ЛИДЕРҮҮДЭД НЬ ХЭРЭГГҮЙ БАЙЖ БОЛОХ Ч МОНГОЛД МАН ХЭРЭГТЭЙ

2018-12-24 15:55:09

Зуун нас хүрч, зургаадай таяг тулах ерөөл өргөх нь хүний амьдралын үнэ цэн. Ачинцар, зээнцэрээ үзсэн азай буурлуудын ерөөлийн үгэнд бүлээцэж, сэтгэлийн гэрлийг асааж, итгэл бадраах нь уйтай сайхан, юутай ерөөлтэй. Хуанлийн хуудаснаа он тоолол солигдож, 2018 он 2019-өөр солигдох тэр мөч ердөө л наймхан хоногийн дараа гэж бодохоор оргилуун дарсны хундага шаргих чимээ ч илүү сайханд тэмүүлэх урам зоригийг бадраана. Энэ цаг хугацаанаас урагш алхахад монгол түмний уламжлалт ёс заншлын бэлгэ тэмдэг болох цагаан сартай золгоно гэж бодоход ч сэтгэлд таатай. Учир нь, монгол хүн ерөөл билэг, зөн совиндоо итгэж амьдрах байгалийн гэмээр гэнэн болоод сэтгэл зүйн даац өндөртэй тийм л ард түмэн. Үүний цаана эдийн засгийн тооцоо, ипотекийн зээл, эргэж бодох ёстой ухаарал бүхэн зүй ёсны бичигдэхийн дээр эв нэгдэл гэгчийг үл огоорохын аргагүй. Ах дүү, амраг садан, найз нөхдийн найрсаг харилцаа ямар ч баталгаа, барьцаагүйгээр та бидний ойрын хөтөч мэт байдаг нь ч бидний бахархал.

Ийн бодохтойгоо зэрэгцэн улс төрийн эрээн бараан тэмцэл зөрчил рүү толгой нугдайн анхааран харах нь ээ “Монгол хүний уужуу сэтгэл”, “Тал шигээ уудам сэтгэлгээ”-ний тухай эртний тодорхойлолт эрт цагтаа уусан арилж, эдүүгээ цагт бид хэн болчиховоо хэмээн яах аргагүй сэтгэл өвтгөх шалтгаан нэгээр нэмэгдэнэ. Монгол хүн тутмын гуравны нэг нь туйлын ядуу амьдарч байгаагийн дээр арайчүү амьдралын сэтгэл ханамжийн босго дээр тээглэж үлдсэн хоёр хүний нэг нь ажилгүй боллоо л бол ядуусын эгнээ рүү шууд халтирахад бэлэн гэдгийг бодохоор яах аргагүй аргагүй гомдох сэтгэл төрнө. Харин үүний ард болоод өмнө нь улстөрчдийн өнгөрсөн 30 жилийн тээж ирсэн итгэл найдвар, шийдвэр гаргах эрх мэдлийнх нь үзүүрт та бидний амьдрал зүүний үзүүр дээр тогтсон тариан түрүү мэт тийм ховорхон тохиолоор тээглэн үлдэж буйг мэдэрнэ гэдэг ч бас гачлантай. Ийм эмзэг хувь тавилан та бидний өөрсдийн үл хичээх хандлагаар бичигдсэн байх магадлалтай ч, монгол төрийн дээр заларсан улстөрчдийн бултаар нь сайхан амьдруулах тухай сайн сайхан үгс болоод сонгуулийн амлалтыг ч үүний гадуур орхиж боломгүй. Учир нь, тэд шийдвэр гаргаж, тэд хэрэгжүүлж, тэд хөлжиж, тэд өнөөдөр ч удирдсаар л байгаа. Мөн тэд өөр хоорондоо маргалдсан хэвээр...

