Долдугаар сарын 1-ний хэргийг шүүсэн Ч.Хосбаяр шүүгчийг АТГ-аас шалгана

2019-02-15 19:31:25

Авлигатай тэмцэх газраас энэ долоо хоногт нэр бүхий зургаан шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар хэрэг бүртгэл нээсэн мэдээлэл олон нийтэд ил болсон. Тодруулбал, Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Ч.Хосбаяр болон Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн үзсэн бөгөөд  Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлага үүсчээ.

Хэдийгээр өнөөдөртөө Шүүхийн ерөнхий зөвлөл тодорхой шийдвэр гаргаагүй байгаа ч Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Ч.Хосбаярын хувьд долоодугаар сарын 1-ний буюу таван залуу амиа алдсан хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Ч.Амарболдыг холбогдуулан ялласан шүүх хуралдааныг даргалсан түүхтэй. Уг шүүх хуралдаанаас хойш түүний шүүгчийн карьер огцом өсч, их удалгүй Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон юм.

Түүнчлэн өнгөрсөн онд Авлигатай тэмцэх газарт гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгээрээ Монголын хамгийн баян шүүгчээр тодорсон бөгөөд энэ талаараа тэрбээр тухайн үед “Өдрийн сонин”-д “Ч.Хосбаяр гэх шүүгчийн орлого ийм хэмжээнд байжээ гэж Шүүхийн ерөнхий зөвлөл ерөнхий базсан хэлбэрээр олон нийтэд ил гаргасан. Тэгэхээр олон нийт намайг 300 сая төгрөгийн жилийн орлоготой гэж ойлгохоор байгаа юм. Гэтэл тийм биш. Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс тэрхүү 300 сая төгрөгийн орлого гэдгийн цаад задаргааг мөн гаргах ёстой. Гэтэл нийт шүүгчдийн орлогын задаргааг гаргах нь хэцүү, хууль бус байж мэдэх. Тэгэхээр яах уу. Олон нийтэд их хөрөнгө гэж харагдсан нэр нь гараад байгаа цөөн хэдэн шүүгчдийн эд хөрөнгийн задаргааг ил болгочихмоор байгаа юм. Тэгвэл их ойлгомжтой болно. Учир нь миний хөрөнгийн задаргаа руу оръё л доо. Тухайлбал намайг дөрвөн байртай, таван машинтай, 268 сая төгрөгийн орлого олсон гэсэн гурван асуудлыг яриад байгаа. Тийм болохоор Ч.Хосбаяр шүүгч хамгийн “баян”-аар тодорчихсон. Гэтэл миний өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгийг хараад зөв уншиж чаддаг хүн бол өөрөөр ойлгоно. Юу гэхээр 268 сая төгрөгийн орлогыг уншихдаа 200 саяын байр зарж. Харин 68 сая төгрөг нь орлого. Үүний 43 сая төгрөг нь цалин. Цалингийнх нь 25 сая төгрөг нь энэ шүүгчийн эхнэрийнх нь жилийн орлого гэж ойлгоно. Тэгэхээр дээрх 200 сая төгрөгийг Ч.Хосбаяр шүүгчийн жилийн орлого гэж ойлгох учиргүй юм. Энэ хүн байраа зарж, банкнаас зээл авч. Энэ бүх мөнгө нь өөрийнх нь дансаар ордог болохоор орлого гэж мэдүүлэх учиртай юм байна гэж ойлгох нь зөв юм. Үүнийг хүмүүс ашиг гэж хараад байгаа. Гэтэл 200 сая төгрөгийн байртай байж байгаад түүнийгээ зарж, 200 сая төгрөгтэй болсон. Харин байр байхгүй. Зүгээр л 200 сая төгрөгтэй болсон юм. Тэгэхээр хөрөнгө орлогын мэдүүлгийг хэн яаж уншихаас хамаараад тухайн хүний хөрөнгө янз янз гардаг юм байна. Өнгөрсөн жил намайг 660 сая төгрөгийн өртэй, хамгийн “ядуу” шүүгч гэж шалгаруулчихсан байсан. Өнөөдөр би 200 сая төгрөгийг нь төлчихсөн болохоор 400 сая төгрөгийн өртэй л байж байна. -Машин дээр би ингэсэн юм. Хөрөнгө орлогын мэдүүлэгдээ “Land rover”-ийн “Range rover” маркийн автомашин нэг гэж бичсэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр “Land rov­er” компанийн үйлдвэрлэсэн “Range rover” маркийн машин л гэсэн үг шүү дээ. Гэтэл гадуур хоёр автомашин гэж ойлгож. Тэгэхээр надад “Land rover” гэдэг машин байхгүй. Ингээд нөгөө таваас чинь нэг нь хасагдчихлаа, тийм үү” гэдэг тайлбарыг өгч байсан юм. Гэсэн ч Авлигатай тэмцэх газар түүний уг тайлбарыг үндэслэлгүй гэж үзсэн үү ямартай ч жилийн дараа юуны учир шалгах хэрэгтэй гэдэг шийдвэр гаргасан нь ирээдүй цагт тодорхой болох биз ээ.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)