ДАЯН ДЭЛХИЙД БУУРИА ЗАССАН МОНГОЛ ГЭР

2018-12-05 23:31:35

ЮНЕСКО 2013 оны арван­хоёрдугаар сард монгол гэрийг соёлын өвдөө бүртгэсэн. Өөрөөр хэлбэл, энэ цагаас монгол туургатны гэр сууц дэлхий дахинд давтагдашгүй, хосгүй өвийн нэг гэж хүлээн зөвшөөрөгджээ.

ЮНЕСКО-т бүртгүүлэх уг ажлыг Монгол гэр, гэрийн иж бүрдэл үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв хамтран гүйцэтгэсэн юм. Ингэхдээ тэд зургаан жил судалгаа шинжилгээ хийж, баримт бичгийг нь бүрдүүлсэн байдаг.

Монгол гэр, гэрийн иж бүрдэл үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн М.Батсүхийн мэдээлж буйгаар манай улс жилд дунджаар 2000 гаруй иж бүрэн гэр экспортлодог гэнэ. Мэдээж үүнийг бага тоо гэж чамлах ёсгүй. Учир нь дэлхийн өнцөг булан бүрт, жил бүр өдий тооны хундан цагаан гэр бууриа засаж, төвхнөдөг гээд бодохоор гайхалтай юм шүү. Харин дэлхийд цор ганц энэ сууцыг (гэр) урлан бүтээж, түгээн дэлгэрүүлэхэд дотоодын 150 гаруй аж ахуй нэгжийн ажилтан, ажиллагсад, уран дархчуул сэтгэл оюунаа шингээдэг ажээ. Тэд аяллын, малчдын, ахуйн, жуулчны баазын, хот суурин газрын, ресторан, хүндэтгэлийн, экспортын, бэлэг дурсгалын гээд гэрийг арав гаруй нэр төрлөөр үйлдвэрлэдэг байна. Хэмжээний хувьд гурван ханатаас 32 ханатай аж. Үйлдвэрлэгчид цаашлаад жилдээ 20 мянган гэр үйлдвэрлэж, дотоодын болоод гадны зах зээлд гаргах зорилт тавьсан байна. Түүнчлэн АНУ, Франц, Австрали, Унгарт монгол  гэр үйлдвэрлэдэг болжээ.

Харин монгол гэр экспортын тухайд АНУ, Швейцарь, Болгар, Испани, Литва, Чех, Франц, Польш, Канад, БНХАУ, ОХУ руу түлхүү гарч байна.

Монгол гэрийн экспорт:

2012 онд    3700 гэр
2013 онд    870 гэр
2014 онд     1300 гэр
2015 онд     2000 гэр
2016 онд     1500 гэр
2017 онд     300 гэр

Адал явдалд дуртай, байгаль дэлхийтэйгээ илүүтэй ойртох хүсэлтэй гадныхан ч монгол гэр сонирхох нь эрс нэмэгдэж, өөрсдийн амьдралын өдөр тутмын хэрэглээ болгосон тохиолдлууд ч цөөнгүй. Үүний нэг жишээ нь америк малчин Зайба юм.

АНУ-ын Виржиниа мужийн Фаукиэртэд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 4-нд монгол гэр сүндэрлэв. Энэ үйл явдал америк малчин Зайбагийн хашаанд өрнөсөн хэрэг. Тэрбээр Монголд элэгтэй нэгэн бөгөөд өөрийн хотонд гэр барьж, Виржиниа дахь монголчууд түүнд тусалжээ. Түүгээр ч зогсохгүй манайхан сайх эрд хорхог хийж идүүлсэн байна.

АНУ-д буурьтай бас нэгэн монгол гэр бол Индиана мужийн Блүүмингтон хот дахь Ажаа гэгээний төв дэх гэр. Энэхүү гэрийн тухай АНУ-ын Төрийн Департаментын Гадаад харилцааны дээд сургуулийн багш, Конгрессийн номын сангийн монгол номын мэргэжилтэн М.Саруул-Эрдэнэ (монгол хүүхдүүдэд зориулсан кэмп ажиллуулдаг) ийнхүү бичжээ.