Ийн санаж, МАН-ын түүхийг улбаа углуургаар нь сөхөн харах нь ээ Монгол Улсын өнгөрсөн 97 жилийн түүх яах аргагүй тус намын нэр, лого, дарга удирдлагын гараар бичигдсэн байх нь үгүйсгэхийн аргагүй үнэн юм. Тэд өнөөдрийн Монголыг сайнтай нь ч, муутай нь ч бүтээсэн. Товчхондоо, 1103 өдрийн дараа буюу 2021 оны гуравдугаар сарын 1-нд тохиох МАН-ын зуун жилийн ой гэдэг нь Монгол Улс намтай, төртэй болсон ойн өдөр. Хэдийгээр ардчилагчид тусгаар тогтнолын түүхийг өөрөөр тайлбарлаж, өөрөөр “бүтээхийг” оролддог ч үгүйсгээд ч үгүйсгэж боломгүй үр дүн нь өнөөдрийн Монгол Улс гэдгийг та бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.  Энэ өдрийг тус нам “Эх орончдын өдөр” хэмээн тэмдэглэдэг ч Монгол Улсын хувьд, монголчуудын хувьд энэ мөчөөс хойш эрүүл мэндийн үйлчилгээ авах эрх нээгдэж, бүх нийтэд боловсрол олгох давалгаа өрнөж, утаатай ч гэсэн Улаанбаатар хот өнөөдрийн төрхөө олсон. Бүр багаас нь эхэллээ гэхэд хот, хөдөөгөөрөө ялгарах, хотынхон хөдөөнийхнөө элэглэх энэ жишиг, энэ хандлага өнгөрсөн 100 жилийн хугацаанд төлөвшсөн. Үүнийг сайнаар, эсвэл муугаар тайлбарлах нь чухал бус. Гагцхүү хөдсөн дээлтэй монголчууд дэлхийн соёлтой, хотын дэд бүтэцтэй танилцсан. 1937 оны хэлмэгдүүлэлтийг дагаж урссан олон мянган, олон зуун нулимсыг тоолж, эмгэнэх нь зүй ёсны ч эцсийн бүлэгт Монгол Улс тусгаар тогтнолоо олсон. НҮБ-аар тусгаар тогтнолоо баталгаажуулсан. Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хоттой болсон... Магадгүй ингэж бичихээр уншигч танд МАН-ын улаан хамгаалагч, долдой коммунист, худалдагдсан хямдхан бичигч... ер нь хүн биш ч юм шиг санагдаж магадгүй. МАН-ын улаан батлахаар нүүрээ хулдсан хөгийн намчин ч санагдаж болно. Гэвч энэ тухай бид нар бичих ёстой. Намгүй, батлахгүй би ч бичих эрхтэй юм. Товчхондоо МАН-ын түүх гэдэг бол Ерөнхий сайд, тус намын дарга У.Хүрэлсүхийн түүх биш юм. УИХ-ын дарга М.Энхболдын түүх ч биш. Өөр бусад лидерүүдийнх нь ч түүх биш. Энэ бол монголчуудын, Монгол Улсын дэлхийн хүн төрөлхтөний наад захын энгийн ахуйн болоод амьдралын соёлтой гар барилцаж, эрс шинэчлэлийг хийж чадсан зуун жилийн түүх юм. Энэ түүхийг Ардчилсан намын цэнхэр батлахаар эс бол эрх чөлөөт XXI зууны иргэний өөрөө өөрийгөө дээдлэн, хүндэтгэж, өөрөөсөө өндөр толгойг ч өлмийгөө өргөөд харж чадахаа байсан хувиа хичээх үзлийн үнэт зүйлээр үгүйсгэж болохгүй. Бид энэхүү өнгөрсөн зуун жилийн хугацаанд тоосго өрөөгүй, лааны гэрэлд тооны хичээл заагаагүй, усанд орох соёл дэлгэрүүлэхийн төлөө ундууцаад ч болсон ус буцалгаагүй, хээрээр гэр хэцээр дэр хийж ашигт малтмалын эрэл хайгуул хийгээгүй, Эрдэнэтийг байгуулах гэж улаан гараараа чулуу өргөөгүй... Хэрэв өнөөдөр та бид энэ түүхийг үгүйсгэх юм бол эргээд зуун жилийн дараа Оюутолгойг ойлгох шинэ зууны монгол хүн олдохгүй болно. Америк, Англи явах гэж үйлээ үзэж байгаа, дэлхийн боловсролыг олох гэж шар махтайгаа хатаж, тэмцэж  байж зорилгодоо хүрч байгаа та бүхнийг ч хүндэтгэх хүнгүй болно. Бүр цаашилбал, үндэсний хөрөнгөтөн, үндэсний бүтээгчдийн түүх үнэгүйдэж, булт олноороо үгүйсгэлийн үгүйсгэлийн булан руу үнэ цэнгүйгээр шидэгдэнэ.

