Л.Оюун-Эрдэнэ: "Эрдэнэс Тавантолгой" ногдол ашиг тараах тухай ярьж байгаа нь сайн хэрэг

2019-02-12 23:38:01

“Эрдэнэс Тавантолгойн-иноваци-үйлдвэрлэл” сэдэвт зөвлөлгөөн “Туушин” зочид буудалд зохион байгуулагдаж байна. Тус зөвлөлгөөнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-"Эрдэнэс Тавантолгой" ХК ирэх дөрөвдүгээр сараас ногдол ашиг тараана гэсэн мэдээлэл байна. Ямар хэлбэрээр тараах вэ?

-Хэд хэдэн хувилбар яригдаж байна. Нэгдүгээрт, бэлэн мөнгө хэлбэрээр тараах. Хоёрдугаарт, зарим иргэдээс энэхүү ногдол ашгийг авахгүйгээр эдийн засгийн тэргүүлэх чиглэлд хөрөнгө оруулах ёстой гэсэн санал ирүүлсэн. Засгийн газарт комисс байгуулагдсны дараа ногдол ашгийг хэрхэх тараахыг шийдэх ёстой гэж үзсэн.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын шинэ даргыг яагаад батлахгүй байна вэ. Энэ нь улс төрийн хуваагдалтай холбоотой юу?

-Энэ бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд нэг удаа буцаах эрхтэй. Хотын дарга  бол яах аргагүй нийслэлийн томоохон асуудлыг шийдэх ёстой албан тушаалтан. Энэ ч утгаараа Ерөнхий сайд өөрчилье гэсэн санал гаргасан. Үүнийг орон нутгийн байгууллага ИТХ хуулийн хүрээнд шийдэх байх.

-Хөгжлийн банкинд шалгалт хийж байгаа гэсэн. Шалгалтын явц хэр үргэлжлэж байна вэ. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юу?

-Өмнө нь Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын материалыг татан үзэж байна. Засгийн газраас дахин ажлын хэсэг томилж, шалгана. Хөгжлийн банкны үндсэн чиг үүрэг юу вэ. Энэ банк эдийн засгийг төрөлжүүлэн солонгоруулах үүргээ биелүүлж чадаж байна уу. Эсвэл улстөрчдийн лоббид орсон уу гэдгийг тогтоох шаардлагатай. Мөн энэ банк дундаж давхаргын хувь хэмжээг нэмэх үүрэгтэй байсан. Тиймээс хэл ам дагуулсан сангуудыг нэгтгэнэ. Ингэж улс төрийн хамаарал бүхий этгээдүүдээс хамааралгүйгээр өөрөө бие даасан үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлнэ. Хэрвээ шалгалтаар одоогийн менежмент хангалтгүй байна гэж үзвэл гаднын менежменттэй болгох ёстой. ЗГХЭГ-ыг даргалж байгаагийн хувьд хэвлэлийнхэнд нээлттэй байж долоо хоногт нэг удаа нэг асуудлаар дэлгэрэнгүй танилцуулга хийнэ. Жишээ нь 1072 хувьцаа, ОУВС-гийн хөтөлбөр гэх мэт бидний мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг олон сэдэв байна.      

-Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх үү?

-ШХАБ-д эслэх эсэх нь хоёр орны түншлэлтэй холбоотой чухал асуудал.  Арга хэлбэрийн хувьд ШХАБ-д заавал элсэхээс өөр гарц бий эсэхийг судалж үзэх ёстой. Парламентийн гишүүдийн байр суурь өөр өөр байгаа тохиолдолд олон түвшинд хэлэлцүүлэг хийж байж олон талаас нь харж үзнэ. Эцсийн бүлэгт ШХАБ-д элсэх эсэхийг парламент л шийдэх асуудал.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшдэг “Монгол зэс” корпорац энэ хувиа бусдад худалдсан уу?

-Тус үйлдвэрт хийсэн шалгалтын материалыг татаж үзэхэд бидний хардлага үнэ байсан. Удахгүй энэ асуудлаар асуулга тавьсан УИХ-ын гишүүдэд хариулт өгнө. 49 хувийг эзэмшигчид худалдахаар завдсан ч бүртгээгүй. Хэрэв бүртгэсэн бол Засгийн газар тус корпорацтай Арбитрын шүүх дээр уулзах байлаа. Ер нь энэ үйлдвэрт томоохон хэмжээний шалгалт оруулна. Хэвлэлийнхэн, улстөрчдийн мэдэхгүй олон зүйл бий. Анх дансандаа нэг сая төгрөгтэй байсан компани төд удалгүй 12 тэрбум төгрөгтэй болсон. Нэг их удалгүй 100 тэрбум төгрөгтэй болж 49 хувийг худалдан авсан. Ингэхдээ бондын мөнгийг ашигласан уу гэдгийг тогтооно. Худалдаа хөгжлийн банк, “Монгол зэс” нь өөр өөр хуулийн этгээд гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Энэ хоёр байгууллага санхүүгийн хувьд хамааралтай эсэхийг нотлох шаардлага бий.        

-“Эрдэнэс тавантолгой” ХК энэ улиралд багтаан иргэдэд ногдол ашиг тараах ёстой гэж Ерөнхий сайд үүрэг өгсөн. Гэтэл энэ компани олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах бэлтгэл ажлаа базааж байгаа гэсэн. Ийм цаг үед ногдол тараах нь зөв үү?

-2016 онд манай эдийн засгийн өсөлт 0 хувь байсан. Гадаад өр ДНБ-ий 180 хувьтай тэнцэж байлаа. Дефолт зарлах уу, үгүй юу гэсэн хүндрэлтэй нүүр тулсан нь бодит үнэн. Улс төрийн нөхцөл байдал, дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ ч үүнд нөлөөлсөн. Харин энэ онд бид 10 их наяд төгрөг давсан улсын төсөв батлалаа. Үүнд баярлах хэрэгтэй. “Эрдэнэс тавантолгой” ногдол ашиг тараах тухай ярьж байгаа нь сайн хэрэг. Миний бодлоор зөв гарц бол сонгодог баялгийн сан байгуулах. Энэ сан Ирээдүйн өв сангаас ялгаатай. Улсын төсвөөс хамаардаггүй, аль ч ч нам сонгуульд ялсан бай ашигтай л ажилладаг сан байх ёстой. Эдийн засгийн өсөлттэй үед мөнгөө хадгалдаг, буурсан үед хөрөнгө оруулдаг байна. Өмнөх өмч хувьчлалын үеэр гарсан, улаан, цэнхэр хувьцааны алдааг дахин давтаж болохгүй.  

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)