Гүрэн доторх гүрэн

“Дэлхийн бараг бүх том хотод “Хятад таун” гэж бий. Хятадууд хаа очсон газраа өөрийн хэлээр ярьж, хятад соёл, хоол унд, эд бараанаасаа салахгүйн тулд хамгийн түрүүнд нэг тийм хотхон байгуулаад авдаг. Үүнийгээ тэд “гүрэн дотор гүрэн” байгууллаа хэмээнэ. Индиана мужийн Блүүмингтон хот дахь Ажаа гэгээний төвийг манай зуслангийнхан яг л “Бяцхан Монгол” болгохыг эрмэлздэг юм. Үүний тулд юу хийх вэ. Төв дааман хаалганаасаа эхлээд монгол орчинтой. Хоёр том цагаан суварга, хүрд, бурхан багшийн хөрөг зураг бүгд бий тул танил дүр зураг. Наранцэцэг багш бид хоёр энд ирэхээрээ англи хэл огт мэдэхгүй дүр эсгэнэ. Монголоос уригдан ирсэн багш нар ч англиар ярихгүй. Хүүхдүүд яалт ч үгүй монгол хэлээр багш нартайгаа харилцах хэрэгтэй болно. Зуслангийн анги танхимыг монгол хэл бичгийн үзүүлэн сэлтээр чимэглэж, зүлгэн дээр “Аянчин” компанийн дөрвөн ханатай монгол гэрийг барьж, монгол бичгийн анги болгоно. Ингэтэл нэг хүүхэд маань яг Монголд ирчихлээ гэж бодсон байв. Индианагийн их сургуулийн монгол судлалын оюутнууд ирж нэг өдөр зуслангийн хүүхдүүдтэй уулзан, яагаад монгол судлалыг сонирхох болсон тухайгаа ярьсан юм. Есөн настай Тэлмэн хүү тэгтэл “Та нар Монголд ирчихсэн байж яагаад Монголыг судлаад байдаг юм бэ?” гэж асуудаг юм байна. Америк оюутнууд ч, багш бид ч эхэндээ юу асуусныг нь сайн ойлгосонгүй. Тэгтэл “Энэ чинь Монгол биз дээ, Би Монголд ирчихсэн байгаа биз дээ” гэхэд нь сая юун тухай ярьсныг нь ойлгов. Тэлмэний буруу биш ээ, гүрэн дотор гүрнээ байгуулъя гэсэн санаа маань л биеллээ олж байгаа нь тэр” хэмээжээ.

Монгол гэр барьж москвачуудад үзүүлэх нь бидний хүсэл байлаа

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойгоор Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа тус улсын Дорно дахины улсын музейд монгол гэр бэлэглэсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол гэр бол хэдэн мянган жилийн түүхтэй бөгөөд түүхэн явцдаа төгөлдөржиж ирсэн нүүдэлчдийн гайхамшигтай сууц юм. Нүүдэлчдийн олон сууц байдаг ч монгол гэрийг 2013 онд хүн төрөлхтний соёлын биет бус өвийн ЮНЕСКО-гийн жагсаалтанд бүртгэсэн. Ийм соёлын гайхамшигтай бүтээлийг танай музейд бэлэглэж байгаадаа баяртай байна” гэсэн байдаг. Харин Дорно дахины улсын музейн Ерөнхий захирал А.В.Седов “Музейнхээ хашаанд монгол гэр барьж москвачуудад үзүүлэх нь бидний хүсэл байлаа. Энэ хүслийг биелүүлсэн музейнхээ нийт хамт олны өмнөөс талархал илэрхийлье” гэсэн юм. Дорно дахины улсын музей нь 1918 онд байгуулагдсан бөгөөд Москва хотын соёл, гэгээрлийн томоохон төвүүдийн нэг юм. Тус музей нь 147 мянган үзмэртэй бөгөөд сан хөмрөгт нь 100 гаруй орны дүрслэх урлагийн бүтээл хадгалагдаж байна. Төв Азийн танхимд Монголын XVIII зуун, XX зууны эхэн үеийн дүрслэх урлагийн бүтээлийн үзмэрүүд томоохон байр эзэлдэг бөгөөд ийнхүү монгол гэрээр бүл нэмсэн удаатай.

Сонирхуулахад, АНУ дахь монголчууд дуучин П.Идэржавхлан, жүжигчин З.Онон нарын “Чи бидэн хоёр”  дууг монгол гэрийн тухай гадынханд хичээл заахад хамгийн тохирох дуу хэмээн англи хэл рүү орчуулсыг хүргэж байна.

You and I

If we say
The Sun is a Toono
And the earth is a Ger
Then, you and I are the two pillars
Which support the Blue sky.

If we say
Tall mountains are roof
And small hills are side
Then you and I are the linkage of the five walls
Which fit perfectly each other.

If we say
The Milky way is a jamb
And the wide steppe is a sill
Then, you and I are the Endless knot on the door
Which symbolizes the eternal future.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)