Ийм л болохоор МАН-ын өнгөрсөн 97 жилийн түүхийг, ердөө л 1103 хоногийн дараа 2021 оны гуравдугаар сарын 1-нд тохиох 100 жилийн ойг өмгөөлж байгаа хэрэг. Гагцхүү энэ өдөрт өнөөдрийн МАН хүрэх үү, үгүй юу гэдэг нь өөрөө харин одоо цагтаа шийдэх ёстой зүй ёсны асуудал болчихоод байна. Тэд тэмцэлдэж байна. Эрх мэдлийн хаалга бүрийн наана улстөрчийн нэр байх ёстой гэдэг увайгүй үзэл санаагаар нэг нэгнээ үгүйсгэх, цаашлаад Монгол Улсын, монгол хүний эрх ашгаар халхавчилсан энх цагийн тулааныг эхлүүлээд байна. Энэ нөхцөлд юу яасан зуун жилийн ой. Зуун жилийн дараах мянга мянган жилийн түүх. Гэсэн ч энэ цаг хугацаанд МАН-ын лидерүүдэд МАН ч, Монгол ч хэрэггүй байж болох ч Монголд харин МАН хэрэгтэй юм. Яагаад гэвэл 30 жилийн түүхтэй Ардчилсан намын агсам түүхийг харцгаа. Ардчилсан хувьсгалаар тодорч гарсан арав хүрэхгүй лидерүүдийн эрх ашигт хувьчлагдсан энэ нам Монголын улс төрийн институтын зүг чиг болно гээд бодоод үз. Гэхдээ ингэж бичих нь өөрөө Ардчилсан намын түүхийг ор тас үгүйсгэж буй хэрэг биш. Тэд мөн л МАН-ын нэгэн адил гайхалтай түүхийг бүтээсэн. Эрх чөлөөт үзлээр хэнээрхэх, эрх чөлөөт үзлээр баялаг бүтээх, эрх чөлөөт үзлээр өөрийгөө бүтээх эрхийг бидэнд өгсөн. Энэ бол Ардчилсан нам болон ардчилсан хувьсгалд хувь нэмрээ оруулсан хүн бүрийн гавьяа. Гэсэн ч 30 жилд улс төрийн нам төлөвшдөггүй гэдгийг та бидэнд үлгэрлэснийг мартаж болохгүй. Ийм учраас л МАН-ын түүхийг хүндэтгэж буй хэрэг. Харамсалтай нь, өнөөдөр МАН-ын энэ түүхийг МАН-ын лидерүүдийн зөрчлөөс хамгаалах хэрэгтэй болчихоод байна. Улс төрийн нам зөрчилтэй байхдаа эрүүл, зөрчилгүйдэхдээ эвгүй байдаг гэж боддог зарим уншигчид энэ бодолтой санал нийлэхгүй байж болно. Гэсэн ч МАН болоод Монголын төр гэсэн харилцан хамаарал дунд эв нэгдлийг энэ удаад нэгд тавихаас өөр сонголт та бидэнд үлдсэнгүй. УИХ хуралдаж чадахгүй удлаа. Засгийн газар, УИХ хоёр эмээлийн хоёр бүүрэг шиг хоёр тийшээ харчихлаа. Хууль тогтоох засаглал үнэгүйдэж, гүйцэтгэх засаглалын ажил ч урагш алхахаа байчихлаа. Хоёрхон лидерийн хонзогнолыг ердөө л хорин улстөрч дагаж намирч буй мэт хөндлөнгөөсөө харагдах ч углуурга, учир начир руу нь толгой өндийлгөн харах нь ээ Монголын төр ТӨР биш болчихоод байна. Энэ аюулын эсрэг сөргүүлэн тавих цор ганц ивээс нь эв нэгдэл. Ядаж л УИХ нь хэвийн хуралдаж, Засгийн газар нь толгой өндөр ажлаа хийг. Үндсэн хуулийн Цэцэд үүссэн маргаан МАН-аар туг тахилаа гэхэд маргааш хэн МОНГОЛ ТӨРийн төлөвшлийг сахих вэ гэдгийг бодож үз. МАН-ыг мандуулах гэсэндээ бус харин ТӨРийг төвшитгөөсэй гэсэндээ ийн бичиж буй хэрэг. Зуун жилийн  соёл түүхийг зуумтгай улстөрчдөөр устгуулахыг хүсээгүйдээ шүү!

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)