гаруй тонн нүүрсний асуудал хөндөгдөхөөр байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгасан дүгнэлтээс харахад “Эрдэнэс тавантолгой”-н тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас 268.3 мянган тонн нүүрс биш 340 мянган тонн нүүрс алдагджээ. 340 мянган тонн нүүрсний ангилал алга. Үүнийг мөнгөн дүнгээр тооцвол 25 сая ам. доллар буюу 60 тэрбум төгрөг монголын ард түмний халааснаас алга болсон гэсэн үг. Орон нутгийн “Тавантолгой” компаниас 206 компани гэрээлэн нүүрс дамжуулан борлуулдаг. Дээрх компаниудын нэг “Тавантолгой транс” компани 390 мянган тонн нүүрсийг эх үүсвэргүйгээр хилээр нэвтрүүлсэн. Энэ нь аль нэг аж ахуйн нэгжээс нүүрс худалдаж авсан гэх санхүүгийн баримтгүй байжээ. Гэтэл “Тавантолгой транс” компанийн санхүүгийн тайланг шалгах гэхээр үерт автсан гэх мэдээлэл өгч байгаа” гэдэг мэдээллийг давхар дайя. “Эрдэнэс Тавантолгой” компанийн талбайгаас уг нүүрсийг тээвэрлэсэн эсэхийг хууль хяналтын байгууллага өдгөө шалгаж байгаа бөгөөд хариу нь хэрхэн гарахыг үзмэрч биш өнөөдөртөө урьдчилсан хэлэх боломжгүй. Гэхдээ “нүүрс алдагдсан уу” гэдэг энэ мэдээлэл үнэн бол хор уршиг нь олон тэрбумаар яригдаж таараа. Яг үүнтэй адилхан “Эрдэнэс Тавантолгой”-н эсрэг чиглэж буй ТОРООЛ ажиллагаа ч төдий дайны хор уршигтай нь үнэн юм.

Өнөөдөр эс бол маргааш, маргаашийн дараа дахин маргааш гэж бодохоор ашигтай ажилласан түүх нь 2017, 2018 гэсэн хоёрхон жилээр хязгаарлагдаж, дараа дараагийн улс төр, бизнесийнхний эрх ашгийн нүүдэлд золиослогдож дарагдахыг хэн үгүйсгэж чадна гэж. Тэртээ, 1989- 1990 онд л 6.4 тэрбум тоннын нөөцтэй гэдэг нь батлагдчихаад байхад хувийн компанид лиценз нь оччихсон байснаас бодоход шүү дээ. Иймд ТОРООЛ АЖИЛЛАГАА-нд итгэхээсээ өмнө тоон мэдээллийг нь тогтож ойлгохыг хүсье. Ээдрээтэй түүхийг нь цуглуулж суухад эргэлзээд, эргэлзсэндээ эргэж ухмаар мэдээлэл олон гарах нь харамсалтай ч ирэх дөрөвдүгээр сард 1072 хувьцааны ногдол ашгийг тараана, долдугаар сараас олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргана гэдгийг бодохоор бас их урамтай. Гэхдээ, мэдээж үр дүн нь үнэн байж чадвал шүү дээ.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)