Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр УИХ-ын 76 дахь гишүүн болох уу

2019-02-13 00:19:05

Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийж, Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг энэ оны зургадугаар сарын 30-ны өдөр явуулахаа албан ёсоор зарласан. Мөн энэ үеэр уг сонгуульд Дээд шүүхэд бүртгэлтэй 31 улс төрийн намын 27 нь оролцох боломжтой гэдгийг мэдээллээд, хэрэв төрийн албан хаагч нэр дэвшихээр шийдсэн бол энэ сарын 15-ны дотор ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах ёстой хэмээсэн юм.

Түүнчлэн энэ үеэр хэвлэлийнхэн төдийгүй олон нийтийн хамгийн их сонирхож байсан сэдэв нь МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын аливаа нэг сонгуульд нэр дэвших эрх нээгдсэн эсэх тухай байлаа. Учир нь, тэрбээр өнгөрсөн гурван ч удаагийн УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн ч ялын үйлчлэх хугацаа дуусгавар болоогүй гэдгээр нэр дэвшигчийн мандат өвөртлөх боломжгүй болоод байсан юм.

Харин удаад Сонгуулийн ерөнхий хорооноос “МАХН-ын дарга Н.Энхбаярын нэр дэвших эрх нээлттэй юү” гэдэг асуултад “Эрүүгийн хуулиас яллагдагчаар тооцох хугацаа байхгүй болсон учир нэр дэвших эрх нь нээлттэй. Нэр дэвших ажиллагаа санал авах өдрөөс 37 хоногийн өмнө явагдаж, нэр дэвшүүлэх ажиллагаа тав хоногийн дотор дуусна. Нэр дэвшигчийн үнэмлэхийг 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 08-нд олгож эхэлнэ. Сонгуулийн сурталчилгаа 18 хоногийн хугацаанд хуулийн дагуу явагдана” гэдэг хариулт өгснөөр Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт УИХ-ын 76 дахь гишүүн болох боломж нээгдэв бололтой.

Учир нь, хэдийгээр өнөөдөр бусад нам эвслийн нэр дэвшигчид хараахан тодорхой болоогүй байгаа ч МАХН-ын төдийгүй, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын нэр хүнд аливаа судалгаанд дээгүүр жагсаж буй нь нууц биш юм. Тэр дундаа, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын холбогдсон хэрэгтэй холбоотойгоор Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн сонгогчид нас намбатай, хал үзэж, туршлагажсан улстөрчийг УИХ-д сойх сонирхолтой нь мэдээжийн хэрэг биз ээ.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)